Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

          Иргэдийн төлөөлөгч Л.Содномдорж,

          Улсын яллагч С.Солонго,

          Хохирогч Э.Мандах /РД:УХ88060985/, түүний өмгөөлөгч О.Батсүх /ҮД:1970/,

          Шүүгдэгч Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун /ҮД:0987/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах заалтын гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бямбадуламд холбогдох 727648 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сонгино-Хайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 217 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, багад нь Болор гэж нэрлэдэг байсан гэх, Шар Мухлай овогт Равдангийн Бямбадулам, /РД:УХ75030862/

           

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Р.Бямбадулам нь 1997 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоотод оршин суух иргэн М.Элбэгзаяаг онц харгис хэрцгий аргаар буюу цээжний зүүн өмнө хөндий рүү, мөн хэвлийн зүүн суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы хөндий рүү хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бямбадуламын өгсөн: “Хавтаст хэрэгтэй танилцахад 1997 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болсон асуудал байна лээ. Тэр өдөр талийгаач манай ахтай холбогдоход ах байхгүй байсан. Би тэр үед байж таараад ирээд гэр, орон цэвэрлээд өгөөч гэж гуйсан. Намайг гэрт нь яваад очиход орой хүн ирнэ, хоол хийгээд өгөөч ах нь бизнес хийж байгаа гэж хэлсэн. Гэр орныг нь цэвэрлэж байхад надтай дотно харьцаанд орж, унтъя гэж дайрсан. Тэр үед би 22 настай байсан. Нас биед хүрсэн цэргийн алба хаасан 30 гарсан эрэгтэй хүнийг дийлэхгүй байх байсан байх. Тэр хүнд хөрөнгө, хувийн харьцаа, өс санах зүйл байхгүй. Ер нь сайн танихгүй. Би бааранд хамт орж байсан. Хамт хоолонд орж байсан гэж огт яриагүй. Тийм асуудал байхгүй. Талийгаачийн эхнэр Байгалаа эгчтэй хамт шоронд орж байсан. Нөхрийг нь хүнд алуулсан гэж Байгалаа эгчээс сонсож байсан ” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мандахын өгсөн: “Тухайн үед би 9 настай байсан. 2016 онд хохирогчоор тогтоогдоод хэргийн материалтай танилцсан. 1997 онд гарсан оршуулгын баримтаа өгсөн. Хөрөнгийн үнэлгээний төвийн тодорхойлолт өгсөн. 1997 оны 3.4 сая одоогийн 9.9 сая төгрөг болсон байна гэж тодорхойлолт гаргасан. 2 удаа өмгөөлөгч авсан. 2 өмгөөлөгчийн хөлс 1.400.000 төгрөг болсон. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу олох ёстой байсан орлогыг гаргаж өгдөг заалт байсан. Тэр заалтын дагуу аавын авах ёстой байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг он оноор нь хүснэгт гаргаад хэрэгт өгсөн байгаа. Дүү бид хоёрын авсан нийгмийн халамжаас авсан мөнгийг хасаад нийт 16.186.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. 19 жилийн өмнө үйлдэгдсэн хэрэг байгаа. Яагаад энэ хэргийг удаашруулж шийдвэрлэж өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Бямбадуламын ахынх нь мэдүүлэгт 1995 онд 13 дугаар хорооллын 6 дугаар байранд нүүж очсон гэж мэдүүлсэн. Бямбадулам 1991 онд ахаараа дамжуулж манай аавтай танилцсан гэж мэдүүлсэн. Анхнаасаа худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед шүүгдэгчийн ахын амьдарч байсан гэрийн хаягийг аваад цахилгаан холбооноос энэ хаяган дээр 1997 онд утас байсан эсэхийг асуусан. Хамаатны хүнээрээ дамжуулж асуухад утас байгаагүй гэсэн. 1997 онд утастай айл ховор байсан. Тодорхойлолт өгөх боломжгүй гэсэн. Энэ Бямбадулам төрсөн аавыгаа хутгалаад шоронд явуулж байсан хүн” гэх мэдүүлэг,

          Хэргийн газрын үзлэг хийсэн 1997 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн: “...13 дугаар хорооллын 7-р орц 245 тоот айлын орон сууцанд 1997 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 12 цаг 15 минутад үзлэгийг явуулав... Хаалганы зүүн талд толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан баруун гараа дарж атирч хэвтсэн, зүүн гарын долоовор, эрхий хурууны завсар улаан өнгийн хуванцар иштэй нарийн хутгыг завсар хавчуулсан, дээд хэсгээрээ цээж нүцгэн, доогуураа цагаан саарал өнгийн судалтай турсик өмссөн, биеийн баруун хөл, баруун гарын шууны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, нүүр болон хурууны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байв... өрөөний голд дэвссэн хивсэн дээр хүрэн шилэн савтай үнсний сав байх бөгөөд шилэн саванд татаж орхисон 8 ширхэг тамхины иш байх бөгөөд уг ишийг эд мөрийн баримтаар хураан авсан болно. Мөн үнсний савны дэргэд “Marlboro" тамхины хайрцаг байлаа. Дотор нь 1 ширхэг тамхи байлаа. Мөн ширээний дээр “Cola” гэсэн бичигтэй ундаа байх бөгөөд 1 лааз нь бүтнээрээ, нэг нь онгойлгож уусан байдалтай байлаа. Мөн шалан дээр ногоон өнгийн цаасан хуулгатай дээр нь “Trec” гэсэн бичигтэй төмөр лаазтай өргөст хэмх байв. Өргөст хэмхний таг нь үнсний саванд хэвтэж байв. Дотор нь тал хэсгээрээ дутуу орхигдсон байна. Өрөөний хивсэн дээр шингэн зүйлийн асгарсан хатац 27x12см хэмжээтэй байв. Өрөөнд байгаа эд зүйлс болох пиво, ундааны лааз, архины шил, шилэн таваг, өргөст хэмхний лаазан дээрээс шинжээч хар өнгийн нунтгаар гарын мөрийг хайхад 16 лааз пиво, ундааны 3 лаазан дээрээс, тамхины хайрцаг, өргөст хэмхний лааз зэргээс гарын мөр 42 ширхгийг илрүүлэн хураан авсан болно... бие засах газарт явуулахад ... жорлонгийн ус нь дүүрэн, дээр нь байдаг таг нь сөхөөстэй, жорлон дотор эмэгтэй хүний дамск байсныг эд мөрийн баримтаар хураан авав..." гэх тэмдэглэл /хх.1.4-6/,

 

          Хүний цогцсонд үзпэг хийсэн “... Духны голд болон үстэй хэсгийн захад баруун чихний доод болон хүзүүний баруун хэсэг, баруун хацарт, баруун мөрний ар хэсэгт

цээжний зүүн хэсгүүдэд 4x0,2, 0,7x0,2 см хэмжээтэй 24 ширхэг хүрэн бор өнгийн тав тогтсон зулгаралттай, цээжний зүүн доод хэсэгт 7,5x0,6 см хэмжээтэй 2ш өнгөц зулгаралттай, зүүн мөрөнд 10x0,2 см, зүүн тохойн гадна хэсэгт 7,5x0,1 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн өнгөц зулгаралттай. Цээжний зүүн хэсэгт эгэмний дунд шугамаар 3, 4-р хавирганы завсар босоо зуувин хэлбэртэй хар хүрэн өнгийн цус хуралттай 2x0,8 см хэмжээтэй. Цээжний зүүн хэсэгт суганы шугамаар 8,9 хавирган завсар босоо байрлалтай 2x0,8 см, зүүн далны дээд дотор булангаас баруун тийш 3 см зайд ташуу байрлалтай 2x0,5 мм, уг шархнаас зүүн тийш 1,6 см урт зулгаралттай... ташуу байрлалтай 1,5x0,5 мм байрлалтай зах ирмэг тэгш зууван хэлбэртэй, гүн тодорхой бус ангайсан шархнуудтай байна...” гэх тэмдэглэл /хх.1.8/,

 

          Хэргийн газар дээрх байдлыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.11-19/,

 

          Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 584 /111/ дугаартай: “Гадуур үзлэгээр: ...цээжний зүүн өмнө 3, 4 дүгээр хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1,5x0,8 см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, өвчүүний зүүн хажуу хэсгээр уг шархны дээд төгсгөлийн түвшинд 2x0,3 см доод төгсгөлийн түвшинд 2.5x0,4 см, өвчүүний доод төгсгөлд 3x0,2 см зах ирмэг тэгш биш тавтсан шархнуудтай. Зүүн 6, 8 дугаар хавирганы түвшинд хөхний шугамаар 9x0,3 см, 6x0.3 см хоорондоо давхацсан хүрэн цус хуралт бүхий шалбаралттай. Баруун шанаанд 3x0,2, 2x0.2 см, 0,5x0,2 см, чихний ард 2,5x0,2 см, хүзүүний баруун талд 3x0,2, 1,5x0,2 см 3 ширхэг 0,2x0,2, баруун мөрөнд 3x0,2 см 38x0,2 см, зүүн мөрний дээд хэсгээс өвчүү рүү чиглэсэн 10x0,2 см зах ирмэг тэгш биш шархтай, хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы түвшинд 2x0,8 см зах ирмэг тэгш ангархай хэвлий цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжний ард сээр нурууны 1, 2 дугаар нугаламын түвшинд нугаламын хажуу шугамаар зүүн талд 2x0,4 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсан доогуур хавсан шархтай. Баруун далан дээр 1x0,1 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй шархтай...

          Онош: Цээж хэвлийн хөндий үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн шарх дотуур цус алдалт үнхэлцгийн чихээс зүрхний шархаар зүрхний зүүн хөндийгөөс цус алдаж үнхэлцгийг дүүргэх, нүүр хоолой цээж мөрний өнгөц шарх. Зүүн бөөрний өөхлөгийн шарх, өөхлөгийн цус хуралт, элэг бөөр зүрхний тэжээлийн хямралт. Цусан дахь 2.1% этилийн спирт. Дүгнэлт:

          1.Хохирогчийн цогцост дээрх оношинд дурдсан гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо.

          2.Хохирогчийн цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн нуруу далны цээжний хөндий рүү нэвтрээгүй шархнууд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бусад шарх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          З.Дээрхи гэмтлүүд нь амь насыг аврах боломжгүй гэмтлүүд болно.

          4.Хохирогчийн хэвлий цээж үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн дотуур цус алдаж, мөн үнхэлцгийн хальс цусаар дүүрч зүрх агшиж чадахгүй болсноос нас баржээ.

          5.Хохирогч нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

          6.Хохирогчийн цээжний зүүн талын шарх нь дээрээсээ доошоо чиглэлтэй байна.

          7.Элбэгзаяа нь АВО -ийн системд ВЗ-р бүлгийн цустай байна... ” гэх дүгнэлт /хх.1.36-37/,

 

          Цагдаагийн Ерөнхий Газрын Криминалистикийн Шинжилгээний Төвийн шинжээчийн 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1154 дугаартай:

          “1. Хэлбэрээ алдсан 5 ширхэг ишинд В(III) бүлгийн харъяалалтай хүний шүлс

байна.

          2. Хэлбэрээ алдаагүй 3 ширхэг ишинд 0(I) бүлгийн харъяалалтай хүний шүлс байна” гэх дүгнэлт /хх.1.46/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5676 дугаартай:

          “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 19 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

          2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно” гэх дүгнэлт /хх.3.15/,

           

          Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Мандахын өгсөн: “Хэрэг болох үед би 9 настай байсан тул тухайн үед тодорхой зүйл бага мэдэж байсан. Харин эмээ өвөө болон хүмүүсээс сонссон хэмжээнд л мэдэж байсан. Би гэм буруутай этгээдээс оршуулгын зардалд 6 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнд ямар нэг баримт байхгүй гэхдээ энэ нь ерөнхий зардлын жишиг мөнгөн дүнгээр гаргасан тооцоо юм. Хэрэг болсны дараа уг байрыг 4.400.000 төгрөгөөр зараад өмгөөлөгч авах, үзмэрч хүмүүст өгсөн зэрэг хэрэг явдалд бүх мөнгөө зарцуулсан... Тиймээс энэ байрыг нэхэмжилнэ эсвэл одоогийн ханшаар 1 өрөө байр 60.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай аав амьд сэрүүн байсан бол ажиллаж хөдөлмөрлөөд олох байсан цалин мөнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр одоогийн ханшаар /сарын 192.000 төгрөгөөр/ бодож үзээд хамгийн бага охиноо 18 нас хүртэл буюу 1997 оноос хойш 14 жилийн хугацаанд 32.256.000 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Энэ хэргийн улмаас эмээ өвөө 2 маань олон жил шаналж хүнд өвчин тусаж эмээ 3 удаа хагалгаанд орсон, өвөө элэгний хатууралтай болж эмнэлгээр их явсан. Ингээд нас барсан ба оршуулгын зардлыг нь оролцуулж нэхэмжилнэ. Энэ зардалд нийт 25.000.000 төгрөг нэхэмжилнэ... Би өөрөө төрөлхийн уруул тагнайн завсартай төрсөн. Эхлээд би 1992 онд Польш улс уруу эмчилгээнд явсан. Дараагийнх нь 1998 онд явах байсан боловч энэ хэргээс болоод чадаагүй. Энэ эмчилгээг хийлгэхэд 10.000.000 төгрөг төлөх байсан. Тиймээс энэ мөнгийг нэхэмжилнэ. Манай дүү 2 дугаар курсээсээ сургалтын төлбөргүй болсон тул сургуулиа хаясан энэ төлбөр нь 10.000.000 төгрөг болсон. Дүү маань сургуулиа төгсөөд хэвийн амьдарч байсан бол хашаа байшинтай байх байсан гэж үзээд 20.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би сургуульд сурч байхдаа гадаадад гарч магистрт сурах байсан. Би энэ төлбөртөө 20.000 доллар нэхэмжилнэ... Монгол мөнгөөр бодвол 20.000.000 төгрөг юм. Би дүүгийнхээ амьдралыг дээшлүүлэх зорилгоор цалингийн зээл Сар шинэ ББСБ-аас 4.000.000 төгрөгийн зээл авсан үүнийгээ нэхэмжилнэ. Энэ бүхэн аав маань амьд сэрүүн байсан бол сайн сайхан болох байсан гэсэн утгаар нэхэмжилж байна. Ингээд нийтдээ 197.256.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх.3.32/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Р.Золзаяагийн өгсөн: “Бид хоёр 2009 оны 4 сард танилцаад, 6 сард байр хөлсөлж тусдаа гарсан ... Бямбадулам ... заримдаа шөнө унтаж байхдаа гэнэт уулга алдаад босоод ирдэг. Тэгээд дотор бачуураад байна гэдэг байсан. Одоо бодоход үйлдсэн хэргээ дотроо хадгалаад түүндээ зовж шаналаад л архи уугаад байдаг байсан юм байна гэж бодож байна ... Архи уусан согтсон үедээ би чамд нэг том нууц хэлмээр байна, даанч чи намайг ойлгохгүй байх гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх.3.34/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганцэцэгийн өгсөн: “Би Бямбадулам гэдэг нэрээр нь танихгүй Болороо гэдэг нэрээр нь л таних юм байна. 1997 онд урьдчилан хорих төвд хоригдож байхдаа нэг камерт байсан. Тухайн үед тэр хүүхэн залилангийн хэргээр билүү танхайн хэргээр ... шалгагдаж байсан байх. Яг ямар хэргээр шалгагдаж байсныг нь би сайн мэдэхгүй. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна 1997-1998 он гэж л санаад байна. Урьдчилан хорих төвөөс бид хоёр хоёулаа суллагдаад гарчихсан байсан. Би ээжийг асраад гэртээ байдаг бөгөөд нэг өдөр манай гэрийн утас руу залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад солиороод байгаа юм бэ, худлаа яриад бай гэж хэлээд л өнгөрсөн. Түүнийг би хүн хутгалсан гэж хэлэхэд итгээгүй. Яг хэнийг ямар учраас хутгалсан талаар нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.3.36/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1800 дугаартай:

          “1. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд М1\10000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ0000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно.

          2. Шинжилгээнд тэнцэх бусад 16 ширхэг гарын мөр яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардастай тохирохгүй.

          3. Шинжилгээнд тэнцэх яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд МИ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын гарын хээний дардастай тохирно” гэх дүгнэлт /хх.3.41/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2235 дугаартай:

          “1. Яллагдагч Р.Бямбадуламын цус нь 0(I) бүлгийн харъяалалтай байна.

          2. Яллагдагч Р.Бямбадуламын цусны ДНХ-ийн тогтоцыг 16 локусын аллелиар тогтоов” гэх дүгнэлт /хх.3.55-56/,

 

          Мөрдөн байцаалтанд сэжигтэн Р.Бямбадуламын өгсөн: “Би анх Заяа буюу бүтэн нэрийг нь Элбэгзаяа гэдэг ахтай 1991 оны үеэс мэддэг болсон. Тэр үед би 16 настай байсан. Манай ахын найз нар гээд манайхаар зөндөө хүмүүс ирдэг байсан. Тэгэхэд л манайхаар ирээд би мэддэг болсон. Тэр үед манай ах эхнэргүй байсан. Би гэрт нь ирж хоол ундыг нь хийж өгөөд гэр орныг нь хардаг байсан болохоор ахынхаа гэрт нь байдаг байсан. Тэгээд тэр ах намайг тамхи татуулдаг надад тамхи өгдөг байсан, бас дагуулж Баянгол ресторанд нэг удаа орж байсан. Бас бааранд орох уу гэдэг байсан би ордоггүй байсан. Тэр ах өөрөө эхнэртэй эхнэр нь Байгалаа гэж эмэгтэй байсан... Би одоо он сар өдрөө санахгүй байна ямар ч байсан зуны өдөр л байсан. Элбэгзаяа ах, ахын гэрийн утас руу залгаж надтай яриад ахынх нь эхнэр хүүхэд байхгүй байна ирээд гэр орон цэвэрлээд өгөөч гэж гуйсан. Манай ахын байр тэрний байрны хажуугийн байранд ойрхон байдаг байсан. Манай ахынх 6 дугаар байр Элбэгзаяа ахын байр 4 дүгээр байр байсан санагдаж байна. Яг л зэргэлдээ байрнууд байсан. Би тэдний гэрт яваад ороход үдээс хойш хавьцаа байх гэгээтэй байсан ... Гэрт нь ороход Элбэгзаяа ах ганцаараа ... жаахан уусан байсан. Тэгээд ахынх нь нэг найз хүүхэн ирээд явлаа гэж ярьж байсан. Тэгээд ... хоол хийгээд өгөөч” гэсэн. Би хоол хийж чадахгүй шүү, зууш хийгээд өгье гэж хэлсэн... Би орж ирээд шууд 00 руу нь орсон. Тэр үед миний сарын юм ирсэн байсан болохоор солих гэж орсон. Тэгээд солиод хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлон дотор нь хийчихсэн. Усыг нь татаагүй орхичихсон. Усыг татах гэхэд бочки нь эвдэрсэн байсан. Тэр өөрөө жорлонд ус татагдахгүй, саванд ус хийж байгаад хийдэг юм шүү гэж хэлсэн. Тэдний гэрт 2 авдар пиво байсан санагдаж байна. Ямар ч байсан пиво л байсан. Надад тэр пивоноосоо өгөөд дайлсан. Би пивоноос 1 лаазыг уусан. Надад тамхи өгсөн. Би тэрнээс 2-3 ширхэг тамхи татсан. Тэр тамхи нь тухайн үедээ үнэтэй л тамхи байсан. Монте карло билүү Марлборо ч билүү сайн санахгүй байна. Намайг гаргахгүй гээд хаалгаа дотроос нь цоожилсон байсан. Тэгээд намайг унтъя гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд ч юм ирсэн байсан болохоор би зөвшөөрөөгүй. Би зууш хийж өгөхөөр гал тогооных нь өрөө рүү орсон. Тэгээд гэрийнх нь хутгаар хиам, огурцы, помидор зэрэг зүйл хөшиглөж, зууш бэлдээд зогсож байтал араас тэврээд авсан. Тэгэхээр нь би та яаж байна аа гэхэд больсон. Би та яаж байнаа, таныг ахдаа хэлнэ шүү гэхэд чи насанд хүрсэн биз дээ, том хүүхэн болоо биз дээ гэсэн. Тэгснээ араас ахиад тэврээд том өрөө рүү тэвэрч оруулаад өөр лүүгээ харуулаад орон дээр хэвтүүлээд дээрээс дарсан. Тэгээд өмд тайлах гэж оролдсон. Тэгэхэд би миний юм ирчихсэн, та яаж байнаа гэхэд битгий худлаа яриад бай гээд дайраад байсан. Нилээн ноцолдсон. Тэгэхэд би нөгөө зууш бэлтгэж байсан хутгаа барьчихсан байсан. Тэгээд ноцолдож байхад Элбэгзаяа ах эвгүй дуу гаргаад ёо гэсэн. Тэгээд ... би түүнийг хажуу тийш нь болгоод харахад гар цус болчихсон байсан. Тэгээд босоод гараад зугтаасан. Би гарч зугтахдаа хаалгыг нь хаагаагүй. Гараад явж байхад бүрэнхий болсон байсан. Би маш их сандарсан байсан. Тэгэхдээ би хүн алсан байна гэж огт бодоогүй. Би цагдаад хэлэх гээд гүйгээд цагдаа олоогүй. Тэгээд би гүйгээд л гэртээ ирсэн байсан ... Би ... сандраад яахаа мэдэхгүй байсан. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Тэгээд би буцаж гараад гадаа хоносон ... Би Элбэгзаяа ах яасныг мэдээгүй, тэрнээс хойш уулзаагүй. Сүүлд л эхнэр нь нас барсан гэж байсан. Би хэзээ нэгэн цагт баригдах байх л гэж бодож байсан. Яаж хэлэх вэ гэдгээ ч мэдэхгүй байсан. Тэгэхдээ би түүнийг алъя гэж огт бодоогүй... Би яг хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Ямар ч байсан намайг дараад унагаасан байхад би баруун гартаа хутгаа барьсан байсан. Хутгаа хааш нь хаяснаа ч санахгүй байна. Би түүнийг түлхээд босч ирэхэд Элбэгзаяа ах чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд босоод ирсэн. Тэгээд намайг гаргахгүй гээд цоожилсон байсан түлхүүрийг нь ширээн дээрээс аваад хаалгыг нь онгойлгосон. Тэгэхэд араас ирээд гарнаас татахаар нь гараа угз татаад авсан. Тэгээд газар уначихсан хөлнөөс татахаар нь хөлөө аваад хаалгыг нь савж онгойлгоод гарсан... түлхүүрийг нь хаалгыг нь онгойлгоод тэнд нь үлдээгээд гарсан, авч гараагүй...” гэх мэдүүлэг /хх.3.57-58/

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 663 дугаартай: “Дүгнэлт:

          4. ...цээжний зүүн өмнө 3, 4-р хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1,5х0,8см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь дээрээс доош, урдаас арагш, зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12-р хавирганы түвшинд 2x0,8см зах ирмэг тэгш хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь зүүнээс баруун тийш чиглэлтэй байна.

          5. Яллагдагч хутгаа баруун гартаа барьж дээшээ харж хэвтсэн, хохирогч дээрээс нь харсан байрлалтай байх үед хохирогчийн үхэлд хүргэсэн цээжний хөндий нэвтэрсэн, арьс цоолсон, хавж орсон гэмтлүүд нь үүсэх боломж муутай.

          6. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар иштэй хутгаар уг гэмтлүүд үүсгэгдэх боломжтой.

          7. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх, гэмтлийг авсны дараа дотуур хурц цус алдалт, зүрх чихэлдэлт зэргийн улмаас богино хугацаанд үхэлд хүрнэ.

          8. Талийгаач нь дээрх гэмтлийг авсны дараа идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай...” гэх дүгнэлт /хх.3.126-129/,

 

          Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Д.Мөнхбатын өгсөн: “... Хохирогчийн биед учирсан зулгаралт цус хуралтууд нь хумсаар маажих, гараар цохих үед үүсэх боломжтой. Цээжний хөндий уруу буюу шууд зүрхийг гэмтээсэн 1 шарх, хэвлийн хөндий нэвтэрсэн 1 шарх байгаа ба хоёулаа амь насанд аюултай гэмтэл бөгөөд яг үхэлд хүргэсэн нь цээжний хөндийг нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх болно. Зүрхэндээ ийм гэмтэл авсан хүн богино хугацаанд үхэлд хүрнэ, богино гэдгийг нь ямар хугацаа гэдгийг тогтоох боломжгүй. Ийм гэмтэл шарх авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай. Хохирогчийн зүрхэнд учирсан гэмтэл шархнаас бусад гэмтэл шархыг авсан үед хохирогч тодорхой хөдөлгөөн хийх, хэсэг хугацаанд амьд байх боломжтой. Цээжний ард, сээр нуруу, даланд учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй хөнгөн гэмтэл болно. Хэвлий, цээжний хөндий нэвтэрсэн гэмтэл нь хүнд гэмтэл юм ... гэх мэдүүлэг /хх.3.130-131/,

 

          Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ,

          “Улаанбаатар Буян’ компаний оршуулгын тариф танилцуулга,

          Худалдаа Үйлчилгээ Жуулчлалын “Нэгдэлч ХХК”-ны тодорхойлолт,

          Баянзүрх дүүргийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэсийн албан тоот, хавсралтын хамт,

          Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний Засгийн Газраас тогтоосон өөрчлөлтийн жагсаалт,

          Статистикийн Төв Газраас гаргасан Зарим Гол Нэрийн Бараа Үйлчилгээний үнийн жагсаалт,

          Өмгөөллийн гэрээ,

 

          Хохирогч Э.Мандахын гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын тайлбарт:

          “1. Оршуулгын зардалд:

          Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /Тухайн үеийн Иргэдэд үйлчлэх газрын архиваас/ хавсаргасан. Тухайн үед талийгаачийг оршуулж байсан Иргэдэд үйлчлэх төв нь одоо “Улаанбаатар Буян” компани болсон байна. 1997 онд оршуулгын үйлчилгээ авч байсан баримтыг гаргаж өгөхийг тус компаниас хүсэхэд архивийн тухай хуулийн дагуу тэр үеийн санхүүгийн баримт устсан бөгөөд манай комяаниас үйлчилгээ авч байсан эмнэлгийн гэрчилгээ төв архивт шилжсэн гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Улсын төв архиваас нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбарыг авсан. Энэ гэрчилгээ нь тухайн үед талийгаачийг “Буян” компаниар үйлчлүүлж оршуулсан гэдгийг нотлох нотолгоо юм.

          “Улаанбаатар Буян” ХХК-ны одоогийн байгалийн саарал боржин чулуутай буюу жижиг суваргатай оршуулгын үйлчилгээний дундаж тариф 10.864.000 төгрөг байна. 1997 оны оршуулгын дундаж ханшийг гаргахын тулд Статистикийн төв газраас гаргасан “Зарим гол гэрийн бараа үйлчилгээний үнийн жагсаапт”-ыг ашиглан 1997 оноос хойшхи бараа үйлчилгээний үнийн дундаж өсөлтийг тооцож гаргасан юм.

          Энэхүү онцлон сонсгогдсон 48 нэр төрлийн бараа үйлчилгээний үнэ тарифыг статистикийн газраас жил бүр гаргадаг юм байна. 2015 оны мэдээлэл нь одоо хараахан гарч дуусаагүй гэсэн тайлбартай байсан тул 2014 оноор жишиг авлаа. Хүснэгтэнд бараа тус бүрийн 1997-2014 оны хоорондох үнийн өсөлтийг гаргаж эцэст нь дундаж өсөлтийг тооцож олсон нь 4,22 дахин өссөн гэсэн үзуүлэлттэй байгаа болно. Үүнийг “Буян” компанийн өнөөгийн оршуулгын үнэтэй жишин харьцуулж тооцвол 10.864.000/4.22=2.574.408 төгрөг болж байна. Тухайн үед оршуулгын зардал ойролцоогоор 2.500.000 орчим төгрөг гарсаныг одоо амьд сэрүүн байгаа талийгаачийн эхнэр болох А.Байгалмаа давхар нотлох болно.

          2. Цайллагын зардалд:

Одоо амьд сэрүүн байгаа гэрч болох талийгаачийн эхнэр болох А.Байгалмаагийн гэрчилж байгаагаар 150 хүний цайллага тухайн үеийн “Мон-Агро” компанийн ресторанд болж байсан бөгөөд хүний 6000 төгрөгөөр тооцож хийж байсан. 6.000* 150=900.000 төгрөг. “Нэгдэлч” ХХК-ийн тодорхойлолтоор цайллага хийсэн нь нотлогдож байгаа болно.

          3. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу хохирогчид төлбөр гаргуулах хэмжээг гогтоохдоо “Нас барагчийн сарын цалин хөлс орлогын дундажаас тэжээгчээ алдсаны төлбөрийн хэмжээг хасч тооцно” гэж заажээ. Талийгаач нь идэр насны эрүүл чийрэг хөдөлмөрийн бүрэн чадвартай хүн байсан бөгөөд түүний цалин хөлсний дундажийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон болно.

          Засгийн газраас тогтоосон үе үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт дээр суурилж бага охиноо 18 нас хүртэл буюу 2011 оны 7 сар хүртэл авах байсан хөлсний хэмжээг тооцоход 8.551.755 төгрөг болж байна. Засгийн газрын тогтоол болон тооцооллыг харуулсан хүснэгт хавсаргав.

          Хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж нийт 3.692.160 төгрөг авсныг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт нотолж байна. 8.551.755 -3692160=4.859.595 төгрөг.

          Мөрдөн байцаалтын шатанд 19.725.6000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрхи 3 нотолгоогоор нэхэмжилж байгаа 8.334.003 төгрөг бол нотлох баримтаар нотлогдсон шууд хохирол, үлдсэн мөнгө нь бол бидний бусад хохирол боловч цаг хугацаа болон бусад хүчин зүйлийн улмаас одоо нотлох боломжгүй хохирол юм” гэжээ.

 

          -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.3.74/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх.1.2/,

          -Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх.1.4/,

          -План зураг /хх.1.7/,

          -Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.11/,

          -Гутлын мөрний зураг /хх.1.50/,

          -Шинжээч томилсон тогтоол /хх.2.119/,

          -Шинжээчийн 2688 тоот дүгнэлт /хх.2.124/,

          -Гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.136/,

          -Таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх.65/,

          -Гэрч Б.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх.3.115/,

          -Шинжээчийн дүгнэлт /хх.3.124/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Р.Бямбадулам нь 1997 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 245 тоот гэрт нь иргэн М.Элбэгзаяаг хутгалж онц харгис хэрцгий аргаар буюу цээжний зүүн өмнө 3, 4 дүгээр хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1,5x0,8 см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, өвчүүний зүүн хажуу хэсгээр уг шархны дээд төгсгөлийн түвшинд 2x0,3 см доод төгсгөлийн түвшинд 2.5x0,4 см, өвчүүний доод төгсгөлд 3x0,2 см зах ирмэг тэгш биш тавтсан шархнууд, зүүн 6, 8 дугаар хавирганы түвшинд хөхний шугамаар 9x0,3 см, 6x0.3 см хоорондоо давхацсан хүрэн цус хуралт бүхий шалбаралт, баруун шанаанд 3x0,2, 2x0.2 см, 0,5x0,2 см, чихний ард 2,5x0,2 см, хүзүүний баруун талд 3x0,2, 1,5x0,2 см 3 ширхэг 0,2x0,2, баруун мөрөнд 3x0,2 см 38x0,2 см, зүүн мөрний дээд хэсгээс өвчүү рүү чиглэсэн 10x0,2 см зах ирмэг тэгш биш шарх, хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы түвшинд 2x0,8 см зах ирмэг тэгш ангархай хэвлий цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний ард сээр нурууны 1, 2 дугаар нугаламын түвшинд нугаламын хажуу шугамаар зүүн талд 2x0,4 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсан доогуур хавсан шарх, баруун далан дээр 1x0,1 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх зэрэг олон тооны шарх, гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Р.Бямбадулам нь талийгаач М.Элбэгзаяаг хутгалаагүй, энэ хэргийг үйлдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь:

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн 1997 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн: “...13 дугаар хорооллын 7-р орц 245 тоот айлын орон сууцанд 1997 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 12 цаг 15 минутад үзлэгийг явуулав... Хаалганы зүүн талд толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан баруун гараа дарж атирч хэвтсэн, зүүн гарын долоовор, эрхий хурууны завсар улаан өнгийн хуванцар иштэй нарийн хутгыг завсар хавчуулсан, дээд хэсгээрээ цээж нүцгэн, доогуураа цагаан саарал өнгийн судалтай турсик өмссөн, биеийн баруун хөл, баруун гарын шууны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, нүүр болон хурууны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байв... өрөөний голд дэвссэн хивсэн дээр хүрэн шилэн савтай үнсний сав байх бөгөөд шилэн саванд татаж орхисон 8 ширхэг тамхины иш байх бөгөөд уг ишийг эд мөрийн баримтаар хураан авсан болно. Мөн үнсний савны дэргэд “Marlboro" тамхины хайрцаг байлаа. Дотор нь 1 ширхэг тамхи байлаа. Мөн ширээний дээр “Cola” гэсэн бичигтэй ундаа байх бөгөөд 1 лааз нь бүтнээрээ, нэг нь онгойлгож уусан байдалтай байлаа. Мөн шалан дээр ногоон өнгийн цаасан хуулгатай дээр нь “Trec” гэсэн бичигтэй төмөр лаазтай өргөст хэмх байв. Өргөст хэмхний таг нь үнсний саванд хэвтэж байв. Дотор нь тал хэсгээрээ дутуу орхигдсон байна. Өрөөний хивсэн дээр шингэн зүйлийн асгарсан хатац 27x12см хэмжээтэй байв. Өрөөнд байгаа эд зүйлс болох пиво, ундааны лааз, архины шил, шилэн таваг, өргөст хэмхний лаазан дээрээс шинжээч хар өнгийн нунтгаар гарын мөрийг хайхад 16 лааз пиво, ундааны 3 лаазан дээрээс, тамхины хайрцаг, өргөст хэмхний лааз зэргээс гарын мөр 42 ширхгийг илрүүлэн хураан авсан болно... бие засах газарт явуулахад ... жорлонгийн ус нь дүүрэн, дээр нь байдаг таг нь сөхөөстэй, жорлон дотор эмэгтэй хүний дамск байсныг эд мөрийн баримтаар хураан авав..." гэх тэмдэглэл /хх.1.4-6/,

 

          Хүний цогцсонд үзпэг хийсэн “... Духны голд болон үстэй хэсгийн захад баруун чихний доод болон хүзүүний баруун хэсэг, баруун хацарт, баруун мөрний ар хэсэгт цээжний зүүн хэсгүүдэд 4x0,2, 0,7x0,2 см хэмжээтэй 24 ширхэг хүрэн бор өнгийн тав тогтсон зулгаралттай, цээжний зүүн доод хэсэгт 7,5x0,6 см хэмжээтэй 2ш өнгөц зулгаралттай, зүүн мөрөнд 10x0,2 см, зүүн тохойн гадна хэсэгт 7,5x0,1 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн өнгөц зулгаралттай. Цээжний зүүн хэсэгт эгэмний дунд шугамаар 3, 4-р хавирганы завсар босоо зуувин хэлбэртэй хар хүрэн өнгийн цус хуралттай 2x0,8 см хэмжээтэй. Цээжний зүүн хэсэгт суганы шугамаар 8,9 хавирган завсар босоо байрлалтай 2x0,8 см, зүүн далны дээд дотор булангаас баруун тийш 3 см зайд ташуу байрлалтай 2x0,5 мм, уг шархнаас зүүн тийш 1,6 см урт зулгаралттай... ташуу байрлалтай 1,5x0,5 мм байрлалтай зах ирмэг тэгш зууван хэлбэртэй, гүн тодорхой бус ангайсан шархнуудтай байна...” гэх тэмдэглэл /хх.1.8/,

 

          Хэргийн газар дээрх байдлыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.11-19/,

 

          Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 584 /111/ дугаартай: “Гадуур үзлэгээр: ... цээжний зүүн өмнө 3, 4 дүгээр хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1,5x0,8 см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, өвчүүний зүүн хажуу хэсгээр уг шархны дээд төгсгөлийн түвшинд 2x0,3 см доод төгсгөлийн түвшинд 2.5x0,4 см, өвчүүний доод төгсгөлд 3x0,2 см зах ирмэг тэгш биш тавтсан шархнуудтай. Зүүн 6, 8 дугаар хавирганы түвшинд хөхний шугамаар 9x0,3 см, 6x0.3 см хоорондоо давхацсан хүрэн цус хуралт бүхий шалбаралттай. Баруун шанаанд 3x0,2, 2x0.2 см, 0,5x0,2 см, чихний ард 2,5x0,2 см, хүзүүний баруун талд 3x0,2, 1,5x0,2 см 3 ширхэг 0,2x0,2, баруун мөрөнд 3x0,2 см 38x0,2 см, зүүн мөрний дээд хэсгээс өвчүү рүү чиглэсэн 10x0,2 см зах ирмэг тэгш биш шархтай, хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12 дугаар хавирганы түвшинд 2x0,8 см зах ирмэг тэгш ангархай хэвлий цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжний ард сээр нурууны 1, 2 дугаар нугаламын түвшинд нугаламын хажуу шугамаар зүүн талд 2x0,4 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсан доогуур хавсан шархтай. Баруун далан дээр 1x0,1 см зах ирмэг тэгш цээжний хөндий рүү нэвтрээгүй шархтай...

          Онош: Цээж хэвлийн хөндий үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн шарх дотуур цус алдалт үнхэлцгийн чихээс зүрхний шархаар зүрхний зүүн хөндийгөөс цус алдаж үнхэлцгийг дүүргэх, нүүр хоолой цээж мөрний өнгөц шарх. Зүүн бөөрний өөхлөгийн шарх, өөхлөгийн цус хуралт, элэг бөөр зүрхний тэжээлийн хямралт. Цусан дахь 2.1% этилийн спирт. Дүгнэлт:

          1.Хохирогчийн цогцост дээрх оношинд дурдсан гэмтэл өөрчлөлт тогтоогдлоо.

          2.Хохирогчийн цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн нуруу далны цээжний хөндий рүү нэвтрээгүй шархнууд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бусад шарх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          З.Дээрхи гэмтлүүд нь амь насыг аврах боломжгүй гэмтлүүд болно.

          4.Хохирогчийн хэвлий цээж үнхэлцэг зүрх рүү нэвтэрсэн дотуур цус алдаж, мөн үнхэлцгийн хальс цусаар дүүрч зүрх агшиж чадахгүй болсноос нас баржээ.

          5.Хохирогч нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

          6.Хохирогчийн цээжний зүүн талын шарх нь дээрээсээ доошоо чиглэлтэй байна.

          7.Элбэгзаяа нь АВО -ийн системд ВЗ-р бүлгийн цустай байна... ” гэх дүгнэлт /хх.1.36-37/,

 

          Цагдаагийн Ерөнхий Газрын Криминалистикийн Шинжилгээний Төвийн шинжээчийн 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1154 дугаартай:

          “1. Хэлбэрээ алдсан 5 ширхэг ишинд В(III) бүлгийн харъяалалтай хүний шүлс

байна.

          2. Хэлбэрээ алдаагүй 3 ширхэг ишинд 0(I) бүлгийн харъяалалтай хүний шүлс байна” гэх дүгнэлт /хх.1.46/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5676 дугаартай:

          “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 19 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

          2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно” гэх дүгнэлт /хх.3.15/,

           

          Мөрдөн байцаалтанд гэрч Р.Золзаяагийн өгсөн: “Бид хоёр 2009 оны 4 сард танилцаад 6 сард байр хөлсөлж тусдаа гарсан... Бямбадулам ... заримдаа шөнө унтаж байхдаа гэнэт уулга алдаад босоод ирдэг. Тэгээд дотор бачуураад байна гэдэг байсан. Одоо бодоход үйлдсэн хэргээ дотроо хадгалаад түүндээ зовж шаналаад л архи уугаад байдаг байсан юм байна гэж бодож байна ... Архи уусан согтсон үедээ би чамд нэг том нууц хэлмээр байна, даанч чи намайг ойлгохгүй байх гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх.3.34/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганцэцэгийн өгсөн: “Би Бямбадулам гэдэг нэрээр нь танихгүй Болороо гэдэг нэрээр нь л таних юм байна. 1997 онд урьдчилан хорих төвд хоригдож байхдаа нэг камерт байсан. Тухайн үед тэр хүүхэн залилангийн хэргээр билүү танхайн хэргээр ... шалгагдаж байсан байх. Яг ямар хэргээр шалгагдаж байсныг нь би сайн мэдэхгүй. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна 1997-1998 он гэж л санаад байна. Урьдчилан хорих төвөөс бид хоёр хоёулаа суллагдаад гарчихсан байсан. Би ээжийг асраад гэртээ байдаг бөгөөд нэг өдөр манай гэрийн утас руу залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад солиороод байгаа юм бэ, худлаа яриад бай гэж хэлээд л өнгөрсөн. Түүнийг би хүн хутгалсан гэж хэлэхэд итгээгүй. Яг хэнийг ямар учраас хутгалсан талаар нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.3.36/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1800 дугаартай:

          “1. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан фото цаасан дээрхи 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд М1\10000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын зүүн гарын ядам хурууны хээтэй, 12 гэж дугаарласан фото цаасан дээрхи 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МЫ0000МБГ00297 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Бямбадуламын баруун гарын дунд хурууны хээтэй тохирно.

          2. Шинжилгээнд тэнцэх бусад 16 ширхэг гарын мөр яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардастай тохирохгүй.

          3. Шинжилгээнд тэнцэх яллагдагч Равдан овогтой Бямбадуламын гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд МИ000700000753 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Равдан овогтой Болорын гарын хээний дардастай тохирно” гэх дүгнэлт /хх.3.41/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2235 дугаартай:

          “1. Яллагдагч Р.Бямбадуламын цус нь 0(I) бүлгийн харъяалалтай байна.

          2. Яллагдагч Р.Бямбадуламын цусны ДНХ-ийн тогтоцыг 16 локусын аллелиар тогтоов” гэх дүгнэлт /хх.3.55-56/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 663 дугаартай: “Дүгнэлт:

          4. ... цээжний зүүн өмнө 3, 4-р хавирганы түвшинд өвчүүний хажуу шугамаар 1,5х0,8см зах ирмэг тэгш босоо байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь дээрээс доош, урдаас арагш, зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Хэвлийн зүүн хажууд суганы дунд шугамаар 12-р хавирганы түвшинд 2x0,8см зах ирмэг тэгш хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь зүүнээс баруун тийш чиглэлтэй байна.

          5. Яллагдагч хутгаа баруун гартаа барьж дээшээ харж хэвтсэн, хохирогч дээрээс нь харсан байрлалтай байх үед хохирогчийн үхэлд хүргэсэн цээжний хөндий нэвтэрсэн, арьс цоолсон, хавж орсон гэмтлүүд нь үүсэх боломж муутай.

          6. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар иштэй хутгаар уг гэмтлүүд үүсгэгдэх боломжтой.

          7. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх, гэмтлийг авсны дараа дотуур хурц цус алдалт, зүрх чихэлдэлт зэргийн улмаас богино хугацаанд үхэлд хүрнэ.

          8. Талийгаач нь дээрх гэмтлийг авсны дараа идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай...” гэх дүгнэлт /хх.3.126-129/,

 

          Мөрдөн байцаалтад шинжээч эмч Д.Мөнхбатын өгсөн: “... Хохирогчийн биед учирсан зулгаралт цус хуралтууд нь хумсаар маажих, гараар цохих үед үүсэх боломжтой. Цээжний хөндий уруу буюу шууд зүрхийг гэмтээсэн 1 шарх, хэвлийн хөндий нэвтэрсэн 1 шарх байгаа ба хоёулаа амь насанд аюултай гэмтэл бөгөөд яг үхэлд хүргэсэн нь цээжний хөндийг нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх болно. Зүрхэндээ ийм гэмтэл авсан хүн богино хугацаанд үхэлд хүрнэ, богино гэдгийг нь ямар хугацаа гэдгийг тогтоох боломжгүй. Ийм гэмтэл шарх авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай. Хохирогчийн зүрхэнд учирсан гэмтэл шархнаас бусад гэмтэл шархыг авсан үед хохирогч тодорхой хөдөлгөөн хийх, хэсэг хугацаанд амьд байх боломжтой. Цээжний ард, сээр нуруу, даланд учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй хөнгөн гэмтэл болно. Хэвлий, цээжний хөндийн нэвтэрсэн гэмтэл нь хүнд гэмтэл юм ... гэх мэдүүлэг /хх.3.130-131/,

 

          Мөрдөн байцаалтад Р.Бямбадуламын сэжигтнээр өгсөн: “Би анх Заяа буюу бүтэн нэрийг нь Элбэгзаяа гэдэг ахтай 1991 оны үеэс мэддэг болсон. Тэр үед би 16 настай байсан. Манай ахын найз нар гээд манайхаар зөндөө хүмүүс ирдэг байсан. Тэгэхэд л манайхаар ирээд би мэддэг болсон. Тэр үед манай ах эхнэргүй байсан. Би гэрт нь ирж хоол ундыг нь хийж өгөөд гэр орныг нь хардаг байсан болохоор ахынхаа гэрт нь байдаг байсан. Тэгээд тэр ах намайг тамхи татуулдаг надад тамхи өгдөг байсан, бас дагуулж Баянгол ресторанд нэг удаа орж байсан. Бас бааранд орох уу гэдэг байсан би ордоггүй байсан. Тэр ах өөрөө эхнэртэй эхнэр нь Байгалаа гэж эмэгтэй байсан... Би одоо он сар өдрөө санахгүй байна ямар ч байсан зуны өдөр л байсан. Элбэгзаяа ах, ахын гэрийн утас руу залгаж надтай яриад ахынх нь эхнэр хүүхэд байхгүй байна ирээд гэр орон цэвэрлээд өгөөч гэж гуйсан. Манай ахын байр тэрний байрны хажуугийн байранд ойрхон байдаг байсан. Манай ахынх 6 дугаар байр Элбэгзаяа ахын байр 4 дүгээр байр байсан санагдаж байна. Яг л зэргэлдээ байрнууд байсан. Би тэдний гэрт яваад ороход үдээс хойш хавьцаа байх гэгээтэй байсан ... Гэрт нь ороход Элбэгзаяа ах ганцаараа ... жаахан уусан байсан. Тэгээд ахынх нь нэг найз хүүхэн ирээд явлаа гэж ярьж байсан. Тэгээд ... хоол хийгээд өгөөч” гэсэн. Би хоол хийж чадахгүй шүү, зууш хийгээд өгье гэж хэлсэн... Би орж ирээд шууд 00 руу нь орсон. Тэр үед миний сарын юм ирсэн байсан болохоор солих гэж орсон. Тэгээд солиод хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлон дотор нь хийчихсэн. Усыг нь татаагүй орхичихсон. Усыг татах гэхэд бочки нь эвдэрсэн байсан. Тэр өөрөө жорлонд ус татагдахгүй, саванд ус хийж байгаад хийдэг юм шүү гэж хэлсэн. Тэдний гэрт 2 авдар пиво байсан санагдаж байна. Ямар ч байсан пиво л байсан. Надад тэр пивоноосоо өгөөд дайлсан. Би пивоноос 1 лаазыг уусан. Надад тамхи өгсөн. Би тэрнээс 2-3 ширхэг тамхи татсан. Тэр тамхи нь тухайн үедээ үнэтэй л тамхи байсан. Монте карло билүү Марлборо ч билүү сайн санахгүй байна. Намайг гаргахгүй гээд хаалгаа дотроос нь цоожилсон байсан. Тэгээд намайг унтъя гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд ч юм ирсэн байсан болохоор би зөвшөөрөөгүй. Би зууш хийж өгөхөөр гал тогооных нь өрөө рүү орсон. Тэгээд гэрийнх нь хутгаар хиам, огурцы, помидор зэрэг зүйл хөшиглөж, зууш бэлдээд зогсож байтал араас тэврээд авсан. Тэгэхээр нь би та яаж байна аа гэхэд больсон. Би та яаж байнаа, таныг ахдаа хэлнэ шүү гэхэд чи насанд хүрсэн биз дээ, том хүүхэн болоо биз дээ гэсэн. Тэгснээ араас ахиад тэврээд том өрөө рүү тэвэрч оруулаад өөр лүүгээ харуулаад орон дээр хэвтүүлээд дээрээс дарсан. Тэгээд өмд тайлах гэж оролдсон. Тэгэхэд би миний юм ирчихсэн, та яаж байнаа гэхэд битгий худлаа яриад бай гээд дайраад байсан. Нилээн ноцолдсон. Тэгэхэд би нөгөө зууш бэлтгэж байсан хутгаа барьчихсан байсан. Тэгээд ноцолдож байхад Элбэгзаяа ах эвгүй дуу гаргаад ёо гэсэн. Тэгээд ... би түүнийг хажуу тийш нь болгоод харахад гар цус болчихсон байсан. Тэгээд босоод гараад зугтаасан. Би гарч зугтахдаа хаалгыг нь хаагаагүй. Гараад явж байхад бүрэнхий болсон байсан. Би маш их сандарсан байсан. Тэгэхдээ би хүн алсан байна гэж огт бодоогүй. Би цагдаад хэлэх гээд гүйгээд цагдаа олоогүй. Тэгээд би гүйгээд л гэртээ ирсэн байсан ... Би ... сандраад яахаа мэдэхгүй байсан. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Тэгээд би буцаж гараад гадаа хоносон ... Би Элбэгзаяа ах яасныг мэдээгүй, тэрнээс хойш уулзаагүй. Сүүлд л эхнэр нь нас барсан гэж байсан. Би хэзээ нэгэн цагт баригдах байх л гэж бодож байсан. Яаж хэлэх вэ гэдгээ ч мэдэхгүй байсан. Тэгэхдээ би түүнийг алъя гэж огт бодоогүй... Би яг хаашаа нь хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна. Ямар ч байсан намайг дараад унагаасан байхад би баруун гартаа хутгаа барьсан байсан. Хутгаа хааш нь хаяснаа ч санахгүй байна. Би түүнийг түлхээд босч ирэхэд Элбэгзаяа ах чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд босоод ирсэн. Тэгээд намайг гаргахгүй гээд цоожилсон байсан түлхүүрийг нь ширээн дээрээс аваад хаалгыг нь онгойлгосон. Тэгэхэд араас ирээд гарнаас татахаар нь гараа угз татаад авсан. Тэгээд газар уначихсан хөлнөөс татахаар нь хөлөө аваад хаалгыг нь савж онгойлгоод гарсан... түлхүүрийг нь хаалгыг нь онгойлгоод тэнд нь үлдээгээд гарсан, авч гараагүй...” гэх мэдүүлэг /хх.3.57-58/ зэрэг шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх бөгөөд харин шүүгдэгч Р.Бямбадуламыг талийгаач М.Элбэгзаяа нь хүчиндэхээр завдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

 

          Шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хориос хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ” гэж заасан ялын хэмжээ нь одоо даган мөрдөгдөж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дах хэсэгт “... арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж хөнгөрч өөрчлөгдсөн байх тул Р.Бямбадуламын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дах хэсэгт зааснаар зүйлчлэх нь зөв юм.

 

          Харин шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Г дэх заалтанд “энэ хуульд зааснаар 5 жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 10 жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан нь шүүгдэгч Р.Бямбадуламын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх боловч шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт болон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт “Цаазаар авах ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

          Шүүгдэгч Р.Бямбадулам нь хүн амины онц хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж /Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан/ хөөн хэлэлцэх хугацаа тасарсан боловч уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно.

 

          “Цаазаар авах ял шийтгүүлж болох гэмт хэрэг” гэснийг арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр хуульд заасан онц хүнд төрлийн гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд Р.Бямбадуламын үйлдсэн хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт болон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй” гэсэн заалтанд цаазаар авах ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн хэдий ч тухайн ялыг оногдуулж болохгүй субьектуудыг тодорхойлжээ.

 

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... уг гэмт хэрэг 1997 онд үйлдэгдэж 20 шахам жил өнгөрсөн, Р.Бямбадулам эмэгтэй хүн, эмэгтэй хүнд цаазаар авах ял оногдуулж болохгүй учир тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнд ял эдлүүлж болохгүй...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

          Р.Бямбадуламыг хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах заалт дахь ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Р.Бямбадуламын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дах заалтын дагуу гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, 80.1.6 дах заалтын дагуу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй, шүүгдэгч Р.Бямбадуламыг зочид буудлаас баривчлаад согтуу байхад нь байцаахад тэрээр талийгаачийг хутгалсан гэж мэдүүлэг өгсөн, гэрч Н.Ганцэцэг, Р.Золзаяа нарын мэдүүлэг зэрэг дамжмал шинжтэй нотлох баримтуудыг үндэслэн яллаж байгаа, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 584 дугаартай дүгнэлтээр талийгаач М.Элбэгзаяагийн биед тогтоогдсон 16 ширхэг шархнаас 4 нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, шалбаралт зэрэг бусад шарх нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхад хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйлчилсэн нь буруу, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байрны орцон дах цустай гутлын мөрний хэмжээ 36-37 размерынх байхад тухайн үед биеийн хөгжил гүйцэж 22 настай байсан шүүгдэгч Р.Бямбадулам 38 размерын гутал өмсдөг, мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд хэрэг гарсан өдөр шүүгдэгч Р.Бямбадуламын хийсэн зуушны өргөст хэмхний хальснаас бусад улаан лооль, хиам зэргийн хальс тэнд байдаггүй, шүүгдэгч Р.Бямбадулам нь талийгаачийг шорт, майкатай байсан, түүнийг гэрээс нь явах үед талийгаач том өрөөндөө үлдсэн гэх боловч талийгаач коридортоо дотоожтой нүцгэн хэвтэж байсан зэрэг нөхцөл байдлыг гүйцэт нягтлан шалгаагүй, хэргийн шалтгаант холбоо тогтоогдоогүй, шүүгдэгч Р.Бямбадулам энэ гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлан мэтгэлзэж байна.

 

          Гэвч шүүгдэгч Р.Бямбадуламаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг /хх.3.57-60/ авахдаа өмгөөлөгч оролцуулсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу хэрэгт авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

         

          Шүүгдэгч Р.Бямбадуламын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 332 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарын мөр бэхжүүлсэн 13 ширхэг фото цаас, хохирогчийн үсний дээж 5 ширхэг /цаасан ууттай/, ДВД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

          Хохирогч Э.Мандах нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд бүгд 16.186.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс гэмт хэрэг үйлдэгдэх үеийн оршуулгын үйлчилгээний тарифын дундаж үнэ, зарим гол нэрийн бараа, ажил үйлчилгээний дундаж үнийн өсөлтийн баримтыг үндэслэн харьцуулж тооцон гаргасан оршуулгын үйлчилгээний зардал 2.574.408 төгрөг, оршуулгын цайллаганы үнэ 900.000 төгрөг, нийт 3.474.408 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлтийг үндэслэж гаргасан талийгаачийн орлогоос түүний насанд хүрээгүй байсан 2 хүүхдэд оногдох хэсэг болон тэдгээрийн тэжээгчээ алдсаны тэтгэмжинд авсан 3.692.160 төгрөгийн зөрүү 583.718 төгрөг, 2 удаагийн өмгөөлөгчийн хөлс нийт 1.400.000 төгрөг, бүгд 5.458.126 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 10.727.874 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “... Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасна...” гэж заажээ.

 

          Амь хохирогч М.Элбэгзаяа нь хувиараа бизнес эрхэлдэг, хөдөлмөрийн чадвартай байсан, хэрэг үйлдэгдэх үед ам бүл 4-үүл буюу хөдөлмөрийн чадвартай эхнэр, насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдардаг байсан болох нь хохирогч А.Байгалмаа /хх.1.59-65/, насанд хүрээгүй гэрч Э.Мандах /хх.1.66-67/, хохирогч П.Маам, Г.Нина /хх.2.192-193/ болон зарим гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

          Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлтийг үндэслэн талийгаачийн орлогыг 2000 оноос 2011 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд тооцоход 8.551.755 төгрөг /хх.3.194/ байх ба 8.551.755:4=2.137.9397 төгрөг нэг хүнд оногдоно. Амь хохирогч болон түүний эхнэр А.Байгалмаа нарт оногдох хэсгийг хасахад хөдөлмөрийн чадваргүй 2 хүүхдэд 2.137.939x2=4.275.8787 төгрөг оногдохоос 2 хүүхдийн тэтгэмжинд 1997 оны 09 дүгээр сарын 01-нээс 2011 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд буюу бага охиныг нь 18 насанд хүртэл авсан нийт 3.692.160 төгрөг /хх.3.195/-ийг хасаад үлдэх 583.718 төгрөгийн зөрүүг шүүгдэгч Р.Бямбадуламаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

          Иймд шүүгдэгч Р.Бямбадуламаас 5.458.126 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мандахад олгон, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэмт этгээдээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Р.Бямбадуламын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга хэрэгт эд мөрийн баримтаар хадгалагдаагүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3 дах хэсгүүд, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Шар Мухлай овогт Равдангийн Бямбадуламыг хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бямбадуламд 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Бямбадуламд оногдуулсан 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, Р.Бямбадуламын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 332 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарын мөр бэхжүүлсэн 13 ширхэг фото цаас, хохирогчийн үсний дээж 5 ширхэг /цаасан ууттай/, ДВД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

          6. Р.Бямбадуламын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга хэрэгт эд мөрийн баримтаар хадгалагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Бямбадуламаас 5.458.126 төгрөг гаргуулж хохирогч Еэншэгүү овогт Элбэгзаяагийн Мандах /РД:УХ88060985/-д олгон, хохирогч Э.Мандахын 10.727.874 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          8. Хохирогч Э.Мандах нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэмт этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Бямбадуламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.         

          11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                             ШҮҮГЧИД                                Д.МӨНХТУЯА

                                        

                                                                                              Т.ШИНЭБАЯР