Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 330

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор  даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: М овогт А-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газар,

      Хариуцагч: Увс аймгийн х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

      Хариуцагч: Увс аймгийн А газарт тус тус холбогдох,

      Худалдах-худалан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б, Увс аймгийн х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Т, С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг үндэслэн Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газрын х маркийн х улсын дугаартай автомашиныг дуудлага худалдаагаар худалдах борлуулах тухай зарыг Б би мэдээллийн хэрэгслээс олж уншсан. Ингээд энэхүү автомашиныг худалдан авах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдаанд оролцон ялж х маркийн х улсын дугаартай автомашиныг 1.100.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах-худалдан авах гэрээг тухайн өдөртөө байгуулж, төлбөр тооцоог өдөртөө хийсэн. Дуудлага худалдааг зохион байгуулсан хүмүүс нь “Өнөөдөртөө машинаа авч болно” гэсэн тул автомашинаа аваад таньдаг айлын хашаанд аваачиж тавьсан. Маргааш өдөр нь сумын цагдаагийн ажилтан намайг дуудаад “х сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн хашаанд байсан х улсын дугаартай автомашин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр алга болсон тул судалж холбогдох арга хэмжээг авч өгч тусална уу” гэсэн гомдол х сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-с ирсэн хэмээн албан тоотыг надад үзүүлсэн. Би учир байдлыг хэлж, автомашин худалдан авсан тухай гэрээ, мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтаа цагдаагийн алба хаагчид канондож өгсөн. Цагдаагийн алба хаагч х улсын дугаартай автомашиныг маань хураан авч, албаны хашаандаа тавьсан. Сумын Засаг даргын Тамгын газар болон Орон нутгийн өмчийн газартай маргаанаа шийдвэрлүүлж, холбогдох бичиг баримтаа авч ирээд машинаа авч болно хэмээн цагдаагаас надад хэлсэн болно. Тэдгээр хүмүүсийн яриагаар бол Засаг даргын Тамгын газраас албан бичиг Орон нутгийн өмчийн газарт илгээснээр би автомашинаа өөрийн эзэмшилд авч болох юм байна. Засаг даргын Тамгын газрын дарга Б гэх хүн х улсын дугаартай автомашиныг намайг худалдан авсан тухай албан бичгийг үйлдэж Орон нутгийн өмчийн газарт илгээх ёстой бөгөөд энэ үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байна. Мөн Орон нутгийн өмчийн газрын ажилтан надад “Дуудлага худалдааг дахин явуулна” гэж хэлээд автомашиныг надад шилжүүлэхээс цааргалаад байна. Ер нь эдгээр албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж санаатайгаар хууль дүрмийн дагуу худалдан авсан миний өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой автомашиныг өгөхгүй байна гэж би ойлгож байна. Худалдан авсан х маркийн х улсын дугаартай автомашиныг 1.100.000 төгрөгөөр үнэлж байна. Иймд худалдан авсан х маркийн х улсын дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа х маркийн х улсын дугаартай машины гүйлт норм дууссан тул данснаас хасуулах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар дамжуулан аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлснээр аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 270 тоот албан бичгээр уг машины дуудлага худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулах шийдвэр ирсэн. Энэ шийдвэрийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, сумын өмч хамгаалах байнгын комиссын дарга И-ээр ахлуулсан ажлын хэсэг дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Дуудлага худалдаанд 4 хүн оролцож х багийн иргэн Э 6.600.000 төгрөгөөр ялалт байгуулсныг ажлын хэсэг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн мөн өдрөө дахин дуудлага худалдаа зохион явуулж иргэн Б-д 1.100.000 төгрөгөөр өгөхөөр гэрээ байгуулсан байна. Дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн 5, 41.3 дахь хэсгийн 3 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2, 43.4 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5, 7 дугаар зүйлийн 7.8, 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна. Уг машиныг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн албан ёсны шийдвэргүйгээр лацыг хөндөж авч явсан нь хууль бус гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дахь заалт, аймгийн ИТХ- ын 2019 оны 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалтын дагуу сумын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Орон нутгийн өмчийн газарт аймгийн ИТХ-ын 2019 оны 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4 дахь заалтын дагуу дуудлага худалдааны ялагчид “Өмчлөх эрхийн батламж” олгосны дараа битүүмжлэлтэй байсан эд хөрөнгийг сумын Засаг даргын тамгын Газраас авах эрхтэй юм. Иймд уг дуудлага худалдааг дахин явуулах шаардлагатай гэж үзэж байна. Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газар болон иргэн Б нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэжээ.

    Хариуцагч Увс аймгийн х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/141 дүгээр тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа х маркийн х дугаартай автомашиныг 1.000.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн дагуу олон нийтэд нээлттэй явуулах зарчим баримтлан хуулийн хүрээнд 1 сарын өмнө цахим болон бусад хэлбэрээр зар тавьж, дуудлага худалдаа зохион байгуулах комисс байгуулж 2019 оны 12 дугаар сарын 25-ны 10 цагаас дуудлага худалдаа зохион байгуулсан юм. Дуудлага худалдаанд 4 хүн оролцож х багийн иргэн Э 6.600.000 төгрөгөөр ялалт байгуулсныг ажлын хэсэг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн мөн өдрөө дахин дуудлага худалдаа зохион явуулж иргэн Б-д 1.100.000 төгрөгөөр өгөхөөр гэрээ байгуулсан байна. Дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6, 44 дүгээр зүйлийн 44.1,44.2 дахь заалт, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах” журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна. Иймд Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журамд зааснаар дуудлага худалдааны оролцогсдын бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болох ёстой ба уг дуудлага худалдаанд оролцож ялагч болсои иргэн нь бүртгэл дууссанаас хойш бүртгүүлж дуудлага худалдаанд оролцсон нь журмын 4.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42.6 дахь заалт тус тус зөрчигдөж байгаа тул Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу дахин явуулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

    Хариуцагч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын Засаг даргын Тамгын газарт ашиглаж байсан х маркийн х авто машины дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулсан байгаа. Тус дуудлага худалдаатай холбоотой иргэний гомдол манай газарт ирсэний дагуу судалж үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/08 тоот тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журам”-д зааснаар дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуусгавар болгох ёстой байдаг. Гэтэл тус дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэлээс харахад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 цаг 57 минутад сүүлийн оролцогчийг бүртгэсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэг, Үндсэн хөрөнгийн Дуудлага худалдааг зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5, 9 дүгээр зүйлийг зөрчсөн байсан тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулах, мөн хууль, журмыг зөрчин дуудлага худалдаа явуулсан ажлын хэсэгт зохих хариуцлага тооцохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа. Иргэн Б-ийн нэхэмжлэлд “Орон нутгийн өмчийн газрын ажилтан надад дуудлага худалдааг дахин явуулна гэж хэлээд автомашиныг надад шилжүүлэхээс цааргалаад байна, миний хууль, дүрмийн дагуу худалдан авсан автомашиныг өгөхгүй байна гэж би ойлгож байна” гэсэн байна. “2020 оны 1 дүгээр сарын эхээр дуудлага худалдааны ялагч болсон хүн би байна, надад машиныг өгөхгүй байгаа учраас шүүхэд хандах гэж байна” гэсэн хүн манай мэргэжилтэн Д-тэй уулзахад Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын холбогдох /дээрх/ заалтыг танилцуулж, хоцорч ирсэн иргэнийг бүртгэж дуудлага худалдааг зохион байгуулсан нь журам зөрчсөн ажиллагаа тул /иргэн өөрөө уншиж танилцсан/ уг асуудлаар х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичиг хүргүүлсэн байгаа болон шүүхэд хандах эрх нь өөрт нь байгааг хэлж танилцуулаад явуулсан байна. Орон нутгийн өмчийн газар нь батлагдсан хууль, дүрэм журмыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх, биелэлтийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий Төрийн байгууллага тул нэг талыг барьж асуудалд хандах боломжгүй юм” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Үндсэн хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулах журмын холбогдох заалтыг танилцуулж, хоцорч ирсэн иргэнийг бүртгэж дуудлага худалдааг зохион байгуулсан нь журам зөрчсөн ажиллагаа тул дахин 14 хоногийн дараа дуудлага дахин явуулах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б нь хариуцагч Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газар, Увс аймгийн х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдуулан худалдах-худалан авах гэрээний дагуу автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хариуцагч нар нь “Дуудлага худалдаа хуулийн дагуу явагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

    Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газар, Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №01 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу Увс аймгийн х сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Орос улсад 2010 онд үйлдвэрлэсэн, 8 жил, ашигласан, х маркийн бор өнгийн автомашиныг шилжүүлж, эд хөрөнгийн үнэд Б 1.100.000 төгрөг төлөхөөр тохиролцож, төлбөрийг Увс аймгийн Орон нутгийн өмчийн х тоот дансанд шилжүүлжээ.

     Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Худалдагч нь худалдан авагчид эрхийн доголдолгүй, х маркийн эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөх үүрэгтэй, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “Худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авах болон холбогдох баримтыг шаардах эрхтэй”, мөн 4.2.5-д “Гэрээний үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй”, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “энэ гэрээ нь 3 хуудас, үндсэн эхийг Монгол хэл дээр 2 хувь үйлдэж, тал тус бүр 1 хувийг хадгална. Гэрээний эх хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй байна” гэж заажээ.

      Гэрч И-гийн “...Дуудлага худалдаа явуулах шинэчилсэн журмыг дуудлага худалдааны өмнөх өдөр ирүүлээгүй, дуудлага худалдаа болох өдөр 10-20 минутын өмнө би өөрөө С, Т нартай утсаар ярьж авсан. Тэд надад үнэ хаялцах интервалын хэмжээнд өөрчлөгдсөн бусад зүйл нь хэвээрээ гэсэн юм. Дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргасны дараа Би С-тай утсаар ярьсан. Б гэх хүн гомдол гаргасан байна, одоо яах вэ? гэхэд "бүртгэлд хожимдож бүртгүүлсэн хүнийгээ хасаад дахин дуудлага худалдаа явуул" гэж хэлсэн юм. Тухайн үед би утсаа чанга яригч дээр нь тавиад дуудлага худалдаанд оролцогч болон ажиглагч нарт сонсгож ярьсан юм. Б-тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ хүчинтэй. Гэрээ байгуулахаас өмнө Б аймгийн Орон нутгийн өмчийн газраас дансаа аваад мөнгөө тушаасан баримтаа авч ирээд, гэрээ байгуулагдаж машинаа аваад явсан. Машин хулгайлагдсан зүйл байхгүй. Б гэрээ байгуулсны үндсэн дээр машины аваад явсан. Би дуудлага худалдаа зохион байгуулахдаа Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас заавар зөвлөгөө авсны үндсэн дээр зохион байгуулсан учраас миний буруу биш гэж үзэж байна. Надад дуудлага худалдааг дахин явуул гэсэн зөвлөмж өгсөн учраас би дахин зохион байгуулсан юм” гэх мэдүүгээр дуудлага худалдаа хуулийн дагуу дахин явагдсан, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогдож байна.

      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

    Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий х маркийн х улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэлээ.

    Харин хариуцагч Увс аймгийн х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 30.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газраас газраас 30.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 39.250 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б-д олгох нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Б нь шүүх хурлын товтой танилцлаа. Би Өмнөговь аймагт ажиллаж байгаа учир өөрийн өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтэй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий х маркийн х улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, хариуцагч Увс аймгийн х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 30.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн х сумын Засаг даргын Тамгын газраас газраас 30.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 39.250 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                                                                                                       

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР