Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00102

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2020/00102

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт оршин суух, Хулан цувдаг овогт З-ын Ц / /-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1963 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1979 онд 8 дугаар анги төгссөн. 1981 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг тракторчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд худгийн моторчноор ажилд ажилд орсон. Тэгээд 1982 онд цэргийн албанд явсан. 3 жилийн цэргийн алба хааж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажилд орсон. Ингэж ажиллаж байгаад 1990 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилд орсон. Тус байгууллагад ажиллаж байгаад тухайн үйлдвэр тарж бутарсан учир хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 2010 оны 8 дугаар сард дахин эрчим хүчний үйлдвэрт ажилд орж өдийг хүртэл ажиллаж байна. Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл худгий моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн Үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, моторчин /дизельчин/, монтероор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 08 сарын 01-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 сарын 22-ны өдөр хүртэл худгийн моторчиноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ны өдрөөс 1990 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл нормчин, ногоочноор, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газарт Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний нэгдсэн системд монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  З.Ц нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд худгийн моторчиноор, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нормчин, ногоочноор, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газарт Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний нэгдсэн системд монтёроор тус тус ажиллаж байсан болох нь 

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны  өдрийн 1804 дугаартай албан бичгээр ирүүлсэн 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаатай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай Сумдын дизель станц халаалтын зууханд ажиллагсадыг батлах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар,

Хүсэлт гаргагчид 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон Талархал, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, 1988 оны 2 дугаар сарын 22-ны өдөр олгосон диплом, Түлш Эрчим хүчний үйлдвэрийн яамнаас олгосон 07 дугаартай үнэмлэхийн эх хувь, 1989, 1986 онуудад авахуулсан гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн 448147 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 70 дугаар дансны хуулбарууд,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 667 дугаартай Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1991-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болно гэх бичилттэй албан бичиг,

Хүсэлт гаргагчийн нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000277 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 

БХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9414 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Т.Намжилсүрэнгийн ....Би З.Цийг 3, 4 дүгээр ангиас нь мэднэ. Бид нэг нутаг усанд ойролцоо нутагладаг байсан юм. Би 1978 оноос 1990 онуудад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэр буюу Үйлдвэр бригадад нь бригадын даргаар, 1990 оноос 1996 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн дэх эрчим хүчний салбарт эрхэлэгчээр тус тус ажиллаж байсан....Зугдаржавын Ц нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэр буюу Үйлдвэр бригадад ажилчнаар 1990 он хүртэл ажилласан. Туслах үйлдвэр бригадын ажилчид нь ногоо тарих, хадлан хадах, хашаа барих гээд нэгдлээс юу л хийж гэж үүрэг өгнө тэр бүгдийг нь хийдэг байсан хүмүүс юм. З.Ц нь ийм л байдлаар л тус нэгдэлд ажиллаж байсан. Тэгээд Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяа Эрдэнэбүрэн дэх эрчим хүчний салбарт 1990 оноос 1996 он хүртэл зуухны машинист, монтёр зэрэг ажлуудыг хийж байсан. Гэхдээ зарим үед хүний оронд ажлын шаардлагаар З.Цийг дизельчин буюу моторчин хийлгэж байсан. Энэ албан тушаалд нь албан ёсны баримт байхгүй байгаа....Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах бригад нь нэгдлийн 70 дугаар данс хөтлөгддөг байсан. Аймгийн архивт байгаа. Их бүдэг юм байна гэж яригддаг. Харин Эрчим хүчний салбарын цалингийн картыг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн бие нь муудаад үгүй хийсэн юм билээ. Тэрнээс 40 гаруй ажилтантай, нилээн том байгууллага байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Нямжавын .... Би 1976 оноос 1991 оны 3 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд туслах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан....З.Ц нь 1981 онд Техник мэргэжлийн сургуулийг төгсч ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэр бригадад худгийн моторчноор томилогдон ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард цэрэгт явсан. 1985 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар томилогдон ажиллаад 1990 оныг дуустал ажилласан. Тэгээд нэгдлийн үйлчилгээний газрууд Эрдэнэбүрэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжсэн юм. Тэгэхэд З.Ц нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний салбарт моторчноор ажиллаж байгаад хэсэг хугацааны дараа монтероор ажилласан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд худгийн моторчиноор, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нормчин, ногоочноор, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газарт Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний нэгдсэн системд монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хулан цувдаг овогт Зугдаржавын Ц / /-ийн 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд худгийн моторчиноор, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд нормчин, ногоочноор, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газарт Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний нэгдсэн системд монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ