Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00072/и |
Дугаар | 00045 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00045
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00045 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух, Д овогт Б-ийн Н //-н нэхэмжлэлтэй,
хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00072/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Балжаагийн Н миний бие 1970 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие нь Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1978 онд элсэн орж суралцаад, наймдугаар ангиа 1986 онд төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ядмаагийн Чүлтэммагсартай гэр бүл болж тус нэгдлийнхээ Эхэн бригадад мал маллаж амьдарсан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Хөдөлмөр нэгдэл ХК болоход мөн малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1986-1989 оныг дуустал бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрээ хайгаад олохгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
....Миний нэрийг Н гэдэг. Гэтэл манай эцэг, эх намайг бага байхад нэр таарахгүй байна гэдэг үндэслэлээр Босгодулам гэдэг нэр өгч байсан. Одоо намайг Н гэж дууддаг. Манай гэр бүлийн гишүүд дотроос Босгодулам нэртэй хүн байхгүй.
....Иймд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс Балжаагийн Босгодулам нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Давхар овогт Балжаагийн Н мөн болохыг тогтоолгож өгнө үү. Мөн намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс Балжаагийн Босгодулам нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Давхар овогт Балжаагийн Н мөн болохыг тогтоолгох гэж, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тус тус тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Балжаагийн Босгодулам гэж бичилт хийгдсэн байна.
Нэхэмжлэгч Б.Н нь Ядмаагийн Чүлтэммагсартай 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 126/000679 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо. /хх-ийн 24 дүгээр тал/
Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын 1989 оны 70 дугаар дансны хуулбарт Ядмаагийн Чүлтэммагсар, Н гэж, 1991 оны 70 дугаар дансны хуулбарт Ядмаагийн Чүлтэмсагсар, Босгодулам гэж тус тус бичилттэй байна. /хх-ийн 7, 11, 13 дугаар тал/
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н нь ....Миний нэрийг Н гэдэг. Гэтэл манай эцэг, эх намайг бага байхад нэр таарахгүй байна гэдэг үндэслэлээр Босгодулам гэдэг нэр өгч байсан. Манай гэр бүлийн гишүүд дотроос Босгодулам нэртэй хүн байхгүй. Би 1988 онд Ядмаагийн Чүлтэммагсар гэдэг хүнтэй гэр бүл болсон.... гэх тайлбарлав.
Дээрх байдлаас дүгнэхэд болон уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс Балжаагийн Босгодулам нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Давхар овогт Балжаагийн Н мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Н нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадын 1986-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн ба компани татан буугдсан бүртгэл хийгдээгүй байна гэж бичвэртэй лавлагаа, Балжаагийн Н, Ядмаагийн Чүлтэммагсар нарын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 126/000679 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 8-13, 14-21, 23, 24 дүгээр тал/
Б.Н нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 3 дугаар сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000633 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 22 дугаар тал/
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс Балжаагийн Босгодулам нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д овогт Б-ийн Н //-н мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Давхар овогт Балжаагийн Н /ПЕ70062804/-н Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ