Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00431

 

 

Жэт финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02059 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2042 дугаар магадлалтай,

 

Жэт финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Батхүүд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 115,087,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Жэт финанс ББСБ ХХК-иас Б.Батхүүд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 115,087,033 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...талуудын хооронд байгуулагдсан 4 гэрээнүүдийн төлбөрт нийт 32,607,632 төгрөг төлсөн, тэгэхээр үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү нийлээд 85,790,000 төгрөг болж байна. ...зээлдүүлэгч тал дангаараа гэрээг цуцлах ёстой байтал өдийг хүртэл хүү бодож байгаа нь манай талд илтэд хохиролтой, шударга ёсонд нийцэхгүй байгаа учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хүүг 50 хүртэлх хувиар бууруулж өгөхийг хүсч байна. гэжээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02059 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагч Б.Батхүүгээс зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 94,666,332 төгрөг гаргуулан, хариуцагч Жэт финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,420,701 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2042 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02059 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 112,352,368 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жэт финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,734,665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...631,281 төгрөг гэснийг ...719,712 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. 3260Хариуцагч Б.Батхүү нь нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож 2013.02.07-ны өдөр 4,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2013.03.25-ны өдөр 15,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2013.04.19-ний өдөр 4,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2013.06.21-ний өдөр 15,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авч тус бүр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнүүдийн хугацаанд зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 32,607,632 төгрөгийг төлсөн байдаг.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг талууд харилцан тооцож зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгаж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаанд төлөх төлбөрийг харилцан тохиролцсон.

Үүнд:

Зээлийн хугацаа

Зээлийн хэмжээ

Нийт төлөлт

Нийт шинэчилсэн хуваариар тохирсон үлдэгдэл төлбөр, зээлийн хүү

2013.02.18-2017.08.18

4,000,000

4,918,666

6,744,000

2013.04.19-2017.04.19

4,000,000

4,638,666

5,773,333

2013.06.21-2017.09.22

15,000,000

11,525,150

21,387,500

2013.03.25-2017.09.25

15,000,000

11,525,150

21,247,500

Нийт

38,000,000

32,607,632

55,152,333

 

Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээл 38 000 000 төгрөг, хүү 17,152,333 төгрөг, нийт 55,152,333 төгрөг төлөх үүрэг хүлээж, энэ талаар талууд харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас тодорхой харагдах ба энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. /хх-ийн 15, 29, 38, 48/ Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс хэтэрсэн хугацааны хүүг тооцохдоо зээлийн үндсэн хүүтэй адилхан хувь хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй.

4.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээтэй байх ёстой ба энэ хэмжээгээр хэтэрсэн хугацааны хүүг тооцох бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлөх үндсэн хүүгийн хэмжээ нь 17,152,333 төгрөг байх ба хэтэрсэн хугацааны хүү нь түүний хорин хувиас хэтрэхгүй буюу 3,430,466 төгрөгөөс илүүгүй байх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардаагүй тухайгаа удаа дараа илэрхийлсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ ...3ээлийн гэрээний 2.9-т нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж талууд тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул Жэт финанс ББСБ ХХК нь Б.Батхүүгээс нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гээд ...бүгд 144,960,000 төгрөг төлөхөөс зээлдэгчийн төлсөн 32,607,632 төгрөгийг хасаж 112,352,368 төгрөгийг Б.Батхүүгээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хүү тооцох хугацааг хоногоор бодож тайлбар баримтаа гаргасан, энэ талаар талууд маргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс гэрээ тус бүрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны хүүг сараар тооцох учиртай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэтэрсэн хугацааг тооцохдоо 2013.02.07-ны өдрийн зээлийн гэрээ 901 хоног, 2013.03.25-ны өдрийн зээлийн гэрээ 863 хоног, 2013.04.19-ний өдрийн зээлийн гэрээг 1022 хоног, 2013.06.21-ний өдрийн зээлийн гэрээг 865 хоног гэж тооцсон байдаг ба анхан шатны шүүхээс дээрх хоног тус бүрт ногдох хүүг зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хувь хэмжээгээр тооцож хэтэрсэн хугацааны хүү 39,213,999 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл болон хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд тус бүр хэдэн төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нийт 112 352 368 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.4. Иймд хариуцагчийн зүгээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүү 17,152,333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 3,430,466 төгрөг, нийт 58,582,799 төлөх үндэслэлтэй байх тул дээрх хэмжээгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Жэт финанс ББСБ ХХК хариуцагч Б.Батхүүд холбогдуулан

- 2013.02.07-ны өдрийн №133/ЗГ дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 6,948,666.66 төгрөг, нийт 10,948,666.7 төгрөг,

- 2013.03.25-ны өдрийн №154/ЗГ дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 32,364,850 төгрөг, нийт 47,364,850 төгрөг,

- 2013.04.19-ний өдрийн №170/ЗГ Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 6,948,666.66 төгрөг, нийт 10,948,666.7 төгрөг,

- 2013.06.21-ний өдрийн 214/ЗГ дугаартай Зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 30,824,850 төгрөг, нийт 45,824,850 төгрөг, бүгд 115,087,033 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн,

 

хариуцагч №133/ЗГ-ний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүүд 6,948,666 төгрөг, №154/ЗГ-ний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүүд 17,062,500 төгрөг, №170/ЗГ-ний үүрэгт үндсэн зээлд 4,000,000 төгрөг, зээлийн хүүд 6541985 төгрөг, 214/ЗГ-ний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүүд 17,237,500 төгрөг, нийт 85,790,000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар зохигч нэхэмжлэлд дурдсан 4 удаагийн зээлийн гэрээг байгуулсан, зээлдүүлэгч нь нийт 38,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн, гэрээний хугацаа 2017 онд дуусгавар болсон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ бодитоор хэрэгжсэн, зээлдэгчийн хүсэлтээр гэрээ тус бүрийн хугацааг удаа дараа сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуульд заасан шаардлага хангасан, хариуцагч зээлийн төлбөрт 32,607,632 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 94,666,332 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хамгийн сүүлд зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний эргэн төлөх хуваарийг үндэслэн хариуцагчийн төлөх төлбөрийг тооцож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

9. Давж заалдах шатны шүүх гэрээ тус бүрийг зээл, хүүгийн хамт тооцож, төлбөл зохих нийт 144,960,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 32,607,632 төгрөгийг хасч үлдэх 112,352,368 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

10. Дараах үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

10.1. Тодорхойлох хэсгийг 4.1.-4.4-т дурдсанчлан ...давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг зээлийн үндсэн хүүтэй адилхан хувь хэмжээгээр бодсон, хэтэрсэн хугацааны хүү үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, ...нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ...мөн нэхэмжлэгч зээлийн хүүг хоногоор тооцож нэхэмжлэл гаргасан байхад шүүх сараар тооцсныг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.1.2-т зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү сарын 3.5 хувь, жилийн 42 хувь гэж тохирсон байх тул хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Мөн гэрээний талаар дүгнэж, нэмэгдүүлсэн хүү тохирсон заалтыг хуульд нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардаагүй бөгөөд шүүх хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн төлбөрийг хоногт тооцож шаардсныг шүүх сараар тооцож шийдвэрлэсэн нь хоорондоо зөрүүгүй байх тул зээлийн тооцооллыг сараар тооцсныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн тооцооны алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2042 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Батхүүгээс 2020.11.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД