Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00321

 

 

Ч.Сэрээнэн, Н.Туяа, С.Отгонжаргал, С.Баярхүү, С.Баахүү

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00449 дүгээр шийдвэр,

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

 

Ч.Сэрээнэн, Н.Туяа, С.Отгонжаргал, С.Баярхүү, С.Баахүү нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Молор-Эрдэнэ, Х.Мянганжадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, С.Отгонжаргал, С.Баярхүү, С.Баахүү нараас Ховд аймгийн, Жаргалант сумын, Жаргалант багийн, 2 дугаар 30 айлын 1 дүгээр орц, 24 тоотод байрлах 38 м.кв бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр толгоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Иргэний нисэхийн ерөнхий газар ...тус орон сууц нь Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч бөгөөд 2016.12.19-ний өдөр Ховд аймгийн нисэх буудлын ажилтан Ч.Сэрээнэнд Албаны сууц эзэмшүүлэх гэрээ байгуулан эзэмшүүлсэн. Тус гэрээний 1.1 дэх заалт болон Албаны орон сууц эзэмшүүлэх журмын 3.1.4-т зааснаар Ч.Сэрээнэн нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул нэхэмжлэлд дурдсан орон сууцыг чөлөөлж, байгууллагад хүлээлгэн өгөх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлажээ.

 бу

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00449 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, С.Отгонжаргал, С.Баярхүү, С.Баахүү нарыг Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан баг, 2 дугаар 30 айлын 1 дүгээр орц, 24 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00449 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримталж Ч.Сэрээнэн, Н.Туяа, С.Отгонжаргал, С.Баярхүү, С.Баахүү нарын Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, 24 тоот 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

4.1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. гэжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зарчмыг алдагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэгч нарын үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг ноцтой зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх: Хэрэгт Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2001.08.15-ны өдрийн 445 дугаар тушаалаар Ховд аймгийн Нисэх буудалд аймгийн төвд 42 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 6,500,000 төгрөгөөр худалдан авч, уг орон сууцыг холбогдох ажилтантай орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч нар нь 2001 онд байр худалдан авах зориулалтаар 6,500,000 төгрөгийг Ховд аймгийн Нисэх буудлын санхүүгээр дамжуулан авсан талаар маргахгүй байна. гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Сэрээнэн нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 30 айлын орон сууцны 4 давхар 24 тоот гал тогоо тусдаа 3 өрөө ЗЗ м.кв талбайтай байрыг 2001.08.03-ны өдөр Орон сууц бэлэглэх гэрээ-гээр Ц.Амартөр, хамтран эзэмшигч Ц.Амаржаргал нараас авсан болох нь нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2001.08.15-ны өдрийн 445 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2001.08.15-ны өдрийн 445 дугаар тушаалаар Ховд аймгийн нисэх буудалд аймгийн төвд 42м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 6,500,000 төгрөгөөр худалдан авч, уг байрыг Ч.Сэрээнэнгийн гэр бүлд эзэмшүүлсэн гэж дүгнэсэн нь ч хэргийн бодит байдалд нийцэхгүй, шүүх нотлох баримтыг бодитойгоор үнэлэлгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Ч.Сэрээнэн нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц 24 тоот 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцыг Ц.Амартөр, хамтран эзэмшигч Ц.Амаржаргал нараас 2001.08.03-ны өдөр Орон сууц бэлэглэх гэрээ-гээр авч 2002.04.17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Улсын бүртгэлийн 1617000679 дугаарт /6 хүний өмч/ бүртгүүлж 0018963-673 дугаарын гэрчилгээ авсан. Энэ орон сууц Ч.Сэрээнэн болон гэр бүлийн гишүүдийн /6 хүний өмч/ өмч болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2001.08.15-ны өдрийн Орон сууц худалдан авах ба эзэмшүүлэх тухай 445 дугаар тушаал гарахаас өмнө Ч.Сэрээнэн маргаан бүхий байрыг худалдаж авсан болох нь нотлох баримтаар нотлогддог.

Давж заалдах шатны шүүх Харин уг 6,500,000 төгрөг дээр өөрсдөө 2,000,000 төгрөг нэмж Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, 24 тоот 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцыг худалдан авсан тул уг орон сууц манай гэр бүлийн 6 гишүүний өмч гэж маргаж байгаа боловч маргааны үйл баримтыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Сэрээнэнгийн Ховд аймгийн нисэх буудлаас 6,500,000 төгрөгийг орон сууц худалдан авахад хөнгөлөлт болгон олгосон гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна гэсэн атлаа 6,500,000 төгрөг өгсөн талаар талууд маргахгүй байна гэж зөрүүтэй дүнгэлт хийсэн.

Хэрэгт цугларсан баримтаар уг орон сууцыг 2001.08.03-ны өдөр Орон сууц бэлэглэх гэрээ-гээр Ц.Амартөр, Ц.Амаржаргал нараас авсан. Уг байр нь Ч.Сэрээнэнгийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байсныг Ч.Сэрээнэнгийн өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болголгүйгээр Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003.05.15-ны өдрийн 19 дугаартай магадлалыг үндэслэн улсын бүртгэгч Х.Дашцэрэн 2003.06.05 /5-ын тоо засвартай/-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Ховд аймаг дах Нисэх буудал /УБ-21-1523 рег:2628548/ төлөөлөх эрх бүхий этгээд ня-бо Цэндаюушийн Түмэннасан /ПЭ65022810/-н хууль ёсны өмчлөгч гэж гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүчингүй 2014.06.04-ний өдөр улсын бүртгэгч 36/1-18 гэж тэмдэглэл хийснээс үзэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Нисэх буудал /УБ-21-1523 рег:2628548/ төлөөлөх эрх бүхий этгээд ня-бо Цэндаюушийн Түмэннасан /ПЭ65022810/-н өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж үзэж байна.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилтан Ч.Сэрээнэнг орон сууц худалдан авахад нь 6,500,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Сэрээнэн нь Ховд аймгийн нисэх буудлын дарга Болдбаатар намайг эсхүл ажлаасаа гар, эсхүл уг орон сууцыг Ховд нисэх буудлын нэр дээр шилжүүлэх тухай бичиг хийж өг гэж дарамтлаад надаар бичүүлж авсан гэх боловч хэрэгт хууль заасан журмаар цуглуулж авсан нотлох баримтаар ажилтан Ч.Сэрээнэн нь Миний бие тус нисэх буудалд нислэгийн удирдагчаар ажилладаг. 2001 оны 8 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар 1-30 айлын 1-р орцны 24 тоот 3 өрөө орон сууцыг 6,500,000 мянган төгрөгөөр иргэн Амаржаргалаас худалдан авсан бөгөөд тус орон сууц нь Ховд аймаг дахь Нисэх буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нь үнэн учир 1-30 айлын 1-р орцны 24 тоот уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Нисэх буудлын нэр дээр шилжүүлж өгнө үү гэх тодорхойлолтыг Ховд аймгийн нисэх буудлын даргад биш Ховд аймгийн үл хөдлөх хөрөнгийн товчоонд 2003.05.21-ний өдөр гаргасан байна. гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилтан Ч.Сэрээнэнд орон сууц худалдан авахад нь 6,500,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэдгээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Иргэний нисэхийн ерөнхий газар нотолж чаддаггүй. Ховд аймгийн Нисэх буудлын дарга Болдбаатар Ч.Сэрээнэнг дарамталж бичиг бичүүлж авсан болох нь Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003.05.15-ны өдрийн 19 дугаартай магадлалаар нотлогддог.

4.2 Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2001.08.15-ны өдрийн 445 дугаар тушаал, албаны орон сууц эзэмшүүлэх тухай гэрээг нотлох баримтаар үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Чойням овогтой Сэрээнэн /пас:ХО432297, рег:ПЭ61100318 /6 хүний өмч/ нь Улсын бүртгэлийн 1617000679 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө Ховд аймаг Жаргалант сум Жаргалан баг 2-30 айл 4 давхар 24 тоот /38 м.кв талбай бүхий гурван өрөө/ 912,000 төгрөгийн үнэтэй сууцны хууль ёсны өмчлөгч мөн тул бүртгэж бүртгэлийн 0018963-673 дугаартай гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээг хүчингүй болгоогүйгээр Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003.05.15-ны өдрийн 19 дугаартай магадлалыг үндэслэн улсын бүртгэгч Х.Дашцэрэн 2003.06.05 /5-ын тоо засвартай/-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Ховд аймаг дах Нисэх буудал /УБ-21-1523 рег:2628548/ төлөөлөх эрх бүхий этгээд ня-бо Цэндаюушийн Түмэннасан /ПЭ65022810/-н хууль ёсны өмчлөгч гэж гэрчилгээ олгосон. Энэ гэрчилгээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс ХҮЧИНГҮЙ 2014.06.04-ний өдөр УЛСЫН БҮРТГЭГЧ 36/1-18 гэж тэмдэглэл хийсэнд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа Хэрэгт авагдсан нотлох баримтаар Улсын бүртгэлийн Ү-1617000679 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-дугаар 30 айлын 1 дүгээр орцны 24 тоот орон сууц нь Ховд аймаг дахь Нисэх буудал /2628546/-ын өмчлөлд бүртгэлтэй байна гэх тодорхойлолтыг Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2021.06.29-ны өдөр шүүхэд ирүүлсэн 633 дугаар албан бичгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх... зарчимтай тул Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн уг албан бичгийг үнэн зөв гэж үзнэ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Сэрээнэн нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 30 айлын 1 дүгээр орцны 24 тоот орон сууцыг албаны орон сууц эзэмшүүлэх гэрээгээр эзэмшиж байсан үйл баримт тогтоогджээ. гэж дүгнэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй атлаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийн хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ., мөн хуулийн 8.12-8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ., мөн зүйлийн 5.3-т Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус тусгажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, С.Отгонжаргал, С.Баярхүү, С.Баахүү нарыг маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 30 айлын нэгдүгээр орц, 24 тоот 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

4.3. Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1, 2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 18 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх Ч.Сэрээнэн нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлд заасан хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Хэргийг хянан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг хэлэлцээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.02.25-ны өдрийн 001/ШХТ2022/00219 дүгээр тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Нэхэмжлэгч Ч.Сэрээнэн, Н.Туяа, С.Отгонжаргал, С.Баярхүү, С.Баахүү нар Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан баг 2 дугаар 30 айлын орон сууц, 1-р орц 24 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл /хүсэлт/ гаргажээ.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

9. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...өөрийн амьдарч байгаа Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг 2 дугаар 30 айлын 1-р орцны 24 тоот, 38 м.кв талбай бүхий гал тогоо тусдаа 3 өрөө орон сууцыг байгууллагын дэмжлэг, өөрсдийн хөрөнгөөр 2000 онд худалдан авч, улсын бүртгэлийн 1617000679 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан боловч 2019 оны сүүлээр гэрчилгээгээ шалгуулахад манай өмчлөлд бүртгэлгүй, гэрчилгээ хүчингүй болсон гэж байна.

Бид өмчлөлийг асуудлаа шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч хариу өгөхгүй, бидний хууль ёсны ашиг сонирхол, өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/-ийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар маргаж буй орон сууц нь Иргэний нисэхийн ерөнхий газрын өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогджээ.

 

10. Анхан шатны шүүх өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг илрүүлээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлэгт онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргүүдийг тухайлан зааж өгсөн бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрхийн маргаантай холбоогүй бөгөөд эрх зүйн үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх ба зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй. Эрх зүйн маргаангүй гэдэг утгаараа эсрэг талын зохигч буюу хариуцагч байхгүй байна. Иймд энэ төрлийн нэхэмжлэл нь ямар нэг этгээдэд хандаж гаргасан шаардлага биш, бас зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох маргаантай эрхийг хамгаалахыг шаардахгүй.

 

12. Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхийг зөрчигдсөн гэж үзэж, сэргээн тогтоолгох агуулгатай нэхэмжлэл гаргасан байхад хоёр шатны шүүх маргаантай үйл баримтын талаарх нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хяналтын шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй бөгөөд маргаантай үйл баримтыг ердийн журмаар шийдвэрлэхээр байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь өмчлөх эрх зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийг холбогдох этгээдэд холбогдуулан шүүхээр шийдвэрлүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00449 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасан үндэслэлгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Ч.Сэрээнэн, Н.Туяа, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Сэрээнэнгээс 2022.01.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД