Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00021

 


 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00021

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Ш овогт А-ийн К //-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  153/2019/00252/и дугаар индекстэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч А.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.... Би 1964 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Одоо 55 настай. 1972 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд орж суралцаад 1979 онд 7 дугаар ангиа төгсөөд мал дээр гараад туслах малчнаар 1983 он хүртэл ажиллаж байгаад Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хаагаад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс туслах малчнаар ажиллаж байгаад 1986 оны 11 дүгээр сар хүртэл 2 сар ажилласан. Гэтэл миний ажиллаж байсан талаар цалин хөлс бичигдээгүй учраас 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 онд хүртэл бог мал маллаж байсныг нотлох баримт байхгүй байгаа. Улмаар 1992 онд нэгдэл тараад одоог хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт хувиараа мал маллаж байгаа.

....Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал морин тэрэгчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж өөрчилж байна.Би 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын 6 сарын курсэд Говь-Алтай аймгийн Шарга сумын Техник мэргэжлийн сургуульд явсан.гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

А.К  нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч А.К нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал морин тэрэгчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.К нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал морин тэрэгчнээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгээр гарсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч Н.Энхтуяагийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ....А.К намайг 1986 онд ирэхэд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан....Нэгдэл тартал ажилласан...Хонь, үхэр малладаг байсан....А.К нь морин тэрэгчнээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Алтангэрэлийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ....А.К нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1986 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан....Тариа бригадыг 5 дугаар бригад гэдэг байсан юм....Тариа бригадад ямаа малладаг хүмүүс байсан. Гахайт бригад гэхэд үхэрчид, Чацаргант бригадад хоньчид байдаг байсан. Бригадуудыг төрөлжүүлсэн байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 67-77, 98-99, 105, 123-146 дугаар тал/

Харин гэрч Ж.Алтангэрэлийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ....Тракторын курсэд явсан гэж сонссон...., нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Би 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын 6 сарын курсэд Говь-Алтай аймгийн Шарга сумын Техник мэргэжлийн сургуульд явсан.... гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажиллаагүй болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт А-ийн К /П/-ы Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал морин тэрэгчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ