Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00457

 

  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01818 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1931 дүгээр магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Цогбадрахад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 123,084,543.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 123,084,543.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ....барьцаа хөрөнгийг би иргэн Т.Рэнцэнмядагаас 2017.12.13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан боловч худалдагч тал орон сууц худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Р.Рэнцэнмядаг, Алтанцэцэг, Төмөрсүх нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдэж дуустал хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01818 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар*******аас 122,425,337 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож, үлдэх 659,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2203016538 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, оюутны гудамж, 20 дугаар байр, 20 тоот хаягт байршилтай, 101.88 м.кв талбай бүхий, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 122,425,337 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843,575 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 770,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1931 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч тал зээлийн хүүгийн төлбөрт 22,564,730 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн атал анхан шатны шүүх зээлийн хүүг 24,302,465 төгрөг гэж тооцоолсон нь буруу байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

Зээлийн гэрээ цуцлагдсан өдрийг 2020.02.14-ний өдрөөр тооцсон нь зөв боловч энэхүү хугацааны зээлийг хүүг ББСБ нэхэмжлээгүй, шаардлагаа нэмэгдүүлээгүй, өөрчлөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар тогтоосон зээлийн нийт төлбөр 122,425,337 төгрөгөөс хүүгийн төлбөрт 22,093,150 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 22,564,730 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2,209,315 төгрөгийг хасч 20,355,415 төгрөгийн зээлийг хүүг хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 22,093,150 төгрөгийн хүүгийн төлбөрөөс 1,737,735 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч******* 2019.05.27-ны өдрийн Зээлийн гэрээгээр сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 100,000,000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Оюутны гудамж, 20 байр, 20 тоот хаягт байршилтай 101.88 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй эхний 2 сарын төлөлтийг хугацаа хэтрүүлж, хэсэгчлэн төлснөөс өөрөөр төлбөр төлж барагдуулаагүй, улмаар зээлээ төлөх боломжгүй болсон тул дараагийн шатны арга хэмжээг авч өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 100,000,000 төгрөг, зээлийн хүү 22,564,730.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,813.02 төгрөг, нийт 123,084,543.83 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...зээлийн гэрээнд барьцаалсан орон сууцыг худалдаж авахаар нэхэмжлэгчээс зээл авсан, одоо дээрх орон сууцыг худалдан авсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Хан-Уул дүүргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тул тус хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү... гэжээ.

 

7. Зохигчийн хооронд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээний эрх зүйх харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус нийцсэн байна.

 

Эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, барьцааны гэрээгээр ...үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, зээлдэгчид зээлийн хөрөнгө 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрт 2,209,315 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

 

9. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь эхний 6 сар үндсэн зээлийн төлбөрөөс төлөхгүй байхаар харилцан тохиролцсон үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, зээлийн хүүд 22,093,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 332,187 төгрөгийг, нийт 122,425,337 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 659,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

 

10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 122,425,337 төгрөгөөс 1,737,735 төгрөгийг хасуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн /тодорхойлох хэсгийг 4.1-4.2/ хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу зээлийн хүүд төлсөн 2,209,315 төгрөгийг төлөх ёстой төлбөрөөс хасч зээлийн хүүгийн үүргийг 22,564,730.81 төгрөг гэж тодорхойлсон тул дээрх үнийн дүнгээс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн төлбөрийг дахин хасуулахыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлдэгчид зээл олгох 2019.05.27-ны өдөр Домог инвест ББСБ ХХК гэсэн оноосон нэртэй байсан бөгөөд нэхэмжлэл гаргах 2020.02.20-ны өдөр оноосон нэрээ ******* ХХК болгон өөрчилсөн, улмаар 2021.12.28-ны өдөр оноосон нэрийг Грийн финтек ББСБ ХХК болгон өөрчилсөн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанд Грийн финтек ББСБ ХХК нэрээр оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01818 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1931 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатаас 2020.10.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД