Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2018/00063

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 05 дугаар багт байршилтай “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Б” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг “Ө” үйлчилгээний төвийн 3х7 метрийн хэмжээтэй зууны байрыг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг даалгах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Манай компани эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт /хуучин соёлын төв/ 2900 м.кв газар эзэмшдэг. 2017 оны хавраас эхэлж зочид буудал, үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгыг уг эзэмшил газарт холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон ажил эхлэх зөвшөөрлийн дагуу барьж байна. Гэвч барилга барих ажил эхлэхээс өмнө бидний эзэмшил газарт ямар ч зураг төсөвгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүй, зөвшөөрөлгүйгээр “Ө” үйлчилгээний төвийн эзэн А.М нь 3 х 7 метрийн хэмжээтэй зуухын байрыг... дур мэдэн өргөтгөж барьсан. Манай компанийн зүгээс хариуцагчид зуухын байрыг сайн дураар буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч ирсэн. Тухайлбал, манай барилга баригдахаар төлөвлөгдсөн ухаж бэлтгэгдсэн газарт өөрчлөлт орж, тухайн буцаагаад булсан зэрэг төлөвлөгдөөгүй ажлууд хийгдэж илүү зардал гаргаж багагүй хэмжээний материаллаг хохирол амссан. Нөгөө талаас ингэснээр цаг хугацаа алдаж чирэгдэл боллоо. Иймд “Б” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031304202 дугаар бүхий 2900 м.кв талбайтай хууль ёсны эзэмшил газарт барьсан хариуцагч “Ө” үйлчилгээний төвийн зуухын байрыг  албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “...“Ө” үйлчилгээний төвийн эзэн А.М миний бие нэхэмжлэгч “Б” ХХК-ны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад холбогдуулан гаргасан “Б” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй юм. Үүнд:

1. Миний бие “Б” ХХК-ны эзэмшлийн газарт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр зуухны байр барьсан гэдэг нь үндэслэлгүй. Би нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зуухны байрыг барих үед нэхэмжлэгч Х.Ж нь амаар зөвшөөрсний үндсэн дээр 2013 онд уг байрыг барьсан. Хэрэв тухайн үед зөвшөөрөөгүй байсан бол би уг зуухны байрыг барихгүй байх байсан. Энэ зуухны байрыг барихад надаас нийт 7600000 төгрөгийн зардал гарсан. Хэдийгээр бид бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй ч тэдний эзэмшлийн газар дээр зуухны байр барих миний хүсэлтийг тухайн үед нэхэмжлэгч тал хүлээн авч зөвшөөрсөн тул бидний дунд хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуульд “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Иймд бидний амаар тохиролцсоны үндсэн дээр үйлдэл хийгдсэн тул энэ хэлцэл хүчинтэй. Хэрэв миний тэдний эзэмшлийнх нь газар дээрх зуухны байр барих хүсэлтийг нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн авахгүй байсан бол тухайн үед тэд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байсан. Гэвч тэд энэ талаар ямар нэгэн асуудал хөндөж байгаагүйгээс үзэхэд тэд миний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэдэг ч нотлогдож байна.

2. “Б” ХХК-ны зүгээс надад хандаж зуухны байрыг сайн дураараа буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан гэдэг нь мөн үндэслэлгүй. Харин ч надтай зуухны байр барьсан тухайн газрыг авсан үнээр нь аваарай гэж “Б” ХХК нь хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр миний бие 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банк дахь “Б” ХХК-ны 111111111111 тоот дансанд 4800000 төгрөг шилжүүлж байсан. Тийм ч учраас надад хандаж газар чөлөөлөх тухай албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Хэргийн материалаас харахад “А” ХХК -нд газар чөлөөлөх тухай албан бичиг явуулж байсан ба надад хандаж газар чөлөөлөх тухай нэг ч удаа албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Энэ баримтуудаар надад уг зуухны газрыг харилцан хэлэлцэн тохиролцож худалдсан гэдэг нь нотлогдож байна.

3. Харилцан хэлэлцэн тохиролцоод зуухны байр бариулаад, газрын үнийг надаас авсан атлаа одоо газар чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа “Б” ХХК нь миний Иргэний хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна. Тэд хэлцлээр тохиролцсон үүргээсээ татгалзаж байгаа бол энэ хэлцлийн улмаас надад учирсан гэм хорыг бүрэн арилгах ёстой. Уг газарт зуухны байр барихад гарсан 7600000 төгрөг болон газрын үнэд шилжүүлсэн 4800000 төгрөг, уг мөнгийг банкны зээлээр авсан тул зээлийн хүүд тооцвол сарын хүүд 7600000 х 1,9%=144400,58 сараар бодоход 8375200 нийт 20775200 төгрөгийн нөхөн төлбөрийг надад өгсөн тохиолдолд миний бие тэдний шаардлагыг хүлээн авах болно. Зуухны байрыг барьсан гэх газар нь бохирын цооногтой газар тул үзлэг хийж өгнө үү.

4. Миний бие уг үйлчилгээний байр барьсан газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 тоот шийдвэрээр авсан. Харин “Б” ХХК нь уг газрыг 2013 онд авсан байгаа. Газар эзэмших, ус хангамж, хот суурин ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “цэвэр шугамын гол тэнхлэгээс 2 тийш 5 метр, бохир усны гол тэнхлэгээс 2 тийш 6 метр байх хамгаалалттай байна” гэсэн заалтыг зөрчиж цэвэр, бохир шугамтай газрыг хууль бусаар “Б” ХХК-нд газар буруу нэмж олгосон гэдгийг хэлье. “Б” ХХК нь надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй бол миний бие газар буруу олгогдсон энэ асуудлын талаар холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах болно.

5. Мөн “Б” ХХК нь эзэмшлийн газартай хөрш залгаа миний өмчлөлийн “Ө” үйлчилгээний төв байгаа. Иргэний хуульд зааснаар хөршүүд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй. Гэтэл “Б” ХХК нь тэдний эзэмшлийн газраар дамжин орж өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн аюулгүй байдлын талаарх миний эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2900 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, “Б” ХХК-ийн газарт баригдсан “Ө” үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 2.6 х 6.7 метрийн хэмжээтэй зуухны байрыг албадан буулгахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. “Б” ХХК-ийн зүгээс А.М-д зуухны байрыг барихыг зөвшөөрсөн тухайд: Маргаан бүхий газарт зуухны барилгыг дураараа барьсан асуудал байхгүй, тухайн үед зуухны байр барихаар болоход Д.М зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2014 онд “Б” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.М, иргэн Ж нараас гэрчийн мэдүүлэг авах, мөн иргэн С-ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.  Тухайн үед зуухны барилга барих үед нэхэмжлэгч нарын зүгээс зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэх нь энэ хэрэгт чухал нотлох баримт болох байсан. Нэхэмжлэгч талаас шүүхэд өгсөн бичгийн баримтуудаас харахад уг баримтууд нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй А.М-д удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан гэдгийг нотолж чадахгүй байгаа бөгөөд зөвхөн “А” үйлчилгээний төвийн эзэнд хамааралтай баримтууд болохыг дурдаж байна. Мөн 2014 онд “Б” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.М нь 2014 онд Сум дундын 2 дугаар шүүхэд “А” үйлчилгээний төвийн эзэн С.А хууль бусаар бусдын газар барилга барьсан тул албадан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ.

Энэхүү нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд, А.Мийг 2014 онд зуухны барилгыг мөн оны 8 дугаар сард барьж дуусгасныг мэдсэн байгаа ба “Ө” үйлчилгээний төвийн хойд талд баригдсан байрыг албадан буулгах нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн “А” үйлчилгээний төвд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байсан гэдгээрээ, түүнчлэн хууль бусаар баригдсан байрыг албадан буулгах шаардлагуудыг зөвхөн “А” үйлчилгээний төвд холбон гаргаж байсан тул А.М-тэй харилцан тохиролцсон, зөвшөөрсөн болох нь хангалттай нотлогдсоныг шүүх анхаараагүй.

            2. Газрын тухай хуульд зааснаар арга хэмжээ аваагүй тухайд: Газрын тухай хуулийн дагуу газрыг албадан буулгах арга хэмжээ авах эрх бүхий этгээд, албан тушаалтныг шууд заасан бөгөөд уг арга хэмжээг авах, хуулийн хариуцлага хүлээлгэх шат дарааллыг хуульд тусгажээ. Гэтэл шүүхээс эрх бүхий этгээдийн эрх хэмжээнд шууд хөндлөнгөөс оролцож шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн. Учир нь, газар чөлөөлөхтэй холбоотой асуудал салбар хуульд тусгайлан зохицуулагдсан байх бөгөөд эхлээд мэдэгдэл хүргүүлэх, дараа нь тодорхой хугацаа тогтоосны үндсэн дээр биелүүлээгүй бол албадан нүүлгэх аргах хэмжээ авах, албадан нүүлгэх арга хэмжээг биелүүлээгүй нөхцөлд торгох, цагдаагийн байгууллагын тусламжтайгаар аймгийн Засаг даргын шийдвэрийг албадан биелүүлэх зэрэг хуулийн зохицуулалт харагдаж байна. Харин дээрх хуулийн арга хэмжээ эс биелэгдвэл шүүхэд хандах боломжтой байтал шүүхээс албадан буулгаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

            3. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Тэрээр шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.М-ийн барьсан гэх байр нь барилга хоорондох зай, барилга байгууламжийн норм ба дүрмийг зөрчсөн эсэх, “Б” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын цонхыг хаах, байгалийн гэрлийн тусгал тусахгүй байх, эсхүл явах хүний зам, машин орж, гарах хаалгыг хаах, өөрөөр хэлбэл эзэмшил газраа ашиглахад ямар хэлбэрээр саад болж байгаа талаар тодруулахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан тийм зүйл байхгүй, гагцхүү хууль ёсны эзэмшил газраас хууль бусаар баригдсан байрыг л чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа хэмээх хариултыг өгсөн.

            Дээрх Иргэний хуулийн эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд нь хэн нэгэн этгээд бусдын эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байхыг шаардаж байгаа ба А.М-ээс зуухны барилгыг 2014 онд барьж, 2018 он хүртэл 4 жилийн хугацаанд ашиглах явцдаа ямар нэгэн хэлбэрээр саад учруулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд, нэхэмжлэгч талаас хариуцагчийн буруутай үйлдэл, саад учруулж байгаа нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй, ийм зэргийн байдал нотлогдохгүй байгаа, ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэсэн нь буруу болжээ.            Түүнчлэн, газар нь хөрөнгө биш, үл хөдлөх хөрөнгө байх тул хөрөнгө гэх нэр томьёог үл хөдлөх хөрөнгөтэй холбож, адилтган үзэх боломжгүй.

            4. Хөршийн эрхийн талаар: “Ө” үйлчилгээний төв болон “Б” ХХК-ийн шинээр баригдаж буй барилга, тэдгээрийн эзэмшил газар нь хил залгаа оршдог буюу “Б” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын урд талд “Ө” үйлчилгээний төв оршдог байх тул үүнийг хөрш залгаа байдлаар тодорхойлогдоно. Тэрээр нэхэмжлэгч талаас хариуцагч бусдын газарт хууль бусаар барилга байгууламж барьснаар ямар хохирол учрах, зуухны байрыг барьснаар нэхэмжлэгч талын барьж буй барилга байгууламж нурж унах аюул тулгарч байгаа эсэх, тэдний барилгын доор эсхүл дээр нь баригдсан эсэхийг тодорхойлж чадаагүй буюу хариуцагчийн татгалзлыг няцаагаагүй бөгөөд дээрх нөхцөл байдал бодит байдалд хэрхэн бий болсныг нотолж чадаагүй болохыг дурдаж байна. Ер нь хөршийн зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан гэж үзвэл эсхүл хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй шаардлага хүргүүлэхээр байгаа ба нэхэмжлэгч талаас “Ө” үйлчилгээний төв зуухны барилга хууль бусаар баригдсаныг 2014 онд мэдсэн болохыг дээр дурдсан. Нөгөөтээгүүр, “Ө” үйлчилгээний төвийн эзэнд ямар ч шаардлага хүргүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Тиймээс, барилга байгууламж баригдах явцад уг үйлдлийг зогсоохыг шаардаагүй, түүнчлэн барилга байгууламж барьж байсныг мэдэж байсан байх тул уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Хөршийн эрхийн тухай хуулийн зохицуулалт нь энэ хэрэгт хамааралгүй гэж Тогтоох хэсгийг уншсаны дараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан хэдий ч анхан шатны шүүх энэ талаар шийдвэртээ тусгаагүй, огт дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 134, 135-т заасныг уг хэргийг шийдвэрлэхэд хэрэглээгүй нь буруу. Нэмж хэлэхэд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй, хариуцагчийн татгалзлыг няцаагаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараар бүрэн дүүрэн харагдаж байна. Иймд, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн үндэслэл буюу барилгыг албадан буулгах ямар хуулийн заалтыг баримталсан нь тодорхой бус байх тул 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Хариуцагчийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57.4, 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн гомдлын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаар захирамж, 000303210 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, хариуцагч А.М-ээс 2017 оны 4 дүгээр сард “Б” ХХК-нд хандаж гаргаж байсан өргөдөл, хариуцагч А.М-ийн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1-01/2142 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар нь нэхэмжлэгч “Б” ХХК-нд эзэмшүүлсэн 2900 м.кв газартай бүхэлдээ давхацсан болох нь нотлогдсон. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалт нь энэ хэрэгт хамааралгүй асуудал. Учир нь, хэнд ч өмчлүүлээгүй буюу эзэмшүүлээгүй газарт хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан тохиолдолд хуулийн энэ заалтын дагуу арга хэмжээ авагддаг юм. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 болон 60.2-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан. Тийм учраас энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-1 заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн гомдлын тухайд: Хариуцагч А.М нь бусдын газарт зөвшөөрөлгүйгээр зуухны байрыг барьсан гэдгээ зөвшөөрсөн. Энэ нь бусад байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, хариуцагч А.М-ээс 2017 оны 4 дүгээр сард “Б” ХХК-нд хандаж гаргаж байсан өргөдөл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон. Хэрэв бусдын газарт зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж нь тухайн газрын хууль ёсны эзэмшигчид ямарваа нэгэн байдлаар саад учруулаагүй л бол нэхэмжлэгч эзэмшил газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй мэтээр үзэж байгаа хариуцагчийн тайлбар өөрөө үндэслэлгүй тайлбар байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хууль бус эрх ашиг хамгаалагдах учиргүй.

Хөршийн эрхийн талаар гаргасан гомдлын тухайд: Иргэний хуулийн 134-141 дүгээр зүйл нь хил залгаа хөршүүдийн хооронд гарч болох маргааныг зохицуулах зорилготой. Өөрөөр хэлбэл хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө,  хөрөнгө, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газар нь нэхэмжлэгч “Б” ХХК-нд эзэмшүүлсэн 2900 м.кв газартай бүхэлдээ давхацсан болох нь нотлогдсон. Тэгэхээр энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. 27.2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно. 27.3. Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус заасан. Дээрх байдлаар хариуцагч А.М нь маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байгаагаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газарт зуухны байр баригдаж байхад анхнаасаа зөвшөөрсөн асуудал байхгүй болно. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын одоогийн 2900 м.кв газрыг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж эзэмшиж байгаа ба тэрнээс өмнө иргэн Х.Н эзэмшдэг байсан. Тэгэхээр хариуцагчийн зүгээс Ж нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт нь энэ хэрэгт хамааралгүй байсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн тус шүүхэд хандаж гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч А.М-д холбогдуулан гаргасан өөрийн хууль ёсны эзэмшлийн 2900 м.кв талбайтай газрын 2,6м х 6,7 метрийн харьцаатай, 17.42 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийг  хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2.-т заасныг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна.

 

            2. “Б” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэгж талбарын 0000000 дугаар бүхий 2900 м.кв талбайтай газрыг 7 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар, хууль ёсоор эзэмшдэг нь эрх бүхий байгууллагаас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 00000000 дугаар гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 618 дугаар захирамж, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

3. Уг газарт хөрш залгаа орших хариуцагч А.М-ийн эзэмшил газарт баригдсан түүний өмчлөлийн “Ө” үйлчилгээний төвийн 2,6м х 6,7м харьцаатай зуухны барилга нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт байрлаж байгаа талаар талууд маргаагүй, уг үйл баримт зохигчийн тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хавсралт схем зураг, гэрэл зураг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            4. Харин нэхэмжлэгч нь тухайн газрын өмчлөгч бус хууль ёсны эзэмшигч бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө чөлөөлүүлэхийг шаардсан байхад шүүх өмчлөгчийн эрхэд хамаарах хуулийн зохицуулалтуудыг хэрэглэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2.-т заасан зохицуулалт нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл шаардлага гаргах эрхийг зохицуулсан, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байх тул хуулийн дээрх заалт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

 

5. Түүнчлэн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-т шударга эзэмшигчийн эд хөрөнгө нь түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж буй нөхцөлд уг саадыг арилгуулахаар шаардах эрхийг зохицуулжээ. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшил газрын дийлэнх хэсэг нь түүний эзэмшилд байгаа боловч албадан чөлөөлүүлэхийг хүссэн 17.42 м.кв талбайтай газарт хариуцагч А.М нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зуухны барилга барьчихсан байх тул нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсэж буй газрыг түүний эзэмшил, мэдэлд байна гэж үзэх үндэсгүй. Тиймээс анхан шатны шүүх маргааны үйл баримтад хуулийн уг заалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            6. Хариуцагч А.М нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшлийн газарт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зуухны барилга барьсан байх тул түүнийг шударга бус эзэмшигч гэж үзэх ба Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-т зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээд “Б” ХХК-д эд хөрөнгийг нь буцааж өгөх үүрэгтэй.

 

            Хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүний эзэмшил газарт барилга барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хөршийн эрхтэй холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Газрын тухай хуульд зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлээгүй” талаар гаргасан давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:  

 

“1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн хариуцагч А.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байршилтай 2900 м.кв талбайтай газрын 17.42 м.кв талбайтай газрыг А.М-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, “Ө” үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 2,6 х 6,7 метрийн харьцаатай, 17.42 м.кв талбайтай зуухны байрыг албадан буулгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            С.ӨМИРБЕК