Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 184/2020/00086/И |
Дугаар | 184/ШШ2020/00987 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2020/00987
2020 03 26 184/ШШ2020/00987
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1-2 давхар тоот, /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , тоот хаягт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Гангэрэл, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин, М.Үүлэнсолонго, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Гангэрэл, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...“*******” НҮТББ нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 1916 дугаар шийдвэрээр Капитрон банкинд 386 307 526 төгрөгийн зээлийн төлбөртэй. Үүнээс төлбөрийн үлдэгдэл 163 207 526 төгрөг үлдээд байгаа болно. Гэтэл НШШГГазар нь барьцааны хөрөнгийг хураан авч шинжээч томилохдоо төлбөр төлөгч, өмчлөгч иргэдэд мэдэгдээгүй “Сэлэнгэ эйстимейт” ХХК, “Виннер вэй” ХХК гэх 2 үнэлгээний компани томилж уг 2 компани эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн талаар 7 тооны үл хөдлөх хөрөнгийг дурдсан байсан. Үүнээс 5 тооны хөрөнгийн үнийг төлөөд суллаж авсан. Одоо
Миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй Энэ талаар ШШГГ-ын ажилтан *******д үнэлгээтэй хамааралтай гомдлыг хэлж байсан. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55.7-д зааснаар ...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдолоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул 2019.10.02-ны өдөр НШШГГ-н хаягийн дагуу Баянгол, СХД-ийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч татгалзаж байсан. Шийдвэр гүйцэтгэгч *******д зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж энэ үнээсээ 30 хувь бууруулан анхны дуудлага худалдааг 2019.11.12-ны өдрийн 12/30 тоот тогтоолоор 2019.11.29-ний өдөр олон нийтийн хэвлэлд зарлаж дуудлага худалдаанд оруулсан тул ...2019.11.21-нд НШШГГ-ын дарга, хурандаа *******д хандан гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй буюу хангахаас татгалзсан хариу өгсөн. Манай байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 223 100 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл болох 163 207 526 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр энэхүү эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь илт хууль бус, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжээчийн үнэлгээнд гомдолтой байна. Мөн тэр үнээсээ 50 хувь дахин бууруулан худалдаалахаар 2019.12.10-ны өдрийн 13/14, 13/13, 13/12 тоот тогтоолууд гарсан тул гомдолтой байна.
Иймд дээрх хоёр эд хөрөнгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 1916 дугаар захирамжаар хариуцагч “*******” НҮТББ-аас нийтдээ 386 307 000 төгрөгийг Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг сайн дураар биелүүлэхээр шүүхийн шийдвэрээр талууд эвлэрсэн байдаг. Захирамжид дурдсан 7 үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж талууд эвлэхээр тохирч шүүгчээс эвлэрлийг баталгаажуулж захирамж гаргасан байдаг. Тус гүйцэтгэх баримт шүүхийн шийдвэрээр 2019 оны 03 сарын 05 ны өдөр төлбөр авагч капитрон банкны хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.. 2019 оны 03 сарын 05-ны өдрөөс “*******” НҮТББ-д шийвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж төлбөрийг төлж барагдуулах тухай удаа дараа мэдэгдсэн байдаг. Төлбөрөөс хэсэгчилж төлөөд хэсэгчилж төлсөн үнийн дүнд дүйцүүлээд барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг төлбөр авагчтай тохиролцсоны үндсэн дээр төлбөр авагчаас чөлөөлүүлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас битүүмжлэлийг чөлөөлүүлээд явсан. Нэхэмжлэгч 5 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанаас татгалзаж байна. 2 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор өөрийнх нь өгсөн үнийн саналыг харгалзалгүй, дундажлаагүй гэж тодруулж ярьж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас барьцааны эд зүйлийг битүүмжилж хураасан байдаг. Битүүмжилж хураагаад хөрөнгийн үнийг тогтоох процесс байнга явагдаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан байгаа. Хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-д зааснаар үнэлгээг талууд өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан байгаа. Ингээд шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны явцад өмчлөгч, ,төлбөр авагч нараас үнийн санал авсан байдаг. Үнийн санал авахад төлбөр төлөгч 107.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 321 780 000 төгрөг, 78.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 234 600 000 төгрөгөөр худалдах үнийн санал гаргсан. Өмчлөгч Ганчимэг бас адилхан 78.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 234 600 000 төгрөгөөр худалдах үнийн санал гаргасан. Энэ үнийн саналтай Капитрон банк танилцаад зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн үнийн санал байна. Ийм учраас энэ үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах худалдан борлуулах боломжгүй байна. Ийм учраас шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019 оны 09 сарын 07-ны өдөр гаргаснаар нэгдүгээрт төлбөр авагчийн хүсэлт, хоёрдугаарт талууд харилцан тохиролцож хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулий 55.1.2-т заасны дагуу хөндөлнгйн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон байдаг. Хөндлөнгийн шинжээч үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн байршил, ашиглалтын хугацаа, тухайн хөрөнгийн эдийн засгийн эрэлт хэрэгцээ шаардлага зэргийг үндэслээд тухайн зах зээлийн үнэлгээг тогтоосон байдаг. 107.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 197 730 000 төгрөгөөр, 78.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 110 025 400 төгрөгөөр үнэлсэн тайланг ирүүлсэн байдаг. Шинжээчийн тайланг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авмагцаа хуульд заасан хугацаанд буюу хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор төлбөр төлөгчид танилцуулсан байдаг. Төлбөр төлөгч танилцаад энэ дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан зохицуулалт буюу төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээтэй танилцаад хөрөнгийн үнэлгээн дээр гомдол гаргаагүй тохиолдолд өөрийн хөрөнгөө үнэлэгдсэн үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд худалдан борлуулах эрхтэй гэсэн энэ хуулийн агуулгыг танилцуулж, шинжээчийн тайланг танилцуулсан байдаг. Энэ дээр төлбөр төлөгч танилцаад бичгээр хүсэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнэлгээгээр 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах сонирхолтой байна. Шинжээчийн үнэлгээн дээр гомдол санал байхгүй учраас тогтоосон үнээр 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргаж байна гээд энэ хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байдаг юм. Төлбөр төлөгчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг үндэслээд 1 сарын хугацаанд төлбөр төлөгч өөрөө үнэлэгдсэн үнээс багагүй үнээр буюу үнэлэгдсэн үнээр худалдан борлуулаагүй. Худалдан борлуулаагүй учраас дараагийн арга хэмжээ буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан процессийн арга хэмжээ болох албадан дуудлага худалдаа явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон албадан дуудлага худалдаа зарлана гэсэн байгаа. Тэрнээс биш энэ дээр шууд 70 хувь бууруулж зарсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр 70 хувь бууруулж худалдсан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Энэ дээр шийдвэр гүйцэтгэгч санаачлагаараа хууль бус ажиллагаа хийгээд байгаа юм байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төлбөр төлөгч “*******” НҮТББ-аас төлбөр гаргуулах тухай 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 1916 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж байдаг. Тохирсон хугацаандаа төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан гэвч тухайн төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилагаа хууль журмын дагуу явагдаж байгаа. Нэхэмжлэгч үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлсэн үнэлгээ буюу шийдвэр гүйцэтгэгч Мөнхцэнд нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн асуудал яригдсан. Үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч биш мэргэжлийн байгууллага тогтоох ёстой. 2 тал харилцан тохролцоогүй учраас мэргэжлийн байгууллага үнэлгээ гаргаж дуудлага худалдаанд оруулсан. 2 хөрөнгө дуудлага худалдаан ороод зарагдсан. Тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарласан байна.
Хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1916 дугаар шүүгчийн захирамжаар “*******” НҮТББ нь “Капитрон банк” ХХК-д 386 307 526 төгрөгийн зээлийн төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна. /хх-33-34/,
Дээр дурдсан шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2019/00356 захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 17 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон байна. /хх-61/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19270606 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх-76/,
Шийдвэр гүйцэтгэгчийн ...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19270606/4, 19270608/3 дугаартай тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдсэн /хх-82-83/,
...2019 оны 08 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө хураан авах №19270606/14 тогтоолоор ,.......... байрлах 107.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
................... 78.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авчээ. /хх-ийн 95-103/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 08 сарын 23-ны өдөр төлбөр төлөгч нарт 4/18461, 4/18463, 4/18462, 4/18471 тоот мэдэгдлүүдээр үнийн саналаа өгөх тухай мэдэгдсэн байна. /хх-158-162/,
“Капитрон банк” ХХК буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь тухайн үед орон сууцны үнийн саналыг зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн гэж үзэж шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ. /хх-112/
Иймд төлбөр авагч, төлбөр төлөгч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ.
Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 290 тоот тогтоолоор “Виннэр Вэй ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх-113/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинээчээр томилогдсон “Виннэр вэй” ХХК-ийн үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг
-БГД-ийн 7-р хороо Баа 2-р гудамж, 14 тоот барилгын 7 давхрыг 197 730 000 төгрөг,
-СХД-ийн 20-р хороо 10г байрны 5а тоот орон сууцыг 123 125 000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /2-р хх-6/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Виннэр вэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заажээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай 4/26137 тоот мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулсан байна. /хх-148-149/,
Нэхэмжлэгч П.Гангэрэл 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан байна.
Иймд төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, мэдэгдээгүй гэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан хөрөнгийн үнэлгээг танилцуулах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “*******” НҮТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ