Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Т.Оюунжаргал,

хохирогч: Я.Энхбат,

шүүгдэгч: Т.Ганхуяг, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг /1898/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Түмэнжаргалын Ганхуягт холбогдох эрүүгийн 2015 2602 2154 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Баян зоог” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Эрхэс Од” байрны 52 тоотод түр оршин суудаг боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо, 1 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар Т3 77081117, Чонос овогт Түмэнжаргалын Ганхуяг.

 

Шүүгдэгч Т.Ганхуяг нь 2015 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Маск” нэртэй караокены үүдэнд иргэн Я.Энхбатын зохисгүй харьцаа, төлбөр тооцооны маргаантай байдлаас үүдэн түүнтэй маргалдан улмаар түүнийг тийрч өшиглөн, шат руу унагааж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Ганхуяг мэдүүлэхдээ:

Би 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Баян зоог” 24 цагийн цайны газарт тогоочоор ажиллаж байхад 10 жилийн хүүхэд маань ирээд бид хамт пиво ууж, юм яриад сууж байтал хохирогч Я.Энхбат тек дээр очоод “би мэргэжлийн хяналтын газар ажилладаг, танайхыг хаалгана” гэж зөөгч охидууд руу орилоод байхаар нь би “аятайхан байгаач” гэсэн. Тэгээд би үүдэнд гараад тамхи татаж байтал Я.Энхбатыг найз нь сугадаад гарч ирсэн. Тэр үед би буруу хараад зогсож байтал Я.Энхбат намайг араас багалзуурдсан. Би цочсондоо гарыг нь барьж аваад, цааш нь түлхсэн. Түүнийг сугадаж байсан найз нь барьж чадахгүй доош алдахад, Я.Энхбат шатны уруу унасан. Би хохирогчийг хөлөөрөө өшиглөөгүй. Я.Энхбат зөөгч охидууд руу орилж хашгичаад караокед олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь би “боль” гэж шаардлага тавьсан. Хохирогчийг түлхэж унагаах үед 2 зөөгч болон манай найз миний хажууд байсан. Хохирогч караокед надтай маргалдаж байхад өөрөө явж байсан. Мөн түүнийг түлхэж унагасны дараа босч байсан. Дараа нь цагдаа ирээд намайг авч явсан бөгөөд тэнд очиход миний хүзүүнд улайлт үүссэн байсан. Би болсон бүх зүйлийг цагдаад хэлсэн. Цагдаагийн газраас ирэхэд манай ах, эгч хоёр ирсэн байсан бөгөөд “чиний гэмтээсэн хүн чинь гэрээ ч зааж өгч чадахгүй байна, зочид буудалд оруулсан” гэсэн. Би зочид буудалд очиход хохирогч намайг хэл амаар доромжилж байсан. Бид түүний томографийн зургийг авахуулаад гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь түүнийг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Би хохирогчид 150 000 төгрөгөөр бүс авч өгч, 120 000 төгрөгөөр томографийн зургийг нь авахуулж, ойр зуурын зүйл, тамхи авч өгч байсан. Би Я.Энхбатыг хагалгаанд орохын хэд хоног эмнэлэгт сахьсан бөгөөд тэр үед түүний зүүн гарын чигчий хуруу гипстэй байсан. Үүнийгээ урьд нь газар унаад хугалсан гэж байсан. Хохирогчийн дүү надаас 5 000 000 төгрөг өг гэж нэхсэн.  Мөрдөн байцаалт дээр таарахад надтай эвгүй харьцсан болохоор түүнтэй дахин уулзахаас айсан. Мөн учирсан хохирлын талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байснаас хохирол төлөөгүй. Одоо хохирлыг ойрын хугацаанд төлнө. Караокений заал жижиг, Я.Энхбат зөөгч охидууд руу орилоод байхад тэнд тавтай суухад хэцүү байсан тул би түүнийг “боль” гэсэн юм. Я.Энхбат “би мэргэжлийн хяналтын газар ажилладаг, танайхыг хаалгана” гэж зөөгч охидууд руу орилоод байхаар манай найз Бат-Оргил “тэгвэл үнэмлэхээ үзүүлчих” гэхэд “чамд үзүүлэхгүй” гэсэн. Энэ хэрэг гарахад надтай цуг байсан Бат-Оргилыг гэрчээр асуулгах хүсэлтэй. Би одоо 5 настай хүүхдийн хамт амьдарч байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Я.Энхбат мэдүүлэхдээ:

Би найз Ч.Баадай, түүнтэй хамт явсан хоёр эмэгтэйн хамт “Маск” караокед орж, үйлчлүүлсэн. Тэндээс гарахаар мөнгө төлөх гэтэл тооцоон дээр маргаан гарсан боловч би текэн дээр байсан зөөгч нартай учраа олж, төлбөрөө төлсөн. Тэр үед би согтоод тэнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байх, гэхдээ тийм их айхтар асуудал үүсгээгүй. Т.Ганхуяг бид хоёрын хооронд жижиг маргаан гарсан. Тэндээс гарах үед Т.Ганхуяг шатан дээр ганцаараа тамхи татаад зогсож байсан. Би түүнтэй маргалдтал тэр миний шанаан тус газар цохьсон. Гэтэл Ч.Баадай бид хоёрын дундуур ороод салгахаар түлхэж байтал Т.Ганхуяг миний цээжин тус газар өшиглөөд би шатны уруу унасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход Гэмтлийн эмнэлэг дээр, дахиад нэг ухаан ороход зочид буудалд байсан. Нэг хүн “бие чинь яаж байна” гэхэд “өвдөж байна” гэхэд тариа хийсэн. Хэсэг хугацааны дараа Т.Ганхуягийн ах, эгч хоёр ирсэн. Хагалгаанд орохын өмнө Т.Ганхуягийн ах, эгч нь “чиний эмчилгээний зардлыг бүрэн төлнө, дараа нь группт оруулж өгнө” гэж ярьж байсан. Мөн Т.Ганхуяг намайг эмнэлэгт сахиж байсан. Гэтэл “танай ах, дүү нар цагдаагаар явна гэж байна, Т.Ганхуягийг аваад явлаа” гээд намайг яг хагалгаанд орох өмнө тэд намайг хаяад явсан. Энэ үед би босч чадахгүй, сахиур шаардлагатай байсан. Тэгээд би хамаатны хүнээрээ асруулья гэхэд өдрийн 50 000 төгрөгөөр эмнэлгээс гарах хүртэл чинь асаръя гэсэн. Би нурууны хагалгаанд орсон. Миний нурууны ясанд 4 ширхэг шруп, 2 ширхэг том тулгуур төмөр хийсэн. Нуруунд суулгасан төмрийг манай ах, дүү нар 1 сая гаруй төгрөгөөр авсан гэсэн. Түүний баримт нь олдохгүй байгаа, дахин олгох боломжгүй гэсэн. Шүүгдэгч хагалгаанд орсноос хойш 14 хоногийн дараа мөнгө олж өгнө гэж хэлээд алга болсон. Эмнэлгээс гарахад эмчилгээний мөнгө олж өгөөгүй, эгч нь группын асуудлыг чинь хөөцөлдөөд өгье гэж байсан боловч хөөцөлдөж өгөөгүй. Тэд надад 40 000 төгрөгийн үнэтэй бүс авч өгсөн. Авахуулсан томографийн зураг нь 80 000 төгрөг байх. Шүүгдэгчийн гаргасан нийт зардал 120 000 орчим төгрөг болсон байх. Би хагалгаанд орж, хөл дээрээ явж байгаа боловч одоо миний биеийн байдал муу, тахир дутуугийн групп тогтоолгож чадаагүй. Би ажил хийх боломжгүй, орлогын эх үүсвэр байхгүй болсон. Удаан хугацаагаар зогсохоор нуруу өвдөж, бас баруун талын хөл бадайрч өвддөг болсон. Цаашид эмчилгээ хийлгэх гэхээр надад бололцоо байхгүй. Би ганцаараа амьдардаг, ямар нэг орлогогүй тул байр, гэрлийн мөнгөө ээжээрээ төлүүлээд амьдарч байна. Миний эмнэлэгт, эмчилгээнд зарцуулсан  мөнгө 200 000-300 000 төгрөг орчим болсон байх, гэхдээ би энэ  талаар сайн мэдэхгүй, ах дүү нар минь мэднэ.  Би эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хэргээс өмнө би хальтарч унаад хуруугаа гэмтээж, зүүн гар маань бүтэн гипстэй байсан болохоор шүүгдэгчийг боох боломж байхгүй. Тэр худлаа ярьж байна. Миний эмчилгээний асуудлыг шийдвэрлэж, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 5 000 000-8 000 000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ хүнийг шоронд явуулах хүсэлгүй, харин эмчилгэний зардал авч, бие эмчлүүлэн, сувилалд явах хүсэлтэй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч-Т.Ганхуяг мэдүүлэхдээ:

...Тухайн үед би өөрийн хамаатны ах болох Отгонбаярын найзтайгаа хамтарч түрээслэж байсан “Баян зоог” цайны газарт түр хугацаагаар тогоочийн ажил хийж байсан байгаа. Гэтэл 2015 оны 10 дугаар сард байсан шиг санаж байна нэг шөнө ажил дээрээ өөрийн ангийнхаа хүүхэдтэй хамт 2, 2 шил пиво хувааж уучихаад байж байтал 2 давхарт байрлах “Маск” караокед Я.Энхбат гэх залуу баарны үйлчлэгч болон зөөгч нарт агсам согтуу тавиад яваад байхаар нь би эхэндээ чимээгүй байж байгаад дээд давхарт гараад байж байтал Энхбат нь нэг залуу, 2 хүүхэнтэй явж байсан бөгөөд тооцоогоо хийхгүй байгаад байхаар нь хэсэг ажиглаж байгаад “хөгшөөн чи тооцоогоо хийчихээч” гэхэд Энхбат би өөрөө мэргэжлийн хяналтын ажилтан байгаа юм яахлаараа тооцоо хийдэг юм бэ маргааш би энэ газрыг чинь хаалгах болно гэхээр нь манай найз Бат-Оргил хажуу талаас нь хөгшөөн тэгвэл үнэмлэхээ үзүүлчих гэхэд чамд үзүүлдэг нь би биш гэж Энхбат хэлээд агсраад дайраад байхаар нь Бат-Оргил бид 2 дотор талд караокены шатан дээр тамхи татаад зогсч байтал миний ард талаас Энхбат нэг гараараа миний хүзүүнээс багалзуурдаад авахаар нь би эргэж хараад гарыг нь авах хооронд Энхбатын найз голоор орж ирчихсэн найзыгаа хориглож байхаар нь би гарыг нь татаж аваад урагшаа угзартал миний хажуу талаар өнхрөөд шатны уруу найзтайгаа хамт давхралдаж унаад Энхбат хамгийн доод шатны харалдаа уначихаад босч ирж чадахгүй болохоор нь бид цагдаа дуудсан тэдгээр хүмүүс ч цагдаа дуудсан байгаа. Цагдаа ирээд намайг ирж аваад харин Энхбатыг 103 аваад явсан байгаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хэргийн 72 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Баадай мэдүүлэхдээ:

...тэндээсээ гараад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Маск” караокед орсон. 02, 03 цагийн орчим бид караокенаас гарах гээд тооцоо хийх болсон. Тэгтэл Я.Энхбат нилээн согтоод эхэлсэн, би “чи нилээн согтож байна, одоо архи уухаа боль” гэж хэлээд, машин ойртуулж ирэхээр гарсан. Нэг их удалгүй буцаад караоке руу яваад орсон чинь Я.Энхбат текэн дээр төлбөрөөс болоод эөөгчтэй маргалдаад “бид нар ийм их юм идэж уугаагүй” гээд байсан юм. Тухайн үед Я.Энхбат хүмүүсийг доромжлоод байсан чинь ширээнд сууж байсан нэг танихгүй залуу босч ирээд үгийн зөрүүгүй л Я.Энхбат руу дайраад байсан. Тэр залуугийн хэрэлдэж маргалдаад байсан утгыг сайн мэдэхгүй байна. Миний ойлголтоор уг газрын ажилчдыг л өмөөрсөн бололтой. Бид тооцоогоо хийгээд 1 давхар луу уруудаад буусан чинь нөгөө Я.Энхбаттай маргалдаад байсан залуу Я.Энхбатын шанаан тус газар нь гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаад “чи яагаад согтуу хүнтэй маргалдаад байгаа юм” гээд нэг гараараа нөгөө залууг бариад, нөгөө гараараа Я.Энхбатыг бариад авчихсан зогсож байтал тэр залуу миний суган доогуур хөлөө явуулаад Я.Энхбатын цээж рүү тийрсэн. Тэгтэл Я.Энхбат 2 давхарын шатнаас 1 давхар луу шатны уруу ар нуруугаараа унаад, сүүлд нь дагзаараа доод ханыг мөргөсөн. Тэгээд уначихаад “яая” гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би Я.Энхбатыг босгохгүй хэвтүүлж, түргэн болон цагдаа дуудсан. Удалгүй түргэн, цагдаа ирсэн. Миний харснаар уг залуу Я.Энхбатын шанаан тус газар 1-2 удаа цохиод, шатны уруу руу өшиглөөд унагаасан. Я.Энхбатын нуруу хүчтэй гэмтчих шиг болсон гэжээ. (хэргийн 13, 14, 77 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Отгонжаргал мэдүүлэхдээ:

  1. 2015 оны 10 дугаар сарын 11-ний орой Жаргалмаа, Ч.Баадай, Я.Энхбат гэдэг залуу, бид дөрөв 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг “Маск” караокед орсон. Өрөөнд орж 1 цаг дуулж, 1 шил архи ууцгаасан бөгөөд Ч.Баадай, Я.Энхбат 2 тооцоо хийхээр болж Жаргалмаа бид 2 караокены үүдэнд 2 давхарт шатны хажууд зогсож байсан. Тэгтэл дотроос Я.Энхбат зааланд сууж байсан залуутай муудалцаад, маргалдаад гараад ирсэн. Тэгээд Ч.Баадай дундуур нь орж салгаад байж байтал Ч.Баадайгийн хажуугаар Я.Энхбатын ташаа, гуя хэсэг рүү хөлөөрөө тийрч шатны уруу унагаачихсан. Я.Энхбат шатны доор очоод босохгүй хэвтээд орилоод байсан. Тухайн үед Т.Ганхуяг “битгий баашлаад бай” гээд дайраад байсан. Ч.Баадай, “Я.Энхбатыг хөдөлгөж болохгүй” гээд түргэн дуудаж, Гэмтлийн эмнэлэг рүү түргэнээр авч явсан гэжээ. (хэргийн 118-120 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Октябрь мэдүүлэхдээ:

...2015 оны 10 дугаар сар шиг санагдаж байна. Өөрийн ажиллуулдаг “Маск” караокед ажиллаж байхад манай бармен, зөөгчтэй нэг залуу тооцооноос болж маргалдаад хараалын үг хэлээд, “та нар тооцоо нэмсэн байна” гэж хэрэлдээд хэсэг маргалдаж байгаад 30 000 төгрөгийн тооцоог тэр гэмтдэг залуу хийсэн. Хамт 2 хүүхэн явж байсан. Тооцоогоо хийчихээд маргаж байхад Ганаа гэх манай доод талын тогооч зааланд хараад сууж байсан бөгөөд “тооцоогоо хийгээч” гэж хажуунаас нь хэлэхэд мөн өөдөөс нь хэрэлдээд хүн болгон руу орилж чарлаад байсан. Тэгээд Ганаа тамхилах гээд гарсан бөгөөд коридорт хүмүүс шаагилдаад шуугилдаад байхаар нь гараад коридор луу хартал нөгөө залуу шатны доор хэвтчихсэн харагдаж байсан тэгээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа Ганааг аваад явсан. Би тэр залууг 103 дуудаж үзүүлсэн. Тэр залуу босч чадахгүй “ёо ёо” гэж хэвтэж байсан гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Уранбаяр мэдүүлэхдээ:

...2015 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7, 9, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд хэв журмын офицер ахмад Жононгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат-10-аас “Маск” караокед зодоон болоод байна” гэх дуудлагын дагуу очиж шалгахад зодуулсан гээд байгаа залуу нь шатны доод хэсэгт дээшээ харсан байдалтай босч чадахгүй байна гээд хэвтэж байсан ба зодсон гээд байгаа залуугийн нэрийг нь санахгүй байна. 170 орчим см өндөртэй, 30 гаруй насны мах мариа дунд зэргийн цайвар цагаандуу царайтай залууг Тайшир-20-д саатуулсан шиг санаж байна. Нуруу нь гэмтсэн залууг 103 дуудаж хүлээлгэж өгсөн ба уг “Маск” караокены эзэн Б.Октябрь гэх залууд захиж хэлсэн. Караокены шат нь 2 хэсэг эргэлдсэн байрлалтай чулуун тавцантай байсан ба гол хэсэгт нь хэвтэж байсан  гэжээ. (хэргийн 15, 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Сүхбаатар мэдүүлэхдээ:

...2015 оны намар шиг санагдаж байна. Манай хамаатны ах Р.Батцэнгэл над руу залгаад “урьд шөнө зодоон болсон юм, нэг хүнийг буудалд авчирсан байна, чи нэг үзээд өгөөч” гэсэн. Өглөө нь очтол хорооллын эцэст нэг буудалд нэг эрэгтэй архи, согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би эмч хүн учраас “ямар зовиур байна” гэж асуутал зовиур их байгаа мэт харагдсан. Тэгэхээр нь би нурууг нь үзтэл ил харагдах шарх, сорви байгаагүй. Тэгэхээр нь өвчин намдаах тариа хийж өгөөд, “яаралтай томографийн зураг авахуул” гэж хэлээд зургийг нь авахуулсан. Зургийг харахад нурууны бүсэлхийн нуруунд шахагдсан хугарал харагдсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт аваачиж өгчихөөд явсан ба 2, 3 хоногийн дараа эмнэлэг дээр эргэж очиход хагалгаанд орох гэж байгаа гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 17, 18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Батцэнгэл мэдүүлэхдээ:

...Гэртээ унтаж байтал шөнийн 03 цагийн алдад хохирогч гээд байгаа залуугийн найз нь над руу залгаад “манай найзыг танай тогооч зодчихлоо, бэртсэн байна эмнэлэг дээр хүрээд ирээч” гэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр очтол эмнэлгийн орон дээр шал согтуу, тасарсан байдалтай залуу байсан. Эмч нар “энд байлгах аргагүй байна, оношийг тогтоогоод өглөө эрт авчир” гэхээр нь бид нар ажлын ард талын буудалд аваачиж хонуулаад хажууд нь хохирогчтой хамт явж байсан 2 хүүхэн хоносон. Харин нөгөөх намайг дууддаг залуу болохоор Гэмтлийн эмнэлэг дээрээс хаяад явчихсан. Харин би цайны газартаа очоод эргээд буудалд очиход хохирогч ухаан орсон янзтай ганцаараа хэвтэж байсан ба нөгөө 2 хүүхэн нь утас, бичиг баримтыг нь аваад явчихсан байсан. Тэр 2 хүүхэн согтуу байсан ба тэр 2 хүүхний утсыг нь олоод залгаад “яагаад хаяад явчихаж байгаа юм бэ, эмнэлгийн истори болон утсыг өгөөч” гэхэд “таксинд хаячихсан, бид 2 очиж чадахгүй” гэж хэлсэн. Өглөө нь би Ганаагийн эгчтэй хамт томографийн зургийн оочер авахаар эмнэлэг явсан хойно буудлын өрөөний утаснаас яриад “бие өвдөөд байна” гээд байхаар нь хамаатны дүү С.Сүхбаатарыг “очоод үзээд эм, тариа хийж өгөөд, байж бай” гэж дуудсан. Түүнийг Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад томографийн зураг 120 000 төгрөгөөр авахуултал нурууны нугалам хугарсан гэсэн онош гарахаар нь Гэмтлийн эмнэлэгт аваачиж хэвтүүлэх гэтэл нөгөө хохирогч залуу гэртээ харина гээд байхаар нь Ганааг цагдаагийн хэлтэс дээрээс ирж аваад Хайлаастад байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Т.Ганхуягтай хамт үлдээгээд Гэмтлийн эмнэлэг дээр ирж зургийг нь үзүүлтэл зайлшгүй хэвтүүлэх шаардлагатай гэхээр нь түргэн дуудаад хэвтүүлсэн. Нөгөө хохирогч залуу сахиур байхгүй гээд байхаар нь Т.Ганхуягаар сахиулж 3, 4 хонуулсан гэжээ. (хэргийн 20, 21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16496 тоот дүгнэлтэд:

1. Я.Энхбатын биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ:

            Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл, биеийг шатны уруу унах үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байгаа. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. 1 сараас дээш хугацаанд эдгэрэх боломжтой. Эмчилгээний чанараас хамаарч түргэн буюу удаан эдгэрэх боломжтой гэжээ. (хэргийн 79 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Ганхуяг ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Ганхуяг нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Маск” караокенд хохирогч Я.Энхбат караокены тооцооны талаар “та нар илүү мөнгө нэмсэн байна” гэж зөөгчтэй маргалдаж, орилоод байхаар “аятайхан байгаач, төлбөрөө төл” гэж тэднийг өмөөрөх сэдлээр хохирогчтой маргалдан түүний шанаа руу цохиж, улмаар түүний цээж тус газар тийрч өшиглөн, шат руу унагааж, бие махбодид нь бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь

хохирогчийн ... тэндээс гарахаар тооцоо хийх үед үйлчилгээний тооцоон дээр маргаан гарсан боловч текин дээр байсан зөөгч нартай учраа олж, би төлбөрөө төлсөн. Би тэнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байх, гэхдээ тийм их асуудал үүсгээгүй. Т.Ганхуяг бид хоёрын хооронд жижиг маргаан гарсан. Тэндээс гарах үед Т.Ганхуяг шатан  дээр ганцаараа тамхи татаад зогсож байсан. Би согтуу байсан болохоор Т.Ганхуягтай маргалдтал миний шанаан тус газар цохьсон. Ч.Баадай бид хоёрын дундуур ороод биднийг салгахаар түлхэж байтал Т.Ганхуяг миний цээжин тус газар өшиглөөд би шатны уруу унасан,

 

гэрч Ч.Баадайгийн ... Тэгтэл Я.Энхбат нилээн согтоод эхэлсэн, би “чи нилээн согтож байна, одоо архи уухаа боль” гэж хэлээд, машин ойртуулж ирэхээр гарсан. Нэг их удалгүй буцаад караоке руу яваад орсон чинь Я.Энхбат текин дээр төлбөрөөс болоод эөөгчтэй маргалдаад “бид нар ийм их юм идэж уугаагүй” гээд байсан юм. Тухайн үед Я.Энхбат хүмүүсийг доромжлоод байсан чинь ширээнд сууж байсан нэг танихгүй залуу босч ирээд үгийн зөрүүгүй л Я.Энхбат руу дайраад байсан. Тэр залуугийн хэрэлдэж маргалдаад байсан утгыг сайн мэдэхгүй байна. Миний ойлголтоор уг газрын ажилчдыг л өмөөрсөн бололтой. Бид тооцоогоо хийгээд 1 давхар луу уруудаад буусан чинь нөгөө Я.Энхбаттай маргалдаад байсан залуу Я.Энхбатын шанаан тус газар нь гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаад “чи яагаад согтуу хүнтэй маргалдаад байгаа юм” гээд нэг гараараа нөгөө залууг бариад, нөгөө гараараа Я.Энхбатыг бариад авчихсан зогсож байтал тэр залуу миний суган доогуур хөлөө явуулаад Я.Энхбатын цээж рүү тийрсэн. Тэгтэл Я.Энхбат 2 давхарын шатнаас 1 давхар луу шатны уруу ар нуруугаараа унаад, сүүлд нь дагзаараа доод ханыг мөргөсөн,

 

гэрч Б.Отгонжаргалын ...тэгтэл дотроос Я.Энхбат зааланд сууж байсан залуутай муудалцаад, маргалдаад гараад ирсэн. Тэгээд Ч.Баадай дундуур нь орж салгаад байж байтал Ч.Баадайгийн хажуугаар Я.Энхбатын ташаа, гуя хэсэг рүү хөлөөрөө тийрч шатны уруу унагаачихсан. Я.Энхбат шатны доор очоод босохгүй хэвтээд орилоод байсан. Тухайн үед Т.Ганхуяг “битгий баашлаад бай” гээд дайраад байсан,

 

гэрч Б.Уранбаярын ...2015 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7, 9, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд хэв журмын офицер ахмад Жононгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат-10-аас “Маск” караокед зодоон болоод байна” гэх дуудлагын дагуу очиж шалгахад зодуулсан гээд байгаа залуу нь шатны доод хэсэгт дээшээ харсан байдалтай босч чадахгүй байна гээд хэвтэж байсан ба зодсон гээд байгаа залуугийн нэрийг нь санахгүй байна. 170 орчим см өндөртэй, 30 гаруй насны мах мариа дунд зэргийн цайвар цагаандуу царайтай залууг Тайшир-20-д саатуулсан шиг санаж байна. Нуруу нь гэмтсэн залууг 103 дуудаж хүлээлгэж өгсөн ба уг “Маск” караокены эзэн Б.Октябрь гэх залууд захиж хэлсэн гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16496 тоот дүгнэлт, шинжээч Т.Чимэд-Очирын мэдүүлэг, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 10950 дугаартай өвчний түүх, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

Шүүгдэгч Т.Ганхуяг нь хохирогчийн цээжин тус газар өшиглөж, тийрснээс тэр шатны уруу унаж, бие махбодид нь бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд Т.Ганхуягийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Я.Энхбат нь эмчилгээний зардал, гэм хорын болон сэтгэл санааны хохиролд 5 000 000-8 000 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч “Маго” ХХК-иас 28 650 төгрөгийн, “Монос” эмийн сангаас 13 490 төгрөгийн, “Фармалогик” эмийн сангаас 40 500 төгрөгийн, “Агар шим” эмийн сангаас 13 600 төгрөгийн эм тариа авч, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд эрүүл мэндийн даатгалд 76 194 төгрөг төлсөн, хагалгаа, эмчилгээний зардалд 1 527 012 төгрөг төлж, нийт 1 699 446 төгрөг зарцуулсан нь нотлох баримтаар нотлогдсон тул 1 699 446 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олголоо.

  

Хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгч Т.Ганхуягт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний асрамжид 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Аурора байдаг зэрэг ар гэр, хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

2015 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Т.Ганхуягийг цагдаагийн хэлтэс дээр аваачиж, тодорхойлолт авсан боловч энэ нь хэрэгт байхгүй байна. Мөн гэрчээр караокений зөөгч нар болон Т.Ганхуягийн найз Бат-Оргилыг асуугаагүй, мөрдөн байцаалт 1 талыг барьсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахыг хүссэн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Т.Ганхуяг хэрэг гарсаны дараа өөрөө мөрдөн байцаалтад очоогүй нь эрэн сурвалжлалт зарлах, оргодол эрэн сурвалжлах тухай тэмдэглэл, Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 130 тоот прокурорын тогтоол, сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын 09 тоот тогтоол, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн тухай 528 тоот прокурорын тогтоол, мөн өдөр Т.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар сэжигтнээр тооцон, байцаасан, улмаар 7 дугаар сарын 02-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, байцаасан зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцжээ.

Я.Энхбат нь төлбөр тооцоогоо өөрөө төлсөн, тухайн үед түүнийг танхайрсан талаар “Маск” караокений ажилтнууд гомдол гаргаагүй тул өмгөөлөгчийн хохирогчийг караокед төлбөр төлөхгүй гэж бусдыг өдөөн хоргоож танхайрсаныг шалгуулна гэсэн хүсэлтийг хүлээн авч, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй.

 

 Өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/00850 тоот шийдвэр, ам бүлийн тодорхойлтыг гаргаж өгснийг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэж үзэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж, согтуурсан үедээ тооцооны асуудлаар караокед зөөгчтэй маргасан байдал нөлөөлснийг харгалзан шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг танхайрах бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.