Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00305

 

 

Д.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлалтай,

 

Д.Энхтайваны нэхэмжлэлтэй

Ж.Ганзориг, П.Ганзориг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ж.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтайван, хариуцагч Ж.Ганзоригийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Д.Энхтайванаас Ж.Ганзориг, П.Ганзориг нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.Ганзориг ...зээлийг би авсан, би төлнө, П.Ганзоригт хамааралгүй... гэж, хариуцагч П.Ганзориг ...уг зээлийг Ж.Ганзориг авсан тул тэр өөрөө төлөх ёстой... гэж тус тус маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Ж.Ганзоригоос 39,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтайванд олгон, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч П.Ганзоригоос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ж.Ганзориг үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох П.Ганзоригийн өмчлөлийн Ү-2206044031 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах, 57 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Ж.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг зөвхөн зээлдүүлэгч-ийн үүрэг гүйцэтгүүлэх талаас нь тайлбарлаж, харин зээлдэгч-ийн үүрэг гүйцэтгүүлэх талыг орхигдуулж, ингэснээрээ тухайн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэг, мөн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдийг үл хэрэглэснээс болж хариуцагчаар татагдсан П.Ганзоригт үүсээгүй үүргийн гүйцэтгэлд, түүний гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргагч Ж.Ганзориг намайг маш хүнд байдалд оруулж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн ...зээлийн гэрээний харилцаа Д.Энхтайван болон П.Ганзориг нарын хооронд үүсээгүй боловч энэ нь барьцааны шаардлага Д.Энхтайван болон П.Ганзориг нарын хооронд бий болоогүй гэж үзэх үндэслэл болохгүй... гэсэн дүгнэлтийг үндсэндээ зөв гэж үзэхдээ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, дээрх 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгийн Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно, мөн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтуудын дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Д.Энхтайван нь 2016.01.04-ний өдрийн Зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж П.Ганзоригт үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, зээлдүүлсэн 40 сая төгрөгөө П.Ганзоригийн өмчлөлд шилжүүлээгүй болохоор П.Ганзориг ямар ч ашиг олоогүй тул, тэрээр ямар нэгэн эд хөрөнгө мөнгийг хэн нэгэн этгээдэд тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсээгүй болно.

Ийм ч болохоор П.Ганзоригт зээлийн гэрээний үүрэг үүсгээгүй гэдгийг анхан шатны шүүх дүгнээд түүнд зээлийн гэрээний үүрэг ногдуулаагүй. П.Ганзоригт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ...барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй... гэсэн буруутгал ирэх ёсгүй. Гэтэл нэхэмжлэгчид П.Ганзоригийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр ...бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд ... шаардлагаа хангуулах... эрх үүсээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх П.Ганзоригт ийм үүрэг ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.2. П.Ганзориг нь хариуцагч Ж.Ганзориг надад өөрийн өмнөөс зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгосноос биш үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрх олгоогүй гэж маргаж, зөвшөөрөхгүй, үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олоогүй тул үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд Ж.Ганзориг миний өмчлөх эрхэд зээлдүүлсэн мөнгөө шилжүүлсэн болохоор итгэмжлэгч нь түүнээс үүсэх үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй, харин Ж.Ганзориг миний бие зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн, одоо ч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Д.Энхтайван хариуцагч Ж.Ганзориг, П.Ганзориг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Ганзориг хүлээн зөвшөөрч, хариуцагч П.Ганзориг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Ганзоригоос 45,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь төлбөрөө сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч П.Ганзоригт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар Д.Энхтайван, Ж.Ганзориг нар 2016.01.04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Энхтайван 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Ж.Ганзориг гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги төлөхөөр харилцан тохиролцсон, 2016.09.07-ны өдөр гэрээний хугацааг 2017.03.04-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар сунгасан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор П.Ганзоригийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 байрны 95 тоот 57 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2016.01.04-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг газарт бүртгүүлжээ.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Энхтайван зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч Ж.Ганзориг зээлийн төлбөрт 23,000,000 төгрөгийг буцаан төлсөнтэй зохигч маргаагүй байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 156 дугаар зүйлийн 156.2.-т нийцжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Хуульд зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

 

8. Хоёр шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагч Ж.Ганзоригоор зээлийн гэрээний үүргийг хариуцуулж, хариуцагч П.Ганзоригт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийг сайн дураар гүйцэтгэхгүй бол барьцааны хөрөнгийн үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

9. Хариуцагч Ж.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй П.Ганзоригийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн... тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч П.Ганзориг нь 2015.12.25-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, зээл авах, гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд уг гэрээг бүртгүүлэх, авах бүрэн эрхийг Ж.Ганзоригт олгосон Итгэмжлэл үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд итгэмжлэлийг нэг жилийн хугацаатай олгосон байна.

 

П.Ганзоригийн дээрх итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Ж.Ганзориг барьцааны гэрээг Д.Энхтайвантай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.-т зааснаар барьцааны зүйл нь бусдын хөрөнгө байж болох бөгөөд өмчлөгч П.Ганзориг нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалж болохыг зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу Ж.Ганзоригт итгэмжлэл олгосон байх тул тус итгэмжлэлийг үндэслэн П.Ганзоригийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Барьцааны гэрээ нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой бөгөөд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болно.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчээс барьцааны хөрөнгийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэх үндэслэлээр Ж.Ганзоригийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээгээр баталгаажсан П.Ганзоригийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хангуулахаар гаргасан шүүхийн шийдвэр хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд ...П.Ганзоригоос төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гараагүй байхад түүний хөрөнгөөр бусдын үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн... гэх хариуцагч Ж.Ганзоригийн гомдлыг хангахгүй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн болон найруулгын шинжтэй дараах алдаа байхад давж заалдах шатны шүүх алдааг засаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Энхтайван нь хариуцагч Ж.Ганзориг, П.Ганзориг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 45,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 39,400,000 төгрөгийг хариуцагч Ж.Ганзоригоос гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлэсэн атлаа хариуцагч П.Ганзоригоос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагыг шийдвэрт заагаагүй орхигдуулсан байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар, алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...П.Ганзоригоос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг... гэснийг ...П.Ганзоригт холбогдох шаардлагыг... гэж, 2 дахь заалтын ...хангуулсугай. гэснийг ...хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ж.Ганзоригийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.Ганзоригоос 2020.09.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД