Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2020/00511

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр            Дугаар 133/ШШ2020/00511                         Есөнбулаг сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 14-р гудамж, 30-р байр, 5 тоотод оршин суух, Д овогтой Н-ийн Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Баяншанд баг, 9-р гудамж, 24 тоотод оршин суух, Х- овогтой О-ийн О-т холбогдох,

үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н овогтой Э миний бие 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн О.О--тай харилцан тохиролцож сар бүр хүүгийн төлбөрт 500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн зээл, сүүлийн сарын хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсны үндсэн дээр 5.000.000 төгрөгийг иргэн О.Оын Хаан банк дахь 5315337919 тоот дансанд шилжүүлэн зээлдүүлсэн. Зээлдэгч гэрээний хугацаанд ногдох зээлийн хүүг бэлнээр төлсөн бөгөөд үндсэн зээл болон алдангийг төлөөгүй байна. Үндсэн зээл, алдангийг төлүүлэхээр удаа дараа шаардаж байгаа боловч гэр бүлийн найз болох З.П, Ц.- нарт дамжуулан зээлдүүлсэн тул тус зээлийг төлөхгүй гэдэг тайлбар хэлсээр өдийг хүрсэн. Гэрээний үүргийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч тал харилцан тохиролцох боломжгүй гэдэг шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Иймд зээлийн гэрээний 2.6 /зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ./ 3.5 дахь хэсэгт  зээлдэг гэрээний үүргийг үл маргах журмаар биелүүлнэ. Иргэний хуулийн 232.4 /Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/ заалтыг үндэслэн зээлийн хүүгийн төлбөр 2.500.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээн дээр иргэн О.О гарын үсэг зурж өөрөө хариуцлагаа хүлээсэн. Энэ зээлийн гэрээг нотариат дээр батлуулсан. Нотариатч эрх, үүргийг бүгдийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан учир үүнийг төлөх боломжгүй гэж үзэх боломж байхгүй. Энхчимэг гэдэг иргэн надад зээл өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Би зээл өгөх боломжгүй таньтай гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Ингэж хэлснээс хоёр хоногийн дараа О.О наад хүн чинь манай гэр бүлийн найз учир би баталгаа гаргаж өөрөө гэрээ байгуулаад зээлийг авч өгөх боломжтой гэсэн. Тухайн үед би энэ асуудлыг Энхчимэгтэй ярихгүй, өөртэй чинь ярина гэдгийг хэлээд О.О-тай гэрээ байгуулсан байгаа. Хүүний төлбөр болох 500.000 төгрөгийг авч байсан. 11 сарын 24-нд О руу яриад зээлийн хүү мөнгө төгрөгөө өгөөч гэхэд наад асуудлыг чинь би хариуцахгүй. Энхчимэгээс ав гээд байрлалыг зааж өгөөд эхний 3 сарын хүүгээ авсан нь үнэн гэв.

Хариуцагч О.О нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ийн Э-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Э-аас миний дансанд хийсэн гэх 5.000.000 төгрөгийг надаар дамжуулж Ц.Э-т зээлдүүлсэн билээ. О миний бие дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй шилжүүлсэн өдөр нь Ц.Э-ийн дансанд хийсэн баримтаа хавсарган өгөв. Ийм учраас Э-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э нь 16-нд гэрээ хийж 18-нд миний дансанд хийсэн уг мөнгийг хийсэн өдөр нь Ц.Энхчимэгийн 5315182839 дансад 4.000.000 төгрөг нэг удаа, 800.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн дээрх 5.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг дутуу шилжүүлсэн учир нь Э-ээс О миний бие авах авлагаа хасаад шилжүүлсэн Ц.Э өөрөө тэгээд шилжүүлж гэж хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр шилжүүлэг хийсэн юм. Хариуцагч О.О би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ хийсэн боловч миний данс барьцаалагдсан болохоос тухайн мөнгө надад ирээгүй. Өөрөө энэ мөнгийг аваагүй учир эвлэрүүлэн зуулчлал дээр эвлэрэх боломжгүй гэж хэлсэн байгаа. Би өөрөө энэ мөнгийг аваагүй учир өдийг хүртэл төлөөгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч О.От холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “...Зээлийн гэрээн дээр иргэн О.О гарын үсэг зурж, өөрөө хариуцлагаа хүлээсэн. Энэ зээлийн гэрээг нотариат дээр батлуулсан. Нотариатч эрх, үүргийг бүгдийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан учир үүнийг төлөх боломжгүй гэж үзэх боломж байхгүй. Э гэдэг иргэн надад зээл өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Би зээл өгөх боломжгүй таньтай гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Ингэж хэлснээс хоёр хоногийн дараа О.О наад хүн чинь манай гэр бүлийн найз учир би баталгаа гаргаж өөрөө гэрээ байгуулаад зээлийг авч өгөх боломжтой гэсэн. Тухайн үед би, cүүлд нь энэ асуудлыг Э-тэй ярихгүй, өөртэй чинь ярина гэдгийг хэлээд О.О-тай гэрээ байгуулсан. Зээлийн хүүгийн төлбөр 2.500.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, хариуцагч нь “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Э-аас миний дансанд хийсэн гэх 5.000.000 төгрөгийг надаар дамжуулж Ц.Э-т зээлдүүлсэн билээ. О миний бие дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй шилжүүлсэн өдөр нь Ц.Э-ийн дансанд хийсэн учраас Э-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргаж байна.

Тайлбар болон дансны хуулгаас үзэхэд 2018 оны 10 сарын 18-ны өдөр Э-аас 5.000.000 төгрөгийг О нь шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Харин маргааны зүйлийг тодорхойлоход зээлийн гэрээ байгуулсан эсэх тал дээр маргажээ.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Н.Эын “...Би Э-т зээл өгөх боломжгүй таньтай гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Ингэж хэлснээс хоёр хоногийн дараа О.О наад хүн чинь манай гэр бүлийн найз учир би баталгаа гаргаж өөрөө гэрээ байгуулаад зээлийг авч өгөх боломжтой гэсэн. Тухайн үед би энэ асуудлыг Энхчимэгтэй ярихгүй, өөртэй чинь ярина гэдгийг хэлээд О.О-тай гэрээ байгуулсан байгаа. ...Хүүний төлбөр болох 500.000 төгрөгийг Энхчимэг өгч байсан. 11 сарын 24-нд О руу яриад зээлийн хүү мөнгө төгрөгөө өгөөч гэхэд наад асуудлыг чинь би хариуцахгүй. Энхчимэгээс ав гээд Энхчимэгийнхийг зааж өгөөд эхний 3 сарын хүүгээ авсан нь үнэн гэх, хариуцагч “...Ц.Э-ийн 5315182839 дансад 4.000.000 төгрөг нэг удаа, 800.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн дээрх 5.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг дутуу шилжүүлсэн, учир нь Э-ээс О миний бие авах авлагаа хасаад шилжүүлсэн Ц.Э өөрөө тэгээд шилжүүлж гэж хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр шилжүүлэг хийсэн юм. Хариуцагч О.О би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ хийсэн боловч миний данс барьцаалагдсан болохоос тухайн мөнгө надад ирээгүй...” гэх харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий тайлбаруудаас эрх зүйн дүгнэлт хийхийн тулд тухайн гэрээг байгуулах үеийн талуудын хүсэл зориг юу байсан болохыг тодорхойлон авч үзэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 41.1-д зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэсэн байгаа боловч хэлэлцэж байгаа хэргийн хувьд Э, О нар нь зээлийн гэрээ байгуулсан эсэх талаарх талуудын тайлбар харилцан зөрүүтэй байх тул 41.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл...-д дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэсний дагуу авч үзэхэд тухайн үед О-т өөрт нь зээлийн гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага бий болоогүй буюу зээл авах хүсэл зориггүй, харин найз Энхчимэгт зээл олгуулах зорилготой байсан бөгөөд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийг хариуцах хүсэл зориг илэрхийлж, үүнийг нь зээлдэгч мөн хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн гэх байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад мөн энэ талаар тайлбарлаж байна.

Эрх зүйн үүднээс авч үзэхэд дээрх хүсэл зоригийн илэрхийлэл нь баталгаа гаргаж буй хүсэл зориг бөгөөд хэлцэл буюу үүргийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээдэд нэмэлт үүрэг хүлээлгэсэн харилцаа байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж зааснаас үзэхэд энэхүү харилцаа нь хууль ёсны харилцаа байна. Гэвч Иргэний хуулийн 234.2-д хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба талуудын хувьд бичгийн хэлбэртэй гэрээ байгуулсан боловч энэ нь зээлийн гэрээний зорилго, агуулга, үүрэг бүхий байх тул баталгааны гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь баталгаа гаргагчид зээлийн гэрээний үүргийг шууд хүлээлгэсэн байна. Иймээс энэ хэлцлийн харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна... гэж зааснаар болон зээлдэгч тал баталгааны гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байх тул баталгааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт ...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй... гэж заасны дагуу  нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 5.000.000 /таван сая/ төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эхний гурван сарын хүү 1.500.000 төгрөгийг Ц.Э-ээс авсан талаар тайлбарлаж байх тул Ц.Э-ээс хүүнд тооцож авсан 1.500.000 төгрөгийг хэлцлээр авсан 5000.000 төгрөгөөс хасч, 3.500.000 төгрөгийг хариуцагч О.О-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-аас 3.500.000/гурван сая таван зуун мянган/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь зааснаар хариуцагч Хойд овогтой О-ийн О-аас 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д овогтой Н-ийн Э-т олгож, нэхэмжлэлээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-аас 3.500.000/гурван сая таван зуун мянган/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.                     

 

                       

 

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН