Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Х.Завъяа,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

Шүүгдэгч М.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуасай овогт Мөнхбаярын Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201626031303 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Пума” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, охин О.Анужин, дүү М.Ганжаргал нарын хамт  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 33 дугаар гудамж 13 тоотод оршин   суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЖЛ90031916/ Баруунхуасай овогт Мөнхбаярын Мөнхжаргал нь:

- 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр автобусны буудлын хажууд байрлах “Андууд” караокены гадаа согтуугаар, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Амармэндийн нүүрэн тус газарт шилийг зэвсгийн чанартай ашиглан хоёр удаа цохиж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Амармэнд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Намайг муу ажлын хувцастай явж байхад “Андууд” караокены гадаа М.Мөнхжаргалтай хамт зогсоод тамхи татаад байж байхад “чи хаана амьдардаг юм бэ” гэж М.Мөнхжаргал надаас асуухад нь “би орон сууцанд амьдардаг юм” гэж үнэнээ хэлсэн чинь “чи яахаараа орон сууцанд амьдардаг том пизда вэ" гэж хэлэхэд нь би “өртэй ч гэсэн орон сууцанд амьдардаг юм” гэж хэлтэл М.Мөнхжаргал би “Яармагт гэр хороололд амьдардаг юм” гэж хэлсэн. Тэгсэн намайг “орон сууцанд амьдардаг том пизда вэ” гэж хэлж намайг доромжилж байгаад гартаа байсан пивоны шилээр үгийн зөрүүгүй нүүр рүү нэг удаа цохиод авсан юм. Тэгээд би өөрийгөө хамгаалж амжаагүй байтал дахин нэг удаа пивоны шилээр цохисон юм. Миний хажууд М.Мөнхжаргал, 10-15 метрийн зайд манай найз Мягмарсүрэн, Мөнхжаргалын найз Соронзонболд хоёр тамхи татаад зогсож байсан юм. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Бид дөрөв Андууд караокенээс гарч ирээд тамхи татаад зогсож байсан юм. Надад одоо гомдол санал байхгүй, эмчилгээний зардлыг М.Мөнхжаргал бүрэн төлж барагдуулсан. Одоо надад М.Мөнхжаргалаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. / хх 91 /

Гэрч С.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 7-ны орой 22.00 цагийн үед Э.Амармэнд бид хоёр “Андууд” гэх бааранд орж 3, 4 шил пиво ууцгаасан юм. Тэгээд шөнийн 24.00 цаг болоод баар хаах үед нь Э.Амармэнд бид хоёр гадаа гарч тамхи татаад байж байхад араас танихгүй хоёр залуу гарч ирсэн юм. Би нэгэнтэй юм яриад зогсож байсан юм. Э.Амармэнд нөгөө залуутай нь юм яриад зогсож байсан юм. Тэгсэн Э.Амармэндтэй юм ярьж байсан залуу гэнэт юунаас болсон юм мэдэхгүй Э.Амармэндийг барьж байсан пивоны шилээр цохьчихсон. Тэгээд Э.Амармэндийн хацарнаас цус гарсан, хэн цагдаа дуудсан бүү мэд цагдаа ойрхон байсан ч юм уу, гэнэт их хурдан цагдаа ирсэн. Яах аргагүй нэг удаа пивоны шилээр цохисон. Тэгээд хагарсан шилээр нь дахиж нэг удаа цохисон байж магадгүй байх, гэхдээ хагарсан пивоны шилээр цохисныг нь хараагүй, ямар ч  байсан пивоны шилээр нэг удаа түс гээд цохиж байхыг нь харсан юм. Тэгээд удаагүй пивоны шил нь хагарч байсан юм...” гэжээ. / хх 26 /,

Гэрч Д.Соронзонболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...С.Мягмарсүрэн бид хоёр караокены гадаа тамхи татаад зогсож байтал араас манай найз М.Мөнхжаргал, Э.Мягмарсүрэнгийн найз Э.Амармэнд хоёр юм ярьсаар гарч ирцгээсэн юм. Тэр үед нь би Э.Мягмарсүрэнтэй ойр зуурийн юм яриад байж байтал М.Мөнхжаргал, Э.Амармэнд хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан хэсэг гайгүй болсон юм. Тэгсэн гэнэт түр тар болохоор нь хартал Э.Амармэндийн нүүр нь цус болчихсон байсан юм. Би бодохдоо Э.Амармэндийг М.Мөнхжаргал цохиод цус нөж болгочихлоо гэж ойлгосон юм. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд аваад явсан юм. Маргааш өглөө нь цагдаа нар М.Мөнхжаргал бид хоёрт хандаж хохирогчийн чинь нүүр ам нь нилээн зүсэгдэж нүүр ам нь цусаар будчихсан байдалтай байсан гэж хэлэхэд нь би дотроо бодохдоо М.Мөнхжаргал тэр Э.Амармэнд гэх залууг цус нөж болтол нь зодчихсон юм байна даа гэж ойлгосон...” гэжээ. / хх 23 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12546 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Амармэндийн биед дух, зүүн хацар, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлүүд нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. / хх 32 /,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 36-37/,

Гэрч Б.Нямжав мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...М.Мөнхжаргал надад хэлэхдээ хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа бололтой үг дуу гарахгүй байсан. Мөн “хохирогчийн эмчилгээний зардлын мөнгийг яаралтай төлөх хэрэгтэй байна” гээд надаас мөнгө гуйсан юм. Тэгэхэд надад мөнгө байхгүй болохоор нь би мөнгө байхгүй байна гэж хэлсэн юм…” гэжээ. / хх 96/,

Гэрч А.Батялалт мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 8-нд шилжих шөнө Лхагвадэмбэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад Хан-уул дүүргийн хоёрдугаар хороонд байх “Андууд” нийтийн караокены дэргэдүүр өнгөрч явахад машины гэрэлд нэг залуугийн нүүр ам нь цус нөж болчихсон байхаар нь очсон юм. Тэгсэн тэнд 4 залуу зогсож байсан ба нэг залуугийнх нь нүүр ам нь цус болчихсон зодуулсан байдалтай байхаар нь “ хэн энэ хүнийг зодсон” гэхэд хохирогч нэг туранхай өндөр бор царайтай залууг заахаар нь тэр залууг хамт явсан хүнийг нь бас машинд суулгаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Харин хохирогчийг яаралтай эмнэлэгт үзүүл гээд явуулсан…” гэжээ. / хх 101/,

Шинжээч эмч Д.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Хохирогч Э.Амармэндийн нүүрэнд учирсан шарх гэмтлүүд нь 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой, шүүх эмнэлэгт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэж үздэг. Дээрх гэмтэл нь нүүрийг засрашгүй, хэлбэр дүрс алдагдуулаагүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хурц ирмэг бүхий зүйлээр үүсгэгдсэн ба хоёр буюу түүнээс дээш хүчин зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтэл шархнууд нь үүсгэгдсэн байх боломжтой…” гэжээ. / хх 105-106 /,Шүүгдэгч М.Мөнхжаргалыг 2016.11.20-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 45-46,   2016.11.20-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 48-49,119-121/,

Шүүгдэгч М.Мөнхжаргалын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 81 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...Э.Амармэнд бид  хоёр юм яриад зогсож байтал тэр надаас  “Танайх хаана байдаг вэ?” гэж асуухаар нь би “ Яармагт байдаг” гэж хэлсэн. Би зөрүүлээд Э.Амармэндээс “ Танайх хаана байдаг вэ” гэж асуухад “ 19 дүгээр үйлчилгээний төвийн ойролцоо орон сууцанд байдаг. Би ч чамайг бодвол өртэй ч гэсэн байранд амьдардаг юм байна ” гэж хэлэхээр нь намайг гэр хороололд амьдардаг гэж доошоо хийлгээ гэж миний уур хүрээд маргаан үүссэн. Э.Амармэнд  намайг цамцны захаар боосон. Тэгээд бид хоёр заамдалцаж газар хамт унасан. Хоолойныхоо боолтыг тавиулахаар гараараа газар тэмтэртэл пивоны шил баригдахаар нь түүгээрээ Э.Амармэндийг цохисон. Түүнээс би караокенээс пивоны шил барьж гарч ирээгүй. Би эхнээсээ л газраас шил авч цохисон гэдгээ хэлж байсан. Маргааш нь миний хоолой бага зэрэг хүндүүрлэж байсан. Би 4-5 шил пиво уусан байсан. Үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаагүй бол ийм юм болохгүй байсан. Энэ миний буруу. Би буруугаа үнэхээр ойлгож байна. Намайг нэг удаа харж үзвэл дахин ийм хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв. 

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр автобусны буудлын хажууд байрлах “Андууд” караокены гадаа согтуугаар, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Амармэндийн нүүрэн тус газарт шилийг зэвсгийн чанартай ашиглан хоёр удаа цохиж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “... “М.Мөнхжаргал “чи яахаараа орон сууцанд амьдардаг том пизда вэ" гэж хэлэхэд нь би “өртэй ч гэсэн орон сууцанд амьдардаг юм” гэж хэлтэл М.Мөнхжаргал би “Яармагт гэр хороололд амьдардаг юм” гэж хэлсэн. Тэгсэн намайг “орон сууцанд амьдардаг том пизда вэ” гэж хэлж намайг доромжилж байгаад гартаа байсан пивоны шилээр үгийн зөрүүгүй нүүр рүү нэг удаа цохиод авсан юм. Тэгээд би өөрийгөө хамгаалж амжаагүй байтал дахин нэг удаа пивоны шилээр цохисон…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Э.Амармэндийн мэдүүлэг / хх 91 /,

- “...Э.Амармэндтэй юм ярьж байсан залуу гэнэт юунаас болсон юм мэдэхгүй Э.Амармэндийг барьж байсан пивоны шилээр цохичихсон. Тэгээд Э.Амармэндийн хацарнаас цус гарсан....” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Мягмарсүрэнгийн мэдүүлэг/ хх 26 /,

 “...М.Мөнхжаргал, Э.Амармэнд хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан хэсэг гайгүй болсон юм. Тэгсэн гэнэт түр тар болохоор нь хартал Э.Амармэндийн нүүр нь цус болчихсон байсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Соронзонболдын мэдүүлэг  / хх 23 /,

-  “…хохирогч Э.Амармэндийн биед дух, зүүн хацар, хамарт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12546 тоот шинжээчийн дүгнэлт …” / хх 32 /,

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 36-37/,

 “...М.Мөнхжаргал надад хэлэхдээ “хохирогчийн эмчилгээний зардлын мөнгийг яаралтай төлөх хэрэгтэй байна” гээд надаас мөнгө гуйсан юм...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Нямжавын мэдүүлэг  / хх 96/,

“... “Андууд” нийтийн караокены дэргэдүүр өнгөрч явахад машины гэрэлд нэг залуугийн нүүр ам нь цус нөж болчихсон байхаар нь очсон юм. Тэгсэн 4 залуу зогсож байсан ба нэг залуугийнх нь нүүр ам нь цус болчихсон зодуулсан байдалтай байхаар нь “ хэн энэ хүнийг зодсон” гэхэд хохирогч нэг туранхай өндөр бор царайтай залууг заахаар нь тэр залууг нь машинд суулгаад Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүлээлгэн өгсөн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Батялалтын мэдүүлэг  / хх 101/,

“…Хохирогч Э.Амармэндийн нүүрэнд учирсан шарх гэмтлүүд нь 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Дээрх гэмтэл нь нүүрийг засрашгүй, хэлбэр дүрс алдагдуулаагүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хурц ирмэг бүхий зүйлээр үүсгэгдсэн ба хоёр буюу түүнээс дээш хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Д.Мөнхбатын мэдүүлэг / хх 105-106 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч М.Мөнхжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, шилийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд  тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хохирогчийн санал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Мөнхжаргалыг хүүхдийн эх нь хүүхдээ асрах, тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан, эсхүл түүний эх байх эрхийг хассан, хязгаарласан эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэргүй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, хүүхдийг шүүгдэгч М.Мөнхжаргалын асрамжид үлдээсэн эсэх талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт баримтыг үндэслэн шүүгдэгчийг “ганц бие эцэг” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн “...шүүгдэгч М.Мөнхжаргал  нь бага насны буюу 2014 оны 08 сарын 27-ны өдөр төрсөн охин Анужин, дүү М.Ганжаргал нарын хамт ам бүл 3 уул амьдарч байгаа, эхнэр С.Осоржамаатай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан боловч зан харилцааны таарамжгүй байдал үүсч О.Анужинг 6 сартайгаас хойш эцэгт нь үлдээгээд салаад явсан, М.Мөнхжаргал нь өрх толгойлсон “ганц бие эцэг” үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг журамлаж шийдвэрлэж өгнө үү “ гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Мөнхбаярын Мөнхжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, шилийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхжаргалыг 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхжаргалд оногдуулсан 3 /гурван/ жил 5 таван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, М.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. М.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,М.Мөнхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД

                  ШҮҮГЧИД                                          С.БАЗАРХАНД

                                                                             Б.БАТБОЛОР