Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/02146

 

 

 

 

 2020         06          11                                     101/ШШ2020/02146             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: О.Д

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Пүжидмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б миний бие иргэн О.ДНд 2018 оны 04 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн өдрөө 18,320,000 төгрөгийг тус тус О.Дийн нэрээр шилжүүлсэн. Б.Д нь миний төрсөн ээж. Би ээжээсээ визэнд орохдоо дансанд мөнгө байршуулахаар 28,320,000 төгрөгийг авсан байсан. Ээж маань энэ мөнгийг О.ДНд шилжүүл гэсэн. Ээж Б.Д, О.ДН 2 нь ярилцаж тохиролцсон байсан тул би мөнгийг шилжүүлсэн. Би ээжийн мөнгийг өөрийн данснаас ээжийн нэрээр шилжүүлсэн. Тэр цагаас хойш О.ДН нь нэг ч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Өмнө нь 28,320,000 төгрөг нэхэмжилж байгаа. Бүгд нийт 30,000,000 төгрөг. Учир нь нэхэмжлэгч Д 2018.04.25-нд 1,680,000 төгрөгийг хариуцагч ДНгийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн тул 1,680,000 төгрөгийг хамруулан шийдэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Намжилцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б 28,320,000 төгрөг, О.Д 1,680,000 төгрөг шилжүүлж нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлж авсан гэсэн, зээлийн гэрээ гэх баримт бол байхгүй, амаар тохиролцоод авсан гэсэн. Яг нарийн зүйлийг бол мэдэхгүй байна. Хоорондоо утсаар яриад мөнгө шилжүүлсэн гэсэн. Зээлийн гэрээг амаар хийсэн гэж ойлгосон, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар байгуулсан зээлийн гэрээний үүргээ л хариуцагчаас шаардаж байгаа. Зээлийн гэрээ байгуулагдсаныг мөнгө шилжүүлсэн баримт нь нотолно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний танил ******* нь манай хамаатангууд надаас мөнгө зээлчихээд өгөхгүй юм, хамаатангууд надад бол өгөхгүй юм байна би чамаас мөнгө зээлж өгсөн, одоо энэ хүний дансруу мөнгийг нь хий гэж шаардаж шахаж байж чиний дансруу хийлгүүлнэ шүү, чи мөнгийг надад шилжүүлчих гэж гуйсан. Ингээд миний дансруу орсон мөнгийг би тэр даруйд нь Болормаагийн дансруу шилжүүлсэн. Э.Б нь миний дансруу хийсэн мөнгөө надад зээлүүлсэн гэж байгаа нь үнэнд огт нийцэхгүй байна. Ээжээсээ визэнд орохоор авсан мөнгөө надруу шилжүүлсэн гэж тайлбарлах нь энэ хүний эрх боловч надад зээлүүлсэн гэж гүтгэж байгааг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны 02 цаг 56 минутад 10 сая төгрөг, 07 цаг 45 минутад 18,320,000 төгрөг миний дансруу шилжүүлсэн байна. Түүний дансны хуулга нийт 28,372,070 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Гэвч энэ мөнгө хэзээнээс эхлэн түүний дансанд байсан нь тодорхойгүй байна. Өөрөө бол визэнд орохоор дансанд байршуулсан байсан мөнгө гэж тайлбарлажээ. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Бтэй эрх зүйн харилцаанд ороогүй, харин Болормаагийн гуйлтаар л мөнгийг нь нэхэмжлэгч нараас авч шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан зүйлгүй, утсаар ч ярьсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1,680,000 төгрөг ч мөн ялгаагүй хамаатан садангийн хүмүүс хоорондоо шилжүүлсэн мөнгөө ийнхүү нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Д нь *******д өгөх өрөө өгөхгүй байна, чамаас зээлсэн гээд хэлээд авна гэж хэлсэн учраас О.ДН нь *******д итгэж дансаараа хүлээн авсан 30 сая төгрөгийг нэн даруй *******гийн дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нартай зээлийн гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б, Б.Д нар хариуцагч О.ДНд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, бусад этгээдийн гуйлтаар мөнгийг дамжуулан шилжүүлсэн гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б ХААН банкин дахь өөрийн ******* тоот данснаас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 28,230,000 төгрөгийг хариуцагчийн ХААН банкны ******* дансанд, нэхэмжлэгч Б.Д мөн өдөр ХААН банкин дахь өөрийн ******* тоот данснаас 1,680,000 төгрөгийг хариуцагчийн дээрх дансанд тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

 

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар хэргийн оролцогч маргасан бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчид шилжүүлсэн дансны хуулгын утгаас үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгч нартай зээлийн гэрээний харилцаагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагчид 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн тухай нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ зоригчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр шаардсан боловч энэ талаарх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 8202 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нарын төлөөлөгч *******ийг нэхэмжлэгч нарын хүсэл зоригийг хангалттай, тодорхой илэрхийлж чадахгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж, нэхэмжлэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулахаар шийдвэрлэсэн боловч 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Э.Намжилцэрэнг төлөөлөгчөөр томилж оролцуулсан ба төлөөлөгч шүүх хуралдаанд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа мөнгө шилжүүлснээр үүссэн гэж тайлбарлажээ.

 

Гэрч *******гийн “2018.03.16-нд О.ДНгаас 33,918,500 төгрөг нэхэмжлэн шүүхдэж байсан, 30 сая төгрөг төлсөн. Б.Д бид хоёр хоорондоо зөндөө мөнгө шилжүүлдэг, яг ямар, хэзээ ямар утга учиртайг одоо санахгүй байна. Би дүү мөнгө өгөөгүй чи аваад надад өг гэж хэлээгүй, сүүлд сонсоход О.ДН нь Б.Дийг мөнгийг өгөхгүй байгаа гэж сонссон” гэх мэдүүлэг нь зохигч зээлийн гэрээний харилцаатай болохыг, мөн хариуцагчийн татгалзлыг шууд үгүйсгэсэн шинжгүй, гэрчийн мэдүүлэг баримтаар давхар нотлогдоогүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч О.ДНгаас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Б, Б.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ