Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2020/00307/И |
Дугаар | 001/ХТ2022/00384 |
Огноо | 2022-03-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2022/00384
Даймонд-Очир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00695 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1198 дугаар магадлалтай,
Даймонд-Очир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
С.Хурандаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,056,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
1. Нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-аас С.Хурандаад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 10,056,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ...нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийн зээл авсан, тус компанийн захирал Б.Пүрэв-Очиртой өр авлагын тооцоотой байсан учир тухайн зээлээр хаана гэж тохироод зээлийн төлбөрийг шаардахгүй гэж ойлгож байсан, ...зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн учраас үлдэх 2,000,000 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаа тохирч төлөхөд татгалзаж зүйлгүй гэжээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00695 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Хурандаагаас 2,240,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-д олгож, үлдэх 7,816,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хурандаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 50,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1198 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Хурандаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,681,596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,374,404 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ....50,790... гэснийг ...121,855... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зөв дүгнэсэн ч зээлийн тооцооллыг буруу гаргасан. Зээлдэгчийн төлсөн гэх 3,000,000 төгрөгийг 2018.07.10-ны өдөр төлсөн нь зээлийн дансны хуулга, хариуцагчийн тайлбар зэрэг үйл баримтаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх 2018.03.10-нд төлсөн гэж үзэн зээлийн тооцооллыг гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээнд энэ талаар тусгаж, зээлдэгч нь тухайн нөхцөл бүрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний төлбөрөө бүрэн биелүүлэх хүртэлх хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах бүрэн эрхтэй.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүүг 3,374,404 төгрөгийг хасч тооцсонд гомдолтой байна. Зээл авсан өдөр буюу 2017.05.10-ны өдрөөс хойш сүүлийн байдлаар нэмэгдүүлсэн өдөр буюу 2020.02.12 хүртэлх хугацааны нийт 1007 хоногийн хүү, үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 4,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856,000 төгрөг, нийт 10,056,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
4.2. Хариуцагч нь өнөөг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, зээл авснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч байхад шүүхээс нэг талыг барьсан шийдвэр гаргаж, өөгшүүлж байгаад гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг хангаагүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хуульд заасан эрхийн хүрээнд хэргийг бүх талаас нь хянан үзэж, 6,681,596 төгрөг дээр зээлийн хүүд 3,374,404 төгрөг нэмж хариуцагчаас гаргуулах тухай нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарыг үндэслэн гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцүүлэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх үндэслэлдээ зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, гэрээнд хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар талууд тохиролцоогүй тул хуульд зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй, учир нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагыг зөрчиж, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар гэрээнд тусгайлан зааж өгөөгүй байна гээд энэхүү гэрээний 5.2, 3.1.2 дахь заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч шүүхийн энэхүү дүгнэлтэнд холбогдох гомдолдоо талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан гэдэг үндэслэлээ Иргэний хуулийн 253.1-ээр тайлбарлаж байгаа ч хуулиар зохицуулсан зохицуулалтыг баримтаар няцаан үгүйсгээгүй байна.
5.2. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь буруу, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсэн нь харин ч давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК хариуцагч С.Хурандаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 4,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856,000 төгрөг, нийт 10,056,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч үндсэн зээлээс 3,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр үлдэгдэл 2,000,000 төгрөгт холбогдох хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж маргажээ.
8. Зохигч 2017.05.10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч буюу зээлдэгч гэрээний хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.
Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар зохигч маргаагүй, талуудын хооронд Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтад нийцжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд үүргийг биелүүлээгүй боловч үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөгийг төлсөн үйл баримттай зохигч маргаагүй, иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй, хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа үндсэн зээл 5,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасч, үлдэх 2,000,000 төгрөг дээр гэрээний хугацааны үүрэг үндсэн хүү 200,000 төгрөг, үүргээ биелүүлээгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү 40,000 төгрөгийг /5,000,000х4%+200,000х20%/ тус тус нэмж, нийт 2,240,000 төгрөгийг гаргуулж, зохигчийн хооронд байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг ямар хэмжээгээр тооцохыг тохиролцоогүй тул гэрээний 2.5, 3.1.2 дахь заалтууд хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад ...гэрээний 2.5, 3.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэх дүгнэлт үндэслэлгүй тул хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү төлнө... гэж дүнэн, гэрээний хугацаа өнгөрсний дараа төлсөн 3,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсны үндсэн дээр хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 6,681,596 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
12. Нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК магадлалыг эс зөвшөөрөхдөө: ...давж заалдах шатны шүүх хариуцагчийн 3,000,000 төгрөг төлсөн хугацааг буруу тооцсноос нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүй... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4.1/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 3,000,000 төгрөгийг 2018.07.10-нд төлсөн гэж маргасан боловч хэрэгт дээрх төлбөрийг 2018.07.10-нд төлсөн тухай баримт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулгаар хариуцагч нь 2018 оны 03 сараас 07 сарын хооронд дээрх төлбөрийг төлсөн байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн гэж үзнэ, иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
13. ...Гэрээний 2.5, 3.1.2 дахь заалт хүчин төгөлдөр бус, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөхгүй... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /тодорохойлох хэсгийн 5.1/
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24.3-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус зохицуулжээ.
Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн Зээлийн гэрээний 2.5-д зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж, 3.1.2.-т зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү тооцох ба үүнээс үүдэн гарах зардал, хохирлыг нэмж шаардах эрхтэй... гэжээ.
Гэрээний дээрх заалт Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, зээлийн хэтэрсэн хугацааны хүүг зохицуулаагүй талаарх давж заалдах шатны дүгнэлт үндэслэлтэй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1198 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-иас 2020.06.18-ны өдөр төлсөн 68,950 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлээс 2020.06.22-ны өдөр төлсөн 71,065 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД