Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00430

 

 Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02804 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2079 дүгээр магадлалтай,

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ч.Дашдоржид холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,178,968.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас Ч.Дашдоржид холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 13,178,968.60 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ...Зээл авсан нь үнэн, нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, ... цалингийн зээлийн хувьд 2 жил 11 сарын, ахуйн хэрэглээний зээлийн хувьд 2 жил 5 хоногийн хүүг төлнө, гэрээний үндсэн хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02804 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Дашдоржоос зээлийн гэрээний үүрэгт нийт 12,869,384.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 309,583.71 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2079 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Ахуйн хэрэглээний зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн үлдэгдэлд 2,574,054.56 төгрөгөөс 187.28 төгрөгийг хасч 2,573,867.28 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэргийн 6 талд зээлийн эргэн төлөлт хийж ахуйн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2019 онд бүрэн төлж дууссан болно.

4.2. Анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн 2,573,867.28 төгрөгт давж заалдах гомдол гаргасан боловч мөн нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 2,573,867.28 төгрөгийг хариуцагч талаас эс зөвшөөрч гаргасан гомдлыг тал бүрээс бүрэн хянаагүй байна.

4.3. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 12,869,384.89 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс 2,573,867.28 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Ч.Дашдорж нь тус банктай 2017.07.06-ны өдөр ЗГ2015115990-А дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, 2018.02.09-ний өдөр нэмэлт цалингийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 41 сарын хугацаатайгаар авсан, 2018.05.03-ны өдөр ахуйн хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 2,699,800 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус авсан. Зээлдэгч нь төлбөрөө төлөхгүй цалингийн зээлийг 664 хоног, ахуйн хэрэглээний зээлийг 695 хоногоор тус тус хэтрүүлж байгаа тул гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Цалингийн зээлийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 6,543,318.84 төгрөг, зээлийн хүү 2,644,757.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,991.35 төгрөг, нийт 9,308,067.91 төгрөг, ахуйн хэрэглээний зээлийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 2,574,054.56 төгрөг, зээлийн хүү 1,233,097.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,749.00 төгрөг нийт 3,870,900.69 төгрөгийг төлбөртэй байна. Иймд бүгд 13,178,968.60 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ... гэж тайлбарласан,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, цалингийн зээлийн хүүг 2 жил 11 сараар, ахуйн хэрэглээний зээлийн хүүг 2 жил 5 хоногоор тооцох ёстой... гэжээ.

 

7. Зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд нийцжээ.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийн зөрчсөн үндэслэл нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, 225.2.т үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж, 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар зохигч цалингийн болон ахуйн хэрэглээний зээлийн гэрээ тус тус байгуулсан, зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч цалингийн зээлийн үүрэгт 3,048,027.39 төгрөгийг төлсөн боловч 2018.08.20-ноос хойш эргэн төлөх хуваарийг зөрчиж 668 хоног төлбөр төлөөгүй, ахуйн хэрэглээний зээлд 343,572.60 төгрөгийг төлж, мөн өдрөөс эхлэн 607 хоног төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардаж, удаа дараа мэдэгдэл, шаардах хуудсаар шаардсан боловч үр дүн гараагүй үндэслэлээр гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардсан үйл баримт тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан, гэрээний үндсэн хугацаанд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү тооцож авсан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 12,869,384.89 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хариуцагч нь ахуйн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2019 онд бүрэн төлж дуусгасан... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, 116 дугаар зүйлийн 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, гомдолд дурдсан буюу ахуйн хэрэглээний зээлийг төлж дуусгасан талаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтад үндэслэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс талуудын зарчимд үндэслэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02804 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2079 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнээс 2020.10.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД