Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

    2020           2             13                                       2020/ДШМ/207

 

 

                                   Б.Бд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1905014480923 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.Б, 1990 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, гагнуурчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах, бэр эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 28 дугаар гудамжны 450 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УК90030913/;

 

            Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны 383 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Оргил дуут хад” гэх хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Б.Буянцогтын толгой тус газарт гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 8 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бы урьд цагдан хоригдсон 82 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 4.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярхүүд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн голоороо урагдсан 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярхүүд олгож, амь хохирогч Б.Буянцогтын хувцас болох юүдэнтэй улаан цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн пүүзэн хос гутал, саарал дотуур өмд 1 ширхэг зэргийг устгаж, камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг бусдыг санаатайгаар алсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Буянцогтыг санаатай алах ямар ч үйлдэл хийгээгүй, харин ч согтуугаар, согтуу эмэгтэй хүнийг харааж зүхэн зодож, цохиж байсан үед нь салгасан. Ингэж салгахдаа Буянцогтын цээжин тус газар нь арагш түлхэх үйлдэл хийхэд хойш унасан нь үнэн. Энэ үед Б.Буянцогт болон Саранчимэг нар нь хоёулаа согтуу байсан.  Ер нь бол Б.Буянцогт, Саранчимэг хоёр нэг ч өдөр алгасалгүй архи уудаг, орон гэргүй хаана таарсан газраа унтаж явдаг. Гэтэл талийгаач Б.Буянцогтын биед байгаа бүх гэмтлийг мөрдөгч, прокурор нь намайг учруулсан мэтээр яллаж, шүүх түүнийг нь хүлээн авсанд гомдохын зэрэгцээ гайхаж байна. Энэ байдал нь тухайн цаг үед миний хийсэн үйлдэлтэй ямар ч хамааралгүй болох нь хэнд ч ойлгомжтой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож болно. Тухайн цаг үед би Б.Буянцогтыг түлхэн унагаад дараа нь босгож суулгаад явсан. Гэтэл талийгаач маргааш өглөө нь түргэн тусламж, цагдаа дуудах үед өөр газар хэвтэж байсан байдаг. Үүнээс үзэхэд талийгаач үргэлжлүүлэн хаагуур хэнтэй,  юу хийж явж байсныг шалгахгүйгээр бүхнийг надтай холбон буруутгаж байгаад гомдолтой байна. Талийгаачийг би цээжин тус газар нь гараараа түлхсэн, гэтэл нүүрэнд цохисон мэтээр зарим гэрч тодорхойлж мэдүүлсэн байна. Саранчимэг нь өдөр алгасалгүй мөнхийн хог түүж, олсон мөнгөөрөө архи авч уудаг. Мөрдөгч Саранчимэгийг согтуу байхад нь мэдүүлэг авсан байх гэж бодож байна. Миний бие эдгээр хүмүүс шиг архичин биш, тухайн газар ойролцоо машин засдаг. Би хүнийг дээр доор гэж ялгаж үздэггүй чанараараа хааяа эд нарт архи авч өгч, хамт ууж байсан. Ийм ч учраас тэд нар намайг мэднэ, би тэд нарыг мэддэг байсан. Надад талийгаачтай зодоон хийх, түүнийг алах, биед нь гэмтэл учруулах ямар ч ашиг сонирхол байхгүй. Талийгаач архинд хэтэрхий орсон, бие муутай хүн байсан. Гэр орон, ах, дүү, хамаатан гэж анхаарч байсан хүмүүс миний мэдэхийн байгаагүй. Гэтэл шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цоо эрүүл хүнийг шууд цохиж алчихсан мэтээр ярьж, ямар ч баримтгүй зардал нэхэмжилж, түүнийг нь анхан шатны шүүх төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие уг хэрэгт гэм буруугүй биш, гэм буруутай. Иймд үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд, Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгөх хүсэлтийг гаргасан. Учир нь, хохирогч бэртэл гэмтэл авсныхаа маргааш нь нас барсан байдаг. Анхан шатны шүүх, хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд, шууд ба шууд бус санаатай алах гэсэн санаа зорилгыг агуулахгүй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, түүнийг хүсч үйлдсэнээр гэмт хэргийн шинж хангагдана гэж тайлбарласан. Шүүгдэгчийн хувьд талийгаачийг түлхэж унаган алах санаа байгаагүй. Саранчимэг талийгаачтай согтуу маргалдаж байхадБ талийгаачийг “чи болиоч, эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гээд нүүр рүү нь түлхэж арагш унагаасан. Дараа нь босгож суулгаад явсан байдаг. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Яллах дүгнэлтэд шүүгдэгчийг талийгаачийн нүүр рүү цохисон гэж бичсэн байсан.  Талийгаачийн биед учирсан гэмтэл олон тооны гэмтэл учирсан байдаг хэдий ч дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгчийн зүгээс энэ талаар маргаагүй. Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярхүү анхан шатны шүүх хуралдаанд “надад үзүүлэх хохирлын баримт байхгүй” гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүхээс 4.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг  шийдвэрийн дагуу шүүгдэгч Б.Бы ар гэрээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй. Миний бие шүүгдэгч Б.Бы шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж, хуулийн дагуу шийдвэр гаргахад татгалзах зүйл байхгүй” гэсэн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд танилцуулж байна. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. ...” гэв. 

 

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна. Шүүгдэгч нь хохирогчид учирсан олон тооны гэмтлийг учруулаагүй гэж байна. Гэвч шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шинжээч “нүүр рүү цохиж газар унагах явцад зүүн болон баруун чамархайд гэмтэл үүссэн байх боломжтой” гэж мэдүүлсэн тул хохирогчид учирсан гэмтлүүд шүүгдэгчийн үйлдлийн улмаас үүссэн гэж үзнэ. Хэргийн зүйлчлэлийн хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх ёстой гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн амь насаа алдах шалтгаан нь шүүгдэгчийн шууд санаатай үйлдлээс болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Тухайлбал, гэрч Саранчимэг, Эрдэнэбаатар нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нь уг хэргийг санаатай үйлдсэн нь нотлогддог. Хэдийгээр тухайн цаг үед байсан гурван гэрчийн нэг нь цохисон, нөгөө нь түлхсэн, шүүгдэгчийн “би цээж рүү нь түлхсэн” гэсэн гурван өөр мэдүүлэг байгаа ч бүгд толгойн тус газар цохисон талаар хэлж байсан нь мэдүүлгийг газар дээр нь шалгах үед хийсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогддог. Түүнчлэн, шүүгдэгчийн хохирогч хэрэг гарах үед байсан газраасаа өөр газар нас барсан байдалтай байсан гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, гэрч Саранчимэгийг орой буцаж очиход Буянцогт тухайн газарт байсан. Би түүний бие дээр өөрийнх нь хүсэлтээр цагаан гахай гэх зүйл дэвсэж өгсөн” гэсэн мэдүүлэг байдаг. Энэхүү мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд, Б.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1845 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаач Б.Буянцогтын цогцост зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай яснаас доош суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай болон таславч хоорондын аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн дэлбэн болон суурийн дэлбэнд тархины эдийн няцрал, зүүн хацар ясны нум, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн чихний дэлбэн, баруун өвдөгт зулгаралт, зүүн чамархай, зулайн хуйх, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1хх 115-116/ гэсэн бөгөөд шинжээч эмч М.Золжаргал “...Зүүн чамархай, зүүн зулай хэсэгт хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой. Хоёр нүдний ухархайн хугарал, зүүн хацар ясны хугарал нь тус бүрдээ цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1хх 120-121/ гэж  дүгнэлтээ тайлбарлажээ.

 

Мөн гэрчүүдийн мэдүүлгийг үзэхэд, гэрч Х.Энхбаатар “...Яг хаана цохисныг нь би хараагүй, гэхдээ гараараа цохиод унагаасан ...” /1хх 42-44/ гэж, гэрч Ж.Саранчимэг “...Оогий чи яагаад эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм бэ гэж хэлээд Буяа ахын духны орчим руу нь гарынхаа алгаар цохисон. Тэгсэн чинь Буяа ах саваад унасан ...” /1хх 48-49/, гэрч Б.Шижирбаатар “...Буяагийн магнай хэсэг рүү гарынхаа алгаарааБ цааш нь огцом түлхтэл Буяа арагшаа дагзаараа саваад унасан. ...” /1хх 52-53/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Б.Б нь хохирогч Б.Буянцогтын толгойн тус газарт гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулж алсан” гэж дүгнэсэн  бөгөөд  үүнээс үзэхэд гэрчүүд болон шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй, хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь нэг удаагийн цохилтоос юмуу, эсвэл хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн үү, эсвэл цохилтоос болж газар савж унаснаас үүссэн эсэхийг бүрэн тогтоогоогүй байна.

 

Гэрчүүдийн мэдүүлгээр Б.Б нь амь хохирогчийн дух, магнай хэсэгт цохьсон гэсэн байх бөгөөд уг цохилтоос зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн яснаас доош суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал гэмтэл учрах боломжтой байдлыг нотлоогүй байна.

 

Түүнчлэн, шинжээч “хоёр нүдний ухархайн хугарал, зүүн хацар ясны хугарал нь тус бүрдээ цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ.

 

Хохирогчийн газар савж унасан үйлдэл нь хэдэн хэдэн удаагийн хүч үйлчилсэн гэдэгт хамаарагдах эсэх, дагзаараа савж унаснаас, эсхүл нүүрлүүгээ нэг удаа цохиулснаас зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн яснаас доош суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, хоёр нүдний ухархайн хугарал, хацар ясны хугарал тус тус үүсэх боломжтой эсэхийг шалгах ажиллагааг хийх нь зүйтэй.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд  прокурор нь  “талийгаачийг цохисон болон газар унаснаас дээрх гэмтэл учирсан” гэж тайлбарыг өгч байх боловч прокурорын яллах дүгнэлт болон түүний тайлбар хоорондоо зөрүүтэй, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудын зөрүүтэй байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан нотолбол зохих байдлын талаар шалгаж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй байна гэж үзэв.

 

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээр дурдсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Чулуунбаатарын нарын  “хэрэгт байгаа баримтыг бүрэн гүйцэд шалгах ажиллагаа хийж өгөх “-ийг хүссэн  давж заалдсан гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг тухайн шүүхээр дамжуулан, Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ