Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1112

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б,

Хариуцагч СХДЭМТ-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 867 320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн Баянхошуу салбар Амбулатори 3-д шүдний эмчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээг гурван сарын хугацаатай буюу туршилтын хугацаагаар ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллагаас өмнө ажиллаж байсан хүн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орохоор болсон гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/348 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлтэй байсан.

Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд нийт ажлын 97 өдөр ажилгүй байсан ба нэг өдөрт 29 560 төгрөгийн цалин авдаг. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 867 320 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр жирэмсний амралттай ажилтны оронд түр орсон. Г.Быг ажиллаж байх үед Э.Мөнхтуяа нь жирэмсний амралттай байсан учир түүний оронд түр авч ажиллуулсан. 2015 оны 07 дугаар сараас эхлээд Б.Отгончимэг гэх хүн бас жирэмсний амралт авсан байдаг. 2016 оны 04 дүгээр сард нэг жилийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа дуусах үед Б.Отгончимэг нь мөн жирэмсний амралт авсан тул ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар Г.Бын гэрээний хугацааг дахин сунгасан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Б.Отгончимэг нь ажилдаа ирээд Г.Быг ажлаас чөлөөлсөн.

Г.Б анх ажилд орохдоо нэг жилийн гэрээ байгуулаад ажилд орсон. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээнд Г.Отгончимэгийн жирэмсний амралттай байх хугацаанд томилсон болохыг заасан. Г.Б түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баас СХДЭМТд холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 867 320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь тус байгууллагад 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б/62 тоот тушаалаар “Баянхошуу салбарын шүдний их эмчийн үүрэгт ажилд түр томилогдон орсон, хэн нэгэн жирэмсэн хүний оронд түр томилогдон ороогүй. Энэ нь талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болон 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно.

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 8 хоногийн өмнө хариуцагч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг нэгдсэн журмаар зуруулж байгаа юм гээд уг гэрээтэй уншиж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулаад аваад гарахад тухайн үед тус хөдөлмөрийн гэрээний 7.1 дүгээр зүйлийг бөглөөгүй байсныг нэхэмжлэгч шүүхийн шинжилгээний дүгнэлт гарахад санасан. Учир нь тухайн үед гарын үсэг нэгдсэн журмаар зуруулаад явахдаа нийт ажилтан нарт өнөөдөр хүртэл хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгөөгүй явсан тул тухайн үед гарын үсэг зурсан эсэхээ санахгүй байсан.

Нэхэмжлэгчийг ажилд орохоос өмнө Э.Мөнхтуяа нь 2013 оны 8 дугаар сараас жирэмсний амралтаа авсан бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байхад нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сард ажилд орсон. Үүний  дараагаар Э.Мөнхтуяаг ажилдаа орлоо гээд 2015 оны 7 дугаар сараас Б.Отгончимэг залгуулаад амралтаа авсан тул гээд сэлгүүлэн ажиллуулав гэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээний хугацаанаас харахад 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн атал 2015 оны 7 дугаар сараас Б.Отгончимэгийн хүүхэд асрах чөлөө эхэлж байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр хариуцагчийн тайлбарт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 867 320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч СХДЭМТ эс зөвшөөрч марган, үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.  

СХДЭМТийн даргын Б/22 дугаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Орон тоо, төсөв батлах тухай”, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар “Албан тушаал, цалинг шинэчлэн батлах тухай” тушаалуудаар тус Эрүүл мэндийн төвийн Баянхошуу салбарыг шүдний их эмчийн 3 орон тоотойгоор баталсан бөгөөд тус орон тоон дээр Б.Пүрэвжав, Э.Мөнхтуяа, Б.Отгончимэг нар ажиллаж байсан нь тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Э.Мөнхтуяа нь 2013 оны 7 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл, Б.Отгончимэг нь 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан тул нэхэмжлэгч Г.Быг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс Баянхошуу салбарын шүдний их эмчийн ажилд түр хугацаагаар томилон хөдөлмөрийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 28-аас 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, 2016 оны 4 дүгээр сарын 28-аас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тус тус 1 жилийн хугацаатайгаар байгуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 7.4-т “хөдөлмөрийн гэрээг хугацаатай”, 7.5-т “жирэмсний амралттай байгаа ажилтны оронд” гэж тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгч Г.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан үр дагаврыг ойлгож, нөхцөл байдлыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэж үзэхээр байна. Иймд эмч Б.Отгончимэг хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ирснээр Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/348 дугаар тушаалаар Г.Быг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй, шүүх нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 867 320 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/00615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ