Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/01960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 6 дугаар байр Г-ББСБ ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 33 дугаар байр 143 тоотод оршин суух, 1983 онд төрсөн 37 настай, Гүер овогт О.Б

 Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 33 дугаар байр 143 тоотод оршин суух, 1988 онд төрсөн 32 настай, Гүеэр овогт О.Н

Гэрээний үүрэгт 50.962.382 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн төлөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г-ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г-ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан. О.Н, О.Б нар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн хүсэлт гаргаж 35.000.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч О.Б-ын Голомт банк дахь 2405013720 данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн. Зээлийн барьцаанд О.Н-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол Ногоон нуур гудамж 54 дүгээр байр 30 тоот 39.4 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт №1-д заасан зээл, хүүг буцааж төлөх хуваарийг удаа дараа зөрчиж байгаа тул холбогдох шаардлагыг бичгээр ,утсаар өгч байсан. Зээлдэгч нар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дууссан. 2020 оны 03 дугаар сарын 02-нд О.Б утсаар эвлэрэх санал тавьсан тул манай байгууллага зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 03 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргахад О.Б, О.Н нар эвлэрүүлэн зуучлагчтай уулзаж өргөдөлтэй танилцсан боловч эвлэрүүлэн зуучлах уулзалт, ярилцлага хийх өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Зээлийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон. Зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нэмэгдүүлсэн хүүг төлнө. Нэхэмжлэлийн 2 шаардлагад нийлүүлж улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд хариуцагч О.Н, О.Б нараас үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 14.687.258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.215.124 төгрөг, нотариатын төлбөр 20.000 төгрөг, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.000 төгрөг, нийт 50.962.382 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Н, О.Б нарын төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 35.000.000 төгрөгний зээл авсанд маргахгүй. Зээлийн хүү 14.687.258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.215.124 төгрөгийг зөвшөөрөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд гаргасан санхүүгийн тооцоолол авах хүсэлтээ дэмжиж байна. Санхүүгийн тайланг гаргуулсны дараа шинжээч томилох хүсэлтэй байна. Хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлээ төлөх боломжгүй болсон. Нэг ёсондоо давагдашгүй хүчин зүйл үүссэн. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуульд зааснаар бодогдсон гэдэгт эргэлзэж байна. Нэхэмжлэлийн 2 шаардлагын нэг болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөөгүй тул хэргийг шийдвэрлэх боломжгүй. Хариуцагч нар үндсэн зээл 35.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж зэргийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г-ББСБ ХХК нь хариуцагч О.Н, О.Б нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 50.962.382 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Н, О.Б нар нэхэмжлэгч Г-ББСБ ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ1812/49 дугаартай зээлийн гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол 54 дүгээр байр 30 тоот 39.4 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж зээлсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, зээлэгчийн хүсэлт, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн цахим гүйлгээний баримт гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

                Нэхэмжлэгч Г-ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч О.Н, О.Б нар гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү өндөр тул төлөхгүй гэж тайлбарладаг боловч хариуцагч нар зээлийн гэрээний хүү сарын 4 хувь байхаар тохиролцож гэрээ байгуулсан, хүүг буцаан төлөх хуваариар сар бүр зээлийн хүүнд 1.426.849 төгрөг төлөхөөр тохирсон, гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.4-т зааснаар зээл, зээлийн хүүний төлбөрийг хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх, зээлдэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ нэмэгдүүлсэн хүү, авлага, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах, зээлийн төлбөрийг графикт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Хавсралт №1-д дурдсан хуваарийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нотариатын зардал, Эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.Н, О.Б нараас гэрээний үүргийн биелэлтэд 50.962.382 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч О.Н, О.Б нараас 50.962.382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.Намжилмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол 54 дүгээр байр 30 тоот 39.4 мкв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Н, О.Б нараас 483.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-ББСБ ХХК олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА