Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01255

 

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01255

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэгт оршин суух Б овогт Д.Э  /РД:АИ76/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух Ж овогт Ж.Г  /РД:ЧН70/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт оршин суух Д овгийн П.Г  /РД:УД89/-д тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний төлбөрт 45,000,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э , хариуцагч Ж.Г , хариуцагч П.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ж.Г , П.Г  нартай сарын 4 хувийн хүүтэй 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээний барьцаанд иргэн П.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, үйлдвэр Туул гол гудамж 89 дүгээр байр 95 тоот хаягт байршилтай 57м.кв 2 өрөө байрыг барьцаалсан. Иргэн Пүрэвдоржийн Ганзориг нь өөрийн 2 өрөө байраа барьцаалуулан Ж.Г ийг итгэмжлэгчээр томилуулж Энэ миний ах, найдвартай хүн гэж хэлэн зээлийн болон барьцааны гэрээн дээр зээлдэгч барьцаалуулагчаар П.Г , итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Г  гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Гэвч дээрх иргэд зээлийн гэрээний хүүнд 3,700,000 төгрөг төлөөд цааш гэрээг сунгах хүсэлт гаргасан тул гэрээг 2017 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатайгаар сунгасан. Энэ хугацаанд зээлийн хүүнд 23,000,000 төгрөгийг өгсөн болно. Түүнээс хойш 3 жил орчим хугацаанд үндсэн мөнгө болон зээлийн хүүнд огт мөнгө төлөлгүй хохироож байна. Энэ хугацаанд мөнгөө нэхэж Ж.Г  руу холбоо барихад Удахгүй, өгнө гэдэг. Харин П.Г той холбоо барихаар Ж.Г  л хариуцна, үнэндээ манай ах ч биш, манай ээжийн найз юм гэх зэргээр элдэв арга заль хэрэглэн хоёр бие рүүгээ тохох байдалтай өдийг хүрлээ. Иймд иргэн Ж.Г , П.Г  нараас зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.Э аас 40,000,000 төгрөг авч, зээлийн гэрээний барьцаанд П.Г ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Миний бие зээл авсан нь үнэн. П.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гэрээнд гарын үсэг зурахаар зээлийг өөрөө авч байна гэж ойлгогдоно гэж үзсэн. Зээлийг П.Г  аваагүй би авсан. Зээлж авсан 40,000,000 төгрөгийг 12 дугаар сарын сүүлчээс өмнө төлчих бодолтой байна гэв.

 

Хариуцагч П.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг иргэн Ж.Г  нь миний орон сууцыг барьцаалж иргэн Д.Э аас авсан. Энэ нь иргэн Д.Э ы Хаан банкны данснаас иргэн Ж.Г ийн данс руу 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тогтоогдоно. Иймд Ж.Г  уг зээлийг өөрөө төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн иргэн Ж.Г т итгэмжлэл өгөхдөө 2015 оны 12 сарын 25-ны өдөр иргэн Ж.Г т өөрт нь өөрийн өмч болох орон сууцыг барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, холбогдох байгууллагад зээлийн гэрээг бүртгүүлэх сунгах эрхийг олгосон бөгөөд би өөрийн нэр дээр зээл авна гэсэн итгэмжлэл өгөөгүй байтал миний нэр дээр зээл гарсан байна. Иймд иргэн Д.Э ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ж.Г  манайханд их тус болсон тул зээл авахад нь байраа барьцаалахыг зөвшөөрсөн гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч П.Г , Ж.Г  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч П.Г т холбогдуулан барьцааны зүйл болох П.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах, 57 мкв. 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, хэдийгээр зээлийн гэрээнд Ж.Г  нь П.Г ийг төлөөлөн зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч тухайн үед П.Г  Ж.Г ийг өөрийн ах хэмээн танилцуулж, хамт ирж зээл авсан тул зээлийн үүргийг хоёр этгээдээс хоёулангаас нь шаардана, тэдгээр нь хоёулаа хамтран зээлдэгч мөн, түүнчлэн П.Г  өөрийн өмчлөлийн байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн тул барьцааны шаардлагаа түүнд холбогдуулан гаргана гэж тайлбарлажээ. Харин хариуцагч Ж.Г  зээлийг өөрөө авсан нь үнэн, анх 40,000,000 төгрөг зээлж авсан, өнөөдрийг хүртэлх хугацаанд 23,000,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч П.Г  нь зээлдэгч биш тул зээлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө зээл аваагүй тул барьцааны шаардлагыг зөвшөөрөхгүй гэж хариу мэтгэлцэн маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.  Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч Ж.Г  болон П.Г  нартай зээлийн гэрээ байгуулсан, эдгээр нь хамтран зээлдэгч гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан зээлийн гэрээ гэх баримтаас үзвэл 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэг талаас зээлдүүлэгч Д.Э , зээлдэгч нөгөө талаас П.Г  түүнийг төлөөлж Ж.Г  нар 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сард 4 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож тус баримтад гарын үсэг зурсан байна. Зохигчид шүүх хуралдаанд мэтгэлцэх явцад зээлийн мөнгөн хөрөнгийг Хаан банк дахь Ж.Г ийн 5027140011 тоот дансанд шилжүүлсэн, П.Г  зээлийн дүнгээс аливаа мөнгөн хөрөнгө хүлээж аваагүй гэх үйл баримтын тухайд харилцан маргаагүй болно. Хариуцагч Ж.Г  нь удаа дараагийн шүүх хуралдаануудад П.Г ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурж байгаагаараа П.Г т үүрэг үүсгэж байна гэж ойлгоогүй, өөртөө зээлийн үүрэг бий болгож байгаа гэж ойлгож байсан болохоо тайлбарлаж байна. Нэгэнт П.Г  зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй, ашиглах зорилго байгаагүй, Ж.Г т зээл авахад нь туслан орон сууцаа барьцаанд тавих шалтгаанаар зээлийн гэрээг өөрийн нэрээр байгуулахыг зөвшөөрч итгэмжлэл олгосноо тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч Д.Э  түүнд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй тул дээрх нөхцлөөр зээлийн гэрээ нь нэг талаас Д.Э  нөгөө талаас зээлдэгч Ж.Г  нарын хооронд байгуулагдсан гэж шүүх дүгнэв.

Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байна. Зээлдүүлэгч Д.Э , зээлдэгч Ж.Г  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч Ж.Г , түүний эхнэр Н.Гэрэлтуяа нар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан баримт хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан байна.

 

2.  Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч П.Г т холбогдуулан түүний өмчлөлийн Ү-2206044031 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж байна. Тэрээр ийнхүү татгалзахдаа зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй тул барьцааны шаардлагыг биелүүлэх үндэсгүй гэжээ. Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэдийгээр барьцааны үүргийн үндсэн шаардлага болсон зээлийн гэрээний харилцаа Д.Э  болон П.Г  нарын хооронд үүсээгүй боловч энэ нь барьцааны шаардлага Д.Э  болон П.Г  нарын хооронд бий болоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь П.Г  нь Ж.Г , Д.Э  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед өөрийн биеэр тэдэнтэй хамт байсны зэрэгцээ тус зээлийн харилцаа үнэн хэрэгтээ өөрт нь бус Ж.Г т үүрэг үүсгэж байгааг ойлгон ухамсарлаж, гэрээний мөн чанар, талуудын хүсэл зоригийн тухайд бодит ойлголттой байж, уг ойлголтдоо үндэслэн барьцааны гэрээг зөвшөөрөн байгуулсан талаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан байна. Энэ ч агуулгаар нэхэмжлэгч Д.Э  нь барьцааны эрхийг шударгаар олж авсан, түүний Ж.Г той байгуулсан зээлийн гэрээний үүргийг тус барьцааны эрхээр хангаж байгаа гэж үзэн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч буюу барьцаалагч Д.Э ы итгэл үнэмшлийг шударга хэмээн үзэж хуулиар хамгаалах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Э  болон хариуцагч П.Г  нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэ нь хавтаст хэргийн 10,11 дүгээр талд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан барьцааны гэрээгээр тогтоогдож байна. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дугаар зүйлд заасан шаардлага хангажээ.

 

3.  Зээлдэгч Ж.Г  нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 23,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн гэж тайлбарлаж нэхэмжлэгч уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 6 сарын үндсэн хугацаа 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд уг хугацааг нэг удаа 8 сараар буюу 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан байна. Энэ нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан гэрээний сунгалт гэх баримтаар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд 40,000,000 төгрөгийг 14 сарын хугацаагаар сар бүрийн 4 хувийн хүү /1,600,000 төгрөг/-тэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон гэж дүгнэх үндэстэй байна. Зээлдэгч нь 14 сарын хугацаанд нийт 22,400,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байх ба зохигчид өнөөдрийг хүртэлх хугацаанд 23,000,000 төгрөгийг өгөлцөж авалцсан байх тул эдгээр дүнгийн зөрүү 600,000 төгрөгийг үндсэн төлбөр 40,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээнд алдангийн төлбөр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг 45,000,000 төгрөгөөр тодорхойлсон тухайгаа дурдаж байх боловч шүүх хуралдааны явцад алдангийн төлбөрийг нэхэмжлэх бодолгүй байсан талаараа тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 39,400,000 төгрөгийг хангаж хариуцагч Ж.Г оос гаргуулан нэхэмжлэгч Д.Э д олгож түүнд холбогдох шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Г т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцнэ.

 

4.  Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг П.Г ийн өмчлөлийн Ү-2206044031 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах, 57 мкв. 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн барьцааны эрх нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх тул мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч П.Г т холбогдох барьцааны шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх дүгнэв

 

Эдгээр дүгнэлт, үйл баримтад суурилан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Ж.Г оос 39,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э д олгон, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч П.Г оос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох П.Г ийн өмчлөлийн Ү-2206044031 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах, 57 мкв. 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Ж.Г оос 39,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э д олгон, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч П.Г оос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ж.Г  үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох П.Г ийн өмчлөлийн Ү-2206044031 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах, 57 мкв, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА