Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 00004

 

 

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00004

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Э сумын Х багт оршин суух, Х овогт З-ын Ц //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 153/2019/00665/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч З.Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1963 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1979 онд 8 дугаар анги төгссөн. 1981 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг тракторчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд худгийн моторчноор ажилд ажилд орсон. Тэгээд 1982 онд цэргийн албанд явсан. 3 жилийн цэргийн алба хааж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажилд орсон. Ингэж ажиллаж байгаад 1990 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилд орсон. Тус байгууллагад ажиллаж байгаад тухайн үйлдвэр тарж бутарсан учир хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 2010 оны 8 дугаар сард дахин эрчим хүчний үйлдвэрт ажилд орж өдийг хүртэл ажиллаж байна. Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн Үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, моторчин /дизельчин/, монтероор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.Ц нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн Үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, моторчин /дизельчин/, монтероор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  З.Ц нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн Үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, моторчин /дизельчин/, монтероор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны  өдрийн 1804 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаатай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай Сумдын дизель станц халаалтын зууханд ажиллагсадыг батлах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон Талархал, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, 1988 оны 2 дугаар сарын 22-ны өдөр олгосон диплом, гэрч Т.Намжилсүрэнгийн ....Би З.Цийг 3, 4 дүгээр ангиас нь мэднэ. Бид нэг нутаг усанд ойролцоо нутагладаг байсан юм. Би 1978 оноос 1990 онуудад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэр буюу Үйлдвэр бригадад нь бригадын даргаар, 1990 оноос 1996 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн дэх эрчим хүчний салбарт эрхэлэгчээр тус тус ажиллаж байсан....Зугдаржавын Ц нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэр буюу Үйлдвэр бригадад ажилчнаар 1990 он хүртэл ажилласан. Туслах үйлдвэр бригадын ажилчид нь ногоо тарих, хадлан хадах, хашаа барих гээд нэгдлээс юу л хийж гэж үүрэг өгнө тэр бүгдийг нь хийдэг байсан хүмүүс юм. З.Ц нь ийм л байдлаар л тус нэгдэлд ажиллаж байсан. Тэгээд Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн дэх эрчим хүчний салбарт 1990 оноос 1996 он хүртэл зуухны машинист, монтёр зэрэг ажлуудыг хийж байсан. Гэхдээ зарим үед хүний оронд ажлын шаардлагаар З.Цийг дизельчин буюу моторчин хийлгэж байсан. Энэ албан тушаалд нь албан ёсны баримт байхгүй байгаа....Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах бригад нь нэгдлийн 70 дугаар данс хөтлөгддөг байсан. Аймгийн архивт байгаа. Их бүдэг юм байна гэж яригддаг. Харин Эрчим хүчний салбарын цалингийн картыг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн бие нь муудаад үгүй хийсэн юм билээ. Тэрнээс 40 гаруй ажилтантай, нилээн том байгууллага байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Нямжавын .... Би 1976 оноос 1991 оны 3 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд туслах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан....З.Ц нь 1981 онд Техник мэргэжлийн сургуулийг төгсч ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэр бригадад худгийн моторчноор томилогдон ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард цэрэгт явсан. 1985 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар томилогдон ажиллаад 1990 оныг дуустал ажилласан. Тэгээд нэгдлийн үйлчилгээний газрууд Эрдэнэбүрэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжсэн юм. Тэгэхэд З.Ц нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний салбарт моторчноор ажиллаж байгаад хэсэг хугацааны дараа монтероор ажилласан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 667 дугаартай Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1991-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болно гэх бичилттэй албан бичиг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын үйлдвэр бригадын 1985, 1987, 1989, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 5, 6, 7, 8, 9, 15, 17, 18, 66-67, 68-69, 70, 71-74 дүгээр тал/

З.Цийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажилчнаар тус тус томилсон болох нь томилсон болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1804 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбараар тус тус нотлогдож байна.

Дээрх тушаалуудыг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч З.Цийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Ц нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000277 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9414 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 10, 11 дүгээр тал/

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Нямжав, Т.Намжилсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт З-ын Ц //-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн Үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, моторчин /дизельчин/, монтероор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.ОЮУНЖАРГАЛ