Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/00239

 

       2020        01           21  

 181/ШШ2020/00239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
       

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУИС-д холбогдох

урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа 2019 оны 2 дугаар сарын 15- ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 9.334.470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталаажилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие Б.Б сонгон шалгаруулалтын дагуу МУИСийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 5- ны өдрийг хүртэл дадлагажигч багшаар ажилласан.

Миний бие энэ хугацаанд, тэнхимийн эрхлэгчийн өгсөн даалгаваруудыг цаг ямагт бүрэн дүүрэн биелүүлж байсан бөгөөд 5 төрлийн хичээл заан оюутны сэтгэл ханамжийн судалгаанаас дунджаас дээгүүр үнэлгээ авч, хичээлийн бус цагаар тогтмол оюутнуудад зүг чиглэл өгөн дэлхийн стандартад ойртсон мэдлэгийг түгээхийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Тиймээс ч заах арга зүй болон хичээлийн арга барил таалагддаг эсэх талаар оюутнуудаас е-майл авч байсан.

Мөн мэргэжлийн түвшинд өндөрөөр үнэлэгддэг Олон улсын индекс Imfactor Factor (Төрийн удирдлага салбарт тэргүүлэх 47 сэтгүүлээс 1-т ордог сэтгүүлийн ОУ-н хуралд илтгэл гэх мэт) бүхий сэтгүүлийн хурлуудад илтгэл тавин, өөрийн судалгаа бүтээлээ хэвлүүлж, дэлхийн стандартад ойртсон мэдлэгийг түгээхийн төлөө хүчин зүтгэж ирсэн.

Намайг ажилд томилогдсон үеэс эхлэн тэнхимийн эрхлэгч Н.Бурмаа ойрын 2 жил жирэмсэлж яасан ч болохгүй гэж байсан бөгөөд тухайн үед миний бие өөрийгөө жирэмсэн эсэхийг мэдээгүй бөгөөд эрхлэгчдээ уучилаарай би жирэмсэн байсан байна гэж хэлснээс хойш захиргааны дарамт маш ихээр ирэх болсон.

Гэтэл тэнхимийн эрхлэгч нь Ажлаас чөлөөлөх тухай албан ёсны шийдвэр тушаал гараагүй байхад 2 дугаар сарын 15-ны өдөр 14 цагт намайг ажилаа хүлээлгэн өгөхийг шаардан дахин ирэх хэрэггүй, чи халагдана... гэх мэтээр аашлан, миний хуваарьт хичээлүүдийг багш С.Ариунбилэгт шилжүүлсэн.

Мөн тэнхимийн 402 тоот өрөөний түлхүүрийг сольж, миний оюуны өмч болох компьютер доторх файл болон бусад эд хөрөнгө эзэмших, өмчлөх иргэн миний халдашгүй дархан эрхэд хууль бусаар халдсан.

Мөн ажлаас халагдах тушаал гаргахдаа 2018 оны 2 дугаар сарын 14-ний хурлын тэмдэглэлийг үндэслэн ажлаас халах тушаал гаргасан нь бодит байдалд нийцэхгүй илт хууль зөрчсөн байна. Уг тэмдэглэлтэй би огт танилцаагүй, агуулгыг нь мэдэхгүй тул би танилцуулахыг хүсэн өргөдөл гаргасан боловч татгалзсан.

МУИСь Бтай гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулт зөрчсөн, энэ хуулинд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж туршилтын хугацааг 3 сар болгосон байхад ажил олгогч 6 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулсан байна. Тэгсэн мөртлөө тушаал дээрээ 2311 буюу 3 сарын хугаатай байна гэдгийг барьсан байгаа юм. Энэ хуулийг үндэслэж МУИСь дотоод журамдаа өөрчлөлт оруулах ёстой. Хуулиас давсан дотоод журам гэж байх ёсгүй.

Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр бол хугацаа заагаагүй, дадлагажигч багш гэж байгаа. Гэрээний хамгийн арын хуудсанд 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр, 6 сар гээд гараар бичсэн байгаа юмаа. Энд заасан хугацаагаар нь 6 сар гээд тоолоход 3 дугаар сарын 20-нд хугацаа нь дуусахаар байгаа. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бол 3 дугаар сарын 20- ны өдрийн тушаалаар халагдсан гэж байна.

Нэхэмжлэгч Бг ажлаас нь халсан Б/115 дугаар тушаал 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гарч 2019 оны 2 дугаар сарын 15- ны өдрөөр тасалбар болгосон, гэтэл Б 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажилаа хүлээлгэж өгсөн.

Б нь төрж 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Мэргэн мэндэлсэн, тэгэхээр Б ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1.- т мөн хуулийн 40.1.1, 40.1.5.- т заасанаас бусад шалтгаанаар жирэмсэн эмэгтэйг ажилаас нь халахыг хориглосон байдаг.

Жирэмсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь халж их хохирч байна, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас хүүхэд төрүүлсэний тэтгэмжүүдээ бүгдийг нь авч чадаагүй.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс буюу 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговот 9.334.470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн дадлагажигч багш Б.Бтай байгуулсан туршилтын 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон.

Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7.- д туршилтын хугацаа нь 6 сар байна гээд заачихсан байгаа бөгөөд Бг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/466 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилсон байгаа. Танхимын эрхлэгч Н.Бурмаа Бд ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тухай удаа дараа сануулж байсан.

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бд мэдэгдэл хүрүүлсэн. Түүний зааж байсан хичээлд нь үнэлгээ өгөхөд 75% буюу хангалтгүй үнэлгээ авч үр дүн гарааагүй. МУИСьд профессор багш ажиллуулах журмын 5.9.- д дадлагжигч багшийг 6 сар хүртэл туршилтын хугацаатай авч жинхлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдлаг.

Б.Бгийн ажилд үнэлгээ өгөөд хангалтгүй үнэлгээ авсан тул 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэг жилийн эхний улирал нь 2 дугаар сарын 15-ны өдөр дуусдаг тул 6 сар гэж ярьдаг юмаа. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны хоорондох хугацаа бол хагас семистр бөгөөд нэг семистр гэдэг нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа юм.

МУИСь Бг ажлаас нь халаагүй, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1.- т хамаарахгүй, дуусгавар болгосон гэдэг нь мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэсэд үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Их сургуулийн онцлогоос хамаарч туршилтын хугацаа 6 сар гэж оруулсан.

Бг жирэмсэн гэдгийг ажил олгогч мэдээгүй, түүнд өгсөн мэдэгдэлд ажлаас нь чөлөөлж буй тухай үндэслэлийг тодорхой бичиж өгсөн , Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1. бол байнгын ажлын байран дээр, хугацаагүй гэрээтэй үед яригдана, Бг ажлаас нь халаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул чөлөөлсөн.

Бг гэнэтхэн халаагүй, Хөдөлмөрийн гэрээний 5.3.-т заасны дагуу мэргэжил ур чадвар, багшлах арга зүйд нь дүгнэлт гаргаж өөрт нь мэдэгдсэн.

Б. Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/115 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч /ажилтан/ Б.Бнь хариуцагч /ажил олгогч/ МУИСьд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9.334.470 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            МУИСийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшаар ажиллаж байсан Б.Бг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан үндэслэлээр МУИСийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, тус байгууллагын Б/115 дугаартай тушаал, захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, дадлагажигч багшийн ажилд үнэлгээ өгөх комиссын хуралдааны тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 35-50, 61-72, 87-100, 143-р хуудас/

            Ажилтан Б.Бг туршилтын хугацаагаар тус сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс дадлагажигч багшаар ажиллуулах тухай МУИСийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/466 дугаартай тушаалыг гаргажээ. /хх-ийн 4-р хуудас/

            Мөн өдөртөө ажилтан Б.Бтай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүний ажиллах нөхцөл, талуудын эрх, үүрэг, гэрээ дуусгавар болох буюу гэрээг цуцлах үндэслэл, гэрээний хугацаа зэргийг харилцан тохиролцож талууд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-10-р хуудас/

            Дээрх гэрээгээр гэрээний үйлчлэх хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр /6 сар/ гэж тохиролцсон байна./хх-ийн 10-р хуудас/                      

            Хэрэгт баримтаар авагдсан дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Б.Бг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж,

23.2.1.-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж,

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж тус тус заасны дагуу ажилтан Б.Бг МУИСийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшаар ажиллуулахдаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна.

-Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1.-т заасан Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэсэнтэй нийцсэн байна.

Мөн хуулийн 231 дугаар зүйлийн 231.2.-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэсэн байхад ажил олгогч хуулийн энэ заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчидтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар ажиллуулж болох, 231 дугаар зүйлийн 231.2-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заасан байна.

Ажил олгогч МУИСь нь ажилтан Б.Бтай Хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан гэх боловч хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэснээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан гэж үзэхээр байна./хх-ийн 10-р хуудас/

Хариуцагч /ажил олгогч/ МУИСь нь нэхэмжлэгч /ажилтан/ Б.Бд ажлынхаа тайланг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тайлангийн хуралд танилцуулахыг мэдэгдэж 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдэгдлийг гардуулан өгч, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус сургуулийн дадлагажигч багшийн ажилд үнэлгээ өгөх комисс хуралдаж түүний ажлыг хангалтгүй гэж үнэлсэн байна./хх-ийн 12, 61-86-р хуудас/

Маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус сургуулийн захиргааны зөвлөл хуралдаж дадлагажигч багш Б.Бгийн туршилтын хугацааны ажлын тайланг хэлэлцэж, гэрээг цаашид сунгах боломжгүй гэж шийдвэрлэснээс үзэхэд түүнтэй байшуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан гэж үзэхээр байна. /хх-ийн 35-50-р хуудас/

-Хөдөлмөрийн гэрээний 23 дугаар зүйлийн 23.3.-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж,

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж тус тус заажээ.

Ажилтан Б.Бнь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч Ажил хүлээлцэх актыг үйлдсэн байх тул түүнийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халагдсан /чөлөөлөгдсөн/ гэж үзнэ.

Иймд ажил олгогч МУИСийн ажилтан Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг анх гэрээнд заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэстэй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ.

Ажилтан Б.Бнь ажиллаж байх үедээ буюу 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 29-30 недельтэй жирэмсэн байсан байх бөгөөд улмаар 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Мэргэнийг төрүүлсэн болох нь Жирэмсэн эмэгтэйн хөтөч карт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-ийн 14-18, 120, 121-р хуудас/

Ажил олгогч МУИСь ажилтан Б.Бг жирэмсэн үед нь Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-т нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Шүүх дээрх бүхнийг харьцуулан дүгнэж, туршилтын хугацаа 3 сараас илүүгүй байх хуулийг ажил олгогч зөрчсөн, гэрээгээр тохирсон хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан байхад түүний ажлыг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан, ажилтныг жирэмсэн үед нь гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 231 дугаар зүйлийн 231.2., 23 дугаар зүйлийн 23.3., 43 дугаар зүйлийн 43.2., 100 дугаар зүйлийн 100.1.-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Иймд Б.Бг МУИСийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал /10 сар 5 хоног/ хугацааны цалинд 8.347.915 төгрөгийг /632.450+629.588+1.185.420= 2.447.458/,/2.447.458:3=815.819/ /815.819:21,5 =37.945/, /815.819х10 сар=8.158.190/, /37.945х5хоног=189.725/, /8.158.190+189.725=8.347.915/ ажил олгогчоос гаргуулан Б.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 986.555 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Бг МУИСийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 8.347.915 /найман сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун арван таван/ төгрөг гаргуулан Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 986.555 /есөн зуун наян зургаан мянга таван зуун тавин таван/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалинд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалинд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Булсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145481 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО