Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00353

 

  

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00425 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1007 дугаар магадлалтай,

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нано ойл лик ХХК, Давхар увидас ХХК, Б.Сурмаа, О.Долгорсүрэн, Д.Нямдорж, В.Сүрэнжав, Э.Эрдэнэбулга нарт холбогдох

 

2018.12.18-ны өдрийн №ЗГ/RCC121214035-2 тоот Зээлийн гэрээг цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 326,240,869.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Сурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Нано ойл лик ХХК, Давхар увидас ХХК, Б.Сурмаа, О.Долгорсүрэн, Д.Нямдорж, В.Сүрэнжав, Э.Эрдэнэбулга нарт холбогдуулан 2018.12.18-ны өдрийн №ЗГ/RCC121214035-2 тоот Зээлийн гэрээг цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 326,240,869.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.Долгорсүрэн, Б.Сурмаа нар ...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй, ...нэхэмжлэлд дурдсан зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй, ...шүүхэд хандах нь нэхэмжлэгчийн өөрийн эрх тул нотариатын зардал төлөх үндэслэлгүй, ...зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй гэж, хариуцагч Д.Нямбаяр, В.Сүрэнжав нар ...зээлдэгч О.Долгорсүрэн, Б.Сурмаа нар зээлийг хугацаанд нь төлөх бүрэн боломжтой байсан, ...миний бие зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, ...зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй гэж, хариуцагч Давхар увидас ХХК, Нано лик ойл ХХК нь ...зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй гэж, хариуцагч Э.Эрдэнэбулга нь ...зээлийн төлбөрийг Нано лик ойл ХХК бүрэн хариуцна, ...миний бие Нано лик ойл ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, ...зээлдэгч О.Долгорсүрэн, Б.Сурмаа нар зээлийн үүргийг хариуцна гэж тус тус маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00425 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК болон хариуцагч О.Долгорсүрэн, Б.Сурмаа нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/RCC181214035-2 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Долгорсүрэн, Б.Сурмаа нараас 315,401,805.35 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,839,063.76 төгрөг гаргуулах, хариуцагч Давхар увидас ХХК, Нано лик ойл ХХК, Э.Эрдэнэбулга, В.Сүрэнжав, Д.Нямбаяр нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Долгорсүрэн, Б.Сурмаа нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205046532 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 1 дүгээр давхар, А тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 105 м.кв талбайтай, үл хөдлөхөд эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205037056 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 48 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 60,47 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2204070366 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 409 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 84,66 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205032211 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 1А, 2А, 3А дугаар байрнуудын зоорийн давхарт байршилтай, 17,26 м.кв талбайтай, 36 дугаарын автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2204075875 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 дугаар байр, зоорийн давхрын 96 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1007 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Сурмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.Сурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагч Б.Сурмаа, О.Долгорсүрэн нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 315,401,805.35 төгрөгөөс зарим хэсгийг буюу 33,528,005 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд төлбөл зохих хүүгийн хэмжээг хэт нэг талыг барьж нэмэгдүүлэн тогтоож 33,528,005 төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.2. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэхдээ хариуцагч Б.Сурмаа, О.Долгорсүрэн нар зээл, зээлийн хүүгийн тооцоолол буруу гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа хүүгийн үлдэгдэлд 33,528,005.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 300,000.84 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогдож байхаас гадна хариуцагч нар үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байна, зээлийн хүүгийн тооцоолол буруу гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна гэжээ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь ИХ-ийн 451-р зүйл болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа баримтаар хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоолол нь илт үндэслэл муутай, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот журамд нийцээгүй байхад дан ганц нэхэмжлэгч талын гарган өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоололд үндэслэн төлбөл зохих төлбөрөөс 33,528,005.56 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 315,401,805.35 төгрөгөөс 33,528,005.56 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь иргэн Б.Сурмаа, О.Долгорсүрэн нартай 2018.12.18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нарт 300,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 39 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар олгохоор, зээлдэгч нар гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Л.Долгорсүрэн, И.Баярсайхан, Б.Мөнхбаяр нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсан, мөн зээлдэгч нар нь зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж чадаагүй тохиолдолд уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлөхийг баталж иргэн Э.Эрдэнэбулга, В.Сүрэнжав, Д.Нямбаяр, Давхар увидас ХХК, Нано лик ойл ХХК-тай тус тус Баталгааны гэрээ байгуулжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагууу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д,

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж 153 дугаар зүйлийн 153.1.-д,

 

Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж 234 дүгээр зүйлийн 234.1.-д тус тус зохицуулсан байна.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ, баталгааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар талууд маргаагүй бөгөөд энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

7. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д заасан ба талууд Зээлийн гэрээний 10.2.-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж харилцан тохиролцжээ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч буюу банк зээлийн хөрөнгө болох 300,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2019.10.25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 112,621,712 төгрөг төлөхөөс 38,216,025 төгрөгийг төлж, төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийн үүргийн гүйцэтгэлд 326,188,369.12 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Зээлийн гэрээний холбогдох заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэр хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тооцож, зээлийн төлбөрт 315,349,305.35 төгрөгийг гаргуулахаар, үлдэх 10,839,063.77 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

8. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 234 дүгээр зүйлийн 234.4.-т тус тус зохицуулсан.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 52,500 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Баталгааны гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч Давхар увидас ХХК, Нана лик ойл ХХК, иргэн Э.Эрдэнэбулга, В.Сүрэнжав, Д.Нямбаяр нар нь үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй бол нөхөх хариуцлага хүлээх үндэслэлээр тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

10. Хариуцагч Б.Сурмаа: ...шүүх төлбөл зохих төлбөрөөс зээлийн хүүгийн тооцооллыг илт үндэслэл муутай тооцож 33,528,005 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн тул ...дээрх төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж гомдол гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээл, зээлийн хүүгийн тооцооллол нь гэрээний нөхцөл, журамтай нийцсэн /хх-82 дугаар тал/, дээрх тооцооллыг илт үндэслэлгүй гэж үзэх боломжгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Сурмаагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00425 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Сурмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Сурмаагаас 2020.06.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД