Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 177

 

 

 

  

 

 

      2020           02             6                                         2020/ДШМ/177        

 

 

Б.О, Ш.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

 прокурор Д.Пүрэвдагва,

 шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,  

             нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлоор Б.О, Ш.Э нарт  холбогдох эрүүгийн 2014250007138 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 1.  Харуул овгийн Б.О, 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 2 дугаар байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: КН82061872/;

 

 2. Авзага овгийн Ш.Э, 1968 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, “Эерэг туйл”  ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 3 дугаар байрны 37 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ГГ68050512/;

Шүүгдэгч Б.О нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар “...Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч “Эерэг туйл” ХХК-ийн захирал Б.Огийн тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх", 27 дугаар зүйлд "Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд /Тендерийг үнэлэх/ зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэх, мөн тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг өөрийн эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд авсан,

мөн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Худалдаа хөгжлийн банкны төв салбарын автомашины зогсоол дээр автомашин дотор “Эерэг туйл” ХХК-ийн захирал Б.Огаас 35.000.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч “Эерэг туйл” ХХК-ийн захирал Б.О нь Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оын тавьсан саналын дагуу тус яамнаас 2013 оны 8 дугаар сард зарлагдсан Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар “...Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн 2 барилгын угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн “Эерэг туйл” ХХК-д давуу байдал бий болгон шалгаруулсны төлөө Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Б.Оын тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаатай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг Б.Оын эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд өгсөн,

улмаар тендерийн эхний санхүүжилтээс Б.Од 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн автомашинд 35.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус  тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О, Ш.Э нарт холбогдох хэргээс шүүгдэгч Б.Оыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар “...Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч “Эерэг туйл” ХХК-ийн захирал Б.Огийн тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх", 27 дугаар зүйлд "Тендерийн хянан үзэх”, 28 дугаар зүйлд /Тендерийг үнэлэх/ зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэх, мөн тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг өөрийн эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд авсан гэх, мөн шүүгдэгч Эерэг туйл” ХХК-ийн захирал ажилтай Б.Ог Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оын тавьсан саналын дагуу тус яамнаас 2013 оны 8 дугаар сард зарлагдсан Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар “...Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн 2 барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн “Эерэг туйл” ХХК-д давуу байдал бий болгон шалгаруулсны төлөө Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Б.Оын тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаатай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг Б.Оын эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд өгсөн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооос 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь 58 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороонд хийгдсэн 100 хүүхдийн барилгын бичиг баримт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 100 хүүхдийн канад технологийн цэцэрлэгийн барилгын улсын комиссын актын ажилтай холбоотой шар өнгийн хавтастай материал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн бэхэлгээний зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын газар доорх ус зайлуулах системийн байгууламжийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын суурийн өөрчлөлтийн зураг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын зургийн 2012 онд баталсан нийт 146 хуудас материал, 2 ширхэг дуу бичлэгтэй диск зэргийг хэрэгт үлдээж, Самсунг Эс-3 маркийн хар саарал өнгийн гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Од буцаан олгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

                            

            Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийг шалгасан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Дониднинж болон хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн прокурорын газраас тус газрын удирдлагууд хэрэгт илт нөлөөлөн хууль бус тогтоол шийдвэрийг удаа дараалан гаргасны улмаас зориуд зохион байгуулалттайгаар хугацаа авч, үүний уршгаар тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болж, яллагдагч Б.О нь ял завшин явна. Авлигатай тэмцэх газраас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлснийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хэрэгт хяналт тавьж байсан прокурор А.Дэлгэрмөнх хүлээн авч хянасан юм. Б.О өмгөөлөгчийн хамт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор А.Дэлгэрмөнхөд Г-881 дугаартай гомдлыг гаргасан байна. 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №01 тоот Монголын Төсөвчдийн холбооны шинжээч нарын гаргасан төсвийн шинжилгээг дутуу эргэлзээтэй болсон гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлтэй байсан. Анхан шатны шүүх Б.Оын цалин хөлсийг дутуу бодсон, бусдад өгсөн гэх 28.800.000 төгрөгийг төсөвт тусгуулах талаар буруу үндэслэл сонгосон. Тухайлбал, бетон зуурмаг М:250 байх ёстой байтал М:150 гэж тооцсон. Үүнээс болоод цалин, материал, тээвэр, механизм зардлууд багасаж хохирол нэмэгдсэн. Барилгын суурийн нүх болон дүүргэлтийн шорооны хэмжээ, тээврийн зардлыг буруу тооцон 1650м3 шороог 624м3 гэж үзсэн. Барилгын ажлын санхүүжилт орж ирэхээс өмнө бусдаас зээл авч үйл ажиллагаа явуулж байсан. Энэ мөнгөн дүн, хүү зардлыг тооцолгүй орхигдуулж мөн материалын зардлыг дутуу тооцсон. Арматурыг 15.5 тонн авсан баримт байхад 3.1 тонноор тооцсон. Монголын Төсөвчдийн Холбооны багийн гишүүн С.Мөнхжаргал нь уг  холбооны тэргүүн Д.Санжийн хүү байх тул эрх ашгийн зөрчилтэй гэх зэрэг шалтгаануудыг гомдолдоо дурдсан байдаг. Төсвийн үнэлгээ  гэдэг нь батлагдсан зургаар хийгдсэн ажлын тоо хэмжээг төсвийн программд оруулан автоматаар уг ажилд зарцуулсан зардлыг тооцон гаргадаг үйлдэл юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан байдаг. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн газрын хяналтын байцаагч нар, барилга хөгжлийн төвийн мэргэжилтэн нарын хамтарсан багийн гишүүд дээрх асуудлуудыг үндэслэлгүй болохыг өөрсдийнх нь гаргах шинжилгээнд хамааралгүй  болохыг дахин зааж өгсөн. Б.Оын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Г-881 дугаартай гомдолд хэрэгт хяналт тавьж байсан прокурор А.Дэлгэрмөнх 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр татгалзсан хариу өгсөн ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэйг дурдсан боловч 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуулийн хугацаа дууссан. Гомдол гаргах хуулийн боломжит хугацаа дууссанаас 9 хоногийн дараа  хэрэг шүүхэд шилжсэн. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Оын гаргасан гомдлыг хууль зөрчин хүлээн авсан байдаг. Б.Оын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Г-881 дугаартай гомдол болон 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гомдлууд нь агуулгын хувьд ижил юм. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Г-881 дугаартай гомдолд татгалзсан хариу өгсөн.  2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 16 хоног өнгөрсний дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Б.Оын гаргасан гомдлыг хууль зөрчин хүлээн авсан нь тэдний хооронд мөнгөний тохироо хийгдэж, Б.Оын үйлдлийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Б.Оын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдолд татгалзсан хариу өгсөн хяналтын прокурор А.Дэлгэрмөнх №141 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулан өгч хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжсэн гэх ойлголттой байсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газраас дуудаж дахин үйлдсэн яллах дүгнэлт гардуулан өгч, гарын үсэг зуруулсан юм. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардуулж өгсөн яллах дүгнэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байдаг. Хэрэг шүүхэд шилжсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдсэн. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.О эхнэр Б.Баярмаагийн хамт Б.О надаас 163.000.000 төгрөгийг авсан. Уг өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байтал Нийслэлийн прокурорын газрын дарга болон орлогч прокурор нар хууль зөрчсөн үйлдлийг зохион байгуулаагүй байсан бол 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 5 сарын хугацаанд шүүх хурал болсон бол Б.О нь хорих ял авах байсан. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр болсон анхны шүүх хурал дээр Б.О Б.О надаас 35.000.000 төгрөгийн авлигал авсан талаараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Шийтгэх тогтоолд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна” гэж бичсэн дүгнэлт нь өрөөсгөл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг хангасан нь үнэн боловч Б.О миний маш олон эрх ноцтой зөрчигдсөн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Мөн хуулийн 1.12 дугаар зүйлд “Хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчим”-ыг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 4.2 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй орхигдуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О нь Б.Од 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 2 цэцэрлэгийн ажлыг авч өгөхийн тулд 35.000.000 төгрөгийг авсан. Шүүгдэгч нар тухайн мөнгийг авсан, өгсөн үйлдлийнхээ талаар маргадаггүй. Харин 17 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн ажлыг Б.О нь “Хээгт рашаан” ХХК-ийн нэрээр хийж гүйцэтгэе гэж санхүүжилтээс 167.000.000 төгрөгийг авсан боловч хийж гүйцэтгээгүй. Зөвхөн цэцэрлэгийн суурийг хийсэн ч чанарын шаардлагад нийцээгүй учраас Б.О өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс үүдэн Б.О нь Б.Од залилуулсан 167.000.000 төгрөгийг гаргуулах ёстой байтал шалгаагүй орхигдуулсан. Аудит болон шинжээчийн дүгнэлтээр Б.Оын хийж гүйцэтгэсэн ажлын төсөв 115.000.000 төгрөг болсон гэж удаа дараа тогтоогоод байхад Б.Од учирсан хохирлыг огт шалгаж тогтоосон зүйлгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг захирамжид хэнд хохирол учирсан болохыг шалгаж тогтоохыг заасан байхад мөрдөгч, прокурор шалгаж тогтоогоогүй. Улмаар анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд миний үйлчлүүлэгч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

 

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар прокурор 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн боловч 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гомдол гаргасан учир шүүхэд хэрэг шилжээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан байна. Доод шатны прокурорын шийдвэр буюу яллах дүгнэлтийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргаж  тухайн шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгож, хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломж хуульд байгаа. Энэхүү журмын дагуу ажиллагаа явагдсан. Хугацааны хувьд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг буцааж, шүүхэд шилжүүлэхгүй хугацаа алдсан нь тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гэж үзвэл албан тушаалын эрх, үүргээ урвуулан ашигласан, эсхүл хэтрүүлсэн эсэхийг шалгуулах боломжтой. Түүнчлэн, төрд тангараг өргөсөн прокурор бусдын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг санаатай дуусгах байдлаар хандсан гэж үзэхгүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.О, Ш.Э нарт холбогдох 556.900.000 төгрөгийн өртөгтэй барилгын ажлыг Б.Од өгсөн. Мөн Б.Огийн 35.000.000 төгрөгийг хахуульд өгсөн асуудал яригдаж байна. Б.О, Б.О нар нь 35.000.000 төгрөгийн хахууль өгсөн, авсан үйлдлийнхээ талаар  маргадаггүй. Харин 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах цэцэрлэгийн барилгыг Б.О нь тендерийн хорооны үнэ буюу 10 хувийг төлөх ёстой гэх зүйлийг ярьж, харин Б.О нь 120.000.000 төгрөгийг төлсөн. Улмаар тухайн гэрээг Б.О, Б.О нар нь Б.Оын эхнэр Баярмаагийн нэр дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу үйл ажиллагаа явагдсан. Тухайн гэрээтэй холбогдуулж гарч байгаа барилгын суурь зутгасан үйлдлээс болж ус гарсан тул чанарын шаардлага хангаагүй гэх зүйл яригддаг. Үүнтэй холбоотой маргаан нь иргэний эрх зүйн харилцаа учир Б.Од залилуулсан гэж үзэж байгаа бол иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 556.900.000 төгрөгийн барилга барих эрхийг өгч байгаа үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас дахин сэргээснээр үр дүнд хүрэхгүй. Нийтийн албан тушаалтан буюу зүйлчлэлийн хувьд 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжих үед үйлдэгдсэн гэмт хэрэг учир шүүгдэгчид ашигтай шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, Боловсрол, Шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 15-ны А/74 тушаалаар  “Үнэлгээний хороо” байгуулж, тус хорооны нарийн бичгийн даргаар барилга захиалагчийн албаны инженер Б.Оыг томилжээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтанд орсон албан тушаалтнууд нийтийн албан тушаалтанд хамаарна.

 

Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооноос баталсан албан жагсаалтанд “үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын” албан тушаал нь агуулгаараа багтаж байгаа учраас “нийтийн албан тушаалтан” гэж үзнэ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд “Хээл хахуул авах” гэмт хэргийн субъектыг “Албан тушаалтан” гэж өргөн хүрээтэй тодорхойлсон бөгөөд Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсэрг конвенцэд зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран” төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан тул шүүгдэгч Б.Оыг Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувьд хахууль авах гэмт хэргийн субъектын шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймээс Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, эсхүл мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үнэдэслэлийг судлан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохироогүй байхад тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Тендерийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй нөхцөлд бусад аж ахуй нэгж, байгууллагын холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөх, түүнчлэн төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын хамгаалж ажиллах зарчим хөндөгдөхөд хүргэх юм.

Тендер хууль бус болохыг тогтоосон бол тендерийн үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т ““авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” гэж заасан бөгөөд Б.О нь Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Од давуу байдал олгон 1.200.000.000 төгрөгийн өртөг бүхий тендерт шалгаруулж, уг тендерээс 556.903.508 төгрөгийн өртөг бүхий тендерийн ажлыг өөрийн эхнэр Баярмаагийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцож авсан үйлдэл нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийсний дараа иргэний эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийвэл зохино.

 

Мөн анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн мөртлөө хээл хахууль өгөх, авах гэмт хэргийн гол шалтгаан болсон  шүүгдэгч Б.Оын Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар “...Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч “Эерэг туйл” ХХК-ийн захирал Б.Огийн тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх", 27 дугаар зүйлд "Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд /Тендерийг үнэлэх/ зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ” гэх, мөн тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтад өгөх хүснэгтийн 4.4 /в/, 5.2 /б/, 5.3 /а/, 21.1 дэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг бичиг баримт”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар"-ыг тус тус зөрчин “Эерэг туйл" ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг тендерийн бүх шалгаруулалтыг бүрэн хангасан мэтээр үнэлэн, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан, улмаар уг компанийг тендерт шалгаруулж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг өөрийн эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд авсан гэх, мөн шүүгдэгч Б.Ог Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оын тавьсан саналын дагуу тус яамнаас 2013 оны 8 дугаар сард зарлагдсан Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар “...Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороодод баригдах Канад модон араг бүтээцтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн 2 барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн “Эерэг туйл” ХХК-д давуу байдал бий болгон шалгаруулсны төлөө Боловсрол шинжлэх ухааны Яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Б.Оын тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаатай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556.903.508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг Б.Оын эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд өгсөн үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд ажил, үйлчилгээ авсан хахуулын үйлдлийг иргэний эрх зүйн маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэргийг прокурорт буцаав.

 

Хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгч Б.Огийн гаргасан гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, Ш.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт  буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол Б.О, Ш.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.О, Ш.Э нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ

 

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ