Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00269

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02753 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2178 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ундрахад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,761,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Даваабилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 8,761,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...үндсэн зээл 5,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин хүү, алданги болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02753 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт 8,745,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн УЗ-275 дугаар барьцаат зээлийн гэрээний зүйл болох 4477 УНЦ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, GRS 1800039296 арлын дугаартай Тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2178 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт 8,745,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,500 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 44-77 УНЦ улсын дугаартай, Тоёото кроун маркийн автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын ...225,070 төгрөг гэснийг ...154,870 төгрөг гэж, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж тус тус дугаарлан өөрчилж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.******* нь ******* ХХК-ийг ББСБ-ын эрхгүй этгээд болохыг нь мэдсэн. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцэл хийхэд саад болсон нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул 2019.07.22-ны өдрийн У3275 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 5,500,000 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлээс 3,245,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,245,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 5,500,000 төгрөг, зээлийн хүү 341,000 төгрөг, алданги 2,920,500 төгрөг нийт 8,761,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь хууран мэхэлж хэлцэл хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл, иймд хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,745,000 төгрөгийг хангаж, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

7. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

 

Харин нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

8. 2019.07.22-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК зээлдэгч*******ад 5,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч зээл буцаан төлөх графикийн дагуу төлбөрийг төлөх, төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 44-77 УНЦ улсын дугаартай Тоёото кроун маркийн авто машиныг барьцаалж, мөн өдрөө эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, дээрх автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 101/ШШ2020/2013 дугаартай шийдвэрээр ******* ХХК-ийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулах эрхгүй гэж дүгнэж, 44-77 УНЦ улсын дугаартай Тоёото кроун маркийн автомашины өмчлөх эрхийг*******ад шилжүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

9. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 323 дугаар зүйлийн 232.1., 232.3.-т тус тус зохицуулжээ.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримттай зээлдэгч маргаагүй, зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш арав хоногийн хугацааны алдангийг хариуцагч хариуцах үүрэгтэй байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байгаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү /5,500,000х6%/ 330,000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг /5,500,000+330,000/ 5,830,000 төгрөгийн алдангийг өдрийн 0.5 хувиар 10 хоногоор тооцоход /5,830,000х0.5%х10хоног/ 291,500 төгрөг, нийт 6,121,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн хүү, алдангийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2178 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02753 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 286 дугаар зүйлийн 286.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч*******аас 6,121,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 2,640,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан үндэслэлгүй тул барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын ...225,070... гэснийг ...112,894... гэж өөрчлөн, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтын хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.12.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД