Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00410

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлалтай,

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Насны зам ХХК, Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн, Б.Төмөрчулуун нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,124,068,864,47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Насны зам ХХК-ийн төлөөлөгч Ч.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, Б.Ганбат, Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч Насны зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагч Э.Энхмөрөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас Насны зам ХХК, Ж.Энхжаргал, Э.Энхмөнх, Б.Төмөрчулуун нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 7,124,068,864,47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Насны зам ХХК нь ...ЗГ/8115005858 тоот Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1., 56.1.2., 56.1.9.-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул үндэслэлгүйгээр суутган авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг ЗГ/8145100095 тоот Зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа төлбөрөөс суутган тооцох ёстой, ...дээрх 2 гэрээний дагуу хүү бодох үүрэг үүсээгүй байхад үндэслэлгүйгээр 12,911,205,689,55 төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасч, мөн шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй тул ЗГ/8145100095 тоот Зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 3,237,610,799 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 1,618,805,399 төгрөгийг хасч тооцох ёстой. гэж, хариуцагч Ж.Энхжаргал нь ...хариуцагч Насны зам ХХК-ийн тайлбарыг дэмжиж, тухайн үед 8,880,000,000 төгрөгийг гаргуулсан ба Засгийн газар Хөгжлийн банк руу татснаар уг асуудал үүссэн, хүсээгүй зээлийг зээл гэж үзэж байгаа нь буруу гэж, хариуцагч Б.Төмөрчулуун нь ...Иргэний хуулийн 451.1., 56.1.1.-д заасны дагуу дүр үзүүлсэн хэлцэл, ...нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн шаардлага хангахгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр байхгүй, мөнгийг авсан өгсөн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, хариуцагч Э.Энхмөрөн хариуцагч нарын тайлбарыг дэмжиж тус тус маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1, 457 дугаар зүйлийн 457.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Насны зам ХХК-иас зээлийн болон банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 4,121,896,477.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,002,172,387.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан БГ/8115005858 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээнд заасан С-А3-5 2015-64/153 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гэрээний орлогоос;

-2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БГ/8115005858-В тоот барьцааны гэрээнд заасан С-А3-5 2013-96/140 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогоос;

-2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БХ/8115005858 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцлээр Тэргүүн зам холдинг ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 23.437 м.кв талбай бүхий газраас;

-2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГ/8115005858-А тоот барьцааны гэрээний хавсралт №1-д заасан Насны зам ХХК-ийн өмчлөлийн гинжит бульдозер, авто ачигч самосвал, өөрөө буулгагч ба бусад тоног төхөөрөмжүүдээс;

-2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн БГ/8145100095-А тоот барьцааны гэрээний хавсралт №1-д заасан Насны зам ХХК-ийн өмчлөлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслүүдээс;

-2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГ/8115005858-Б, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн БГ/8145100095 тоот барьцааны гэрээнүүдээр Ж.Энхжаргалын өмчлөлийн Насны зам ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас;

-2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн БГ/8145100095-Б тоот гэрээний орлого барьцаалах гэрээний С-А3-5 2015-66/166 дугаартай Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний орлогоос

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ/8145100095-А тоот ипотекийн гэрээний Ү-2206006770 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 68 дугаар байрны 401 тоот, 242 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, №5 дугаартай гражнаас;

-2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ЗБ/12/0182 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Ү-2205011362 тоот улсын бүртгэлийн дугаартай Насны зам ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Үйлдвэрийн тойруу 106, 106/1 тоот хаягт байршилтай үйлдвэрийн зориулалттай 3.160 м.кв талбайтай цогцолбор байгууламжаас;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Г-2205003983 тоот улсын бүртгэлийн дугаартай Насны зам ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, аж ахуйн зориулалттай 1.302 м.кв газраас;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095 тоот ипотекийн гэрээний Г-2205004803 тоот улсын бүртгэлийн дугаартай Насны зам ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3.877 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай газраас;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095-Б тоот ипотекийн гэрээний Ү-2206013427 тоот улсын бүртгэлийн дугаартай Ж.Энхжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаа-ны гудамж, 303-101 тоот, зоорийн давхрын 12, 13 тоот, 312 м.кв талбай бүхий орон сууц, 2 ширхэг авто зогсоолоос;

-2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/8145100095-В тоот ипотекийн гэрээний Ү-2203010739 тоот улсын бүртгэлийн дугаартай Б.Төмөрчулууны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл цогцолборын В блокийн 27 тоот, 92 м.кв талбай бүхий орон сууцнаас;

-БД/8145100095 тоот батлан даалтын гэрээний Ж.Энхжаргалын өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1,457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Насны зам ХХК-иас зээлийн болон банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 5,319,831,048 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,804,237,816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 35,778,294.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,757,105.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Насны зам ХХК-ийн төлөөлөгч Ч.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Насны зам ХХК-ийн хувьд магадлалын зарим хэсэг буюу анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. ...гэрээний хугацаа 2017.07.03-ны өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч Голомт банк нь тэр даруй шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, хугацаа дууссанаас хойш 2 жил 1 сар 18 хоногийн дараа буюу 2019.08.21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, өндөр үнийн дүн бүхий зээлийн хүүгийн хэмжээг ихэсгэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэж заасанд нийцэхгүй байх тул шүүхээс гэрээний хугацаанд тохирох хүүг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ... гэж хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалын хянавал хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ гээд ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Голомт банк ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 1 сар 18 хоногийн дараа буюу 2019.08.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, өндөр үнийн дүн бүхий зээлийн хүүгийн хэмжээг ихэсгэсэн нь Иргэний хуулийн 13.1 дэх заалттай нийцээгүй гэж дүгнэж шүүх хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна... гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 4,121,896,477.27 төгрөг дээр гэрээний хугацаа дууссанаас нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү болох 1,197,934,571 төгрөгийг нэмж хариуцагчаас 5,319,831,048 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.2. Банкны давуу тал нь хүү, нэмэгдүүлсэн хүүг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж шаардсан байна. Гэтэл давуу эрхтэй байдлаа ашиглан 2 жил 1 сар 18 хоног өнгөрсний дараа хариуцагчийг маш өндөр хэмжээний хүүгийн өрөнд оруулсныхаа дараа шүүхэд хандаж байна. ЗГ8145100095 тоот Зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл нь 3,500,000,000 төгрөг бол хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр нь 3,237,610,799 төгрөг буюу үндсэн зээлийн 92,5% хувьтай тэнцэж байна. Энэ нь Насны зам ХХК-ийг маш өндөр хэмжээний хүүгийн дарамтад оруулж байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гээд зааснаас үзэхэд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж ирсэн, зээлдэгч зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой болсон үеэс хууль гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол зээлдэгчийн эрх зүйн байдал арай дээрдэх байсан. Зээлдэгчийн хувьд бүхий л эд хөрөнгө болон хувьцаа, дансны орлогыг эдгээр зээлийн гэрээний дагуу барьцаалсан учраас өөр зээл авах санхүүгийн чадамжгүй болчихсон.

4.3. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид нийт дүнгээр 14 орчим тэрбум төгрөгийг төлсөн. Голомт банк нь нэгэнт нийгэм эдийн засгийн нөхцөл байдал болон хариуцагчийн гэрээт ажлууд цуцлагдсантай холбоотойгоор зээлийн төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалтай болсныг мэдсээр байж хууль, гэрээнд зааснаар шаардах эрх нь үүссэн байхад шүүхэд нэхэмжлэл өгөхгүй явсаар өндөр дүнтэй зээлийн хүүгийн хэмжээ хэтэрхий өндөр 3 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн өрөнд оруулсан байна. Тухайн үед нь нэхэмжлэл гаргасан бол ийм хэмжээний зээлийн өрөнд орохгүй байсан юм.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулж нэхэмжлэгчид нэмж олгохоор шийдвэрлэсэн 1,197,934,571 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Насны зам ХХК нь 2013.02.01-ний өдөр ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээ байгуулж 8,880,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015.07.03-ны өдөр ЗГ8145100095 тоот Зээлийн гэрээгээр 4,000,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус авсан.

ЗГ8115005858 тоот гэрээний хугацаа 2017.02.01-ний өдөр дууссан боловч 2019.08.13-ны өдрийн байдлаар зээл төлөх хугацаа 923 хоногоор хэтэрч, зээлийн хүү 320,813,378.20 төгрөгийн, ЗГ8145100095 тоот гэрээний хугацаа 2017.07.03-ны өдөр дуусч, зээл 771 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000,000 төгрөг, зээлийн хүү 2,904,970,799.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 332,640,000 төгрөг, нийт 6,737,610,799.97 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна.

Мөн 2015.07.03-ны өдөр Голомт банкны зүгээс ББ/814DOUPF150047, ББ/814DOURT150019 дугаартай гэрээгээр чанарын баталгаа гаргасан, Баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Ж.Энхжаргал Насны зам ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, Ж.Энхжаргалын болон Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн нарын өмчлөлийн, Б.Төмөрчулууны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж барьцааны гэрээ, мөн Ж.Энхжаргал өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр батлан даалтын гэрээ тус тус байгуулсан.

2019.08.13-ны байдлаар ББ/814DOUPF150047 тоот гүйцэтгэлийн баталгааны төлөгдөөгүй шимтгэл 34,576,196.7 төгрөг, ББ/814DOURT150019 тоот чанарын баталгааны төлөгдөөгүй шимтгэл 31,068,489.6 төгрөг. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, баталгааны шимтгэлд нийт 7,124,068,864.47 төгрөгийг Насны зам ХХК-аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

Хариуцагч Насны зам ХХК: ...ЗГ8115005858 тоот зээлийн гэрээнд заасан зээлийг бодитойгоор олгоогүй, хариуцагчийн нэр дээрх харилцах дансанд зээл олгов гэсэн утгаар зээлийн хөрөнгийг шилжүүлсэн гэх атлаа тэр дор нь харилцагчийн зөвшөөрөл, төлбөрийн даалгаваргүйгээр 8,880,000,000 төгрөгийг Хөгжлийн банк руу Баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаав гэсэн утгаар данснаас буцаан гаргаж, банк өөрийн дур зоргоор захиран зарцуулсан тул дээрх гэрээний шаардлагыг зөвшөөрөхгүй, энэ гэрээ дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул Голомт банк зээлийн үндсэн болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,911,205,689.55 төгрөгийг Насны зам ХХК-аас үндэслэлгүйгээр суутган авч төлүүлсэн.

ЗГ8145100095 тоот гэрээний хувьд нэхэмжлэгч нь хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй давуу байдлаа ашиглаж, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг өсгөж, үндсэн зээлийн 92.5 хувьтай тэнцэх хэмжээний хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж, хүүгийн дарамтанд оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн 50 хувийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчимд нийцнэ. Иймд эхний буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн төлбөрт суутгаж авсан төлбөрийг сүүлийн зээлийн төлбөрт суутгах ёстой. Гүйцэтгэлийн болон чанарын баталгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

 

Хариуцагч Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн нар: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хариуцагч Насны зам ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна... гэж,

 

Хариуцагч Б.Төмөрчулуун: ...Хөгжлийн банк, Насны зам ХХК-ийн хооронд хийсэн гэрээгээр бид хөрөнгөө өгмөөргүй байна, Голомт банкны 780,000,000 төгрөгийн зээлд баталгааны гэрээ байгуулж өөрийн хөрөнгөө барьцаалсан. Гэтэл бодитоор зээл олгогдоогүй тул Б.Төмөрчулууны барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү... гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Насны зам ХХК 2012.07.30-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК, Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 44,000,000,000 төгрөгөөр гүйцэтгэх С-АЗ-Б2012-71/126 тоот гэрээг байгуулсан, мөн 2012.09.05-ны Голомт банктай Банкны баталгааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Голомт банк ХХК Насны зам ХХК-ийн дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн урьдчилгаа төлбөрийн 8,880,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн баталгаа гаргасан, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК 2012.09.19-ний өдөр 8,880,000,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч Насны зам ХХК-д шилжүүлсэн байна.

 

Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны 2012.12.26-ны өдрийн 3/2531 тоот албан бичгээр Насны зам ХХК-ийн хийгдсэн ажил төлөвлөгөөнөөс хоцорч байна гэсэн үндэслэлээр С-АЗ-Б2012-71/126 гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдэж, мөн өдөр Төрийн нарийн бичгийн даргын 190 дугаар тушаалаар гэрээг цуцалжээ.

 

7.1. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК гэрээ цуцлагдсан үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн 8,880,000,000 төгрөгийг Баталгааны гэрээний дагуу Голомт банк ХХК-аас шаардсаны дагуу Голомт банк ХХК 2012.01.25-ны өдөр Хөгжлийн банкны дансанд 8,880,000,000 төгрөгийг Насны зам ХХК-ийн баталгааны төлбөрт шилжүүлж, үүний дараа 2012.02.01-ний өдөр Насны зам ХХК-тай ЗГ8115005858 тоот 8,880,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлэхээр Зээлийн гэрээ байгуулж, зээлийн хөрөнгийг шилжүүлж, мөн өдрөө Хөгжлийн банкинд Баталгааны мөнгө шилжүүлсэн авлагыг хааж, зарлага гаргасан байна.

 

7.2. 2015.07.03-ны өдөр Голомт банк ХХК нь Насны зам ХХК-тай ЗГ8145100095 тоот Зээлийн гэрээ байгуулж, 4,000,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд гэрээний хугацааг 2017.07.03-ны өдрийг хүртэл сунгаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар компанийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар, барилгын ажлын орлого, Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн, Б.Төмөрчулуун нарын хөрөнгийг барьцаалж барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулсан, гэрээний дагуу зээлдүүлэгч 11 удаагийн үйлдлээр нийт 3,395,313,676.62 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч 500,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

7.3. Голомт банк ХХК, Насны зам ХХК-ууд нь 2015.07.03-ны өдөр ББ/814DOURT150019 тоот, ББ/814DOUPF150047 тоот Банкны баталгааны гэрээ тус тус байгуулж, Голомт банк нь Зам тээврийн яам, Хөгжлийн банкны бичгээр тавьсан шаардлагаар Насны зам ХХК-ийн замын барилгын ажлын гэрээгээр хүлээсэн гүйцэтгэлийн чанарын баталгааны үүрэгт 798,643,930.4 төгрөг, 787,500,000 төгрөгийн хэмжээнд тус тус баталгаа гаргаж, үүрэг гүйцэтгэгч нь баталгааны нэг удаагийн шимтгэлд 0.5 хувийн шимтгэл төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд банкнаас зээл олгох гэрээ, банкны баталгааны гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан, эхний зээлийн гэрээний дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй тул гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж, хоёр дахь гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2, 457 дугаар зүйлийн 457.1-д тус тус нийцжээ.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, барьцааны гэрээгээр ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

9. Анхан шатны шүүх зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул энэ гэрээний үүргийг шаардах эрхгүй, харин ЗГ8145100095 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,895,313,676.62 төгрөг, зээлийн хүүд 1,318,652,081 төгрөг, нийт 4,113,965,757.62 төгрөгийг, ББ/814DOURT150019 тоот баталгааны гэрээний шимтгэлд 3,937,500 төгрөгийг, ББ/814DOUPF150047 тоот баталгааны гэрээний шимтгэлд 3,993,219.65 төгрөгийг, нийт 4,121,896,477.27 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1, 457 дугаар зүйлийн 457.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зохицуулалтыг баримталжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 457 дугаар зүйлийн 457.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 5,319,831,048 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,804,237,816 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байна.

 

10. Хариуцагч Насны зам ХХК-ийн төлөөлөгч Ч.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмж олгохоор шийдвэрлэсэн 1,197,934,571 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... /тодорхойлох хэсгийн 4.1-4.3/ гэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Голомт банк ХХК нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад 2017.07.03-ны өдрөөс хойш гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, хугацаа дууссанаас хойш 2 жил 1 сар 18 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүүгийн хэмжээг ихэсгэсэн, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэнтэй нийцээгүй гэх дүгнэлт хийж, гэрээний хугацааны хүүг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч нь хууль болон гэрээнд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн тул зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүүг тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 4,121,896,477.27 төгрөг дээр хэтэрсэн хугацааны хүү 1,197,934,571 төгрөгийг нэмж, нийт 5,319,831,948 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Насны зам ХХК-ийн төлөөлөгч Ч.Болормаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Насны зам ХХК-иас 2020.08.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,147,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД