Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00456

 

 

Гарьд капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01960 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1821 дүгээр магадлалтай,

 

Гарьд капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

О.Намжилмаа, О.Батбаяр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 50,962,382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч О.Батбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Гарьд капитал ББСБ ХХК-иас О.Намжилмаа, О.Батбаяр нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 50,962,382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь ....Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлээ төлөх боломжгүй болсон тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01960 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Намжилмаа, О.Батбаяр нараас 50,962,382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гарьд капитал ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Намжилмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, 54-р байрны 30 тоот 39.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1821 дүгээр магадлалаар:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч О.Батбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 38.6-д заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч талаас шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэл 35,000,000 төгрөгийн төлбөрт маргаагүй, харин хүүг байнга төлж байгаад Ковид-19 цар тахлын хоригийн улмаас үйл ажиллагаа явуулж чадахгүй хүүний алдагдалд орсон ба ИХШХШТХ-ийн 38.6-д заасны дагуу Санхүүгийн шинжилгээ хийлгэж бодит хүүг тооцуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авалгүйгээр шууд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх шүүх ИХ-ийн 38.6-д зааснаар хариуцагч талын санхүүгийн шинжилгээ томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангалгүйгээр уг заалтыг хэрэглээгүй нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж ИХШХШТХ-ийн 176-р зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хүүний дүнд санхүүгийн шинжилгээ хийлгэж гарсан дүнгээр нь хүүний талаарх нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхээр хяналтын шатны гомдол гаргаж байна. Гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 14,687,258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,215,124 төгрөг, гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохирол буюу нотариатын төлбөр 20,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөг, нийт 50,962,382 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

7. Талууд 2018.12.17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хариуцагч О.Намжилмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 54 байрны 30 тоот орон сууцыг барьцаалж Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, Барьцаалбар тус тус үйлдсэн байна.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2-т нийцсэн байна.

 

Эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, барьцааны гэрээгээр ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

8. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

9. Хариуцагч О.Батбаяр, хариуцагч О.Намжилмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо /тодорхойлох хэсгийг 4.1/ ...ковид цар тахлын хоригийн улмаас үйл ажиллагаа явуулж чадахгүй хүүний алдагдалд орсон, ...хариуцагчаас Санхүүгийн шинжилгээ хийлгэж бодит хүүг тооцуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй, үзлэг, туршилт, шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 105 дугаар зүйлийн 105.1-д шүүх шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц нэн даруй шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан.

 

2020.06.10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээл олгосноос хойших хугацааны санхүүгийн тайланг гаргуулах, дээрх тайланд санхүүгийн шинжээч томилж нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоог нарийвчлан гаргуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч шаардлагагүй гэж хэлсэн бөгөөд шүүх хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-38-40/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байгаагаа үйл ажиллагаа явуулж чадаагүйгээс хүү хуримтлагдсан гэсэн агуулгаар тайлбарлаж, бодит хүүг тогтоолгохоор санхүүгийн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн бөгөөд түүний гаргаж буй хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжээч томилох зайлшгүй шаардлагатай буюу тусгай мэдлэг шаардагдсан асуудалд хамаарахгүй байна.

 

Иймд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй, түүнчлэн гэрээний хугацаа 2019.12.17-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй нь ковид цар тахалтай хамааралгүй байна.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01960 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1821 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч О.Батбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.Батбаяраас 2020.09.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД