Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: С.А-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ш.О,

            Хариуцагч: Т.Б нарт холбогдох,

            12,240,000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/-н төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагч Ш.О, Т.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...С.А нь Ш.Отай 2005 оноос эхлэн 2011 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх гэх газарт хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд С.Агийн нэр дээр 360 гаран тооны мал /хонь, ямаа/ байсан байдаг.

Тэд тусдаа амьдрахаар /салж/ болоход, Ш.О нь С.Агийн 62 тооны ямааг өрийн дүү Орших гэх залуугийнд маллуулж байгаад өгнө гэж хэлээд тууж явснаас хойш С.А нь өөрийн хувиарт өмч болох 62 тооны малыг авахаар удаа дараа Ш.Отай утсаар ярьж, улмаар гэрт нь очиж уулзахад... хүүг чинь оюутан болохоор өгнө... гэж хэлсээр цаг хугацаа авсаар өдийг хүрсэн байна.

            Өөрөөр хэлбэл Ш.О нь бусдын өмчлөлийн малыг эзэнд нь өгөлгүй, дур мэдэн олон жилийн туршид үр төл, үр шимийг нь хүртсээр яваа хүн юм.

            С.А нь анх Ш.Оад 62 тооны ямааг өгч явуулснаас хойш 8 жил орчим хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд дээрх тооны мал өсөж үржсэн нь ойлгомжтой.

            Ш.Оад анх өгсөн 62 тооны ямаагаа болиод, 32 тооны ямааг нэгийг нь зах зээлийн ханшаар 150,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг, 8 жилийн туршид авсан ямааны ноолуурын үнэ 7,440,000 /нэг ямаанаас жилд 500 грамм ноолуур гэж бодоод 62 ямаанаас жилд 31 килограмм ноолуур, үүнийгээ 8 жилд үржүүлээд 248 килограмм ноолуурыг хамгийн багаар 1 килограммыг 30,000 төгрөгөөр бодсон/ нийтдээ 12,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

            Дээрх 62 тооны ямааны жинхэнэ эзэн нь С.А юм. Гэтэл бусдын эд хөрөнгийг дүүгээрээ харуулна гэж авч яваад 8 жилийн туршид С.Аг хохироож явсан байдаг.

            Иймд Ш.Оаас 12,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч С.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь 12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийг хариуцагч Ш.О би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

             Бид 2005 оноос 2010 он хүртэл хамтран амьдарсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2011 оны 05 дугаар сар хүртэл хамтран амьдарсан гэж худлаа бичсэн байна.

             Анх би нийлэхдээ би 34 бага мал, С.А 100 гаруй бага малтай хоёр талаас нийлсэн. 2009 онд зуд болж би хязаалан, соёолон нийлсэн 27 эр ямаа, 4 зусаг ямаа, нийт 31 толгой ямааг өөрийн дүү болох Бынд Атай хамт ялгаж өгсөн нь үнэн. Гэтэл нэхэмжлэгч нь 62 мал тууж явсан гэж худлаа бичсэн байна. А өөрөө хамт ялгаж өгчихөөд яагаад 62 мал гээд байгааг ойлгохгүй байна.

             С.А нь үлдсэн малнаас өөрийнхөө ээж Бямбаагийнд 220 гаруй бага малыг, мөн хамаатан болох Ичинноровынд 110 гаруй малыг тус тус ялгаж өгсөн байдаг. /Ингэж малаа хувааж өгсөн учир нь тухайн жилд Агийн хүүхэд нь 6 нас хүрч сургуульд сурах болсон тул сумын төврүү орсон, мөн зуд болсон учраас айлууд олон мал авахгүй гэсэн учраас малаа хувааж айл айлд өгсөн юм./

             Манай дүү Бынд өгсөн 31 малнаас 1 нь үлдэж бусад нь зуданд үхсэн.  Бямбаагийнд аваачиж өгсөн мал мөн бүгд зуданд үхсэн гэж А, Бямбаа нар хэлсэн. Харин Ичинноровынд өгсөн малаас 100 орчим малыг Цогтцэций суман дээр тууж ирээд А бид хоёр нядалж Дундговь аймагруу хиаман цехэд өгөхөөр явсан боловч аваагүй тул айлын грашид хураагаад орхисон. Тухайн айл нь зарж борлуулсан эсэхийг мэдэхгүй байна.  Арьс нэхийг нь борлуулж, мөнгийг нь өөрсдөө авч зарцуулсан.

            Ингээд бидний хамт амьдарч байх хугацаанд өсгөж үржүүлсэн мал бүгд зуданд үхсэн дууссан юм. гэтэл 31 малыг 62 гэж бүтэн нэг нугалж худлаа хэлээд тэгээд түүнээс гарах ашиг, шим гэж 12,240,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Бид хоёр тусдаа амьдарч байх хугацаанд А нь том 5-н ханатай гэрээ зарчихсан орох оронгүй байхад нь би отрын жижиг 4-н ханатай гэрээ өгсөн, мөн хүнд хутгалуулчихсан гээд өвчтэй гэртээ хэвтэж байхад нь 300,000 төгрөг хүнээс зээлж өгч байсан, бас Агийн банкны зээлд 1,400,000 орчим төгрөгийг төлж байсан. Агаас анх аваачсан малнаас өөр юу ч аваагүй. Гэтэл одоо ингээд үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаад гомдолтой байна.

            Харин ч би хамтран амьдрах хугацаандаа бий болгосон малныхаа талыг, мөн сүүлд өгсөн гэр, мөнгө зэргийг нэхэмжлэх эрх байгаа ч нэхэмжлэхгүй байгаа.” гэв.

            Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...нэхэмжлэгч С.А миний бие нь Ш.Оаас 12,240,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь миний малыг өөрийн төрсөн дүү болох Бод 31 тооны малыг /ямааг/ өгсөн нь үнэн гэж хариу тайлбар гаргасан байна.

            Тиймээс би 12,240,000 төгрөгийг О, Б нар хамтран хариуцах ёстой гэж үзэж байгаа учраас уг иргэний хэрэгт Быг хамтран хариуцагчаар татаж түүнээс 12,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч С.А нь Ш.Оаас 12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийгээ мөн надаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн үнэхээр их гайхаж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч С.А  Ш.О нар нь анх 2005 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдраад 2010 онд тус тусдаа амьдарсан байдаг. Анх Ш.О нь 34 малтай, С.А нь 100 гаруй бага малтай хоёр талаас нийлж гэр бүл болсон ба 2009 онд зуд болж мөн С.Амарабаясгалангийн хүүхэд нь 6 нас хүрч сургуульд сурахаар болж, сумын төв рүү нүүх болсон тул малаа айл айлуудаар тарааж өгсөн байдаг. Манайх 80 гаруй малтай байсан ба түүнийгээ С.А, Ш.О нарын малтай 2009 оны зун нийлүүлж, отроор нүүх гэж байснаа больсон. Тэгээд 80 гаруй бага малаа Ш.Оын 31 малтай хамт ялган авч манайх малласан юм. Гэвч тухайн малнуудаас 2009 оны намраас 2010 оны өвөл гэхэд айл айлаас нэг, нэг л ямаа үлдсэн юм.

            Ийм байдалтай нэхэмжлэгч нь 62 мал тууж явсан гэж Ш.Оын малыг бүтэн нэг дахин нэмж хэлээд байгаа юм уу эсвэл манай малтай нийлүүлэн хагас дутуу хэлээд байгаа юм уу, тэгээд үүнийгээ манай мал гэж бичиж нэхэмжилж, мөн надаас давхар гаргуулахаар нэхэмжилж байгааг үнэхээр их гайхаж байна. Тэдгээр малыг би маллаж байсан ч хувьдаа аваад үрчихсэн биш, тухайн үед зуд болоод ихэнх айлууд зуданд малаа үхүүлж барсан байдаг.

            Анх гэр бүл болоход нь аваачсан 34 мал 5 жилийн хугацаанд тодохой хэмжээгээр өсч үржсэн л байж таараа. Мөн С.Агийн өөрийнх нь мал бас өссөн. Энэ бүгдийг Ш.О, С.А нар нь хамтран маллаж хөдөлмөрлөөд л бий болгосон байх. Гэтэл анх аваачсан 34 малнаас 31-ыг аваад, тэдгээр нь зуданд үхэж дууссан байтал зөвхөн өөрийнх нь малыг авсан юм шиг үүнийгээ нэхэмжилж, дээрээс нь мөн надаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Тухайн малыг би аваад өсгөж үржүүлээд ашиг шимийг нь авсан бол харин тэдгээр малыг буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэвч тухайн малнаас 1 ямаанаас бусад нь зуданд үхээд дууссан, манай мал ч үхээд дууссан тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.”

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №245 дугаартай итгэмжлэл, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №253 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын лавлагаа нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн иргэн Б.Батбаярын тодорхойлолт, иргэн Т.Оюунчимэгийн тодорхойлолт, иргэн Д.Чулуунбатарын тодорхойлолт, иргэн Т.Бын тодорхойлолт, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №410 дугаартай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн засаг даргын тодорхойлолт, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №441 дугаартай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн засаг даргын тодорхойлолт, 2019 оны 07 дугаар сарын 02-ны №293 дугаартай өдрийн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивын лавлагаа, С.Агийн хариуцагчаар татан оролцуулах хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гэрч асуулгах тухай хүсэлт, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №389 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын  тасгийн архивын лавлагаа, нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, иргэн Ц.Сүхбаатарын тодорхойлолт, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №Ц19-17 дугаартай “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Энхтөрийн гэрч асуулгах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гэрч асуулгах тухай хүсэлт, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №8 дугаартай албан бичиг, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Энхтөрийн гэрч асуулгах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, зохигчдоос ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад Ш.О, Т.Б нараас 32 тооны ямаа үнэ 4,800,000 төгрөг, 8 жилийн туршид авсан ямааны ноолуурын үнэ 7,440,000 нийт 12,240,000 төгрөг гаргуулах тухай С.Агийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

            Нэхэмжлэгч С.Агийн “… 62 тооны ямааг өөрийн дүү Орших гэдэг залуугийнд маллуулж өгнө гээд хэлээд тууж явснаас хойш өөрийн хуваарьт өмч болох 62 тооны малыг авахаар Отгонтбаттай удаа дараа ярьсан боловч өгөлгүй дур мэдэн олон жилийн туршид үр төл, үр шимийг нь хүртсээр яваа. Иймд 62 тооны ямаагаа болиод 32 тооны ямааг нэгийг нь зах зээлийн ханшаар 150000 төгрөгөөр бодож 4800000 төгрөг, 8 жилийн туршид авсан ямааны ноолуурын үнэ 7440000 төгрөг ,  нэг ямаанаас жилд дунджаар 500 гр ноолуур гэж бодоод 62 ямаанаас жилд 31 кг ноолуур, үүнийг 8 жилд 248 кг ноолуурыг хамгийн багаар 1 кг-ийг 30000 төгрөгөөр бодоод нийт 12240000 төгрөг гаргуулна гэж”, хариуцагч Ш.Оын  “… анх бид 2006 онд нийлэхдээ би 34 тооны бага мал, С.А 100 гаруй бага малтай 2 талаасаа нийлээд 2010 он хүртэл амьдарсан. Тухайн мал нь өсч үржээд 2009 он гэхэд 300 гаруй малтай болсон. Намар, өвөл малын тоо авдаг байсан. Намайг малдаа яваад ирэх хооронд миний малын А нэр дээрээ тоолуулсан байсан. Нэг хотонд байгаа малыг нэг тоолно гэсэн учир А нэр дээрээ тоолуулсан гэсэн.2009 онд зуд болж  хязаалан, соёолон нийлсэн 27 эр ямаа, 4 зусаг ямаа нийт 31 тооны ямааг өөрийн дүү Бынд Агийн хамт ялгаж өгсөн нь үнэн. Гэтэл 62 тооны ямаа тууж явсан гэж худлаа ярьж байгааг ойлгохгүй байна. Бидний хамт амьдарч байх хугацаанд өсгөж үржүүлсэн мал бүгд зуданд үхэж дууссан. Гэтэл 31 малыг 62 гэж бүтэн нэг нугалж худлаа хэлээд түүнээс гарах ашиг шим гэж 12240000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хариуцагч Ш.Бийн ”… би 62 тооны мал авч яваагүй. 31 тооны мал л авч явсан. 2009 оны 10 сард оторт явахад 31 тооны мал өгч явуулсан. Би авч явахгүй гэсэн боловч айл айлд малаа тавьж байгаа гэхээр нь авч явсан” гэж нэхэмжлэгч, хариуцагч нар мэтгэлцдэг.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар С.А нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтаар Ш.Оад өөрийн өмчлөлийн 62 тооны ямааг өгсөн, түүнээс гарах үр шим буюу ноолуурын үнийг ямар нотлох баримтыг үндэслэн нэхэмжлээд байгаагаа нотолж чадахгүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж чадахгүй байна. Хариуцагч Ш.О, Ш.Б нарын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болох Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 253 дугаартай архивын лавлагаанд С.Агын 2008, 2009 оны жилийн эцсийн “А” дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа/ хэргийн 4-р хуудас/, С.Агийн 2004, 2005, 2006, 2007 онуудын жилийн эцсийн “А” дансанд бүртгэгдсэн малын тооны лавлагаа / хэргийн 43-р хуудас/ , гэрч Д.Чулуунбаатарын “ … Б 2009 оны 10 сарын дундуур 116 тооны мал тууж ганцаараа ирсэн. Ухам ганзага чихлээстэй 30 орчим  мал байгааг асуухад ах Оын мал гэж байсан. Тууж очсон малаас 2 мал л үлдсэн” гэсэн тайлбар, “…О нь өөрийн өмч болох 7 хонь, 15 ямааг 2004 оны 4 сард авчирч тавиад 2006 оны 6 сарын эхээр 11 хонь, 23 ямаа нийт 34 тооны малыг авч явсан нь үнэн гэсэн Т.Оюунчимэгийн тодорхойлолт/хэргийн 15-р хуудас/, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Билгэх багийн засаг даргын “ 2010-2013 онуудын жилийн эцсийн мал тооллогоор Б нь мал тоолуулж байгаагүй болно” гэсэн албан тоот хэргийн 18-р хуудас/, мөн багийн засаг даргын “…Шоовдор овогтой О нь 2010, 2011 онуудад өөрийн нэр дээр мал тоолуулаагүй нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг /хэргийн 19-р хуудас/, гэрч Т.Оюучимэгийн өгсөн мэдүүлэг/ хэргийн 75-р хуудас/, зэрэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Агын нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Тодруулж хэлбэл С.А нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадахгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

            Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба хуульд заасан өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүсэх шаардах эрхийн гол үндэслэл нь тухайн эдийн болон эдийн бус хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохоо нотолж чадахгүй байна гэж шүүх дүгнэв.  Өөрөөр хэлбэл талуудын маргааны зүйл болох 32 тооны ямааг нэхэмжлэгч С.А өөрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлийнх мөн гэдгээ  нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан мал тооллогын талаарх архивын лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагчдын тайлбар зэрэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар няцаагдаж байгааг дурьдах нь зүйтэй.

            Иймд С.Агийн гаргасан “…32 тооны ямааг нэгийг нь зах зээлийн ханшаар 150,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг, 8 жилийн туршид авсан ямааны ноолуурын үнэ 7,440,000 /нэг ямаанаас жилд 500 грамм ноолуур гэж бодоод 62 ямаанаас жилд 31 килограмм ноолуур, үүнийгээ 8 жилд үржүүлээд 248 килограмм ноолуурыг хамгийн багаар 1 килограммыг 30,000 төгрөгөөр бодсон/ нийтдээ 12,240,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага  бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 219,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т зааснаар нэхэмжлэгч С.Агийн хариуцагч Ш.О, Т.Б нарт холбогдох  12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 219,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шийдвэр нь  танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА