| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0121/Э |
| Дугаар | 2020/ДШМ/254 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/254
П.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Л.Жавзмаа,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/363 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн улсын яллагчийн эсэргүүцлээр П.Бт холбогдох 1905037950178 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Пийн Б, 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Унгар улсад эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 81 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
П.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 81 тоотод эхнэр Э.Угийн хэвлийд гараараа цохиж, толгойгоор нь автомашины шил мөргүүлж, хөл рүү нь өшиглөж, нүүрэн тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, хамрын зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч П.Б, хохирогч Э.У нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах, хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхгүйг ойлгоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6.2-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж зохицуулсан. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч П.Б нь өөрийн эхнэр буюу хохирогч Э.Угийн ... хэвлийд гараараа цохиж, ... гэр рүүгээ явах замд толгойгоор нь автомашины шил мөргүүлж, хөл рүү нь өшиглөж, ... гэртээ ороод том өрөөний хаалга хаагаад, нүүрэн тус газар нь цохиж зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ нь шүүгдэгч П.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.” гэж дүгнэж, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Газарч овогт Пүрэвдоржийн Бт холбогдох эрүүгийн 1905037950178 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Б нь эхнэр Э.Уг 2019 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ хардалтын улмаас хэвлийд гараа цохиж, толгойгоор нь автомашины шил мөргүүлж, хөл рүү нь өшиглөж, нүүр тус газар нь цохиж, биед нь тархи доргилт, хамрын ясны зүүн хажуу хананы далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, үүдэн хоёр шүдний эмтрэл, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. П.Бийн үйлдэл нь байнгын шинжтэй, гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин гадаад улсад суралцахаар болж, улмаар ажлын газрын хамт олонтойгоо баяр тэмдэглэх зорилгоор “Никитон” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар эхнэр Э.Уг бусадтай хардсаны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан болсон буюу гэнэт үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй, эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй, бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.Б, хохирогч Э.У нар нь эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна гэх агуулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд П.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/363 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт анхан шатны шүүх “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийсэн. Гэхдээ зүйлчлэлийг хүндрүүлээд байгаа юм уу, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй оруулах гээд байгаа эсэх нь тодорхойгүй байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу ихэвчлэн эхнэр нөхрийн хооронд үйлдэгддэг. Эхнэр, нөхрийн хоорондын үйлдэл болгоныг шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл гэж дүгнэн зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, уг хуулийн зарчмыг алдагдуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг хоёроос дээш үйлдэл байхаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд үйлдэл тус бүрээр нь заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ....” гэж заасан. Шүүх алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн юм уу, эсхүл мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл юм уу гэдгийг ялгаж зааглаж өгөөгүй. Хоёр буюу түүнээс дээш үйлдэлтэй бол байнгын шинжтэй болж гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг болох үндэслэлтэй. Шүүгдэгч П.Бийн гаргасан үйлдэл нь байнгын шинжтэй, сэтгэл санаа, эд материал, бие махбодод нь гэмтэл, дарамт учруулаад хүчирхийлсэн шинжгүй бөгөөд тохиолдлын шинжтэй, нэг удаагийн үйлдэл юм. Иймд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...шүүгдэгч П.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилжээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхэд уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан байх нөхцөл байдлыг хамааруулахаар зохицуулжээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай” гэсэн заалт үндэслэлгүй юм.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/363 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч П.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ