Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 33

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч: С.Чулуунбаатар,

хохирогч: Х.Энхболд, түүний өмгөөлөгч Ч.Бүүтээ /0493/

шүүгдэгч: Э.Мандахбаатар, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мандахбаатарт холбогдох эрүүгийн 2016 2602 1850 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 01 сарын 19-ний өдөр Ховд аймгийн    Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээж Г.Алтанцэцэгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хотод байдаг, тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, ургийн овоггүй, иргэний шинэчилсэн бүртгэлд ороогүй, регистрийн дугаар ПЭ 81011932, Энхтүвшингийн Мандахбаатар.

 

Э.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 07-ны үүрээр 05 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” их дэлгүүрийн урд байрлах автобусны буудлын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр таяг мэт хэлбэртэй урт нарийн хөнгөн цагаан төмрийг зэвсгийн чанартай ашиглан иргэн Х.Энхболдын баруун хөлийн шилбэ рүү нэг удаа цохиж, гэмтэл учруулан догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

                                                                        

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Мандахбаатар мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөлсөлж байсан байрнаасаа гарч, Баянзүрх зах руу явсан бөгөөд тэнд 2 хүнтэй тааралдан 2 шил архи уусан. Мөн дахиад 2 шил архи уусан. Дараа нь Москва рестораны тэнд Хонгилдоонтой тааралдсан ба түүнтэй мөнгөнөөс болж муудалцсан. Би түүнийг цохиж байхад хохирогч дундуур орж ирж биднийг салгах явцад би түүнийг цохиж гэмтэл учруулсан.

Би хохирогч Х.Энхболдтой ямар ч маргаан хийгээгүй. Би Хонгилдооныг цохих гэж байхдаа андуурч, хохирогчийг цохисон. Хонгилдоон таяг шиг юм тулж байх шиг байсан ба тэр нь газар хэвтэж байхаар авч, санаандгүй цохисон. Би энэ хүний хөлийг таяг шиг зүйлээр цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Х.Энхболдод учирсан цалингийн хохирлыг ажил хийж төлнө. Манай дүү 85 000 төгрөг төлсөн байсан. Надад энэ залууг цохих ямар ч шалтгаан байгаагүй. Би тухайн үед согтууруулах ундаа маш ихээр хэрэглэсэн байсан учраас зарим зүйлсээ сайн санахгүй байна. Би Хонгилдоны богино иштэй хөнгөн цагаан таяг мэт зүйлийг баруун гартаа барьж аваад хохирогчийн хөл рүү нь цохисон. Намайг хүний хөл цохисны дараа удалгүй цагдаа ирээд, намайг авч яван эрүүлжүүлсэн. Тэр үед Хонгилдон алга болчихсон байсан, энэ хүн одоо хаана байдгийг мэдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Х.Энхболд мэдүүлэхдээ:

Би 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7-нд шилжих шөнө гэртээ амарч байтал манай найз Ганзориг “хөл бөмбөг үзье” гэхээр нь зөвшөөрч, Москва рестораны гадна талд буюу “Модерн” нэртэй пабд орж хөл бөмбөг үзсэн. 05 цагийн орчимд хөл бөмбөгийн тэмцээн түр завсарлахаар нь би тамхи авахаар Москва рестораны автобусны буудлын ТҮЦ рүү явж байхад энэ Э.Мандахбаатар нь согтуу байсан. Тэр тэнд байсан танихгүй хөгшин эрэгтэй хүнийг таягаар зэрлэгээр зодож байхаар нь “боль” гэж хэлээд түүнийг түлхэж салгасан. Тэр өвгөний толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд би зодуулсан согтуу хүнтэй яриад байж байтал Э.Мандахбаатар миний хөл рүү таяг шиг юмаа далайхаар нь би хөлөө дээш нь болготол миний баруун хөлийн шилбэний яс хугарсан. Тэгээд би цагдаад хандсан. Цагдаа ирээд намайг цохисон залууг аваад явсан. Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан. Би Э.Мандахбаатар болон түүнд зодуулж байсан хүний алинтай нь ч маргалдаагүй. Харин тэр настай хүнийг улам их зодуулахаас сэргийлж, Э.Мандахбаатарыг түлхэн холдуулсанд тэр надад дургүй нь хүрээд над руу төмөр далайн цохисон байх. Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хугарсан ясаа хадуулсан. Эмчилгээний төлбөр нь баримтаар 83 694 төгрөг гарсныг би Э.Мандахбаатарын дүүгээс авсан. Би Япон улсын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж, сард 1 200 000 төгрөгийн цалин авдаг байсан. Хөл хугарч, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 12 сар хүртэл ажлаа хийж чадаагүй. Иймд 6 сарын цалинд 7 200 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хохирлыг төлбөл надад гомдол, санал байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Баярмаа мэдүүлэхдээ:

Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Тайшир-114” чиглэлд албан үүргээ гүйцэтгэж байхад өглөө 05 цаг 22 минутанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Москва” рестораны гадаа “хүмүүс зодоон хийгээд байхаар нь салгасан чинь хөл хугалчихлаа” гэсэн дуудлага өгсний дагуу очиж шалгахад Москва рестораны автобусны буудал дээр Х.Энхболд гэгч нь цаасан хайрцаг дээр суусан, баруун хөл шилбэ хэсгээрээ санжиганаж, хугарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “хоёр хүн зодолдож байхаар голоор нь ороод салгах гэхэд намайг төмөр таяг шиг юмаар хөл рүү цохиод хугалчихлаа” гээд цохисон хүнийг зааж өгсөн. Тэр хүн нь Мандахбаатар, Батбаатар гэж нэрийг сольж хэлээд байсан тийм болохоор авч явж, саатуулсан. Дуудлагаар очих үед Энхболд нь Мандахбаатар гэх залуу намайг төмрөөр цохисон гэж зааж байсан тул төмрийг нь хурааж аваад Төгөлдөр байцаагчид хүлээлгэн өгсөн. Х.Энхболд нь хэлэхдээ “энэ хүн өөр хүнтэй зодолдож байсан, тэгэхээр нь би салгах гэтэл намайг таяг шиг төмрөөр шалтгаангүй цохисон” гэж байсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Мандахсоёл мэдүүлэхдээ:

Э.Мандахбаатар миний төрсөн ах юм, тэр 1981 онд төрсөн бөгөөд Ховд аймгийн төвийн 2 дугаар 10 жилийн сургуульд 1989 онд элсэн орж суралцан, 8  дугаар ангиа төгссөн. Мөн Ховд аймгийн коллежид элсэн орж суралцаад,  Э.Мандахбаатар ах сургуулиа төгсчихөөд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймагт байж байгаад Улаанбаатар хот руу ажил хийнэ гэж хэлээд явсан. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Архи уугаагүй үедээ бол их гайгүй дөлгөөн зантай, хүний аясаар байдаг бөгөөд архи уусан үедээ бол агсан зантай. Э.Мандахбаатар ах эхнэр, хүүхэдгүй гэжээ. (хэргийн 20, 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

Э.Мандахбаатар нь миний хамгийн том хүүхэд, 1981 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн 8 дугаар анги төгссөн. Тэрнээс хойш тодорхой ажил эрхлээгүй. 18 нас хүрээд 1 жил цэргийн алба хааж ирээд, ажилгүй гэртээ байдаг байсан. Удалгүй аав нь бурхан болоод Э.Мандахбаатар архи, согтууруулах ундааг их хэрэглэж эхэлсэн. 2005 онд Улаанбаатар хот руу явж дүү Э.Мандахсоёлын гэрт нь байж ойр зуурын олдсон ажлыг нь хийдэг байсан. Тэр хуучин паспорттой байсан бөгөөд шинэ паспорт гарахад авч чадаагүй, цахим үнэмлэхийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй юм. Зан байдлын хувьд даруухан, догшин авиргүй, ажилсаг, хөдөлмөрч юм. Ховдод сүүлийн хэдэн жил ирээгүй бөгөөд Улаанбаатар хотод янз бүрийн газар ажилладаг сураг сонсогддог. Гудамжаар явж архи уугаад ирэхгүй байгаа гэж Э.Мандахсоёл надад хэлдэг байсан гэжээ. (хэргийн 102 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10550 тоот дүгнэлтэд:

1. А.Энхболдын баруун шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ:

...Х.Энхболдын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйл буюу мод, чулуу, төмрийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлнө. Удаан хугацаа гэдэг нь 4 долоо хоногоос дээш хугацаанд эдгэрнэ. Эмчилгээ, эдгэрэлт хэвийн явагдсан тохиолдолд цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

Төрсний гэрчилгээний хуулбарт:

Эцгийн нэр Чойрогийн Энхтүвшин, эхийн нэр Гомбын Алтанцэцэг нарын гэр бүлд 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э.Мандахбаатар Ховд эмнэлэгт төрснийг бүртгэв. Регистрийн дугаар ПЭ 81 011932 гэжээ. (хэргийн 117 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Мандахбаатар ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Мандахбаатар нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 07-ны өглөө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” их дэлгүүрийн урд талын автобусны буудлын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр таяг мэт хэлбэртэй урт нарийн хөнгөн цагаан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Х.Энхболдын баруун хөлийн шилбэ рүү нэг удаа цохиж, баруун шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Энхболд, гэрч Т.Баярмаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10550 тоот дүгнэлт, хоногийн бодит дуудлага мэдээлэл, Х.Энхболдын 21 382 тоот өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Х.Энхболдын эрх чөлөөнд халдаж, улмаар таяг мэт зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний баруун хөлийн шилбэ рүү нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоожээ.

 

Иймд Э.Мандахбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой  эмчилгээний зардалд 83 694 төгрөг гарсныг шүүгдэгчийн дүү Э.Мандахсоёл хохирогчид төлсөн болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гарсан гэм хорын хохирол төлснийг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Энхболд нь миний хөл хугарснаас 6 сар ажил хийгээгүй тул цалинд 7 200 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй тул үүнийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна. Харин энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.