Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2020/01034

 

 

 

 

   2020           03             31                                             184/ШШ2020/01034          

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо,5 дугаар хороолол, 8а байр 3 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Нямрэнцэн /регистрийн дугаар: ХП74120811/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайран дүүргийн 4-р хороо, “Алтан тариа” ХХК-ийн урд Хаус Центрт байрлах  “Донж хаус” ХХКомпани,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37б  байр 10 тоотод оршин суух, Боржигон овогт Домбонгийн Цолмон /регистрийн дугаар: МЮ76091305/ нарт холбогдох

 

     ”Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс 34.409.911 төгрөг, хохирол 19.785.564 төгрөг, нийт 54.195.475 төгрөг“ гаргуулах  тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагч “Донж хаус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа, хариуцагч Д.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Донж хаус” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, нарийн бичгийн даргад Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Д.Нямрэнцэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Донж Хаус” ХХК-тай 16/3038 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Гүнтэд байрлах өөрийн өмчлөлийн зуслангийн газарт 240 м2 талбай бүхий 2 айлын амины орон сууц бариулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээнд заасны дагуу барилгын ажил эхлэх хугацаа 2017 оны 06 сарын 05-ны өдөр байсан бөгөөд ажил гүйцэтгэх нийт хугацаа 2 сар буюу хариуцагч нь амины орон сууцыг 2017 оны 08 сарын 05-ны өдрийн дотор бүрэн барьж дуусган, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд бус 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эхлүүлсэн төдийгүй барилгын ажлыг хугацаанд гүйцэтгээгүй өнөөдрийн байдлаар барилгын ажил 18 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үл хамаарч, миний бие ажлын хөлсийг гэрээнд заасан графикийн дагуу хугацаанд нь төлж байсан бөгөөд нийт 91,318,000 /ерэн нэгэн сая гурван зуун арван найман мянган/ төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн болно. Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 2-р хавсралтад гэрээний төлбөрийг “Донж Хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цолмонгийн Хаан банкны 5037498111 тоот дансанд төлнө гэж заасны дагуу миний бие нийт 81,230,000 төгрөгийг уг дансанд шилжүүлсэн тул “Донж Хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цолмонг хамтран хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэл гаргасан болно. Барилгын ажлын явц удааширснаас болж барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх нөхцөл үүссэн тул би 2017 оны 09 сарын 11-ний өдөр хариуцагчид мэдэгдэл хүргүүлж, гэрээний дагуу үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоон барилгыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор барьж дуусгахыг шаардсан. Гэсэн хэдий ч хариуцагч уг хугацаанд үүргээ биелүүлээгүй тул Монгол Улсын Иргэний хуулийн 355.1 болон 225.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн хариуцагчтай байгуулсан 16/3038 тоот Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах шаардлагыг гаргаж байна. Илүү төлсөн ажлын хөлсийг гаргуулах тухай: Гэрээг цуцлах болсонтой холбогдуулан миний бие хариуцагчийн гүйцэтгэсэн нийт ажлын төсвийг гаргуулахаар “Гангар Инвест” ХХК-д хандсан бөгөөд Монгол улсын тэргүүлэх мэргэжлийн төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ-ийн гаргасан төсвийн дагуу хариуцагч нь нийт 56,908,089 /Тавин зургаан сая есөн зуун найман мянга наян есөн/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч нь хүлээн авсан ажлын хөлснөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасч үлдэгдэл 34,409,911.00 /Гучин дөрвөн сая дөрвөн зуун есөн мянга есөн зуун арван нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй болно. Хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцалсаны хохирол шаардах тухай: Миний бие гэрээний дагуу төлбөрөө төлөхийн тулд “Бүрэн Финанс” ББСБ-аас 2017 оны 05 сарын 25-ны өдөр сарын 3.5 хувийн хүүтэй 300,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд Гүнтийн 2 айлын газар мөн гэрээний дагуу баригдах амины орон сууцыг барьцаалж, барьцаа хөрөнгөний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарган барьцаа бүртгүүлэхээр тохиролцсон байдаг. Уг хугацаандаа барьцаа бүртгүүлэхгүй бол 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг 2 хувиар нэмэгдүүлж, нэг сарын 5.5 хувь болгохоор гэрээ байгуулсан. Хариуцагчийг гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, амины орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгнө гэж итгэсний үндсэн дээр уг зээлийн гэрээг байгуулсан боловч хариуцагч Иргэний хуулийн 206.1 дэх хэсэгт заасан үүргээ хугацаанд нь шударгаар биелүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие өнөөдөр нэмэгдэл хүү  төлж, хохирч байна. Цаг агаар хүйтэрсэн учир одоо барилгын ажил гүйцэтгэх боломжгүй тул барилгын ажлыг хавар эхлүүлэхээс өөр гарцгүй бөгөөд барилга ашиглалтад орох хугацаа хамгийн наад тал нь 2018 оны 07 сар болж байна. Иймд Иргэний хуулийн 355.1, 227.1 болон 227.3-т заасныг тус тус үндэслэн хариуцагч үүргээ биелүүлэх ёстой байсан сүүлийн хугацаа буюу 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 07 сарын 30 хүртэл хугацаанд “Бүрэн Финанс” ББСБ-д хүүгийн зөрүүнд төлөх 19,785,564.00 /Арван есөн сая долоон зуун наян таван мянга таван зуун жаран дөрвөн/ төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манайх 2017 оны 5 дугаар 24-ны өдөр “Донж хаус” ХХК-тай 163038 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүнтэд байрлах Д.Нямрэнцэнгийн өмчлөлийн зуслангийн газар, 240 м.кв амины орон сууц барилга бариулахаар тохирсон. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил эхлэх байсан боловч ажил хугацаандаа эхлээгүй. Ажил гүйцэтгэх хугацаа 2 сар байсан боловч энэ хугацаанд зөвхөн суурийн ажил хийсэн нь шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу нийт ажлын 50 хувьд хүрэхгүй байгаа. Бид банк санхүүгийн байгууллагад өгөх өөр гэрээний үүрэгтэй байсан. Хариуцагч тал гэрээний ажлаа хийгээгүй учраас 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар  ажил гүйцэтгэх хугацаа сунгасан боловч тухайн хугацаанд мөн ажлаа хийж гүйцэтгээгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. 91,318,000 төгрөгийг төлсөн баримт хавтас хэрэгт байгаа. Манайх “Бүрэн финанс” банк санхүүгийн байгууллагатай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 3,5 хувийн хүүтэй 300,000,000 төгрөгийн зээл авсан байгаа. Тухайн зээлийн барьцаанд амины орон сууцыг барьж дуусгаад  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аваад 2017 оны 08 дугаар сарын 31-ны дотор  өгч барьцаалахаар гэрээ хийсэн  боловч хариуцагч гэрээнд заасан 2 сарын хугацаанд барилгыг бүрэн барьж дуусаагүйгээс болоод зээлийн хүүг 5,5 хувиар төлсөн. Ийм учраас 19,785,564 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. Харин хариуцагч Цолмонг хамтран хариуцагчаар татсан нь “Донж хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цолмонгийн Хаан банкны дансанд төлнө гэж гэрээнд заасны дагуу 81,000,000 төгрөг шилжүүлсэн. Манайх “Гангар инвест” ХХК-р үнэлгээ гаргуулахад 56,908,089 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж гарсан. Эдний гүйцэтгэсэн ажлын хөлсийг  хасаад илүү төлсөн  34.409.911 төгрөг, хохирол 19.785.564 төгрөг, нийт 54.195.475 төгрөгийг гаргуулж өгнө үү... “Бүрэн финанс ББСБ”-аас авсан зээлээ 2018 оны 07 дугаар сарын 30-нд  төлж дуусгасан.  2-3 жил болох гэж байгаа. Одоо барилга 3 давхар болж баригдсан тул одоогийн зах зээлийн барилгын материалын үнэ, ажилчдын цалин хөлс ялгаатай байдал байгаа учир дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа... Одоо “Донж Хаус” ХХК-иас 54,195,475 сая төгрөг нэхэмжилж байна. Цолмонг хамтран хариуцагчаас татах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

 

        Хариуцагч “Донж хаус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт...Барилгын ажлын гүйцэтгэх хугацаа 2 сар гэж заасан боловч манайх барилга барихдаа буйр хөрсний шинжилгээ хийдэг. Энэ  шинжилгээ хийхэд газар дээр 2 давхар барилга барихад тохиромжгүй гэж гарсан байсан. Тэгээд хөрсийг тэр чигээр солих шаардлага гарсан. Хөрсийг  сольж сайжруулсан хөлс тавих  газар шорооны, гадна бохир тавих ажилд цаг хугацаа, маш их мөнгө орсон. Энэ талаар фото зураг, хөрсний шинжилгээний дүгнэлт  байгаа. Үүнийг Д.Нямрэнцэн болон тухайн үед хамт явж байсан дүү нь мэдэж байгаа. 91,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ мөнгө тэр чигтээ барилгын суурь, нэг давхар, гараашийн барилгад, бохирын асуудал шийдэхэд зориулагдсан. Барилгын ажлыг манай тал болон шинжээчийн дүгнэлтээр 50 хувьдаа хүрсэн гэж үздэг. Хучилтын хавтан авахаас өмнө дараагийн санхүүжилт авдаг. Хучилт тавигдаад дараагийн ажил эхлэх гээд дараагийн санхүүжилт нэхэхэд мөнгөө төлөөгүй. Нэхэмжлэгч нь  хамгийн хүнд хэцүү ажлаа мэргэжлийн  манай баг хамт олноор хийлгэчхээд цааш ажиллуулахаас татгалзсан байгаа. Өөрт нь 2 давхрын өрлөгийн ажил болон дотоод заслын ажил өөрт нь маш амархан санагдсан байж магадгүй. Барилга барихад хамгийн хүнд хэцүү ажил нь газар шорооны ажил байдаг. Инженерийн түвшинд хийгдэх  энэ ажлыг манай ажилчид ямар ч асуудалгүй хийсэн. 93,982,250  төгрөгийг яг нотлох баримтаар зарцуулсан байдаг, би өөрөө энэ ажлыг гардаж хяналт тавьж ажиллаж байсан. Манайх 120,000,000 төгрөгийг мэргэжлийн төсөвчнөөр гаргуулсан. Төсөвт өртөгтэй ажлыг 93,982,250 төгрөгөөр хийсэн. Нэхэмжлэгч талын “Гангар инвест” ХХК-иар гаргуулсан төсөв буруу, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур бодогдсон байсан. Жишээ нь тоосгоны үнэ 1ш 1200 төгрөг байхад 400 төг гэж алдаатай зүйл гарсан учраас “Гангар инвест” ХХК үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй. “Бүрэн финанс” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл болон хүүгийн төлбөр дээр манай байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээнэ гэж гэрээнд тусгаагүй, үүрэг хүлээхгүй, учир нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

  Хариуцагч Д.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  “Донж хаус” ХХК-ийн  өмгөөлөгч Ш.Буянжаргал шүүх хуралдаанд: Би Д.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч Д.Цолмонгоос дансад нь мөнгө шилжүүлсэнд маргахгүй. Анх 54,195,475 төгрөгийг Д.Цолмонгоос гаргуулна гэж байснаа өмнөх хурал дээр хохирол 19,785,564 төгрөг гэж хэлэлцүүлгийн явцад өөрчилсөн. Д.Цолмонгиийн хувьд “Донж хаус” ХХК-ийг төлөөлөх этгээд биш, компанийн захирал ч биш, хавтас хэргийн 40 дүгээр хуудас дээр “Донж хаус” ХХК-ийн улсын бүртгэлийн  гэрчилгээ байгаа. Гэрээг “Донж хаус” ХХК-тай хийсэн. Дансанд мөнгө орсон гэж  хариуцагчаар татсан гэж ярьдаг. “Донж хаус” ХХК-тай хийсэн  гэрээ Иргэний хуулийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ учраас Д.Цолмон дансанд мөнгө орсноор хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Тийм учраас Д.Цолмон тухайн харилцаанд хариуцагч биш. Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг маш удаан явсан. Шинжээчийн дүгнэлт дээр тал талаасаа маргадаг. Хариуцагч “Донж хаус” ХХК нэхэмжлэгчийн өгсөн мөнгийг юу юунд зарцуулсан баримтаа барилгын материалуудыг  авсанг нотлох баримтаар гаргаж өгсөн, 93,982,250  төгрөгийн нотлох баримт байдаг, Бид  төсөвчинөөр хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлгээ гаргуулахад 120,000,000 төгрөгийн төсөв гарсан байдаг. Хуулийн дагуу 93,982,250 төгрөгийн материал орсон нотлох баримт гаргаж өгсөн. Төсөвчин А.Эрдэнэбаатарын гаргасан энэ үнэлгээ хавтас хэргийн 197 дугаар хуудаст байгаа. 2 машины гарааш, барилгын суурь, нэг давхрын өрлөг, гадна бохир, ажилчдын зардал зэрэгт төсөвчин 120,770,420 төгрөг зарцуулагдана  гэж дүгнэсэн. Үнэлгээний төсөвчин, үнэлгээчин нар нэг програмаар үнэлгээ гаргадаг. Стандартын Стиматр гэж програмаар төсөв гаргах ёстой. Мөн “Гангар инвест” ХХК-ийн шинжээч үнэлгээгээ гаргаад 56,908,089,00 төгрөг гэж гаргасан. Шүүхээс шинжээч томилж үнэлгээ гаргахад Хөрөнгийн үнэлгээ төвийн шинжээчтэй шүүх хурал дээр мэтгэлцэхэд шинжээч Уртнасан тоосгоны үнийг буруу гаргасан байгааг, мөн Гүнт хүртэлх замын зардлыг 25 км замыг 15 км гэж тооцолсон байсан. Энэ талаар өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа. Шинжээч газар дээр нь би өөрөө яваагүй, өөр хүн явуулсан, буруу тооцоолсон байна гэж хүлээн зөвшөөрснөөр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд хэцүү болсон. Нэхэмжлэгчийн өгсөн мөнгө бүгд зардалд явсан. Банк бусаас авсан мөнгөнийхөө хүүгийн төлбөр 19,785,564 төгрөгийг хохирол гэж үздэг, гэм хор нэхээд байна уу хохирол нэхээд байна уу, нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхойгүй байдаг. Үүнийгээ бид нар зээл аваад зээлээс төлсөн хүүгийн төлбөр гэж шаарддаг. Энэ бол ажил гүйцэтгэх гэрээ. Үүнийг ажил гүйцэтгэх гэрээнд  хамааруулж ойлгох боломж байхгүй. Гэм хор гэж үзвэл зээл авсан хугацаа, барилга барьсан хугацааны хооронд зөрүүтэй байдаг. Хариуцагч тал зээлийн гэрээний хүүнд төлсөн төлбөрийг  хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Бид өгсөн мөнгөнд тохирох ажлаа гүйцэтгэсэн, гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч тал өөрөө гэрээнээс татгалзсан. Харин бидэнд гэрээнээс татгалзсанаас болж зардал гарсан, хохирол амссан, үйл ажиллагаа явуулж, ашиг олох байтал ажилчдын цалин бусад цалингаар хохирол амссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Шинжээч 65,546,000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Бид нар энэ хугацаанд дахин шинжээч томилуулаагүй гэдэг шинжээчийн дүгнэлт хөдөлшгүй нотлох баримт гэсэн үг биш учраас ахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Хүсэлт гаргаагүй гэдэг нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Дараагийн дугаарт хувь гэж яриад байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргасан зардлаас үлдэгдэл зардлын тухай ярьдаг, илүү төлсөн зардлаа нэхдэг. Тэрнээс биш хувь хэмжээтэй ямар ч холбоо байхгүй. Гарсан зардал хэдэн төгрөг төлсөн хэдэн төгрөгийн ажил хийсэн гэж ярьдаг. Тэрнээс биш барилгын чанар дээр маргасан зүйл байхгүй. Тийм учраас 50, 30 хувь байна уу гэдэг ач холбогдолтой зүйл биш...Зардлын асуудлаас гадна  бидэнд илүү зардал гарсан. Нэхэмжилж буй үнийн дүн үндэслэлгүй байна. Барилга бариад дууссаны дараа тодорхой хэмжээний ашиг гардаг, суурь дээр эхэн үеийн барилгын зардал гардаг. Компанид ямар ч ашиг гараагүй.Харин ч компанийн илүү зардал гарсан байгаа.Энэ нь санхүүгийн баримтаас харагдана. Компанийн хувьд төлөх үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

         Нэхэмжлэгч  Д.Нямрэнцэн нь хариуцагч “Донж хаус “ХХК, Д.Цолмон нарт  холбогдуулан “ Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс 34.409.911 төгрөг, хохирол 19.785.564 төгрөг, нийт 54.195.475 төгрөг “ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  шүүхэд гаргажээ.

 

        Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Д.Нямрэнцэн нь хариуцагч “Донж хаус “ ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 25-нд 16/3038 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”  байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч болох “Донж хаус “ХХК нь захиалагч Д.Нямрэнцэнгийн зуслангийнг газарт 240 м.кв талбайтай 2 айлын амины орон сууц, 46 м.кв талбай бүхий авто машины гараашийг 2 сарын хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч ажлын хөлсөнд 308.200.000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээж, захиалагч Д.Нямрэнцэнгээс  гүйцэтгэгч “ Донж хаус “ ХХК-д 91.318.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй байна. / хх4-9,11-14/

 

           Нэхэмжлэгч талаас хариуцагч “Донж хаус “ ХХК-ийг ажил гүйцэтгэх хугацаа 2 сар буюу 2017 оны 08 дугаар сарын 05-ны дотор 2 айлын амины орон сууцыг бүрэн барьж дуусган хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа гүйцэтгээгүй, барилгын ажил 18 орчим хувийн гүйцэтгэлтэй, нэмэлт хугацаа тогтоосон боловч хугацаанд үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчтай байгуулсан 16/3038 тоот гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс, хохирол гаргуулахаар 2017 оны 10 сарын 06-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгэгч “Донж хаус “ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар “Гангар инвест” ХХК-ний тэргүүлэх төсөвчин Б.Цэрэн-Эрдэнээр төсөв гаргуулахад хариуцагчийг 56.908.089 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх  төсөв хавсаргаж, илүү төлсөн ажлын хөлс 34.409.911 төгрөг,  хохирол 19.785.564 төгрөг, нийт 54.195.475 төгрөгийг шаардсан ба хариуцагч талаас эс зөвшөөрч... Барилгын ажлын гүйцэтгэх хугацаа 2 сар гэж заасан боловч манайх барилга барихдаа буйр хөрсний шинжилгээ хийдэг. Энэ  шинжилгээ хийхэд газар дээр 2 давхар барилга барихад тохиромжгүй гэж гарсан.Тэгээд хөрсийг тэр чигээр солих шаардлага гарч, хөрсийг   сольж сайжруулсан хөлс тавих  газар шорооны, гадна бохир тавих ажилд цаг хугацаа, маш их мөнгө орсон. Энэ талаар фото зураг, хөрсний шинжилгээний дүгнэлт  байгаа. Үүнийг Д.Нямрэнцэн болон тухайн үед хамт явж байсан дүү нь мэдэж байгаа. Гэрээгээр тохирсон хуваарийн дагуу санхүүжилт хийгээгүй улмаас барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. 91,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ мөнгө тэр чигтээ барилгын суурь, нэг давхар тоосгон өрлөгт, гараашийн барилга, бохирын асуудал шийдэхэд зориулагдсан. Барилгын хийж гүйцэтгэх ажлын 50 хувийг хийсэн гэж тайлбарлаж, нотлох баримтаар Гүнт дэх захиалагч Д.Нямрэнцэгийн твин хаус, АОС-ны материалын түүвэр, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, кассын зарлагын ордерууд,зарлагын падаан, зарлагын баримтууд, Хаан банкны депозит дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн ба хүсэлт гаргаж гэрчээр П.Доржоос мэдүүлэг авахуулсан, өөрсдийн хүсэлтээр тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатараар  хийсэн ажлынхаа талаарх төсөв гаргуулахад 120,770,420 төгрөгийн ажил хийсэн тухай  баримтыг   ирүүлэн маргажээ.  /хх 18-34, 128-177, 197-212, 218-220/     

         Талуудын хооронд  нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна гэж шүүх  үзсэн ба нэхэмжлэгч хариуцагч нар  гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.       

         Түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 25-нд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ “- ний 2.2-т: барилгын ажлын ерөнхий хугацаа 2 сар байна гэж, 2.3-т барилгын ажлын явцад “захиалагч” нэмэлт ажил үйлчилгээ хийлгэхээр гэрээнд нэмэлт оруулсан тохиолдолд барилга ашиглалтанд өгөх хугацааг сунгана гэж заасан боловч хариуцагч  “Донж хаус”  ХХК тус гэрээний заалтыг зөрчиж хугацаандаа ажлын үр дүн буюу 2 айлын амины орон сууцыг бүрэн барьж дуусган хугацаандаа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

   

          Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “ Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “ Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж,  225.2-т “ Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ “ гэж тус тус зааснаар нь үүрэг гүйцэтгэгч “Донж хаус”  ХХК-ийг гэрээнд заасан 2 сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй тул захиалагч Д.Нямрэнцэн нь 2017 оны 09 сарын 11-нд барилгын ажлыг яаралтай дуусгах талаар бичгээр мэдэгдэл хүргүүлж, урьдчилан сануулж, нэмэлт хугацаа тогтоосон  боловч үр дүн гараагүй тул  2017 оны 10 сарын 06-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар  нэхэмжлэгч буюу захиалагч Д.Нямрэнцэн гэрээг цуцалжээ./хх 17/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “ Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй “гэж,энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно “ гэж заасны дагуу захиалагч Д.Нямрэнцэн илүү төлсөн хөлс, гарсан зардлаа шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч илүү төлсөн ажлын хөлс 34,409,911 төгрөг шаардсан үндэслэлээ... хариуцагчийн гүйцэтгэсэн нийт ажлын төсвийг  “Гангар Инвест” ХХК-р  гаргахад  хариуцагч нь нийт 56,908,089 /Тавин зургаан сая есөн зуун найман мянга наян есөн/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул хүлээн авсан ажлын хөлснөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасч үлдэгдэл 34,409,911.00  төгрөгийг гаргуулна гэжээ.

           Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Д.Нямрэнцэнгийн зуслангийн газарт 240 м.кв талбайтай 2 айлын амины орон сууц, 46 м.кв талбай бүхий авто машины гараашийн барилгын ажлыг  дутуу хийж гүйцэтгэсэнтэй холбоотой   төсвийг “Гангар инвест” ХХК-ийн тэргүүлэх төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ 56,908,089 төгрөгөөр, тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатарын  120,770,420 төгрөгөөр  төсөвлөсөн төсвийн баримт бичгийг  мөн “Хөрөнгө үнэлгээ төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 61,301,580 төгрөгийн  ажил хийж гүйцэтгэсэн гэх баримтууд авагдсан ба  “Гангар инвест” ХХК тэргүүлэх төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ, тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатар нар нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр  төсөв зохиосон, Хөрөнгийн үнэлгээ төв ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу “Донж хаус”  ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаар  шинжээчийн дүгнэлт гаргажээ.

            Талуудын хүсэлтээр гаргасан “Гангар инвест” ХХК-ийн тэргүүлэх төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ,  тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатар нарын гаргасан төсөв нь шүүгчийн захирамжийн дагуу гарсан шинжээчийн дүгнэлт биш тул эдгээр төсөв зохиосон  баримтыг  зохигч нараас гаргасан бичгийн нотлох баримтын хэмжээнд тооцов.

            Ажил гүйцэтгэгч “Донж хаус”  ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажилд төсөв зохиосон  тэргүүлэх төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ,  тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатар нарын төсөв, “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт  зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар үнэлэх боломжгүй  байна гэж шүүх үзлээ.

          Энэ нь барилгын төсөв зохиох төсөвчид нь мэргэшсэн зэрэгтэй, тэргүүлэх зэрэгтэй байх бөгөөд тэргүүлэх төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ, тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатар нар нь хувийн тамга тэмдэг, гэрчилгээтэй байж, тэргүүлэх зэрэгтэй төсөвчид нь 5 жил тутамд зэргээ сунгуулдаг атал эдгээр тэргүүлэх зэрэгтэй төсөвчид нь төсөв зохиох эрхтэй эсэхийг тодорхойлсон болон зэргээ сунгуулсан талаар гэрчилгээг зохиосон төсөвтэй хавсаргаж ирүүлээгүй мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь улсын бүртгэлийн болон үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ, зөвшөөрөлийн хугацаа сунгасан эсэх нотлох баримтыг шинжээчийн дүгнэлтэд хавсаргаагүй,  төсөв болон шинжээчийн дүгнэлтэд хариуцагч “Донж хаус” ХХК нь тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ авсан өнгөлгөөний тоосгоны үнийг 250 төгрөг, 450 төгрөг, 1200 төгрөг гэж, захалсан банз  IY зэрэг, м3  2 метрээс урт 44 мм үнэ 220,000 төгрөг, 130,000 төгрөг, 250,000 төгрөг гэж,  барилга угсралтын ажлын үе шатны өртөгийг  54,3414,291 төгрөг, 104,202,483 төгрөгөөр тооцсон ба төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ үүнийг тусад нь тооцоогүй ба төсөвчид, шинжээч нар барилгын төсөв зохиохдоо  адил аргачлалаар боддог атал зөрүүтэй тооцсон байх тул төсөв, шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь  үнэлэх боломжгүй юм./хх 23, 93, 211,91,202/

 

         Хавтаст хэргийн 100-101 дүгээр талд авагдсан Улаанбаатар хот ЧД-ийн Гүнт зуслан дахь иргэн Д.Нямрэнцэнгийн барилгын хийцлэлийн талаар өгөх тайлбарыг ажил гүйцэтгэгч “Донж хаус”  ХХК-ийн зөвлөх инженер П.Дорж, Б.Владимир нараас гаргасанг “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахад ашигласан болохыг дурдав.

  

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас      хариуцагч  “Донж хаус”  ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд нь шинжээч томилуулах хүсэлт гаргасанг шүүх хангаж, шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2019/06592 дугаар захирамжаар “Ухаашүрт консалтинг” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч тухайн компанийн мэргэшсэн үнэлгээчин Н.Тунгалаг гадаад улс руу тодорхойгүй хугацаагаар явсан гэх үндэслэлээ дүгнэлт гаргахаас татгалзсан ба үүнээс хойш талууд шинжээч томилуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , шүүх хуралдааны явцад гаргаагүй ба өнөөдрийн хуралдаанд  шинжээч томилуулах эсэх талаар  дахин тодруулахад:

          нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: 2017 онд байсан бол үнэлгээ хийлгэх байсан. 2-3 жил болох гэж байгаа тул одоогийн зах зээлийн барилгын материалын үнэ, ажилчдын цалин хөлс ялгаатай байдал үүссэн учир дахин зах зээлийн үнийг судлах тул дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэж,

          хариуцагч талаас: Маргаж байгаа зүйлийн байдал өөрчлөгдсөн. Хариуцагчийн барьж байгуулсан байгууламж байхгүй, 2 давхар барилга барих байсан боловч одоо 3 давхар болж баригдаад гүйцэтгэлтэй болсон учраас шинжээч ялгаж салгаж дүгнэлт гаргаж чадахгүй. Тухайн  үеийн материалын үнэ, одоо үеийнх тэс өөр байгаа... дахин шинжээч томилох шаардлагагүй гэж тус тус тайлбарлав.

 

          Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээч томилоогүй ба шүүхийн санаачлагаар шинжээч томилох шаардлагагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

  

         Тухайлбал шүүхээс  хариуцагчийн хийж гүйцэтгэсэн барилгын ажилд зохиосон төсөв, шинжээчийн дүгнэлт  зэргийг хуульд зааснаар үнэлээгүй тул хэрэгт   хариуцагч талаас ирүүлсэн хуудас 128-177 дугаар талд авагдсан АОС-ны материалын түүвэр, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, кассын зарлагын ордерууд,  зарлагын падаан, зарлагын баримтууд, Хаан банкны депозит хуулга зэрэг нь  нэхэмжлэгч Д.Нямрэнцэнгийн шилжүүлсэн 91,318,000 төгрөгийг  барилгын ажилд зарцуулсантай холбоотой байх тул  хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэв. / 1 хавтас хэргийн 128-177 ,2 хавтаст хэргийн 71-88 тал/

          Шүүхээс нэхэмжлэгч талыг  илүү төлсөн ажлын хөлс 34,409,911 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж чадаагүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь  хувийн орон сууц бариулахын тулд “Бүрэн Финанс” ББСБ-аас 2017 оны 05 сарын 25-ны өдөр 3,5 хувийн хүүтэй 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийн зээл авч, барьцаанд нь Гүнтийн 2 айлын газар, мөн гэрээний дагуу баригдах амины орон сууцыг барьцаалж, барьцаа хөрөнгөний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 08 сарын 31-ны өдөр гарган,барьцаагаа бүртгүүлэхээр тохиролцсон.Уг хугацаанд барьцаа бүртгүүлэхгүй бол 2017 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг 2 хувиар нэмэгдүүлж, нэг /1/ сарын 5,5 хувь болгохоор гэрээ байгуулсан. Хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас нэмэгдэл хүү төлж хохирч байна.хариуцагч үүргээ биелүүлэх ёстой байсан сүүлийн хугацаа  2017 оны 09 сарын 01-ны өдрөөс 2018 оны 07 сарын 30 хүртэлх хугацаанд хүүгийн зөрүүд төлөх 19,785,564 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн  227.1-д ”Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй“ гэж, 227.3-т” Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно“ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Нямрэнцэн, “Бүрэн Финанс” ББСБ нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 17/25 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдаж, зээлдэгч нь сарын 3.5 хувийн хүүтэйгээр 300.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдэж авах, зээлдэгч Д.Нямрэнцэн нь зээлийн зориулалтаар бариулсан амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 08 сарын 31-ний өдөр багтаан ҮХЭХӨЭУБГазарт бүртгүүлэн ББСБ-д албан ёсоор барьцаалуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд 2017 оны 09 сарын 01-нээс эхлэн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг 5.5 хувьд шилжүүлэн тооцохоор харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь зээлдэж авсан мөнгөнөөс хариуцагчид 91,318,000 төгрөгийг шилжүүлсэн болох тогтоогдсон. /хх 26/

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Бүрэн Финанс” ББСБ-с авсан зээлээ  2018.7.30-нд төлж дуусгасан, хүүг нь 5,5 хувиар буюу 2 хувиар илүү төлсөн тухай тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Д.Нямрэнцэн нь  “Зээлийн гэрээ”-ний 3.7.1-д заасны дагуу зээлийн хүү 3,5 хувийг 5,5 хувь болгож, зээлээ төлж дуусгах хугацаанд нийт 19,785,564 төгрөгийн хүүг  төлж өөрт нь хохирол учирсан талаарх нотлох баримтаа хуульд заасны шүүхэд ирүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

         Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч “Донж хаус" ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой өөрт учирсан хохиролоо шаардах эрхтэй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-тшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”  гэж зааснаар  үүргээ биелүүлж, хохирол шаардсан шаардлагаа нотолж зээлийн хүүг 2 хувиар илүү буюу 5,5 хувиар төлсөнтэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсонгүй. /зээлийг 2018,07,30 төлж дуусгасан атал /

           Иймээс  нэхэмжлэгчийг зээлийн хүү 3,5 хувийг 5,5 хувь болгож, зээлээ төлж дуусгах хугацаанд нийт 19,785,564 төгрөгийн хүү төлж өөрт нь учирсан хохиролоо  гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж чадаагүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

          Ингээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

          Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  хариуцагч Д.Цолмонд холбогдох “ Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж,илүү төлсөн хөлс 34.409.911 төгрөг, хохирол 19.785.564 төгрөг, нийт 54.195.475 төгрөг“ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

                                  

         Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ажил гүйцэтгэгч “Донж хаус” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажилд төсөв зохиосон  тэргүүлэх төсөвчин Б.Цэрэн-Эрдэнэ, тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатар нарын төсөв, “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт  зэргийг хуульд зааснаар үнэн зөв , эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба  бусад нотлох баримтуудыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нямрэнцэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон                                                                   

                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нямрэнцэнгийн нэхэмжлэлтэй  хариуцагч “Донж хаус “ХХК-д  холбогдох “ Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс 34.409.911 төгрөг, хохирол 19.785.564 төгрөг, нийт 54.195.475 төгрөг“ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Д.Нямрэнцэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Д.Нямрэнцэнгийн нэхэмжлэлтэй  хариуцагч Д.Цолмонд  холбогдох “ Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс 34.409.911 төгрөг, хохирол 19.785.564 төгрөг, нийт 54.195.475 төгрөг“ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно,

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Х.ОЮУНЖАРГАЛ