Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/00676

 

                                         ****гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144/ШШ2020/00046 дугаар шийдвэр, 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 203/2020МА/00015 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

32 тооны ямааны үнэ 4,800,000 төгрөг, ноолуур7,440,000 төгрөг, нийт 12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, ****, тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****, **** нартхолбогдуулан 32 тооны ямаа буюу нэг ямааг зах зээлийн ханшаар 150,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг, 62 ямаанаас 8 жилийн турш гарах 248 кг ноолуурын үнэ буюу 1 кг ноолуурыг зах зээлийн ханшаар 30,000 төгрөгөөр бодож 7,440,000 төгрөг, нийт 12,240,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144/ШШ2020/00046 дугаар шүүхийн шийдвэрээрИргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т зааснаар нэхэмжлэгч ****гийн хариуцагч ****, **** нарт холбогдох 12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-дзааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 219,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 203/2020МА/00015 дугаар магадлалаарнэхэмжлэгч ****гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144/ШШ2020/00046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дүгээр заалтын ...492 дугаар зүйлийн 492.2-т... гэснийг ...75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Би хөдөө хүүхдүүдийнхээ хамт мал маллаж амьдардаг байсан бөгөөд 2005 оноос ****тай нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. Ийнхүү манайх хөдөө амьдарч байгаад 2009 онд охин н.Энхтуяа 1-р ангид орох болж, сумын төв рүү нүүж, би өөрийн бүх малаа таньдаг айлуудаараа тарааж тавьсан бөгөөд энэ үед ****ын дүү ****ынд тавьсан малаа авъя гэж нэхэхэд малны чинь оронд хүүхдийн чинь сургалтын төлбөрийг даая гэсэн юм. Тэгэхээр нь би хэдэн жил хамт амьдарсан юм чинь арай ч худлаа хэлэхгүй байлгүй гэж бодоод зөвшөөрсөн. Энэ хугацаанд уулзах бүртээ сануулдаг байсан. 2018 онд хүү н.Энх-Амгалан Батлан хамгаалахын их сургуульд орж Улаанбаатар хот руу явах болоод ****аас хүүгийн маань сургалтын төлбөрийг өг эсхүл малаа авъя гэж шаардахад **** “...би өгнө өө, одоохондоо үнэхээр боломжгүй байна, чи өгч бай, би өгнө, нэг мөсөн өгнө...” гэдэг байсан боловч өгөхгүй байсан учраас ямааны үнэ, ноолуурын үнэ нийт 12,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, үнэн бодитой үнэлж, хэргийг хуульд нийцүүлэн дүгнээгүй. Хариуцагчийн зүгээс хүүхдийн сургалтын төлбөрийг өгнө гэсэн учраас 2018 он буюу хүүхдээ сургуульд сурах хүртэл нь хүлээсэн бөгөөд энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй тасалдсан байх үеийг буюу шүүх 2015 оноос хөөн хэлэлцэх хугацааг тоолж хэргийг шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг хэт дордуулсан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах хуулийн зарчимд үл нийцэж байна. би ****тай амьдарч эхлэхээс өмнө хэдэн тооны малтай байсан эсэх, ****ад мал байсан эсэх, миний малыг тууж ****ынд хүргэж өгсөн эсэхийг нотлох хангалттай баримтыг миний зүгээс гаргаж өгсөн байхад үүнд ач холбогдол өгөлгүй, баримтад хэрхэн дүгнэлт өгсөн талаараа тодорхой дурдаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хохирсон намайг цаг хугацаа болон эдийн засгийн хувьд давхар хохироож байгаа учраас өгсөн ямааныхаа талыг ч болов авмаар байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.   

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн үүргээ хэрэгжүүлсэн байна. Тодруулбал: 

8. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2009 онд би сумын төвд амьдрах болсон тул хамтран амьдарч байсан ****ын дүү ****од 62 тооны ямаа маллуулахаар өгсөн боловч аваагүй... 32 тооны ямаа буюу нэг ямааг зах зээлийн ханшаар 150,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг, 62 ямаанаас 8 жилийн турш гарах 248 кг ноолуурын үнэ буюу 1 кг ноолуурыг зах зээлийн ханшаар 30,000 төгрөгөөр бодож 7,440,000 төгрөг, нийт 12,240,000 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч ****, **** нар “...62 ямаа биш 31 ямааг Т.Бат-Орших маллахаар хүлээн авч 2009 оны өвөл, 2010 оны хавар зуд болсон тул 1 ямаа үлдэж бусад нь үхэж хорогдсон...” гэж мэтгэлцжээ.

 

10. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус хуульчилжээ. 

 10.1. Давж заалдах шатны шүүх ****, **** нар нь хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2009 онд сумын төвд амьдрах болсон тул тодорхой тооны малыг маллуулахаар ****ын дүү ****од өгсөн, **** малыг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй зохигчийн тайлбаруудыг үндэслэн хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж, тэдний хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна. 

10.2. Хадгалагчийн хувьд, төлбөргүйгээр хадгалж буй эд хөрөнгийг өөрийнэд хөрөнгийн адил нөхцөлөөр хадгалах, хадгалж байгаа эд хөрөнгийгхадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүйбайхзэрэг онцлог үүрэг хүлээдэг. 

11. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.6-д “Хадгалалтын гэрээний хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх үед хадгалагч өөрийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцна” гэж зохицуулан заажээ. 

11.1. Нэхэмжлэгч **** “...зуданд мал үхсэн байна уу, хулгай авсан байна уу, надаас малыг минь авснаар **** хариуцах л ёстой... гэж хариуцагч ****, **** нарын зуданд мал үхсэн гэх тайлбарыг үгүйсгээгүй байна. 

11.2. Энэхүү тогтоолын 11.1-д дурдсанаас гадна, хариуцагч нар өөрийн малын адил нөхцөлөөр ****гийн ямаануудыг маллах явцад 2009-2010 онд зуд болж, зохигчийн хэн алины мал үрэгдсэн болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Д.Чулуунбаатарын “...Бат-Орших 2009 оны 10 дугаар сарын дундуур 116 тооны мал тууж ганцаараа ирсэн. Ухам ганзага чихлээстэй 30 орчим мал байгааг асуухад ах ****ын мал гэж байсан. Тууж очсон малаас 2 мал л үлдсэн...”, гэрч Т.Оюунчимэгийн “...2009-2010 оны зуднаас дээрх малнуудаас ганц хоёр мал үлдсэн гэж авч явсан хүн нь ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Билгэх багийн Засаг даргын “...2010-2013 онуудын жилийн эцсийн мал тооллогоор **** нь мал тоолуулж байгаагүй болно...”, “... **** нь 2010, 2011 онуудад өөрийн нэр дээр мал тоолуулаагүй нь үнэн...” болохыг тодорхойлсон албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогджээ. 

11.3. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ****гийн нэхэмжлэлд дурдсан32 тооны ямааг хариуцагч ****, **** нарын санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас үхсэн нь тогтоогдоогүй, хадгалж байсан малыг бүрэн бүтэн буюу тоо, толгой, нас зүсээр нь буцаан шилжүүлэх боломжгүй тулучирсан хохирлыг хариуцагч нар хариуцахгүй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

12. Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд “...2009 онд өгсөн малыг буцааж авах үндэслэлтэй гэж үзэж байгаа бол буцааж шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. 2009 оноос хойш 10 жил өнгөрсөн байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэсэн тайлбарт анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг бөгөөд талуудын маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.

13. Давж заалдах шатны шүүх ****гийн “...хүүхэд сургуульд орж төгсөөд, сүүлд нь малаа авах болсон чинь үхээд дууссан. Ганц ямаа хүний хөхний сүүгээр мал болсон тэрийг авбал ав гэсэн. Би 62 ямаа өгч явуулчихаад ганц ямаа аваад яахав. ...2014-2015 онд ****той би утсаар ярьсан юм. Тэгэхэд бүгд үхээд дууссан ****тай ярь гэж хэлсэн...” гэсэн тайлбарыг үндэслэж, нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрх малаа зуданд хорогдсоныг мэдсэн өдрөөс буюу 2014-2015 оноос гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасантай нийцжээ. 

13.1. Нэхэмжлэгч ****гийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан үндэслэл, журмын дагуу тоолсон байна. 

14. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар С.Амарбаясгалангийн даалгаврынгэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэхгурван жилийн хугацаа өнгөрсөн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

15.  Давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэсэн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 203/2020МА/00015 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч ****гийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,590 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД