Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00242

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00511 дүгээр шийдвэр,

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00030 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

О.Отгонбаярт холбогдох

 

7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******аас*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

 

Хариуцагч нь ...2018.10.16-ны өдөр Энхбаяраас миний дансанд хийсэн гэх 5,000,000 төгрөгийг надаар дамжуулж Ц.Энхчимэгт зээлдүүлсэн, би дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, шилжүүлсэн өдөр нь Ц.Энхчимэгийн дансанд хийсэн, би энэ мөнгийг аваагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00511 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь зааснаар хариуцагч Хойд овогтой Оюунцэцэгийн Отгонбаяраас 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Даажаа гүртэн овогтой Нацагдоржийн Энхбаярт олгож, нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00030 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар*******аас үндсэн зээл 5,000,000 төгрөг, алдангид 1,500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөг гаргуулж *******т олгосугай гэж, 2 дахь заалтын 70,950 гэснийг 118,500 гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзээд эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь тухайн зээлийн гэрээг хийж байхад уг мөнгийг Ц.Энхчимэг авч байгааг мэдэж байсан. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой яригдсан байдаг. Зээлийн гэрээ хийгээд гэрээнд тохиролцсоноор хүүгээ зээлдэгч ******* нь Ц.Энхчимэгээс авч байсан. Энэ талаар ч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой яригдсан байдаг.

Анхан шатны шүүх нь *******,******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үндэслэлтэй дүгнэлт гаргасан боловч*******аас мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд үнэн бодитоор дүгнэлт хийхгүйгээр *******,******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан, хариуцагч нь зээлийг би аваагүй, надаар дамжуулан Энхчимэгт зээлдүүлсэн гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх ...хариуцагч нь гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээж, баталгаа гаргах зорилготой хэлцэл хийсэн боловч талууд зээлийн гэрээ байгуулж зээлдэгчийн үүрэг хүлээлгэсэн нь хууль зөрчиж, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хэлцэл хийсэн... гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 5,000,000 төгрөгөөс хүүд төлсөн 1,500,000 төгрөгийг хасч, үлдэх 3,500,000 төгрөгийг гаргуулах...-аар шийдвэрлэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

8. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж, 42 дугаар зүйлийн 42.2.-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2018.10.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь*******т 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч нь сарын хүү 500,000 төгрөгийг сар бүр төлөх, 2019.01.16-нд сүүлийн сарын хүү 500,000 төгрөгийг үндсэн зээлийн хамт төлөхөөр, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан талаар зохигч маргаагүй байна.

 

Иймд талуудын байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч ******* зээлийн хөрөнгө 5,000,000 төгрөгийг зээлдэгч*******ын дансанд шилжүүлсэн,******* нь дээрх мөнгөнөөс 4,800,000 төгрөгийг Энхчимэгт шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Хэдийгээр хариуцагч нь Энхчимэгийг зээл авахад нь батлан дааж гэрээ байгуулсан гэх боловч тэрээр Зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Иймд ...давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, ...зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

9. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 323 дугаар зүйлийн 232.1., 232.3.-т тус тус зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндсэн зээл 5,000,000 төгрөгийг алдангийн хамт гаргуулах үндэстэй гэсэн дүгнэлт хийж, хариуцагч нь хүүгийн төлбөрийг төлсөн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар алдангийн 2,500,000 төгрөгийг багасгаж 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул магадлалын шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг шүүхийн тогтоох хэсэгт бичилгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00030 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...олгосугай. гэснийг ...олгож, үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.10.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД