Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 1140

 

 

 

 

            2020        04          03

                                 101/ШШ2020/01140

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Х ХХК-нд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 3,359,000.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч Х ХХК-тай2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 2,827,584.10 төгрөгийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдахаар тохирч, гэрээнд заасан барааг хүлээлгэн өгсөн.

 

Хариуцагч Х ХХК нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд гэрээний зүйлийг хүлээн авсан атлаа үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Бид, тус компаниас төлбөрийг удаа дараа шаардахад “төлнө, өгнө” гэдэг боловч төлбөр барагдуулах талаар бодитой үйлдэл хийдэггүй, холбоо барихаас татгалздаг.

 

Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,900,000.60 төгрөг, алдангид 1,453,500.00 төгрөгийг төлөөгүй, мөн бид шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын хөлсөнд 5,500.00 төгрөгийн зардал гаргасан.

 

Иймд, хариуцагчаас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг тус тус үндэслэн 3,359,000.60 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан тайлбартаа:

 

“Бид, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаарх хариу тайлбар, татгалзлаа шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлах болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш би, өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хэргийг миний эзгүйд хянан шийдвэрлэхэд татгалзахгүй” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                        ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 3,359,000.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Х ХХК нар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, эм, эмийн бэлдмэлийг худалдах, худалдан авахаар харилцан тохирчээ. Тодруулбал, уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар худалдан авах бараа бүтээдэхүүний нэр, тоо хэмжээ, үнэ зэргийг тодорхой заагаагүй боловч талууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд эм, эмийн бэлдмэл худалдан авахаар тохиролцсон байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э ХХК нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох” тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т ”эм барих гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг хэлнэ” гэж, мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23.-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах тухай гэрээг байгуулсан байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид эрх бүхий этгээдээс дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай талуудын тохиролцоо нийцэж байна.

 

Гэвч талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэх талаар тохиролцсон ч тухайн гэрээний зүйлийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд худалдагчид түүний үнийг шаардах эрх үүсэхгүй юм.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар хариуцагч нь 2,827,584.10 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, үүнээс 927,583.04 төгрөгийг төлсөн боловч үлдэх 1,900,000.60 төгрөгийг төлөөгүй учраас алданги 1,453,500.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэсэн.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бараа материалын зарлагын баримтаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч “Х” ХХК-нд нийт 2,412,264.00 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бэлдмэлийг хүлээлгэн өгсөн байна.

 

Энэ талаар зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д “Худалдагч нь гэрээний хавсралт 1-д заасан нийт нэр төрлийн эм барааг хавсралтад дурдсан бөөний үнээр захиалгын дагуу нийлүүлнэ. Хавсралтад худалдаж буй эм, барааны тоо хэмжээ, үнэ, урамшуулал, төлбөр гүйцэтгэх хуваарь зэргийг нарийвчлан тусгана” гэж, мөн 3.2.-т “Уг гэрээний дагуу худалдагч тал эм, бараа нийлүүлэхдээ эм барааны төрөл, тоо ширхэг, нэг бүрийн үнийг тодорхой засваргүй бичсэн хоёр хувь баримтыг худалдан авагч талын бараа хариуцаж хүлээн авах ажилтанд дагалдуулан өгөх бөгөөд баримтад гарын үсэг зуруулан авч, нэг хувийг тухайн хүлээн авсан ажилтанд өгч, нэг хувийг худалдагч тал өөрөө авна” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид худалдаж, худалдан авч буй бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо ширхэг, үнийг ийнхүү хожим нотлохоор зарлагын баримтаар хүлээлгэн өгч, хүлээн авахаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтаар нийт 2,412,264.00 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бэлдмэлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.

 

Иймд, нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч “Х” ХХК-нд 2,412,264.00 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бэлдмэлийг хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь үүнээс 927,584.00 төгрөгийг төлсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдлийг 1,484,680.00 төгрөг гэж тооцох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.-д “Төлбөр тооцооны нөхцөл: Гэрээний төлбөрийг худалдан авагч тал падаанаар бараа хүлээн авмагц итгэмжлэгдсэн борлуулагчид тоолж хүлээлгэн өгөх болон худалдагчийн эзэмшлийн *******, *******, ******* тоот дансанд шууд шилжүүлнэ” гэж, мөн 5.4.-т “Худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд эм, барааны төлбөрөө хийж үүргийн биелэлтийг хангаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж тус тус заажээ.   

 

Тодруулбал, зохигчид Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирсон байна. Уг хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, түүнчлэн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

Талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангасан байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлабал, гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас худалдагчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирол, гэрээнд заасан алдангийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Х ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хүлээн авсан 2,412,264.00 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бэлдмэлийн үлдэгдэл төлбөр 1,484,680.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” зохицуулалттай ч хариуцагч нь ийнхүү үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар нотлоогүй.

 

Ингээд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих буюу нэхэмжилсэн үндсэн төлбөр 1,484,680.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар алдангийг тооцоход 742,340.00 төгрөг болж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 5,500.00 төгрөгийг хангах боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Гэвч хэрэгт авагдсан 5,500.00 төгрөгийн нотариатын зардал төлсөн гэх энэхүү баримтыг уг нэхэмжлэлийг гаргахтай холбоотойгоор нотлох баримтыг тийнхүү нотариатаар гэрчлүүлсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн төлбөр 1,484,680.00 төгрөг, алданги 742,340.00 төгрөг, нийт 2,227,020.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,131,980.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Х” ХХК-иас 2,227,020.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,131,980.60 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 50,582.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР