Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2020/00992

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

           

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 43б байранд байрлах “Сибкабель энержи” ХХК /рд:5391571/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт гудамж, 129/1 тоотод байрлах “Галч” ХХК /рд:6092977/-д холбогдох

 

  061 тоот гэрээ цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 18 000 000 төгрөг,  хохирол 6 300 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, гэрч А.Даваадорж, нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сибкабель энержи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...”Сибкабель энержи” ХХК нь “Галч” ХХК-тай 2018.09.30-ны өдөр галч маркийн автомат зуух үйлдвэрлэх 61 тоот гэрээ байгуулан автомат зуух худалдан авахаар болсон. Гэрээний дагуу манай компаниас 18 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч 2018.11 сард Галч маркийн автомат зуухыг манай үйлдвэр дээр авч ирж хүлээлгэн өгсөн. Гэвч уг зуух нь автомат зуухны техникийн шаардлага хангаж горимын дагуу ажиллахгүй байсан тул гүйцэтгэгч талд мэдэгдэж гэрээнд заагдсан эрх үүргийг сануулж удаа дараа санал хүсэлт шаардлага хүргүүлсэн боловч олигтой засвар үйлчилгээ үзүүлэхгүй байсан. Ингээд бид чанарын доголдолтой уг зуухыг Галч компаний байранд нь засч янзлуулахаар тохиролцон өөрсдөө хүргэж өгсөн боловч гэрээгээ зөрчиж маш их хугацаа алдаж өнөөдрийг хүрлээ. Бид үйлдвэрийнхээ техник тоног төхөөрөмжийг хөлдөөчихгүйн тулд хуучин зуухандаа холболт хийж, утаа шүүгч тавиулж маш их хохирч байна. Гэрээний 9.2-т хэрэв уг зуух тухайн объектийг халааж дийлэхгүй тохиолдолд гүйцэтгэгч уг автомат зуухыг буцаан авч үнийг буцааж төлнө” гэж заасны дагуу зуухны үнэ 18 000 000 төгрөг, гэрээний 6.1-д ...чанарын доголдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 350 хоногийн алданги 6 300 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч “Галч” ХХК-иас  гэрээ цуцалж зуухны үнэ 18 000 000 төгрөг, алданги 6 300 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд 2018.09.30-ны өдөр 61 тоот галч маркийн автомат зуух үйлдвэрлэх гэрээний дагуу 200квт автомат зуухыг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан хэлцэл байх бөгөөд “Галч” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг Сибкабель энержи” ХХК-д 2018 оны 11 сард актаар хүлээлгэн өгсөн. “Сибкабель энержи” ХХК-ийн галч нь буруу горимоор ажиллуулснаас болж тухайн зууханд эвдрэл гарсан. Энэ эвдрэлийг тухай бүрт нь засаж янзлан, улмаар шинэ мотор тавьж өгсөн. Мөн тухайн зуухыг ажиллуулах талаар холбогдох ажилтанд зааж, зааварчилгаа өгсөн. Гэтэл  зааврын дагуу ажиллаагүйн улмаас дахин гэмтэл гарч зуухыг манай компанид буцааж, засуулхаар  өгсөн. Зуухны  гэмтлийг засахад тодорхой хэмжээний зардал гарах бөгөөд  зардлыг төлсөн тохиолдолд зуухыг засаж, янзлах бүрэн боловчтой  юм. Зардлыг төлдөөгүйн улмаас тухайн зуухыг өнөөдрийг хүртэл засаагүй болно. Гэрээний 2.1-д ...тухайн гэрээний үйлчлэх хугацаа 1 жилээр тодорхойлсон. Гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд хариуцагчийн хувьд гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчсөн үйлдэл гаргаагүй. Хамгийн гол нь дээр дурдсан биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу зуухыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн. Галч ХХК-ийн хувьд 2018.01.25-ны өдрийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/141 тоот тушаалаар Галч зуухны бүтээцийн цомог” нэршлээр ШУ-ны бичмэл бүтээл төрлөөр, зохиогчийн эрхийн 9232 дугаартай гэрчилгээ авсан. Иймд “Сибкабель энержи” ХХК-д нийлүүлсэн зуух нь хэрэглэгчийн буруу үйлдлээс болж эвдрэл, гэмтэл гарсан гэж үзэх бүрэн боломжтой. Бусад аж ахуй нэгж, манай компанийн үйлдвэрлэсэн зуухыг худалдан авч, өнөөдрийг хүртэл ямар нэгэн эвдрэл, гэмтэл гараагүй гэж мэдэгдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар  хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сибкабель энержи” ХХК нь хариуцагч “Галч” ХХК-нд холбогдуулан  тохирсон хугацаанд  зуухны чанарын  доголдлыг засаж өгөөгүй тул   2018 оны  09 сарын 30-ны өдөр  байгуулсан  “Галч маркын автомат зуух үйлдвэрлэх“ гэх 061 тоот гэрээ цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн зуухны үнэ 18 000 000 төгрөг, алданги 6 300 000 төгрөг, нийт 24 300 000 төгрөгийг нэхэмжилжээ. 

 

 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээний үүргийг  зөрчөөгүй, эрхийн доголдолгүй хөрөнгө буюу автомат зуухыг хугацаанд нь хүлээлгэн өгсөн гэж маргасан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2018 оны 11 сард  захиалсан зуухыг хүлээлгэн өгсөн. Уг зуух горимын дагуу ажиллахгүй байсан тул  албан бичгээр 3 удаа  мэдэгдсэн, засвар үйлчилгээ үзүүлээгүй тул “Зуухыг” “Галч  ХХК”-ийн байранд буцаан хүргэж өгсөн боловч засварлаж өгөөгүй, хугацаа их алдсан. Тоног төхөөрөмжөө хөлдөөхгүйн тулд хуучин зууханд утаа шүүгч тавьж хохирсон тул  гэрээ  цуцалж шилжүүлсэн мөнгө, болон хохирлоо нэхэмжилнэ гэсэн агуулгатай тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрөхгүй үндэслэлээ: Гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зууханд эвдрэл үүссэн, манайх биет байдлын эрхийн зөрчилгүй зуухыг хугацаанд нь хүлээлгэн өгсөн.

“Галч” ХХК-ийн хувьд  Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын  А/141 тоот тушаалаар “Галч зуухны бүтээлчийн цомог” нэршлээр Шинжлэх ухааны бүтээлч төрлөөр зохиогчийн эрхийн 9232 дугаар гэрчилгээ авсан. Бусад аж ахуй нэгж манай  үйлдвэрлэсэн зуухыг авдаг, ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан талаар мэдэгдээгүйгэж тайлбарлан нотлох баримтаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар, автомат зуухны танилцуулга зэрэг баримт ирүүлсэн байна. /хх 59-63/

 

Эдгээр баримт нь тус компаний үйл ажиллагаа явуулахыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, зохиогчийн эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн байдлыг нотолсон баримт  тул  хэрэгт ач  холбогдолгүй, хамааралгүй гэж үнэлэв.  

 Харин  талуудын хооронд байгуулсан  гэрээний  дагуу үйлдвэрлэсэн автомат зуухны доголдлыг засуулахаар нэхэмжлэгчээс мэдэгсэний дагуу засварласан талаар, мөн шинэ мотор тавьж өгсөн, цаашид засварлахад гарах зардлыг нэхэмжлэгч тал хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ татгалзлаа баримтаар нотолж чадахгүй байна гэж үзлээ.

 

Дээр дурдсан нөхцөл байдлууд болон зохигчдын тайлбараас  үзэхэд:

 

2018 оны  09 сарын 30-нд байгуулсан 061 тоот гэрээгээр хариуцагч нь гэрээ  байгуулснаас хойш ажлын 14 хоногт 200 квт-ын “Галч” маркын автомат зуухыг өөрийн хөрөнгөөр үйлдвэрлэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь  зуухны үнэ нийт  18 000 000 төгрөгийг 5847111441 тоот дансанд хэсэгчлэн хувааж төлөх үүргийг гэрээний дагуу тус тус хүлээсэн байна.

          Зохигчид нь  гэрээний хүчин  төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

          Мөн захиалсан зуухыг хугацаанд нь талууд анх харилцан хүлээн авсан талаар өөрсдийн тайлбараар тогтоогдож маргаагүй ба зуух хүлээн авсан талаарх акт, буцаан хүргүүлсэн тухай үйл явдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй  болно.

 

        Маргаан бүхий чанарын доголдолтой зуух нь одоо хариуцагч компанийн  байранд буцааж  хүргүүлсэн  талаар тус тус маргаагүй байна.

        Харин хариуцагч талаас зууханд эвдрэл гарсан нь нэхэмжлэгчийн буюу хэрэглэгчийн буруу үйлдлээс болсон гэж, нэхэмжлэгч нь доголдлын талаар мэдэгдсэн ба тогтоосон хугацаанд арилгаагүй гэрээ зөрчиж хугацаа алдсан нь хариуцагчийн  буруу гэж  тус тус маргаж байна.

 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний  харилцаа үүссэн  ба  мөн хуулийн  349 дүгээр зүйлийн  349.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авах үед доголдол илэрвэл энэ талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн нь гомдлын шаардлага гаргах үндэслэл  болсон  байна.    

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.1-д “...захиалгад заасан болон шаардлага хангаагүй тохиолдолд хүлээн авахаас татгалзах, дахин гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж, мөн гэрээний 9.2-д “... зуух объектыг халааж дийлэхгүй тохиолдолд  гүйцэтгэгч  уг автомат зуухыг буцаан авч үнийг буцааж өгнө” гэж тус тус зааснаар зуухны үндсэн үнэ 18 000 000 төгрөг, гэрээний 6.1-д зааснаар 350 хоногийн алданги 6 300 000 төгрөг нийт 24 300 000 төгрөгийг нэхэмжилнэ, албан бичгээр 3 удаа мэдэгдсэн...” гэжээ.

 

        Тэрээр маргаан бүхий зуухны өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш буюу 2018 оны 12 сарын 25-нд хариуцагч “Галч” ХХК-д хандан “...уг зуух үйлдвэрт ирснээс хойш 100% хүчин чадлаар ажиллаж чадахгүй байна...” гэх агуулгатай  албан тоот бичсэн нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан нөхцөлд буюу ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт гэж үзэж гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргаж, улмаар 2019 оны 09 сарын 27-нд шаардлага, 2019 оны 11 сарын 19-нд гэрээ цуцлах тухай бичгээр мэдэгдэж албан тоотуудыг илгээж доголдлыг илрүүлжээ гэж үзлээ. /хх-9-11/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт хамааралтай нотлох баримтаар нотолж няцааж чадахгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дуаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

 Харин Гэрээний 5.1.2-д “...Гүйцэтгэгч нь чанарын шаардлага хангаагүй гэрээний зүйлийг үнэ төлбөргүй буюу өөрийн зардлаар дахин засварлана...” гэж талууд тохирсон байх ба энэ дагуу хариуцагч талаас эхний удаа тухайн  байгууллагын ажилтан очиж засвар хийсэн талаар хуралд оролцсон гэрч Даваадоржийн “...би гагнуурчнаар ажилладаг, дуудлагаар очиход эвдрэл гарсан байсан, засаж  өгсөн, түлш  нь тохирохгүй байснаас болсон. ...одоо манай ажлын байранд зуух байгаа...” гэж тайлбарлаж байгаа ба дахин эвдрэл гарсан, доголдолтой, шаардлага хангаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож  байна.  

 

         Дээрх  байдлуудаас  дүгнэж   үзвэл:

            Нэхэмжлэгч “Сибкабель энержи” ХХК нь  маргаан бүхий “Галч автомат зуух”-ны өмчлөгч бөгөөд өмчлөх эрх нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн  111.1-д “...өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх  шинэ өмчлөгчид үүснэ...” гэж зааснаар 2018 оны 11 сард уг зуухны өмчлөгч болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

        

        Мөн хэрэгт авагдсан гэрээний салшгүй  хэсэг болох  гэрээний хавсралт  №1-ыг талууд 2018.10.04-нд байгуулж тохирохдоо: “...автомат зуухны 7 нэр төрлийн иж бүрдэл, техникийн үзүүлэлт, хэмжих нэгж, тоог нэрлэн зааж  харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна. /хх-8/

            Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 352.2-т “...Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”гэж зааснаар доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн эсэхээ хариуцагч тал баримтаар нотолж чадахгүй байна.  

        Нэхэмжлэгч талаас 2018.12.25-нд 02/2-149 тоот албан бичгээр “...хоёр талаасаа мэргэжлийн инженер тус бүр хоёр хоёр хүн томилж бодит үйл явцтай танилцан ердийн горимд оруулахыг хүсч байна ...” гэсэн агуулгатай албан бичиг  явуулсан байх ба хариуцагч тал хүлээн авч хэрэгжүүлээгүйгээс дахин 2 удаа албан тоот явуулсан байна. /хх 9-11/,

 

Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд хавсралтад дурдсан эд зүйлийн аль нэг нь биет байдлын болон чанарын доголдолтой байжээ гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “...Талуудын аль нэг ...үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол  нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж” зааснаар зөрчил арилаагүй гэж үзэж гэрээг цуцлах үндэслэл болсон байна.      

Иймд хариуцагч “Галч” ХХК нь Иргэний хуулийн  251 дүгээр зүйлийн 251.1-д  заасан биет байдлын доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д мөн хуулийн 355 дугаар зүйлийн  355.1-д зааснаар тус тус шаардах эрхтэй байна.  

 

             Нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн алданги нэхэмжилсэн тухайд:

            Чанарын доголдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй гэж талуудын хооронд  байгуулсан гэрээний 6.1-д зааснаар хэтрүүлсэн 350 хоногийн алданги 0,1 %-иар тооцож 6 300 000 төгрөг нэхэмжилсэн байна.

            Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д “...доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлнэ...” гэж хуульд заажээ.

 

Нэхэмжлэгчээс ... “ хуучин зуухандаа холболт хийж, утаа шүүгч тавьж маш их хохирч байна...” гэж тайлбарлаж байгаа ба утаа шүүгч тавьсан  эсэх  нь баримтаар нотлогдохгүй байх тул 6 300 000 төгрөгийн алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иймд хариуцагч “Галч” ХХК-иас зуухны үнэ 18 000 000 төгрөгийг гаргуулж   “Сибкабель энержи” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 6 300 000 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 355 дугаар зүйлийн 355.1,  225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч “Галч” ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сибкабель энержи” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

             

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Галч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сибкабель энержи” ХХК-д олгосугай. 

 

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ