Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
Хэргийн индекс | 101/2020/00010/И |
Дугаар | 101/ШШ2020/01116 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2020/01116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 57, Төр захиргааны ордонд байрлах, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *******, ******* байр, 8 тоотод оршин суух, Доржийхүүгийн Э******* /РД:*******/-д холбогдох,
5,215,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н*******, Л.Нарангоо, хариуцагч Д.Э*******, иргэдийн төлөөлөгч Д.Баттөмөр, Ч.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2016 онд иргэн Б.Э******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 22 дугаар хороонд тус тус холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дээрх иргэний хэргийг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3435 дугаар шийдвэрээр хариуцагч 22 дугаар хорооноос Ажил гүйцэтгэх гэрээний хөлс 5,040,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 95,590 төгрөг, нийт 5,135,590 төгрөгийг гаргуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч Б.Э******* хариуцагч БЗД-ийн 22 дугаар хорооны Засаг дарга нарын хооронд 2015 оны 05 сард 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцон амаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22 дугаар хорооны засаг дарга Д.Э******* зохион байгуулагч Ц.Тэгшжаргал нарт хаалганы хаягийг хүлээлгэн өгч бичгээр гэрээ байгуулан төлбөр болох 7,460,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 10- ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирч нэхэмжлэгч Б.Э******* 22 дугаар хорооны Засаг Дарга Д.Э******* гарын үсэг зуран тамга дарж баталгаажуулжээ. Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, нэхэмжлэгч Б.Э******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн...” гэж дүгнэсэн. 22 дугаар хорооны Засаг дарга болон иргэн Б.Э******* нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, улмаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад хохирол учруулсан нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдох бөгөөд ийнхүү гэрээ байгуулахдаа дээд шатны байгууллага, албан тушаалтан болох дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргаас ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах зөвшөөрөл аваагүй болно. Хэдийгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 22 дугаар хорооноос холбогдох мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар 26.3-т “...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох...”, 28 дугаар зүйлийн 28.7-д “Баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөв тусгаж санхүүжүүлнэ.” гэж тус тус зааснаар хороо нь өөрийн төсөвгүй бөгөөд дүүргийн төсвөөс санхүүждэг тул дүүргийн Засаг даргын Тамгын газраас холбогдох мөнгийг төлж барагдуулсан. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан байдаг. Мөн түүнчлэн Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” хэмээн захиргааны байгууллагын хохирол шаардах эрхийг тусгасан. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэн Б.Э*******тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэггүй буюу гэм буруугүй атлаа шүүхийн төгөлдөр шийдвэрээр тогтоосон 22 дугаар хорооны Засаг даргын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой 5,135,590 төгрөгийг төлж барагдуулсан тул дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд гэм буруутай албан тушаалтнаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу төрийн байгууллагад учирсан хохирлыг 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Д.Э*******аас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү....” гэжээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:”... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 80,000 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 5,215,590 төгрөг болгож байна. Иймд дээрх үндэслэлээр төрийн байгууллагад учирсан хохирлыг 22 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан Д.Э*******аас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү....” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлээ дэмжиж байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Д.Э*******аас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 3435 дугаартай шийдвэрийн дагуу Б.Э*******д төлсөн 5,040,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,590 төгрөг, нийт 5,135,590 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар төрийн албан хаагч болох 22-р хорооны засаг дарга байсан хариуцагч нь өөрөө хуулийн этгээдийн эрхгүй, 22-р хороо нь бие даасан төсөвгүй. Төсөвгүй хирнээ бусад иргэдтэй мөнгөн дүнтэй гэрээ байгуулахдаа дээд шатны байгууллага болох дүүргийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, аль ч шатны удирдлагаас хэнээс ч зөвшөөрөл аваагүй. Ийм шалтгаан нөхцөлүүд байна. Ажил олгогч буюу дүүргийн Засаг даргын тамгын газраас хариуцагчийг ажил үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзэж нэхэмжлэлийг гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс маргааны үйл баримт болсон гэрээг байгуулснаар хохирлыг төрд буюу тамгын газарт учруулаад байна. Ажил хийж болно, хороонд төсөв байдаггүй тул хорооны иргэдийн нийтийн хурлын албажиж гарсан шийдвэрээр төсөвт суулгуулахаар мэдэгдэж болох байсан. Тухайн үед тэр мөнгө дүүргийн төсөвт суугдаагүй байсан. Энэ мөнгийг барагдуулснаар төсөвт суугдсан байсан хороо, иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй хоцорсон. 5,000,000 төгрөг ч гэсэн хэрэгтэй зүйлд нь зарцуулах байсан. Тухайн онд хороонд амьдарч байсан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн. Энэ мөнгийг хаяг биш иргэдэд илүү ашигтай зүйлд зарцуулах байсан. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төсвийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай байх зарчимтай, энэ зарчим алдагдсан. Тус хуулийн 16.5.5-т зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийн дагуу хороо төсөвгүй учраас бид мөнгийг төлсөн ч шүүхийн шийдвэрээр дүүргийн тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байгаа...” гэв.
Хариуцагч Д.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э******* би 2013.03.11-нээс 2017.09.25-ныг хүртэл Баянзүрх дүүргийн 22-р хорооны Засаг даргын албан тушаалд ажиллаж байсан юм. Ажиллаж байх хугацаандаа хорооны Засаг даргын хувьд Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэн Б.Э*******тай 2015 оны 05 сард нийт 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцож нийт 7,460,000 төгрөгөөр хийлгүүлэн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Энэ тохиролцсоны дагуу хийсэн хаягийг хүлээн авахад 1492 ширхэг биш 1422 ширхэг хаяг байсан. Ажил гүйцэтгэгч тал буюу иргэн Б.Э******* үүнийг зөвшөөрсөн тул бид 1422 ширхэг номерыг хүлээж авсан болно. Энэ ажлыг гүйцэтгэхдээ хорооны иргэдээс гаргасан саналын үндсэн дээр Хорооныхоо айл өрхийн хаягийн хуучирч муудсан, харагдахгүй болсон хаягуудыг шинэчлэх, ижил болгох, өнгө загварыг нь сайжруулах зэрэг зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр хорооны Иргэдийн нийтийн хурал, хэсгийн ахлагч нартайгаа харилцан ярилцаж зөвшилцөж хийсэн.хийсэн ажил. Хороо нь өөрийн захиран зарцуулах төсөвгүй тул энэ ажлыг гүйцэтгэхдээ хаягийн төлбөрийг тухайн айл, өрхөөс нь авахаар тооцож ажилласан. Ингэхдээ бүх хэсгийн ахлагч нарт хуваарилж, айл өрхүүдэд тараалгасан бөгөөд нийт 1422 ширхэг хаягаас айл өрхүүдэд санал болгож нэгдсэн хаягтай болгох ажлыг хороондоо зохион байгуулсан. Нийт 470 ширхэг хаягийн мөнгө болох 2350000 төгрөгийг 14 хэсгийн ахлагч тус бүр Б.Э*******гийн хувь дэвтэр дээр гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 15-ны байдлаар 952 ширхэг хаягийн үлдэгдэл байсан. Үүнээс; 431 ширхэг хаягийн дугаар 2-3 давхардаж гарсан /иргэд авахгүй учир буцааж өгнө/ 521 ширхэг хаягийг иргэдэд зээлээр өгсөн бүртгэлтэй байсан.Хорооны Засаг дарга бол тухайн хороонд төрийн үйлчилгээг чанартай хүргэх, хорооны хөгжлийн төлөө хариуцлага хүлээж ажилладаг төрийн албаны улс төрийн албан тушаалтан. Миний хувьд энэ үүргийнхээ дагуу дээрх ажлыг хорооны түвшинд санаачилж хэрэгжүүлсэн ажил юм. Харамсалтай нь миний бие энэ ажлаа бүрэн зохион байгуулж дуусгалгүй буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-нд хорооны засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед хорооны хаягийг нэгдсэн стандарттай болгох, жигдрүүлэх зайлшгүй шаардлага байсан. Миний хувьд дээрх ажлыг зохион байгуулахдаа хувьдаа ашиглаагүй, илт санаатай болон болгоомжгүй байдлаас болж бусдыг хохироосон зүйл огт байхгүй, өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажлаа хийж явсан. Би өөрөө хаягуудыг тараагаагүй бөгөөд анхнаас нь 14 хэсгийн ахлагч нар ажил гүйцэтгэгч тал буюу Б.Энхлагватай гарын үсэг зурж хүлээлцэж аван, хариуцсан хэсгүүдээрээ тарааж тооцоо нийлж явсан болно. Иймд миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2020.03.26-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцагч Д.Э*******д холбогдуулан “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 3435 дугаартай шийдвэрийн дагуу Б.Э*******д төлсөн 5,040,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,590 төгрөг, нийт 5,135,590 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80,000 төгрөг”-өөр нэмэгдүүлж, “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 3435 дугаартай шийдвэрийн дагуу Б.Э*******д төлсөн 5,040,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,590 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80,000 төгрөг, нийт 5,215,590 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч тал “өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд ажил хийсэн, санаатай болон болгоомжгүй хохирол учруулаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Энхлхагвын нэхэмжлэлтэй хариуцагч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох 5,940,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн гэрээг цуцлах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүх 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3435 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооноос 5,040,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас нь 900,000 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3435 дугаартай шийдвэрт “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” явагдаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо бие даасан төсөвгүй үндэслэлээр, Б.Э*******д төлөх 5,040,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,590 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80,000 төгрөг, нийт 5,215,590 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, төлбөрийн хүсэлт №1005 баримт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасныг дагуу хариуцагч “431 ширхэг хаяг давхардаж гарсан, 521 ширхэг хаягийг зээлээр өгсөн, 470 ширхэг хаягийн мөнгийг өгсөн” гэж маргах эрхгүй, энэ үйл баримтын талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Д.Э******* Баянзүрх дүүргийн 22-р хорооны Засаг даргаар ажиллах явцдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авалгүй бусадтай гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар төлсөн тул гэм буруутай албан тушаалтан Д.Э******* хариуцна... гэж тайлбарлаж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, мөн хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжилж байна.
Д.Э******* Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 03 сарын 11-ний өдрийн Б/73, 2017 оны 09 сарын 25-ны өдрийн Б/66 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна.
Б.Э******* болон Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны хооронд үүссэн гэрээний эрх зүйн маргааны тус шүүх 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3435 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэснийг Д.Э*******ы гэм буруутай үйлдлээс Б.Э*******д учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Д.Э******* Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажиллах, албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасан нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч Д.Э*******д холбогдох “гэм буруутай үйлдлийн улмаас байгууллагад учруулсан хохиролд 5,215,590 төгрөг гаргуулах” тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамж 97,119 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсний дараа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилахдаа төсөвт байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 98,399 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Э*******д холбогдох “5,215,590 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх 97,119 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 98,399 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ