Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00352

 

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01376 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1384 дүгээр магадлалтай,

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэрэнхүү нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 64,441,380 төгрөг, кредит картын төлбөр 12,501,702.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэрэнхүү нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 64,441,380 төгрөг, кредит картын төлбөр 12,501,702.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч Д.Цэрэнхүү нь ...үндсэн зээлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нь ... гэрээнд батлан даагчаар оролцож гарын үсэг зурсан болохоос зээлийг аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01376 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүрэгт 71,229,895.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, үлдэх 8,713,116.12 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201008214 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 371-н тоот хаягт байрлах, 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,609.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 514,099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1384 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас 60,304,459 төгрөг, хариуцагч Д.Цэрэнхүүгээс 10,925,434 төгрөг тус тус гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,713,115 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай, гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад ...Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 514,099 төгрөг... гэснийг ...Д.Цэрэнхүүгээс 363,338 төгрөг, Д.Оюун-Эрдэнээс 229,736 төгрөг тус тус... гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан

№ЗГ/RCC180402022-2 тоот зээлийн гэрээний зориулалт нь хариуцагч Д.Цэрэнхүүгийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалттай байсан. Түүнээс миний бие ямар нэгэн байдлаар зээл авах шаардлагагүй байсан бөгөөд энэ талаар хариу талбартаа мөн адил дурдсан. Хариуцагч Д.Цэрэнхүү ч тайлбартаа хэлсэн байдаг. Уг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу миний бие хүлээн аваагүй, ашиглаагүй, нэхэмжлэгчийн зүгээс над руу шилжүүлээгүй тул №ЗГ/RCC180402022-2 тоот зээлийн гэрээний төлбөрийг миний хариуцах үүрэггүй гэж үзэж байна. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт тодорхой авагдсан буюу зээл хүссэн өргөдөл, зээлийн хүсэгчийн бүрдүүлсэн материал зэрэг нь зөвхөн Д.Цэрэнхүүгийн нэрээр бичигдсэн байхыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй болно.

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүхээс 2020.04.22-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд зааснаар хариу тайлбар өгөх боломжийг олгоогүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх нь ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна

4.3. Мөн миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа нийт 71,229,895 төгрөгт 514,100 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч миний гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас хариуцагч Д.Оюун-Эрдэнэ надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Оюун-Эрдэнийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ: ...2018.04.02-ны өдөр Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэрэнхүү нартай зээлийн гэрээ байгуулж, 85,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.Оюун-Эрдэнийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол, 11-р байрны 371 тоот 30.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нар эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөхгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, 2019.08.15-аас хойш төлбөр хийгээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 57,122,976.47 төгрөг, зээлийн хүү 7,060,086.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 236,745.81 төгрөг, нийт 64,419,808.45 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, мөн зээлдэгч Д.Цэрэнхүү нь 2018.04.04-ний өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгөний гүйлгээнд 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай байгуулсан. Кредит картын зарцуулсан дүн 9,768,703.86 төгрөг, хүүгийн авлага 2,730,298.81 төгрөг, нийт 12,501,702.68 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг Д.Цэрэнхүүгээс тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.Цэрэнхүү: ...нэхэмжлэлийн шаардлагаас 71,000,000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ: ...зээлийн мөнгө аваагүй тул төлбөрийг зөвшөөрөхгүй, харин барьцааны гэрээнд гарын үсэг зурсантай маргахгүй... гэжээ.

 

7. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2018.04.02-ны өдрийн №ЗГ/RCC180402022-2 дугаартай Зээлийн гэрээ, 2018.04.03-ны өдрийн №ЗБ/RCC180402022-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018.04.04-ний өдрийн №ЗГ/BCC20180402022 дугаартай Кредит карт эзэмших гэрээ, Д.Цэрэнхүүгийн ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх мөнгөн хөрөнгө, түүний үр шимийг барьцаалсан барьцааны гэрээ тус тус авагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй, гэрээний үүрэгт Д.Цэрэнхүү үндсэн зээлд 27,877,023 төгрөгийг, зээлийн хүүд 20,946,585 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 172,780 төгрөгийг тус тус төлсөн, эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2019.08.15-аас хойш төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, барьцааны гэрээгээр ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Түүнчлэн хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүргийг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т тодорхойлсон.

 

8. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгэхгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тооцоолж, хоёр зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас тус тусад нь шаардсан байхад нэгтгэж, хамтад нь хариуцуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг залруулж, гэрээний шаардлагад хамаарах хариуцагч нарын үүрэг тус бүрийг тодорхойлж, хариуцагч Д.Цэрэнхүү, Д.Оюун-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүрэгт 60,304,459 төгрөгийг, хариуцагч Д.Цэрэнхүүгээс Кредит картны зээлийн үүрэгт 10,925,434 төгрөгийг тус тус гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,713,115 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

9. Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...зээлийн мөнгөн хөрөнгийг би аваагүй, Д.Цэрэнхүү бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор авсан тухайгаа хэлсэн байтал энэ талаар анхаарсангүй, ...нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар өгөх хугацаа олгосонгүй, ...давж заалдах шатны шүүх гомдлын заримыг хангасан атлаа улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна, иймд надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ. /Тодорхойлох хэсгийг 4.1-4.3/

 

9.1. Хэргийн 16 дугаар талд авагдсан 2018.04.02-ны өдрийн Зээлийн гэрээнд Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэрэнхүү нар нь зээлдэгч-ээр оролцож, гэрээнд гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээний зээлдэгчийн үүргийг хэн аль нь хүлээнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон тул Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэрэнхүү нар нь дээрх зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид.

 

Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нь Д.Цэрэнхүүгийн зээлийг дэмжиж, зээлийг буцаан төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул зээлийн хөрөнгийг аваагүй гэх тайлбар зээлийг буцаан төлөх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

9.2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удааширсантай холбогдуулан нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд тооцогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх бөгөөд хариуцагч нь нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсны дараа шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь өмнө гаргасан шаардлагын агуулгатай ижил бөгөөд зөвхөн үнийн дүн нэмэгдсэн байх бөгөөд хариуцагч хугацаа шаардлагатай талаар хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

9.3. Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан атлаа хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 514,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т давж заалдах шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэжээ.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 514,100 төгрөгийг хариуцагчид буцаан олгуулахаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1384 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 2020.06.04-ний өдөр төлсөн 514,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Оюун-Эрдэнийн гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 2020.08.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,473 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД