Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 184/шш2020/02753

 

 

 

 

 

 

 

 

 

      2020           09             10

                                    184/ШШ2020/02753

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, -... тоот хаягт байрлах, “Б-...” ХХК /РД:-.../-ийн нэхэмжлэлтэй,

                                                                       

Хариуцагч:  Улаанбаатар хот, -... тоот хаягт оршин суух, Б-... овогт Б-...ийн У-...х /РД:-.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,761,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д-...г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-...л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2016 онд үүсгэн байгуулагдаж барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч Б.У-...хтай 2019 оны 7 сарын 22-ны өдөр УЗ275 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Барьцаат зээлийн гэрээгээр үндсэн зээл 5,500,000 төгрөгийг сарын 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд Б.У-...хын эзэмшлийн 2006 оны Тоёота кроун маркийн 44-77 УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл олгосон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээнээс нэг ч төгрөгийг эргэн төлөөгүй өдийг хүрсэн. Гэрээний сунгалт хийхдээ талууд бичгээр хүсэлт гаргаж байж сунгагдахаар заасан тул сунгалт хийгдээгүй гэрээний 30 хоногийн хугацаа дууссан. Тэгэхээр 1 сарын хүү 341,000 төгрөг болно. 2019 оны 07 сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөгдөөгүй. Алдангийн хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар тооцохоор үндсэн үүргийн биелэлтийн 50 хувиас хэтрээд байсан учраас бид 50 хувиар тооцоод 2,920,500 төгрөгийг алдангид шаардаж, нийт 8,761,500 төгрөгийг зээлийн төлбөрт нэхэмжилж байна. Ингээд гэрээнд зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч нь өмнөх шийдвэр байгаа гэсэн зүйлийг ярьдаг. “Баянмонгол финанс” ХХК нь барьцаалан зээлдүүлэх аж ахуйн үйлчилгээ эрхлэх автомашины ломбардын тусгай үйлчилгээ эрхэлдэг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 286-д зааснаар үйлчилгээ эрхэлдэг хэр нь эрсдэлээ хамгаалах үүднээс буюу зээлдэгч нь унаад явчихдаг учир Фидуцийн гэрээ хийгээд өөрийн компанийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан байдаг. Харамсалтай нь хариуцагч талаас миний эзэмшлийн зүйлийг шилжүүлж авах ёсгүй байсан гэдэг маргаан үүсгэж шүүхэд хандсан. Эднийх журмаараа яваад хугацаа дуусгавар болоод хураалт хийсэн байдаг. Баянзүрх дүүргийн шүүхээс Иргэний хуулийн 286-д зааснаар ломбардын үйлчилгээ эрхэлж байгаа тохиолдолд тухайн машиныг өмчлөлдөө шилжүүлж авах боломжгүй байсан. Тиймээс өмчлөлийг буцаана гэж шийдвэр гарсан. Тэрнээс биш өөрөөр зээлийн үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт орох тухай тэр маргаанд дурдагдаагүй. Өнөөдрийг хүртэл барьцааны эрх маань хэвээр байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Талууд 2019 оны 07 сарын 22-ны өдөр УЗ275 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, мөн тухайн өдрөө автомашин барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Фидуцийн гэрээ байгуулан машиныг барьцаалагч унаж явах нөхцөлтэйгөөр зээлдэгч өмчлөлдөө шилжүүлсэн байдаг. Ингээд 5,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараагаас нэхэмжлэгч тал үндсэн зээлийн төлбөр дээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн төлбөр дээр хүү, алданги тооцож 9,645,000 төгрөгийг анх нэхэмжилж байсан. Үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэж үзээд удаа дараа Б.У-...хаас мэдэгдэл гаргасан байдаг. Мэдээж тус төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болсон. Б.У-...х нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Фидуцийн гэрээ”-г байгуулж, өөрийн автомашиныг барьцаалан өөрөө эзэмшиж байхад нэхэмжлэгч компани нь 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 15/20 тоот зээл эргэн төлөхийг мэдэгдсэн хуудсыг хүргүүлж, тус мэдэгдэх хуудас нь 2020 оны 02 сарын  28-ны өдрийн 12 цаг дотор эргүүлэн төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай мэдэгдсэн байсан. Ийнхүү нэхэмжлэгч компани нь хугацаа тогтоосон боловч 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 22 цаг орчимд Б.У-...хад мэдэгдэлгүйгээр түүний машиныг хураан авч, худалдан борлуулах гэж байсан нь Б.У-...хын эрх ашгийг ноцтой зөрчсөн тул “Б-...” ХХК-ийг хариуцагчаар татан, автомашиныг хураан авсан ажиллагааг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.У-...хад буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 2013 тоот шийдвэр гарсан. Шүүх үзэхдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “Б-...” ХХК-иас 4477 УНЦ улсын дугаартай автомашиныг гаргуулан Б.У-...хад олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхэд Б.У-...х нь “Б-...” ХХК-ийг ББСБ-ын эрхгүй этгээд болохыг нь мэдсэн. Ингээд банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй этгээд атлаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг баримтлан гэрээ хийж машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч зээлийн хүү, алданги тооцож 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 15/20 тоот мэдэгдэх хуудсаар 9,640,000 төгрөгийг нэхэмжилж, мөн 13-ны өдөр машиныг хураан авч явсан. Ийнхүү Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан эрхээ хамгаалуулж мэдээгүй байсан бол гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг үндэслэлгүйгээр төлөх байсан. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцэл хийхэд саад болсон нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул 2019 оны 07 сарын 22-ны өдрийн УЗ275 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 5,500,000 зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 тоот шийдвэрээр 4477 УНЦ улсын дугаартай автомашинаар үүргийн  гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй хэмээн зохицуулсан байх тул төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 4477 УНЦ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

“Б-...” ХХК нь хариуцагч Б.У-...хад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,761,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэгч    нэхэмжлэлийн    шаардлагын    үндэслэлээ  “...талуудын хооронд 2019 оны 07 сарын 22-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан тул үндсэн зээл 5,500,000 төгрөг, 1 сарын хүү 341,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2,920,500 төгрөг, нийт 8,761,500 төгрөгийг зээлдэгч Б.У-...хаас гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” хэмээн тодорхойлсон байна. 

 

Хариуцагч нь үндсэн зээл 5,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү, алдангид шаардсан 3,261,500 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

Талууд 2019 оны 07 сарын 22-ны өдөр УЗ-275 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан, 5,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай буюу 2019 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл, 6 хувийн хүүтэйгээр хариуцагч Б.У-...хад зээлдүүлсэн ба зээлийн гэрээний барьцаанд зээлдэгчийн өмчлөлийн 4477УНЦ улсын дугаартай, арлын GRS1800039296 дугаартай авто машин барьцаалжээ. /хх-12,13х/

 

Хариуцагч нь “Б-...” ХХК-иас 5,500,000 төгрөг зээлсэн үйл баримт, үнийн дүнгийн талаар маргаагүй боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 2013 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн  гүйцэтгэлийг хангуулах боломжгүй талаар дүгнэсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа тайлбарладаг.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/2013 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Б-...” ХХК-иас 4477УНЦ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-...хад олгохоор шийдвэрлэжээ. /25-27х/

 

Зохигчид Барьцаат зээлийн гэрээ байгуулсан мөн өдөр УЗ-275-275 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан байх ба дээрх шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний үүрэг, үр дагаврыг шийдвэрлээгүй, харин фидуцийн гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлийн хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн нь хууль бус талаар дүгнэж энэхүү гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Тиймээс хариуцагчийн барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн  гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иймд “Б-...” ХХК, Б.У-...х нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Ийнхүү хүчин төгөлдөр гэрээгээр нэхэмжлэгч “Б-...” ХХК-д Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн тул зээлдэгч Б.У-...хаас зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Зээлдэгч үндсэн зээлд 5,500,000 төгрөг, 30 хоногийн хүү 341,000 төгрөг, 2019 оны 08 сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хугацаа хэтрүүлсэн алдангид хоног тутамд 0,5 хувиар тооцож 2,920,500 төгрөг, нийт 8,761,500 төгрөг шаардсан. Зээлийн гэрээний хугацаа дээр дурдсанаар 2019 оны 08 сарын 21-ний өдөр дуусгавар болсон тул алдангийг мөн өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцоход хуанлийн хоногоор 310 өдрийн алданги шаардах эрхтэй байна. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.15-д анзын хэмжээг хоног тутамд 0,5 хувиар тооцохоор тохиролцжээ. Тиймээс үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү 30 хоногийн 6 хувь нь 330,000 төгрөгөөр тооцож, гүйцэтгээгүй үүрэг 5,830,000 төгрөгөөс 0,5 хувийн алданги нь хоногт 29,150 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульчилсан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 5,830,000 төгрөгийн 50 хувиас алдангийн хэмжээ хэтрэх боломжгүй. Иймд 5,830,000 төгрөгийн 50 болох 2,915,000 төгрөгийн хэмжээнд алдангийг тооцон, нийт 8,745,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, илүү шаардсан 16,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу 2019 оны 07 сарын 22-ны өдрийн УЗ-275 дугаар барьцаат зээлийн гэрээний зүйл болох 4477 УНЦ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, GRS 1800039296 арлын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-...хаас улсын тэмдэгтийн хураамжид 225,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-...” ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232  дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Б.У-...хаас зээлийн гэрээний үүрэгт 8,745,000  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-...” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 07 сарын 22-ны өдрийн УЗ-275 дугаар барьцаат зээлийн гэрээний зүйл болох 4477 УНЦ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, GRS 1800039296 арлын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-...хаас улсын тэмдэгтийн хураамжид 225,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-...” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ