Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0706

 

“Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нандинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням, Л.Нандинцэцэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4, 30.4, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2, 34.3, 42 дугаар зүйлийн 42.1.3-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зэвсэгт хүчний жанжин штабын “Цагийн-Аяс” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх” гэрээг хүчингүй болгож,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4, 30.4, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2, 34.3-д заасныг тус тус баримтлан “Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх” ТХ-2016/03 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг “Хазаарбат” ХХК-д олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №5/5261 дүгээр шийдвэр үндэслэлгүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням, Л.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хуульд зааснаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол түдгэлзүүлж болохгүй гэсэн заалт болон хариуцагчийн хүсэлтийг анхаарч үзээгүй болно.

Мөн гэрээ байгуулагдаж, гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байхад буюу галлагааны хугацаа эхлэхээс 9 хоногийн өмнө 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр шүүхийн шийдвэр гартал гэрээг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан, мөн 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг хүчингүй болгож, төсөвт өртөг, босго үнэ, нэг бүрийн тооцсон үнийг шүүх хурлын үеэр зарласан.

Гэрээ цуцлагдсанаас нийлүүлэгдээгүй үлдсэн Багануурын уурхайн 700 тн, Шивээ-Овоогийн уурхайн 502 тн, нийт 56.717.920.00 /тавин зургаан сая долоон зуун арван долоон мянга есөн зуун хорь/ төгрөгийн нүүрсийг дахин хуулийн хүрээнд зохион байгуулах цаг хугацааны боломжгүй бөгөөд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хянаж шийдвэрлэхдээ энэ захирамжид гомдол гаргах эрхгүй гэж зарласан. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ... 61.1, ... дахь хэсэгт заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байна.

Шүүхээс бидний гомдол гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Тус шийдвэрийг гаргах болсон үндэслэл болох шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай”хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, 30.4.2, 30.4.3 дахь заалтын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болсны дараа дахин нээлттэй тендер зарлах ёстой байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хангасан гэж гаргажээ.

Гэтэл нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК нь хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтыг хүчин төгөлдөрт тооцох нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх “хэдийгээр хэргийн оролцогчид хязгаарлагдмал тендер зарлан явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргаагүй боловч ... 2 дугаар тендер буюу хязгаарлагдмал тендер сонгон шалгаруулалт зарласан нь ... хуульд нийцээгүй” /шийдвэрийн 8 дахь талын сүүлийн догол мөр/ гэж дүгнэж, шийдвэрийнхээ гол үндэслэлээ болгосон.

Хэрэгт авагдсан материал дахь нэхэмжлэлийн шаардлагад “Шууд гэрээ байгуулах аргаар “Хазаарбат” ХХК, “Цагийн-Аяс” ХХК-тай нараас ирүүлсэн материалаас “Цагийн-Аяс” ХХК-ийг Захиалагчийн шаардлагыг илүү хангана гэж сонгосныг хүлээн зөвшөөрөхгүй тухайн тендер шалгаруулалтын онцгой журам /гэрээ шууд байгуулах арга/-аар “Цагийн-Аяс” ХХК-ийг шалгаруулсан асуудал буюу худалдан авах ажиллагааны хуулийн 34.2 дахь заалтын дагуу хэрхэн гэрээ байгуулах эрхийг олгосон талаар маргасан” байтал шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй асуудлыг шүүж шийдвэрлэсэн.

Сангийн яамны 2016 оны 5/4332 дугаар шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нь Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр байхад тус байгууллагыг буруутгах хууль, эрх зүйн ямар үндэслэл байгаа нь ойлгомжгүй байна. Нөгөө талаас нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсанаар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байгаа болно.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь заалтыг зөрчин нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хэн ч маргаагүй асуудлаар хариуцагчийг шүүж, буруутгаж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4. Хэрэв нээлттэй болон хязгаарлагдмал тендертэй холбоотой шийдвэрийг хянан хэлэлцэх бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яамнаас хамтран хариуцагч томилж өгнө үү гэсэн хариуцагчийн хүсэлт болон хариуцагчаас гаргасан нэг ч хүсэлтүүдийг харгалзан үзэж хангаагүй. Энэ нь хэт нэг талыг барьж талуудад тэгш хандаагүй гэж үзэхээр байна. /хариуцагчаас шүүхэд гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан болно/

5. Шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудаст “Өнөөгийн зах зээлийн үед шударга өрсөлдөөнийг бий болгох, үнийн монополь байдлыг үгүй болгох шаардлагын үүднээс сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн шударгаар явуулах нь зүйтэй байна” гэжээ. Шүүх шийдвэртээ ийм өгүүлбэр үндэслэж байгаа нь хэрэг маргаан хуульд нийцүүлэн шүүх байгууллага биш шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх Засгийн газрын агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа мэт ойлголт төрүүлж байна.

Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу шударга шийдвэрлэгдээгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Захиргааны, хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаар шийдвэрийн 1 дэх хэсэг буюу “Зэвсэгт хүчний Жанжин штабын “Цагийн-Аяс” ХХК-тай байгуулсан “Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Зэвсэгт хүчний жанжин штабаас Улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/02 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нээсэн боловч Тендерийн үнэлгээний хороо 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд тендерийн материал ирүүлсэн компаниуд ТОӨЗ-ны 18.1 (а) /хэрэв ТШӨХ-д шаардсан бол тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг тендерт санал болгох тохиолдолд Монгол Улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг 4 дүгээр бүлгийн маягтаас тохирох маягтыг ашиглан ирүүлнэ/-д заасан шаардлагыг, мөн шинэчлэн батлагдсан аргачлалын дагуу санхүүгийн чадавхийг үнэлэхэд тавьж байгаа шаардлагыг хангаагүй гэж үзэн бүх оролцогч компаниудын тендерээс татгалзан, хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.2-т “энэ хуулийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах”-аар заасан бөгөөд хариуцагчийн тайлбар, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр зэргээс үзвэл хуульд заасан дээрх шаардлага буюу 30.1.3 /шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн, 30.1.4 /энэ хуулийн 30.2-т заасан хэлэлцээ амжилтгүй болсон/-д заасан тохиолдолд үүсээгүй байхад тийнхүү хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулсан нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, тендерийн бичиг баримтад заасан шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн, хэлэлцээ амжилтгүй болсон тохиолдлууд үүсээгүй байтал хязгаарлагдмал тендер шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.  

Түүнчлэн хариуцагч хязгаарлагдмал тендер шалгаруулалтад тендерийн баримт бичиг ирүүлсэн 3 компанийн материалыг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тендерийн баримт бичигт шаардсан материалуудыг ирүүлээгүй, санхүүгийн чадварыг хангахгүй гэж үзэж, мөн тендерээс татгалзаж, уг тендерт оролцогч 3 компанид үнийн санал, уурхайтай байгуулсан гэрээний хуулбар болон эдийн засгийн тооцооллыг нарийвчлан гаргаж, ажлын 5 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, улмаар шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 30 дугаар зүйлийн 30.4.3 /энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах/-д заасанд нийцээгүй байна.  

Анхан шатны шүүх эдгээр асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хязгаарлагдмал тендер зарласан болон шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрт дүгнэлт өгсөн нь зөв тул энэ талаарх “шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэгэнт хууль зөрчиж явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд “Цагийн-Аяс” ХХК-тай Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан нь тухайн гэрээг хуулийн дагуу байгуулагдсан гэх боломжгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “Зэвсэгт хүчний жанжин штабын Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендер шалгаруулалтад манай компани хамгийн бага үнэ санал болгож тендерт ялсныг үндэслэлгүйгээр татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрхийг “Цагийн-Аяс” ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар шаардсан боловч нэхэмжлэгчээс тухайн гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгохоо илэрхийлсэн, түүнчлэн байгуулсан гэрээ, шийдвэр нь хэрэгжсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Тиймээс уг гэрээг хүчингүй болгох бус харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хариуцагчийн хязгаарлагдмал тендер шалгаруулалт зохион байгуулах тухай шийдвэр хуульд үл нийцсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд тухайн тендерт оролцогч компаниудын аль нэгийг шалгаруулахыг даалгах боломжгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг “Хазаарбат” ХХК-д олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх эдгээр асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээс татгалзсаныг баталж, зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч маргааны үйл баримттай холбоотой хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан алдааг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 30 дугаар зүйлийн 30.4.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зэвсэгт хүчний жанжин штабын “Цагийн-Аяс” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 2016-2017 оны хэрэгцээт нүүрс бэлтгэн нийлүүлэх ТХ-2016/03 дугаартай тендерийн гэрээ байгуулах эрхийг “Хазаарбат” ХХК-д олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж, 5 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР