Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02059

 

    2020            07           29                                                       183/ШШ2020/02059

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

                  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............ тоот хаягт байрлах, Ж ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

                 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Х овогт Б.Б /РД:0000000/-д холбогдох,

 

                Зээлийн гэрээний үүрэгт 115,087,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал З.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь өөрийн нэр дээр 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 133/ЗГ тоот зээлийн гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170/ЗГ тоот зээлийн гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ тоот зээлийн гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 154/ЗГ тоот зээлийн гэрээ, эхнэр Ц.Бы нэр дээр 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 394/ЗГ тоот зээлийн гэрээгээр манай банк бус санхүүгийн байгууллагаас тус тус сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Эхнэрийнхээ нэр дээр авсан боловч зарцуулсан хүн нь өөрөө, мөн төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрдөг нь өөрийнх нь гарын үсэг зурсан мэдэгдэл болон төлбөр төлөх жагсаалтаас харагдана. /Ц.Бы нэр дээрх зээлийн хүү нь 57.596.410,01 төгрөг болсон боловч зөвхөн үндсэн хүүгээр нэхэмжилж байгаа болно/. Мөн зээлийн хугацаа сунгах гэрээнүүдийг нэмэлтээр хийсэн болно. Гэтэл зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлийн хүүгийн төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Б.Бгийн зээлийн гэрээний дүн болох үндсэн зээл 65.940.000 төгрөг, зээлийн хүү 77.087.033 төгрөг, нийт 143.027.033 төгрөгийг бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж гаргуулж өгнө үү. Тус банк бус санхүүгийн байгууллагын зүгээс шүүх хурал болох хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар зээлдэгч Б.Бгээс нэхэмжлэх болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нар 2020-05-28-ны өдөр нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Нэхэмжлэгчийн зүгээс Б.Бд холбогдуулан 5 зээлийн гэрээний өр төлбөрт нийт 143.027.033 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус 5 зээлийн гэрээний нэг болох 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд түүний эхнэр Ц.Б гарын үсэг зурж баталгаажуулан, зээлийг хүлээн авсан байдаг. Иймд Ц.Бд холбогдох зээлийн өр төлбөр болох 27.940.000 төгрөгт холбогдох маргааныг энэ хэргээс тусдаа шийдвэрлүүлэхээр болсон. Иймд Б.Бд холбогдон гаргасан зээлийн өр төлбөр болох 143.027.033 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 27.940.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Бгээс зээлийн өр төлбөрт нийт 115.087.033 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь  дээрхи гэрээнүүдийн төлбөрт 32 607 632 төгрөгийн төлөлт хийсэн. Дөрвөн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ сунгасан талаар бол маргаан байхгүй. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/133 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүнд 2 744 000 төгрөг,  хэтэрсэн хугацааны хүүнд 4 204 666 төгрөгийг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/154 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүүнд 6 247 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 10 815 000 төгрөгийг,  2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/170 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүнд 1 773 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 4 768 652 төгрөгийг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүүнд 6 387 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд  10 850 000 төгрөгийг төлөх үндэслэл харагдаж байна. Ингээд нийт үндсэн зээл 38 000 000 төгрөг, хүү 17 152 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 30 637 718 төгрөг, нийт 85 790 000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний 7-д зааснаар гэрээг зээлдүүлэгч тал дангаараа цуцлах ёстой байсан мөртлөө цуцлалгүйгээр энэ хүртэл явж хүү бодож байгаа нь манай талд илтэд хохиролтой болж байна.  Шударга ёсонд нийцээгүй, илтэд хохиролтой байгаа учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хүүгийн хэмжээг багасгах боломжтой. Тодруулбал хүүг нийтэд нь 50 хувь хүртэл бууруулж өгөөч гэж хүсэж байгаа юм. Манай талд зээл төлөх талаар өгч байсан мэдэгдлүүдэд байгаа гарын үсэг Б.Бгийн зээлийн гэрээнд зурагдсанаас зөрж байгааг шүүх анхаарах хэрэгтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж ББСБ ХХК нь  Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 115 087 033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь хууль зүйн үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

     Б.Б нь Ж  ББСБ ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/133 дугаартай зээлийн гэрээгээр 4 000 000  төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/154 дугаартай гэрээгээр 15 000 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар, 4 000 000  төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/170 дугаартай гэрээгээр 3.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар, 15 000 000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214 /ЗГ  дугаартай гэрээгээр сарын 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар тус тус зээлдэн авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т тус тус заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус зааснаар гэрээнд заасан үүрэг болох үндсэн зээл, гэрээний хугацаан дахь хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

        Улмаар талууд   2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/133 дугаартай зээлийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл,  2013 оны 03 сарын 25-ны өдөр ЗГ/154 дугаартай гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/170 дугаартай гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214 /ЗГ  дугаартай гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус тус сунгаж гэрээ байгуулсан байна.

Ийнхүү гэрээ сунгасан талаараа зохигчид маргадаггүй ба зээл төлөлтийн хуваарийг гэрээ тус бүрт хавсралт байдлаар шинэчлэн баталгаажуулжээ.

 

         Хариуцагч нь  дээрхи гэрээнүүдийн төлбөрт 32 607 632 төгрөгийн төлөлт хийсэн, үндсэн зээл 38 000 000 төгрөг хэвээр байгаа талаархи тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, гагцхүү талууд зээлийн гэрээний хугацаан дахь хүүний тооцоолол, хугацаа хэтэрсэн хүүний хоногийн тоон дээр маргадаг ба нэмэгдүүлсэн хүү нэхэмжилдэггүй.

Тодруулбал зээлийн гэрээний хугацаан дахь хүүний тухайд хариуцагч нь сунгалтын гэрээний дагуу батлагдсан зээл төлөх шинэчилсэн хуваарь дээр бичигдсэн хүүгээр төлнө гэдэг бол, нэхэмжлэгч нь анх байгуулагдсан зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваариас тооцох ёстой ба шинэчилсэн хуваариар бодсонтой чанарын хувьд ялгаагүй гэж мэтгэлцдэг.

 

Нэхэмжлэгч 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/133 дугаартай зээлийн гэрээний үндсэн хүүнд 2 744 000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүнд 4 204 666,66 төгрөгийг  нэхэмжилдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг, харин үлдэх 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/154 дугаартай гэрээний үндсэн хүүнд 17 262 350 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүнд 32 364 850 төгрөгийг, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/170 дугаартай гэрээний үндсэн хүүнд 2 179 333 төгрөгийг, хугацаа хэтэрсэн хүүнд  4 769 333,33 төгрөгийг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ  дугаартай гэрээний үндсэн хүүнд 15 137 500 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүнд 15 137 500 төгрөгийг нэхэмжилж байгааг зээл эргэн төлөх шинэчилсэн хуваарийн дагуу төлөх ёстой гэдэг байдлаар хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй.

 

Шүүх уг татгалзлыг үндслэлтэй гэж үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн хугацаан дахь хүүг хавтаст хэргийн 15, 29, 38, 48 дугаарт талуудад авагдсан зээл эргэн төлөх хуваарь дээр бичигдсэн зээлийн хүүгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эдгээр зээл эргэн төлөх хуваарь бол талуудын хувьд гэрээг сунгасантай холбоотойгоор тухайн гэрээ үргэлжлэх хугацаанд төлөгдсөн төлбөрийг хасаж,  эцсийн байдлаар тохирсон тооцоо гэж ойлгохоор байна. Харин шүүх нэг бүрчлэн шалгаж үзэхэд хэтэрсэн хугацааны хүүг тооцсон нэхэмжлэгчийн хоног буруу байна гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй  байна.

 

           Ингээд 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/133 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүнд 2 744 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 4 204 666 төгрөг  /2017.08.18-2020.02.04 ныг хүртэл 901 хоног/ , нийт 10 948 666 төгрөгийг

             2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/154 дугаартай гэрээний үүрэгт  үндсэн зээл 15 000 000 сая төгрөг, хүүнд 6 247 500төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 15 102 500 төгрөг  /2017.09.25 -2020.02.04 ныг хүртэл 863 хоног/, нийт 36 350 000 төгрөгийг,

             2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/170 дугаартай гэрээний үүрэгт  үндсэн зээл 4 000 000 сая төгрөг, хүүнд 1 773 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 4 769 333  төгрөг  /2017.04.19-2020.02.04 ныг хүртэл 1022 хоног /, нийт  10 542 666 төгрөгийг,

            2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 214/ЗГ  дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүүнд 6 387 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 15 137 500 төгрөг  /2017.09.22 -2020.02.04 ныг хүртэл 865 хоног/, нийт 36 825 000 төгрөгийг, нийт үндсэн зээл 38 000 000 төгрөг, хүүнд 17 152 333 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 39 213 999 төгрөг, нийт 94 666 332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 20 420 701 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

              Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу төлөх хүү нь зээлдэгчийн эрх ашигт илтэд хохиролтой байх тул багасгуулах талаар тайлбар гаргадаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.”  гэж гэсэн байна. Хүү төлөх нь зээлдэгчийн хариу үүрэг боловч уг төлбөрийн хэмжээг бууруулахад гэрээний нэг тал нөгөө талдаа эдийн засгийн хувьд илтэд хохиролтой, сөрөг байдлаар хандсан нөхцөл тогтоогдсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн хувийг, зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар, түүнчлэн тухайн орон нутгийн иргэд хоорондын зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулах нь зээлийн хүүгийн хэмжээ “зээлдэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолд  илт хохиролтойгоор тогтоогдсон” гэж үзэх үндэслэл болж болдог.

 

Гэтэл хариуцагч нь талуудын тохиролцсон сарын 3,5 хувийн хүүг нөгөө талдаа эдийн засгийн хувьд илтэд хохиролтой гэж үзэх харьцуулах нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчснөөс  хүү хуримтлагдсан байгаа нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй гэдгийг дурьдах нь зүйтэй.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг удирдлага болгон хариуцагч Б.Б-гээс зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт  94 666 332  төгрөг гаргуулан, хариуцагч “Ж  ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 420 701  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  873 085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Б-гээс   631 281.66  төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ж  ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                              О.ЧУЛУУНЧИМЭГ