Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/01818

 

2020            06            30                                                 183/ШШ2020/01818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

                  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ........... тоот хаягт орших Т ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

                  Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Э овогт Б.Ц /РД:00000000/-д холбогдох

 

                  Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн төлбөр 100,000,000 төгрөг, зээлийн хүү 22,564,730.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,813.02 төгрөг нийт 123,084,543.83 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Ц нь “Д ББСБ” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 0000000000 тоот Зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 2,8%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү гэрээний дагуу зээлийн төлбөрийг Б.Ц-ын дансанд шилжүүлсэн. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №0000000-1 тоот Барьцааны гэрээ байгуулсан Сүхбаатар дүүрэг, ......... тоот хаягт байршилтай 101,88 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох Хавсралт 1 буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн төлөлтийг хожимдуулж 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэсэгчлэн төлсөн, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийг 2 хоногийн хугацаа хэтрүүлэн хэсэгчлэн төлсөн бөгөөд нийт хүүгийн төлбөрт 2,209,315 төлж барагдуулсан. Зээлдэгч нь үүнээс хойш зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй байдаг.  Бидний зүгээс Б.Ц-ад зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулах, ийнхүү төлж  барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар удаа дараа утсаар мэдэгдсэн боловч зээлээ төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д Зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг 1 удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Зээлдэгч Б.Ц нь “Зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, зээлийг төлж барагдуулах ямар нэг арга хэмжээ аваагүй, төлбөр төлж барагдуулах талаарх удаа дараагийн мэдэгдлийг үл хайрхан өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлөлт хийгээгүй байгаа тул цаашид зээлийн гэрээний хугацааг дуусгавар болгохыг хүлээх шаардлагагүй юм.  Мөн Б.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагад “зээлээ төлөх боломжгүй болсон тул дараагийн шатны арга хэмжээг авч өгнө үү” гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Манайх зээлийн хүүгээ шүүхэд нэхэмжлэл өгсөн өдөр хүртэлх хугацаагаар бодсон болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг үндэслэн зээлдэгч Б.Ц-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 100,000,000 төгрөг, зээлийн хүү 22,564,730.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,813.02 төгрөг нийт 123,084,543.83 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж манай банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээл болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд 2019 оны 05 сарын 27-ний өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч ганцаараа бүртгэлтэй байсан тул зээл олгож, барьцааны гэрээ байгуулсан. Зээл авснаасаа хойш ердөө 2,209,315 төгрөг төлсөн тул хохиролгүй болгож өгнө үү “ гэв.

 

     Хариуцагч Б.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Д ББСБ” ХХК-тай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .......... тоот хаягт байрлах Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан юм. Уг барьцаа хөрөнгийг би иргэн Т.Р-аас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан боловч худалдагч тал Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган орон сууц худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4-т зааснаар Р.Р, А, Т нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдэж дуустал хугацаагаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү. Нэхэмжлэгч тал нэгэнт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргасан байгаа тул хэргийг түр хугацаагаар түдгэлзүүлэхээр хүсэлт гаргаж байгаа юм.

Нэхэмжлэгч тал оноосон нэрээ өөрчилсөн талаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол нотариатчаар гэрчлүүлэн нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа боловч эрх, үүрэг залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан талаар баримт хэрэгт ирээгүй байна. Иймд Иргэний хуулийн 27.5 дахь хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Д ББСБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 5 сарын 27 ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 100 000 000 төгрөг зээлж авсан ба эргүүлэн төлсөн мөнгөн дээр маргаан байхгүй. Харин барьцааны зүйлийг  шилжүүлсэн хэлцлийг баталсан нотариатын  үйлдлийг хүчингүй болгуулах иргэний хэрэг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Ер нь Б.Ц-тай А гэдэг хүн И ББСБ д тавьсан өрөө даруулах зорилгоор муу зээлийн түүхтэй болохоороо 5 000 000 төгрөгөөр байраа зарсан гээд гэрээ хийлгүүлсэн юм байна лээ. Ингээд гэрээ хийгээд байр Б.Ц-ад шилжсэний дараа уг 100 000 000 төгрөгийн зээлийг авахуулсан, түүнээс манай үйлчлүүлэгч энэ мөнгийг хэрэглэсэн зүйлгүй, одоо тэгээд байр буцаад Алтанцэцэг рүү очоод, 100 000 000 төгрөгийг Б.Ц төлөх болчхоод хохироод байна. Хэрвээ нотариатын  үйлдэл хүчингүй болж, орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчингүй болчих юм бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсч, цаашлаад шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болно. Түүнээс нэхэмжлэлийн үнийн дүн болоод нэхэмжлэгчийн нэр өөрчлөгдсөн асуудлаарх баримтууд ирсэн тул маргахгүй байгаа , уг хэрэг шийдвэрлэгдээгүй тул хэрэгсэхгүй болгуулах хүсэлтээ дэмжиж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Т ББСБ ХХК нь Б.Ц-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,084,543.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

     Б.Ц нь Т ББСБ  ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 27 ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлж, Б.Ц-ын  өмчлөлийн Сүхбаатар дүүрэг ......... тоот хаягт байршилтай 101,88 метр квадрат талбай бүхий орон сууцыг барьцаанд тавьсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0000000000,  00000000000-1  тоот зээлийн болон  барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т зааснаар бичгээр байгуулагдаж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

           Улмаар хариуцагчийн 2020 оны 02 сарын 14 ний өдрийн хүсэлтээр зээлийн гэрээ цуцлагдсан, хариуцагч нь нийт 2,209,315 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй. Харин хариуцагчийн өмгөөлөгч зээл авсан болон нэхэмжилж буй үнийн дүнгийн талаар маргадаггүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65  дугаар зүйлийн 65.1.11 т заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа“ гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсдэг. Улмаар орон сууцны өмчлөгчийн  дэлгэрэнгүй лавлагаа, 2020 оны 05 сарын 01-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тус дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргаж өгдөг. Эдгээр баримтаас харахад 2017 оны 12 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг ............ тоот хаягт байршилтай 101,88 метр квадрат талбай бүхий орон сууц Б.Ц-ын өмчлөлд шилжин ирсэн байх ба ийнхүү шилжүүлэхэд ашигласан 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн итгэмжлэлийг баталгаажуулсан нотариатын  үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байна. Гэвч шүүх уг маргааныг хэрхэн шийдвэрлэх нь энэ хэрэгт нөлөөлөхөөргүй, зохигчийн маргаж байгаа зүйл ба үндэслэлд хамааралгүй гэж шүүх  дүгнэлээ. Учир нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар Б.Ц-ыг Сүхбаатар дүүрэг ........... тоот хаягт байршилтай 101,88 метр квадрат талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай нийцнэ. Талуудын хооронд барьцааны  гэрээ байгуулагдах үед тухайн орон сууц зээлдэгчийн нэр дээр бүртгэлтэй байсан тул зээлдүүлэгчийн барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах эрх баталгаатай байх ёстой.

 

Зээлдэгч нь  Т ББСБ ХХК-иас 100 000.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын  27-ны өдөр 2 жилийн хугацаатай  зээлж авсан байх ба гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлөлт огт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээ цуцлагдсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн 000000 дугаартай гэрээний үндсэн зээлд 100,000,000 төгрөг, хүүнд 2019 оны 05 сарын 27-ны өдрөөс гэрээ цуцлагдах өдөр хүртэлх 264 хоногийн хүү 24,302,465 төгрөгнөөс төлөгдсөн гэх 2,209,315 төгрөгийг хасаж тооцоход 22,093,150 төгрөг, эхний 6 сар үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байх тул 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 сарын 14-ний хүртэл 94 хоногийн нэмэгдүүлсэн хүүнд 332,187 төгрөг,  нийт 122,425,337 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас  122,425,337 төгрөгийг гаргуулж, Т ББСБ ХХК-д олгож, үлдэх 659,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргадаггүй ч шүүх шийдвэрээ хууль ёсны ба үндэслэл бүхий гаргах үүрэгтэй тул гэрээ цуцлагдсан үйл баримт болон 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалд тулгуурлан зээлийн гэрээний нөхцөлийг харгалзан үнийн дүнг гаргасан болно.

 

Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан  0000000-1 тоот  барьцааны гэрээгээр Б.Ц-ын  өмчлөлийн Сүхбаатар дүүрэг ............. тоот хаягт байршилтай 101,88 метр квадрат талбай бүхий орон сууц болох үл  хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 122,425,337  төгрөг гаргуулж,  Т ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2,  453 дугаар зүйлийн  453.1 дэхь хэсэгт зааснаар Б.Ц-аас 122,425,337  / нэг зуун хорин хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун гучин долоон / төгрөгийг гаргуулж, Т ББСБ ХХК-д олгож, үлдэх 659,206 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2203016538  дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг .......... тоот хаягт байршилтай 101,88 метр квадрат талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 122,425,337 төгрөг гаргуулж, Т ББСБ  ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843 575 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 770,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                  О.ЧУЛУУНЧИМЭГ