Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0119

 

 

 

 

 

 

 

 

         2022          02           23                                       128/ШШ2022/0119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б, Т, М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө /РД:УШ920*******/,

Хариуцагч: ХБЯД,

Нэхэмжлэлийн шаардлага: “............. яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ..........яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл  нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө БХ яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “БХЯ Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл  нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газраас Булган аймаг руу шинжээч эмчээр томилогдон ажиллаж байсан. Ар гэр маань Улаанбаатар хотод байдаг учраас ********* хамгаалах яамны эмгэг судлалын шүүх эмнэлэгт шинжээч эмчийн орон тоо гарч, хүсэлт өгч, үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.2 гэсэн заалтын дагуу шилжиж, сэлгэн ажиллах тушаалаар Батлах хамгаалах яамны шүүх эмнэлэгт шинжээч эмчээр томилогдсон. Өмнө нь би цагдаагийн цолтой байсан, Батлан хамгаалах яам нь цэргийн цол хэрэглэдэг учраас олгогддог газар нь өөр гэдэг үндэслэлээр энгийнээр томилогдсон. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүтэц орон тоонд өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлтөөр миний ажиллаж байсан шинжээч эмчийн орон тоо нь ахлах шинжээч эмч болж өөрчлөгдсөн. Хамт ажилладаг эмгэг судлаач шинжээч эмч гэсэн орон тоонд ажиллаж байсан хүний албан тушаал нь эс судлаач болж өөрчлөгдсөн. Гэтэл албаны даргаас хурал хийн, энэ хоёр хүний алийг нь авч үлдэх талаар хурал болж, албаны даргаас “...Ө намайг авч үлдэх саналтай байна, Ө нь хөдөө орон нутагт мэргэжлээрээ ажиллаж байсан, мөн ажиллаж байсан жил бусад зүйлсийг ч бодсон ч энэ хүнийг авч үлдье...” гэсэн санал гаргаж байсан. Харин хуралд оролцсон нягтлан бодогч болон бичиг хэргийн ажилтан нь өмнө тухайн хүмүүстэй 2 жилийн турш хамт ажиллаж байсан Т авч үлдэх санал гаргасан. Энэ хурлаар олонхын саналаар намайг ажлаас чөлөөлөх санал гаргасан. Би өөрийн албан тушаалдаа ажиллаж байхад өөр хүний албан тушаалын бүтэц орон тоо эс судлаач болж өөрчлөгдсөн. Миний ажиллаж байсан шинжээч эмчийн орон тоо нь ахлах шинжээч эмч гэж зэрэг нэмэгдэж өөрчлөгдсөн байтал Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн орон тоо байхгүй болсон, ахлах шинжээч эмч гэдэг шинэ орон тоо бий болсон гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн.” гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Ө *********** яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаалын хууль зүйн үндэслэл нь цэргийн албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх буюу Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан” гэсэн үндэслэлээр чөлөөлсөн гэж ойлгож байна. Мөн тус тушаалд ************* яамны Төрийн нарийн бичгийн даргын Н-12 гэсэн тушаалыг үндэслэсэн. Энэ тушаал нь *********** яамны эмгэг судлал, шүүх эмнэлгийн орон тоог баталсан нууц тушаал байсан. Тухайн нууц тушаалтай танилцсан. Тухайн тушаалд дарга, ахлах шинжээч эмч, эс судлаач эмч, эмгэг судлаач, бага эмч, туслах ажилтан гэсэн орон тоог баталсан байсан. Тухайн тушаалаас харахад Ө тухайн үед эрхэлж байсан албан тушаал нь орон тооны өөрчлөлтөөр хасагдсан гэх хуулийн зүйл заалтад хамаарахгүй буюу ахлах шинжээч эмч нэртэй л болсон. Ажил байдлын тодорхойлолтоос харах юм бол чиг үүрэг нь хэвээрээ байна. Нэхэмжлэгч Ө хийж байсан шинжээч эмч гэдэг албан тушаалыг ахлан шинжээч эмч болгон өөрчилсөн болохоос биш тухайн орон тоог хасаагүй. Орон тоо хасагдана гэдэг бол албан тушаалын чиг үүрэг байхгүй болохыг хэлдэг. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан байдаг. Гэтэл ************* яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/51* дүгээр тушаалд тус албан тушаалыг хассан тухай байдаггүй.

Байгууллагын хурлын тэмдэглэлд тухайн хурлыг даргалсан тус байгууллагын дарга Н нь гарын үсэг зураагүй. Тэгэхээр тухайн албажаагүй тэмдэглэлийг үндэслэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Хариуцагч талаас шинжээч болон ахлах шинжээч ялгаатай гэж тайлбарлаж байна. Хамгийн гол хийж байгаа үйл ажиллагааны чиг үүрэг нь чухал шүү дээ. Түүнээс нэг нь дарга болоод нөгөө нь цэрэг байсан гээд чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Хуульд чиг үүрэг нь ямар байна түүгээрээ тухайн албан тушаал хадгалагдах ойлголт байдаг.

Туршилтын хугацаа дууссан гэж мөн тайлбарлалаа. Маргаан бүхий тушаалд туршилтын хугацаа дууссан гэж үндэслээгүй, мөн заагаагүй.

Мөн эмчлэх эрхийн гэрчилгээгүй байсан гэж тайлбарлаж байна. Энэ талаар мөн чөлөөлөх тухай тушаалдаа заагаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т "шүүхийн шинжилгээний мэргэжилтэн" гэж криминалистикийн болон эмнэлгийн тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжилтнээр оролцох эрх бүхий, шинжилгээний байгууллагын ажилтныг” хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ө чиг үүрэг нь гэмтлийн зэрэг тогтоох, задлан хийх чиг үүрэгтэй. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэдэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна” гэж заасан. Тийм учраас шүүх шинжилгээний мэргэжилтэн гэдэг албан тушаал нь эмчлэх эрхийн гэрчилгээ байх гэсэн шаардлага байхгүй.

Төрийн албаны тухай хуулийн дагуу Ө нь төрийн жинхэнэ албан хаагч учир Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлэх ёстой.  Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасан баталгааг эдлэх эрхтэй. Гэтэл Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга тус хуулийг зөрчиж тушаал гаргасан. Тийм учраас тухайн тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбар, дүгнэлтдээ: “БХ яамны ************** даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалаар Ө төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн. Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгээс тухайн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуралдан, тухайн хуралдаанаар ямар албан тушаалд хэн хэнийг шинэ бүтэц орон тоонд томилох талаар хэлэлцээд, хурлын тэмдэглэл гаргасан. Тус тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн тэмдэглэлд нэхэмжлэгч Ө нь ажилдаа хэрхэн ханддаг, хэрхэн хандаж байсан, ажлын хамт олондоо ямар хандлагатай байсан, мөн даргын өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлдэг байсан талаар дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн ажилдаа хэрхэн ханддагийг Т харьцуулсан байдаг.

Бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө шинжээч эмчийн орон тоонд байсан Ө албан тушаал нь ахлах шинжээч эмч болж өөрчлөгдсөн. Шинжээч эмч болон ахлах шинжээч эмч гэсэн албан тушаалуудын хувьд асар том ялгаа байдаг. Нэгдүгээрт: ахлах шинжээч эмч гэдэг бол удирдах албан тушаалд хамаарна, шинжээч эмч гүйцэтгэх албан тушаалд хамаарна. Тийм учраас ахлах шинжээч эмч гэдэг албан тушаал нь шинжээч эмч гэдэг албан тушаалаас өөр албан тушаал юм. Шинжээч эмчийн орон тоо хасагдаж, ахлах шинжээч эмчийн албан тушаалд Т байгууллагын удирдлагын санал болон хурлын тэмдэглэлийг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилж, Б/51* дүгээр тушаалаар Т чөлөөлсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж заасан. Мөн Ө ***************** Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар анх тус албан тушаалд томилохдоо төрийн жинхэнэ албанд буюу офицер орон тоонд энгийнээр, туршилтын хугацаанд томилсон. Төрийн албаны тухай хуульд туршилтын хугацаа нь 6-12 сарын хугацаа байдаг.

Мөн Ө чөлөөлсөн тушаалын үндэслэлд Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг үндэслэсэн байдаг. Тус заалтад “анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан бол тухайн цэргийн албан хаагчийг цэргийн албанаас чөлөөлнө” гэж заасан байдаг. Эдгээр хууль тогтоомжийн үндэслэлүүдээр Ө төрийн албанаас чөлөөлсөн. Мөн Ө ахлах шинжээч эмч гэсэн албан тушаалд томилоход энэ хүний мэргэжлийн зөвшөөрөл буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан, үүнийгээ сунгуулаагүй байсан. Мөн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтийг нэхэмжлэгч хангаагүй юм. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж төрийн албанаас чөлөөлөх тушаал гарсан.

Шинжээч эмч гэж өмнөх хүчингүй болсон орон тоо байсан. Хэрэв шинэ орон тоонд шинжээч эмч гэж орон тоо гарсан бол чиг үүрэг, нэршил нь хэвээр үлдсэнд тооцогдох байсан. Шинжээч эмч гэдэг орон тоо шинээр батлагдсан орон тоогоор хасагдаад ахлах шинжээч эмч гэж орон тоо гарсан нь тухайн албан тушаалаас өөр албан тушаал, ерөнхий чиг үүргийн хувьд адил ч гэсэн яг тухайлсан чиг үүргээрээ хоёр өөр албан тушаал юм гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл шинжээч эмчийн гүйцэтгэдэг ажлыг ахлах шинжээч тодорхой хэмжээгээр гүйцэтгэж сурсан, туршлагатай хүн байх ёстой. Мөн Төрийн албаны тухай хуульд төрийн тусгай алба нь удирдах болон гүйцэтгэх гэсэн албан тушаалтай байдаг. Ахлах шинжээч гэдэг нь Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн удирдах албан тушаалд хамаарна. Удирдах албан тушаалд хамаарах шаардлага, гүйцэтгэх албан тушаалд тавигдах шаардлагыг хуулиар зохицуулсан, мөн албан тушаалын тодорхойлолтын хувьд ялгаатай.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хамт олны хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна. Тухайн тэмдэглэлд нэхэмжлэгчтэй хамтарч ажиллаж байсан хүмүүс энэ хүний ажлын бүтээмжийг үнэлээд, өөрсдийн саналаа тусгасан. Энэ нь нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд томилох үнэлгээ гараагүйд нөлөөлсөн.

Би туршилтын хугацааг дууссан гэж хэлээгүй, нэхэмжлэгчийг анх томилохдоо туршилтын хугацаагаар, энгийн, офицерын орон тоонд томилсон. Төрийн албаны тухай хуульд 6-12 сарын хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулдаг. Энэ хугацаанд энэ хүнийг тус албан тушаалд хэр ажиллах, хэр ажлын дадлага туршлагатай вэ гэдгийг харна. Түүний дараа үргэлжлүүлээд жинхэлж ажиллуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч Ө нь туршилтын хугацаанд ажиллаж байсан, энэ хугацаанд өөрийн ажлын туршлага, чадвараа бүрэн гаргаагүй гэж үзэж байна.

Дараагийн асуудал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ.” гэж заасан. Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэг нь тодорхой хэмжээнд Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулагддаг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нэг төрлийн байгууллага юм. Тийм учраас тухайн эмчлэх эрхийн зөвшөөрөл нь энэ албан тушаалд ажиллах хүнд зайлшгүй шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч Ө тус зөвшөөрлийн хугацаа нь дууссан, сунгаагүй, хугацаа сунгуулахаар шалгалт өгөөд тэнцээгүй байдалтай байсан нь тус албан тушаалд томилохгүй байхад нөлөөлсөн.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Т, З, М нар дүгнэлтдээ: “албан тушаалын нэршил өөрчлөгдсөнөөс чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй гэдэг нь үндэслэлтэй, тухайн хоёр албан тушаал нь ялгаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. ХБ яамнаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ХБ яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ХБ яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл  нөхөн төлүүлэхээр шаардлагаа тодорхойлсон бөгөөд энэ шаардлагын хүрээнд шүүх дүгнэсэн болно.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын энэ маргаанд хамаарах 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалаар “зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр шинжээч эмчийн албан тушаал нь хасагдсан” үндэслэлээр Ө шинжээч эмчийн албан тушаалаас  чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь “шинжээч эмч гэдэг албан тушаалыг ахлах шинжээч эмч болгож өөрчилсөн болохоос орон тоо хасагдаагүй, ... албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, ... шинжээч эмчийн тухайд эмчлэх эрхийн гэрчилгээтэй байх шаардлагагүй, ... сонгон шалгаруулалт явуулаагүй” гэж маргаж, хариуцагч нь “... бүтцийн өөрчлөлтөөр шинжээч эмч гэсэн орон тоо хасагдсан, эмчлэх эрхийн гэрчилгээгүй, ахлах шинжээч эмч гэдэг нь удирдах албан тушаал, тодорхой шалгуур тавигддаг, зарим чиг үүрэг адил ч албан тушаалын тодорхойлолт өөр, албан тушаалд шалгаруулалт явуулахад шаардлага хангаагүй” гэж тайлбарлажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд.

Маргаан бүхий тушаалд ХБ эмгэг судлал, шүүх эмнэлгийн зохион байгуулалтын бүтцийн орон тоог шинэчлэн баталсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн н/12 дугаар тушаалыг үндэслэн Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1.1 дэх “Цэргийн алба хаагчийг анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөх” заалтыг баримталсан байна.

Ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан шинжээч эмчийн албан тушаал төрийн тусгай алба байх бөгөөд эрх зүйн байдлыг нь Төрийн албаны тухай хуулиар болон хууль тогтоомжийн бусад актаар тухайлбал төрийн тусгай албан тушаалын ангилал зэрэглэл, тавигдах шаардлагыг холбогдох хуулиар тогтоохоор, Цэргийн албаны тухай хуулиар цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг, тухайлбал цэргийн жинхэнэ алба хаах болзол, цэргийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулсан байх тул албан тушаалаас чөлөөлсөн шийдвэртээ Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан нь үндэслэлтэй байна.

Өмнөх бүтцийг нь баталсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны н/02 дугаар тушаалаар Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн тайван цагийн бүтцэд дэд дарга-шинжээч гэсэн хошуучаас дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй 1 орон тоо, тасгийн дарга-эмгэг судлаач эмч гэсэн хошууч цолтой ТТ-9 зэрэглэлтэй 1 орон тоо, эмгэг судлаач-шинжээч эмч гэсэн ахмадаас хошууч цолтой ТТ-9 зэрэглэлтэй 1 орон тоо тус тус батлагдсан байсан бол орон тоо шинэчлэн баталсан /өмнөх 2013 оны н/02 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон/  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн н/12 дугаар тушаалаар Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэгт тайван цагт ахлах шинжээч эмч гэсэн дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй 1 албан тушаалын орон тоо, эс судлаач эмч гэсэн хошууч цолтой ТТ-10 зэрэглэлтэй 1 орон тоо, эмгэг судлаач гэсэн хошууч цолтой ТТ-10 зэрэглэлтэй 1 орон тоо батлагджээ.

Дээрх зохион байгуулалтын бүтэц орон тооны өөрчлөлтөөс үзвэл дэд дарга-шинжээч гэсэн хошуучаас дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй албан тушаалын 1 орон тоо нь ахлах шинжээч эмч албан тушаал болж албан тушаалын цол, зэрэглэл хэвээр батлагдсан, харин хошууч цолтой тасгийн дарга-эмгэг судлаач албан тушаал нь эмгэг судлаач эмч гэсэн нэршилтэй болж өөрчлөгдөн хошууч цолтой байхаар зэрэглэл нь хэвээр батлагдсан бол ахмадаас хошууч цолтой байх эмгэг судлаач-шинжээч эмч албан тушаал нь хасагдаж, шинээр эс судлаач эмчийн хошууч цолтой ТТ-10 зэрэглэлтэй албан тушаалын орон тоо батлагджээ.

Ө 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/19* дүгээр тушаалаар Батлан хамгаалах эмгэг судлал, шүүх эмнэлэгт шинжээч эмчээр энгийнээр томилж ажиллуулсан, батлагдсан бүтцээр шинжээч эмч” гэсэн ажлын байр эмгэг судлаач-шинжээч эмчээс өөр байхгүй, тул түүний ажиллаж байсан ажлын байр нь эмгэг судлаач-шинжээч эмч байсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь дэд дарга-шинжээч гэсэн хошуучаас дэд хурандаа цолтой ТТ-11 зэрэглэлтэй албан тушаалд ажиллаж байгаагүй, ажиллаж байсан гэж маргаагүй атал уг албан тушаалын нэршил өөрчлөгдөн ахлах шинжээч албан тушаал болсон байхад өөрийнх нь ажиллаж байсан “шинжээч эмч гэдэг албан тушаалыг ахлах шинжээч эмч болгож өөрчилсөн болохоос орон тоо хасагдаагүй, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа” хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна.

Тиймээс хариуцагч зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр шинжээч эмчийн албан тушаал нь хасагдсан” гэж үзсэн нь, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1.1 дэх “Цэргийн алба хаагчийг ... орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөх” заалтаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тушаалын гарах болсон зорилго, шийдэлд нийцжээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах талаарх зохицуулалтад буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “... эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, ... ажлын байраар хангуулах ...” гэж заснаас үзвэл албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг ажил олгогчид хуулиар үүрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь “орон тоо хасагдаагүй, ... албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, дээрх зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүй” гэж маргадаг ч дээр дүгнэснээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан байх тул ажил олгогч нь 62.1.3-т заасан “үргэлжлүүлэн ажиллуулах”, “шалгаруулж авах” үүргийг хүлээхгүй.  

Хэдий ийм ч ажил олгогч ХБ эмгэг судлал, шүүх эмнэлгийн даргын зөвлөлийн хуралдаанаар шинэчилсэн бүтэц орон тоогоор “эмгэг судлаач-шинжээч эмчийн орон тоо хасагдсан” үндэслэлээр эмгэг судлаач-шинжээч эмчийн албан тушаалд дэслэгч цолтой ажиллаж байсан Ө болон шинжээч эмчийн албан тушаалд энгийнээр ажиллаж байсан Ө нараас алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан ахлах шинжээч эмч гэсэн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах байдлаар томилох эрх бүхий этгээдэд санал хүргүүлэхээр хэлэлцсэн, энэ хурлаар Ө хувьд хүний их эмч мэргэжилтэй, шүүх эмгэг судлал чиглэлээр мэргэшлийн үнэмлэх авсан, тухайн үед  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгүй байсан, Т хувьд тус эмнэлэгт 2018 оноос эмгэг судлаач-шинжээч эмчээр томилогдон ажилласан цэргийн дэслэгч цолтой, хүний их эмч мэргэжилтэй, шүүхийн шинжээч эмч мэргэжлээр мэргэшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй байсан нь хэлэлцэгдэж, ахлах шинжээч эмчийн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад нарийн мэргэжлээр мэргэшсэн байх шаардлагыг илүүтэй хангасан гэж үзээд Т шалгаруулж томилох эрх бүхий этгээдэд санал хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь шинжээч эмчийн тухайд эмчлэх эрхийн гэрчилгээтэй байх шаардлагагүй гэх ч ажил олгогч шалгаруулалт явуулахдаа Т мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй байсныг харгалзаж үзсэнийг буруутгахааргүй байна.

Харин тушаалд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь “үйлчилгээний албан тушаалд хамааруулсан” заалт, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах” заалт, 55 дугаар зүйлийн 55.1 дэх “гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх” хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд зөв биш хэдий ч хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар засах боломжтой, тушаал гарах болсон зорилго, шийдэлд нөлөөлөхөөргүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ө нь Булган аймгийн шүүхийн шинжилгээний албанд шинжээч эмчээр, цагдаагийн дэслэгч цолтойгоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлснээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/19* дүгээр тушаалаар түүнийг яамны Батлан хамгаалах эмгэг судлал, шүүх эмнэлэгт шинжээч эмчээр энгийнээр /офицерын албан тушаалд/ томилж ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн, эсхүл 2 байгууллагын удирдлагын санаачлагаар гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан шийдвэр” биш гэдгийг, тиймээс ч 44.3-т заасан “эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” байх үүргийг хариуцагч хүлээгээгүй гэдгийг дурьдах нь зүйтэй.    

5. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар захиргааны актыг утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болохоор заасан ба хариуцагч өөрийн сонгох боломжийн хүрээнд маргаан бүхий актыг гарсан талаар утсаар мэдэгдсэнийг буруутгах боломжгүй.

Ийнхүү ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, энэ үндэслэлээр чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй, чиг үүрэг нь эргүүлэн томилуулах шаардлагад дурдсан ахлах шинжээч гэсэн албан тушаалд шилжээгүй болох нь тус тус тогтоогдож байх тул Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг хангах үндэслэлгүй, тиймээс ч ажилгүй байсан хугацаанй цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага мөн хангагдахгүй байна. 

6. Иргэдийн төлөөлөгч нар “нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах” агуулгаар гаргасан дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг баримтлан  “ХБ яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/51* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Эмгэг судлал, шүүх эмнэлгийн ахлах шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3,210,440 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл  нөхөн төлүүлэхтухай нэхэмжлэгч Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА

                    

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.БАТСҮРЭН  

                    

                     ШҮҮГЧ                                                    Ц.ОДМАА