Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00264

 

 

*******,******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02146 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2104 дүгээр магадлалтай,

 

*******,******* нарын нэхэмжлэлтэй

О.Дэлгэрнасанд холбогдох

 

30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******,******* нараас*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасанд хариуцагч ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, ...дансаараа хүлээн авсан 30,000,000 төгрөгийг тэр даруйд нь Л.Болормаагийн дансанд буцаан шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02146 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч*******гаас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******,******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2104 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч*******гаас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******,******* нарт олгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 6.5-д Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэсэн заалт зөрчигдсөн гэж үзээд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт гэрчээр байцаагдсан гэрч Л.Болормаагийн мэдүүлгийг үндэслэл болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Гэрч нь өөрийн ярьж байгаа зүйлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд өгөөгүй, /төрсөн дүүгийнхээ эхнэр хүүхдийн дансаар оруулж гаргасан мөнгийг өөрөө хүлээн авч өр төлбөрөө Дэлгэрнасангаас авсан гэж мэдүүлсэн. Гэвч хэзээ үүссэн ямар өр төлбөр болохыг нотлох баримт өгөөгүй. Мөн Дэлгэрнасанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад буцаасан гэсэн. Эдгээр баримтыг хэрэгт хавсаргасны дараа гэрч үнэн зөв мэдүүлэг өгчээ гэж шүүх үнэлэх үүрэгтэй байсан/. Л.Болормаа нь мөн би*******д зээлүүлсэн мөнгөө л авсан, би дүүгийнхээ дансанд мөнгө хийсэн асуудал хамаагүй гэж мэдүүлсэн.

Анхан шатны шүүхэд мэдүүлэг өгсөн Л.Болормаагаас хариуцагч тал Танд*******гаас авлагатай байсан болон, шүүхээс нэхэмжлэл буцаасан тухай баримт байна уу, нотлох баримт байвал өгөөч гэхэд өгөхгүй гэсэн. Энэ хүн өөрийнхөө мэдүүлгийн үнэн зөвийг нотлох баримтаа шүүхэд өгөхгүй байхад, түүний ярьсан яриа үнэн гэдэгт давж заалдах шатны шүүх итгэж үнэн гэж дүгнэсэн нь ИХШХШТ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь заалт зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

4.2. Шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны зүйл болсон мөнгөний 1.6 сая төгрөгийг Л.Болормаа*******ийн дансанд шилжүүлсэн, *******гийн дансанд шилжүүлсэн 28 сая гаруй төгрөг хаанаас хэрхэн бүрдсэн нь тогтоогдоогүй байгаад дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нарын бичсэн шиг ээжийнх нь дансанд их хэмжээний мөнгө байсан нь нотлогдоогүй, нэхэмжлэгч тал зээлүүлсэн гэх мөнгөний эх үүсвэрээ нотолж чадахгүй байсаар хэрэг шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч тал Л.Болормаатай дансаар харьцдаггүй байсан нь дансны гүйлгээнээс харагддаг. Гэтэл Л.Болормаа нь*******гаас мөнгө авсан өдрөө*******ийн дансруу мөнгө шилжүүлж, хэдхэн хоногийн дараа******* нь мөн Л.Болормаагаас 5 сая төгрөг дансаар авч өөрөө авч хэрэглэсэн байна.

4.3. Нэхэмжлэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад:

-*******д хэзээ ямар учраас мөнгө зээлүүлэх болсон нөхцөл байдлын талаар ямар ч тайлбар өгдөггүй төдийгүй төлөөлөгч С.Саранчимэг нь Би тэр талаар мэдэхгүй, шүүхэд очоод зээлсэн гэж хэлээрэй л гэсэн, өөр юу ч мэдэхгүй, мөнгө хаанаас дансанд нь орсныг ч мэдэхгүй гэж хэлээд төлөөлж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй болсон.

Мөн Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа нь давж заалдах шатны шүүх хурал дээр Нэхэмжлэгчид Л.Болормаатай ямар харилцаатайг мэдэхгүй, холын хамаатан байх гэж илт худал тайлбар гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад******* нь******* нь Л.Болормаагийн дүүгийн эхнэр, ******* нь Л.Болормаагийн төрсөн дүүгийн хүүхэд гэж олон удаа тайлбарлаж бичсэн ба үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгэж тайлбар гаргаагүй. Энэ холбоог худлаа гэж хэлэх нөхцөл ч байхгүй үнэн юм.

-*******д мөнгө зээлүүлэхийн тулд хэрхэн харилцсан, утсаар ярьсан бол утасны дуудлага, мессеж бичсэн бол мессежний хуулбар г.м зүйлийг нотлох баримтаар өгөөгүй. Энэ нь эгч Л.Болормаагаас*******гийн дансыг авч мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, энэ бүх зээл гэх үйл ажиллагаа-г Л.Болормаа удирдан зохион байгуулж*******г хуурч мэхлэн манай дүү нар мөнгө зээлчихээд өгөхгүй байна, чамаас авсан гэж дарамтлаад дансруу чинь мөнгө хийлгэнэ, чи надруу хийгээрэй гэж хэлээд мөнгийг авсныг нотолж байгаа билээ.

Өөрсдөд нь байхгүй байсан мөнгийг хаанаас хэрхэн бүрдүүлсэн буюу санхүүгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй. Энэ мэт асуудалд ямар ч тайлбар өгөөгүй, мөнгө зээлүүлсэн үйл баримтаа нотлоогүй нь ах дүүгийн холбоотой хүмүүс хуйвалдсаныг нотолж байна. Нэхэмжлэгч нар нь сургалтын төлбөрт гэж хадгалж байсан мөнгөө зээлүүлсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн ба ямар орлогоос бүрдүүлж хэрхэн дансандаа хадгалсан нь нотлогдохгүй байсаар хэрэг шийдвэрлэгдсэн.

- Анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс гаргасан тайлбарыг үгүйсгэж тайлбар гаргаагүй. ИХШХШТХ-ийн 42.1.-д 3охигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан.

4.4.*******ийн зээлүүлсэн гэх мөнгө 2018.04.23-ны өдрийн 15 цагаас эхлэн нэр тодорхой бус данснуудаас орж ирж бүрдсэн байдаг. Энэ тухай давж заалдах гомдолд өгсөн тайлбартаа огноо тус бүрээр тодорхой бичсэн байгаа.

Б.Дэлгэрийн нөхөр Л.Эрдэнэхуяг нь Л.Болормаагийн төрсөн дүү юм. Л.Болормаа нь манай дүү нар зээлсэн мөнгөө өгөхгүй байна, чамаас зээлсэн гэж дарамтлаад зээлүүлсэн мөнгийг чиний дансруу хийлгээд авна шүү гэхээр нь итгээд, орж ирсэн мөнгийг нэн даруй Л.Болормаагийн дансруу шилжүүлсэн юм. Л.Болормаа нь өмнө нь******* миний итгэмжлэлээр намайг шүүхэд, ШШГГазарт төлөөлж байсан, хуулийн мэдлэгтэй тул би түүнд бүрэн итгэж байсан болно. Нэхэмжлэгч тал******* нь надаас зээлсэн мөнгөө бидэнд өгөөд, Л.Болормаад шилжүүлсэн мөнгөө нэхэх эрх нь байгаа гэдэг*******ийн зээлүүлсэн гэх мөнгийг би өөрийнхөө дансанд хамгийн удаандаа 5 цаг байлгаад буцаагаад эгч Л.Болормаад мөнгийг бүрэн шилжүүлсэн байтал энэ мөнгийг Л.Болормаагаас нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргана гэдэг нь байж боломгүй асуудал юм. Ах дүү хүмүүс хуйвалдан бие биедээ мөнгө шилжүүлж, их хэмжээний мөнгөө хаанаас бүрдүүлснээ нотлохыг хүсэхгүй байгаа нь эдгээр хүмүүс хуйвалдан нэхэмжлэл гаргасныг нотолж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан шаардаж, түүний дансанд 30,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгыг шаардлагын үндэслэл болгосон, хариуцагч нь дээрх мөнгийг тэдний хамаатан Л.Болормаа түүний дансаар дамжуулж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2018.04.25-ны өдөр нэхэмжлэгч *******гийн данснаас Дэлгэрээс гэсэн утгатай 2 удаагийн гүйлгээгээр нийт 28,320,000 төгрөг,*******ийн данснаас 1,680,000 төгрөгийг тус тус хариуцагч*******гийн дансанд нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч******* мөн өдөр дээрх мөнгийг 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийн гүйлгээгээр гуравдагч этгээдийн дансанд зээл төлөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

7. Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад ...хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар татгалзлаа нотлоогүй, үндэслэлгүйгээр өөрт хөрөнгө бий болгосон... гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, талуудын нотолгооны зарчимд үндэслэн хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан үндэслэл, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаантай үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

9. Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй дараах үндэслэл тогтоогдлоо.

 

9.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардаж мөнгө шилжүүлсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох боловч зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл, харилцан үүрэг хүлээсэн хэлцэл байдаг тул хариуцагчийн зээл хүссэн хүсэл зориг тогтоогдоогүй үндэслэлээр зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин нэгэнт нэхэмжлэгчээс хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд дээрх хөрөнгийг буцаан төлөх үүрэггүй болохоо хариуцагч нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх нотолгооны үүргийг буруу тодорхойлсноос шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

9.2. Хариуцагч******* нэхэмжлэгчийн шилжүүлсэн Л.Болормаагийн хөрөнгийг өөрийн Хаан банкны дансаар дамжуулан шилжүүлсэн гэж тайлбарласан боловч тус хөрөнгө Л.Болормаагийнх болох, Л.Болормаа нь хариуцагчийн дансаар дамжуулан бусдаас авах авлагаа авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, улмаар хариуцагчийн дээрх тайлбар Л.Болормаагийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй.

 

9.3. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч******* дээрх хөрөнгийг Л.Болормаад зээл төлөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь гэрч Л.Болормаагийн тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа байсан, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрчээд дуудагдсан этгээд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, ...зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх тул ...Л.Болормаа нь өөрийнхөө мэдүүлгийн үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх түүний мэдүүлгийг үнэн гэж итгэж дүгнэсэн нь хууль зөрчсөн... гэх гомдол үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

 

Улмаар гэрч мэдүүлгээ нотлоогүй, түүнчлэн Л.Болормаа болон нэхэмжлэгч*******, О.Билгүүдэй нар нь ах дүү, хамаатан садны харилцаатай байдал, тэдгээрийн хоорондох дансны гүйлгээ, нэхэмжлэгч нь зээлийн хөрөнгийн эх үүсвэртэй байснаа баримтаар нотлоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, дээрх нөхцөл байдал магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарахгүй.

 

9.4. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдний хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зохицуулсан.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хөрөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан боловч тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй тул хариуцагчийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгээс 2020.11.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД