Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01443

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/01443

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  И Э А П   ББН -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Э   ХХК -д холбогдох,

 

2015 оны 6 сарын 15-ны өдрийн ТГ/24 тоот Түрээсийн гэрээ-г байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн байгаа 6,720,000 төгрөг, тавилгын үнэ 3,150,000 төгрөг, нийт 9,870,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Түрээсийн үндсэн төлбөр, гэрээгээр тохирсон алданги, цахилгааны төлбөрт нийт 15,136,944 төгрөг, дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй хохиролд арилжааны банкны хадгаламжийн дундаж хүү буюу жилийн 15.1 хувийн хүү тооцож, 2016 оны 5 сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэл 349 хоногоор тооцож 2,185,484 төгрөг, түрээсийн төлбөрийн барьцаанд байгаа эд хөрөнгийн арчлан хамгаалалт, хадгалалтын зардал 2016 оны 5 сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэл 349 хоног тутам 10,000 төгрөгөөр тооцож 3,490,000 төгрөг, нийт 20,812,428 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус нөхөрлөл нь хариуцагч Очир эстэйт ХХК-тай 2015 оны 6 сарын 15-ны өдөр ТГ/24 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг түрээсийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 15А/5 байрны 40 м.кв талбай бүхий 304 тоот өрөөг түрээслэн ашиглах, түрээсийн төлбөрт м.кв тутамд 34,000 төгрөгөөр тооцон сар бүр нийт 1,360,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Гэтэл уг түрээсийн гэрээг талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээ-г бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан хуулийн шаардлагыг хангаж эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байх тул уг түрээсийн гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байжээ.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах гэрээ хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагавар үүсч байна.

Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тохиолдолд талууд бие биендээ өгсөн авсан зүйлсээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсдэг.

Уг түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч Очир эстэйт ХХК-д манай нөхөрлөлөөс өгсөн байгаа түрээсийн төлбөрийн 6,720,000 төгрөгийг буцаан гаргуулж авах, үүнээс гадна тухайн оффисын байранд энэхүү түрээсийн гэрээг байгуулсны дараа оруулж тавьсан байсан манай нөхөрлөлийн тавилга болох хурлын ширээ сандал, газрын зураг, принтер, суурин утас гэх зэрэг эд хөрөнгүүдийг бидэнд өгөхгүй байгаа ба үүний үнэ нийт 3,150,000 төгрөгийг нэхэмжлэх нь зүй ёсны асуудал билээ.

Иймд 2015 оны 6 сарын 15-ны өдрийн ТГ/24 тоот Түрээсийн гэрээ-г байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн байгаа 6,720,000 төгрөг, тавилгын үнэ 3,150,000 төгрөг, нийт 9,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

а/.Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх шаардлагын тухайд,

2015 оны 6 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТГ/24 тоот түрээсийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус хэсэгчлэн буюу 734.4 м.кв талбайн зөвхөн 40 м.кв-ийг түрээсэлж байгаа учир Иргэний хуулийн 318.3-т заасан шаардлага хамаарахгүй юм. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ биш бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслүүлж буй гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

б/.Түрээсийн гэрээний дагуу төлсөн 6,720,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Түрээсийн гэрээгээр түрээсэлж буй хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 15А/5, Очир хаус бизнес төвийн 304 тоот өрөөг анх 2011 оноос эхлэн нэхэмжлэгч түрээсэлж байсан. Ийнхүү түрээслэхдээ талууд түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулж байсан бөгөөд хугацаа дуусах бүрт шинээр байгуулж байсан.

Хамгийн сүүлд 2015 оны 6 сарын 15-ны өдөр маргаж буй түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээг байгуулах үед 2014 оны 3 сарын 24-ний өдөр байгуулагдсан 03 тоот түрээсийн гэрээний дагуу 2014 оны 10, 11 сарын түрээсийн төлбөрийн өртэй байсан болно.

Энэхүү өрийг нэхэмжлэгч нь 2015 оны 6 сарын 15-ны өдөр ТГ/24 тоот гэрээ байгуулах үед хүлээн зөвшөөрсөн боловч төлөхгүй байсаар 2015 оны 9 сарын 16-ны өдөр 2,766,605 төгрөгийг төлсөн байдаг.

Иймд энэхүү шаардлагын зарим хэсэг буюу 2,766,605 төгрөг нь өмнөх гэрээний түрээсийн төлбөрийн үлдэгдэл тул буцаан төлөх үндэслэлгүй.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 4,000,000 төгрөг нь талуудын хооронд түрээсийн төлбөрийн маргаан үүссэнээс хойш буюу 2016 оны 7 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлын байранд ирж түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бэлнээр төлсөн төлбөр юм.

в/. Түрээслэгчийн эд хөрөнгүүдийг түрээсийн гэрээний төлбөр, алданги, хохирлыг барагдуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч нь гэрээнд заасан эрхийнхээ дагуу барьцаанд авсан бөгөөд тэдгээр эд хөрөнгүүдээс нэхэмжлэгч нь 2016 оны 7 сарын 04-ний өдөр түрээсийн төлбөрийн зарим хэсгийг төлж өөрт зайлшгүй хэрэгтэй хэсгийг буцаан авсан. Гэвч түрээсийн төлбөр болон түүний алдангийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул уг барьцаанд байгаа эд хөрөнгүүдийг хариуцагч нь өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа болно.

Хариуцагчийн зүгээс эдгээр эд хөрөнгүүдийг эвдэж гэмтээсэн зүйл байхгүй бөгөөд өөрийн байрандаа харуул хамгаалалт дор арчлан хамгаалж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь ТГ/24 тоот түрээсийн гэрээг 2015 оны 6 сарын 15-ны өдөр Очир эстэйт ХХК-тай байгуулсан билээ. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг буюу 40 м.кв талбай бүхий 304 тоот өрөөг түрээслэж, түрээсийн төлбөрт м.кв тутамд 34,000 төгрөг, нийт 1,360,000 төгрөгийг өмнөх сар бүрийн 25-ны өдөрт багтаан төлөхөөр тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг гэрээ байгуулагдсанаас хойш нэг ч удаа төлөөгүй байдаг. Ийд түрээсийн төлбөрийг барагдуулах шаардлагуудыг удаа дараа хүргүүлсэн боловч зохих арга хэмжээ огт аваагүй юм. Иймээс 2016 оны 5 сарын 11-ний өдрийн 16/32 тоот албан бичгээр Түрээсийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, 2016 оны 5 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нягтлан бодогч Б.Баасандоржийг байлцуулан түрээсийн байрыг чөлөөлүүлж, түрээсийн байранд байсан эд хөрөнгийг түрээсийн төлбөрийн өрөнд барьцаанд авсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөр, алдангийн үлдэгдэлтэй 2016 оны 7 сарын 4-ний өдөр танилцаж, хүлээн зөвшөөрөн 4,000,000 төгрөг бэлнээр төлж барьцаанд байгаа эд хөрөнгүүдийн зарим хэсгийг хүлээн авч явсан.

Өнөөдрийн байдлаар түрээсийн үндсэн төлбөр, алданги, цахилгааны төлбөр нийт 15,136,944 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Мөн 2016 оны 5 сарын 14-ний өдөр гэрээг цуцалж, түрээсийн байранд байсан, түрээсийн төлбөрийн барьцаанд авсан эд хөрөнгүүдийг түрээсийн байрнаас өөрийн зардлаар зөөвөрлөж, компаниас цалинждаг харуул хамгаалалт бүхий байранд гэрээ цуцалсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу нийт 206 хоног хадгалж, арчлан хамгаалж байна. Иймд арчлан хамгаалсны зардал хоног тутам 20,000 төгрөгөөр тооцож нийт 4,210,000 төгрөгийг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу нэхэмжлэх эрх үүсээд байна.

Мөн 2016 оны 7 сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрийг барагдуулах талаар аливаа арга хэмжээ аваагүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу хохирол тооцон нэхэмжлэх эрх үүсээд байна.

Иймд, түрээсийн үндсэн төлбөр, гэрээгээр тохирсон алданги, цахилгааны төлбөрт нийт 15,136,944 төгрөг, дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй хохиролд арилжааны банкны хадгаламжийн дундаж хүү буюу жилийн 15.1 хувийн хүү тооцож, 2016 оны 5 сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэл 349 хоногоор тооцож 2,185,484 төгрөг, түрээсийн төлбөрийн барьцаанд байгаа эд хөрөнгийн арчлан хамгаалалт, хадгалалтын зардал 2016 оны 5 сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэл 349 хоног тутам 10,000 төгрөгөөр тооцож 3,490,000 төгрөг, нийт 20,812,428 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Тус нөхөрлөл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2, 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр Очир эстэйт ХХК-тай 2015 оны 6 сарын 15-ны өдөр байгуулсан ТГ/24 дугаартай гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Гэтэл хариуцагч талаас энэхүү хүчин төгөлдөр бус гэрээний дагуу манайхаас үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Очир эстэйт ХХК-д холбогдуулан 2015 оны 6 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТГ/24 тоот Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 6,720,000 төгрөг, тавилгын үнэ 3,150,000 төгрөг, нийт 9,870,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Очир эстэйт ХХК нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан түрээсийн төлбөр, алданги, цахилгааны төлбөрт нийт 15,136,944 төгрөг, 2016 оны 5 сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хохирлыг арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцож 2,185,484 төгрөг, мөн дээрх хугацаанд эд хөрөнгийн арчлан хамгаалалт, хадгалалтын зардлыг хоногийн 10,000 төгрөгөөр тооцож 3,490,000 төгрөг, нийт 20,812,428 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Очир эстэйт ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус тус маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Очир эстэйт ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талууд 2015 оны 6 сарын 15-ны өдөр ТГ/24 тоот түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Очир эстэйт ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 15А/5 хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий 304 тоот өрөөг түрээслүүлэх, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөр сард 1,360,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Түрээсийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

Нэг. Нэхэмжлэгч *******-ийн шүүхэд гаргасан шаардлага тус бүрийг дүгнэвэл:

 

а/. Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд,

 

*******-ийн түрээслэж байсан 40 м.кв талбай бүхий оффисын өрөө нь тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээгүй буюу Очир хаус төв гэх улсын бүртгэлийн Ү-2203009811 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 734.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага нь тухайн 734.4 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь нэг түрээслэгчид түрээслүүлсэн тохиолдолд хамаарах юм.

 

Иймд улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

б/. Түрээсийн төлбөрт төлсөн байгаа 6,720,000 төгрөг, тавилгын үнэ 3,150,000 төгрөг, нийт 9,870,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хүлээхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 6,720,000 төгрөг төлсөн хэмээн гүйлгээний мэдэгдэл, кассын орлогын ордер гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

 

Эдгээр баримтуудаас үзэхэд 1,400,970 төгрөг, 1,365,635 төгрөг, нийт 2,766,605 төгрөг нь 2014 оны 10, 11 саруудын түрээсийн төлбөр гэсэн утгатай байх тул 2015 оны 6 сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй байна.

 

Түрээслэж байсан өрөөнд үлдээгээд явсан гэх эд зүйлүүд бүрэн бүтэн хадгалагдаж байгаа, түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөх юм бол буцаагаад өгөхөд татгалзах зүйлгүй хэмээн хариуцагч Очир эстэйт ХХК нь тайлбарлаж байх ба нэхэмжлэгч ******* нь уг тайлбарыг баримтаар няцаагаагүй тул тавилгын үнэ 3,150,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь тавилгын үнэ 3,150,000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжилж байх боловч чухам ямар үнэтэй, ямар эд зүйлүүд болох талаар тодорхой тайлбарыг шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хоёр. Хариуцагч Очир эстэйт ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дүгнэвэл:

 

а/. Түрээсийн төлбөр, алданги, цахилгааны төлбөрт нийт 15,136,944 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

Очир эстэйт ХХК-иас *******-д явуулсан 2016 оны 3 сарын 15-ны өдрийн 16/15 тоот албан бичиг нь 2016 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх, ийнхүү 2016 оны 3 сарын 25-ны өдрийн дотор түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандана хэмээн мэдэгдсэн агуулгатай байна.

 

Үүнийг дүгнэвэл түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу түрээслэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн боловч уг хугацаанд үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй учир түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасан үндэслэлээр цуцалсан байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд, гэрээ байгуулсан 2015 оны 6 сарын 15-ны өдрөөс гэрээг цуцалсан 2016 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг тооцоход 11,333,333 төгрөг болж байх бөгөөд үүнээс 2016 оны 7 сарын 04-ний өдөр түрээслэгчийн төлсөн 4,000,000 төгрөгийг хасаж тооцон, *******-өөс 7,333,333 төгрөгийг гаргуулан Очир эстэйт ХХК-д олгож, үлдэх 7,803,611 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

б/. Үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн хохирол 2,185,484 төгрөг, мөн эд хөрөнгийн арчлан хамгаалалт, хадгалалтын зардал 3,490,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагын тухайд,

 

Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлөх талаар түрээсийн гэрээгээр талууд анх тохиролцоогүй, мөн хүүг арилжааны банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож байгаа нь үндэслэлгүй байх тул 2,185,484 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн Очир эстэйт ХХК нь хадгалалт, арчлан хамгаалалтын зардал нэг хоногт 10,000 төгрөг хэмээн 3,490,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хадгалалт, арчлан хамгаалалтын зардал нэг хоногт 10,000 төгрөг гарсан болох, эсхүл хадгалалт, арчлан хамгаалалтын нэг хоногийн зардлын зах зээлийн ханш 10,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй учир хангах үндэслэлгүй байна.

 

Иймд, Очир эстэйт ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,333,333 төгрөгийг хангаж, үлдэх 13,479,095 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Очир эстэйт ХХК-д холбогдох, 2015 оны 6 сарын 15-ны өдөр байгуулагдсан ТГ/24 тоот Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 6,720,000 төгрөг, тавилгын үнэ 3,150,000 төгрөг, нийт 9,870,000 төгрөгийг гаргуулах тухай, *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******-өөс түрээсийн гэрээний үүрэгт 7,333,333 төгрөгийг гаргуулан Очир эстэйт ХХК-д олгож, үлдэх 13,479,095 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,000 төгрөг болон 267,747 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 239,420 төгрөгийг нэхэмжлэгч *******-өөс гаргуулан улсын төсөвт оруулж, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасантай холбоотойгоор нэхэмжлэгч И Эм Ай Пи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 132,283 төгрөгийг гаргуулан хариуцагч Очир эстэйт ХХК-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР