Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0713

 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын

Ардчилсан намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын иргэн Х.*******, М.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сагсай сумын сонгуулийн хороо хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1, 154.4, 157 дугаар зүйлийн 157.6, 157.9 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сагсай сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын иргэн М.*******, Т.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.*******, Т.******* нарыг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын сонгуулийн хороонд даалгасугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хорооны дарга О.Женесхан шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Т.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэсэн заалт нь хамааралгүй заалт гэсэн шийдвэртэй эвлэрэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх нийтлэг журмыг Сонгуулийн тухай хуулийн Гуравдугаар дэд бүлгийн 154 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн нь сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа Монгол Улсын иргэн бүр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөж байхыг сануулсан заалт билээ. Нэг хуулийн заалтыг дутуу мөрдөж нөгөө заалтаар нь хаацайлж өөрийнхөө үйлдлийг зөвтгөх асуудлыг энэ заалтаар хориглосон байна. Ялангуяа төрийн аль ч шатны албан тушаалтан энэ заалтыг мөрдлөг болгох ёстой. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалыг хашиж сургуулийн захирлаар ажиллаж байсан нь хамаагүй мэтээр тайлбар өгчээ.

Т.******* нь өөр шалтгаанаар ажлаасаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр чөлөөлөгдсөн нь дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба ... гэсэн дээрх заалттай харин ч бүрэн нийцэж байгаа билээ. Т.******* нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Сонгуулийн тухай хуулийн энэхүү заалтыг дагаж мөрдөж ирсэн, хуулийг ягштал мөрдлөг” болгодог гэсэн ойлголтыг төрүүлэх зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга X.Дарменд ажлаасаа чөлөөлөгдөх тухай уламжилсан өргөдлийг хуурамчаар үйлдэн, нотариатаар баталгаажуулан ирүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсныг Захиргааны хэргийн шүүх тухайн үед хамт ажиллаж байсан Ардчилсан намын дарга Б.Бекболатын нэг намын нөхдөөс авсан тайлбарыг үндэслэн хуурамч биш гэж үзлээ. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх гэх өргөдлөө 2016 оны 08 дугаар сарын сүүлчээр буюу нэр дэвшсэний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, санал, гомдлын асуудал хариуцсан ажилтанд н.Мереке нотолж өгснийг Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген баталгаажуулсаар байтал үүнийг хууль зөрчигдсөн нэг гол зүйл гэж үзэлгүйгээр гэрчийн байцаалт авалгүй, зөвхөн албан тоотоор тайлбар авах төдийгөөр орхилоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Гэрчүүдийн мэдүүлгийг ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Мөн хуулийн 44 дүгээр зүйлд ач холбогдолтой бичмэл нотлох баримт гэсний нэг нь яах аргагүй Т.*******ын хуурамчаар үйлдсэн дээрх өргөдөл билээ.

2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн Т.*******ад 154 дүгээр зүйлийн 154.4 нь хамаарах заалт биш гэсэн дүгнэлт гаргажээ. Тэгвэл яагаад хуурамчаар өргөдөл үйлдсэн вэ.

Яагаад нэр дэвшигчийн намтарт энэ хуулийн заалт бүрийг дагаж мөрдлөө гэж бичсэн вэ. Үнэхээр тухайн үед өргөдөл өгсөн бол өгсөн нэхэмжлэлдээ яагаад энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд огт дурдалгүй өнгөрсөн вэ гэх асуудлууд урган гарч байна. Дээрх заалтыг биелүүлсэн болоод харагдах гэж сумын Сонгуулийн хороог төөрөгдүүлж, өөрөө холбогдол гэж үзээд байгаа заалтыг баримттайгаар бөглөж хуурамч материал үйлдэж өгсөн нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3-д Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байсан боловч шүүхээс энэ асуудлыг мөн л ойшоож үзэлгүй орхилоо.

Т.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Дөрөвдүгээр дэд бүлгийн 157 дугаар зүйлийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсгийн 157.2.7-д Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг ирүүлнэ гэснийг хуурамчаар бүрдүүлж, хууль зөрчсөн үйлдэл тус тус гаргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл Хуурамч бол бүртгэхээс татгалзах бүрэн үндэслэл болж байгаа билээ.

Тухайн үед удирдах албан тушаалд байсан хүмүүс /нэг үзэл бодолтой, нэг намын гэх албан тушаалтнууд/ үгсэн хуйвалдаж хуурамчаар бичиг баримт үйлдэн түүнийг жинхэнэ болгон харагдуулж байгаа нь харамсах зүйл билээ. Үүнийг нотлох баримтаар нь илрүүлэн таслан зогсоохын оронд хууль завшигчдыг өөгшүүлэн дэмжиж байгаа шүүхийн байгууллагад ч гэсэн шударга байгаач ээ гэмээр байна.

Орон нутгийн сонгуулийн тухай хуульд аймагт нэр дэвших, суманд нэр дэвших гэсэн ойлголт байхгүй бөгөөд дээрх хуурамч өргөдлийг үнэн болгож харагдуулахын төлөө шүүгч үндэслэлдээ /8 дугаар хуудасны дороосоо 2 дахь мөрөнд/ хаалтан дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль гэж дээрх хууль бус үйлдлийг дэмжиж байгаагаа нуулгүй бичсэн байх юм.

 Шүүхээс гарсан шийдвэр нь Иргэний хувьд нэр дэвшиж байгаа гэж хуулийг санаатай дагаж мөрдөхгүй байх, хуурамч материал бүрдүүлж өгсөн хэн ч, төрийн албанд ороод юу ч хийхэд болно гэсэн ойлголтыг бусдад төрүүлэх үйлдэл болсонд гомдолтой байна.

2. М.*******ий хувьд ч Ардчилсан намын удирдлага Сонгуулийн тухай хуулийн Нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зөрчсөнийг нотолж байна. Өөрөөр хэлбэл Нэр дэвшүүлэх нийтлэг журмын тухай 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” байх гэснийг зөрчсөнийг ойшоож үзээгүй. Аймгийн Захиргааны хэргийн шүүхээс Нэр дэвшигч өр төлбөргүй гэсэн бичиг өгдөг болохоос нотлох баримтыг Сонгуулийн хороо бүрдүүлнэ, үүнийг та нар зөрчсөн гэсэн. Дахин хэлэхэд энэ заалт 154 дүгээр зүйлийн 154.3.1-д тодорхой байгаа буюу тухайн хүний нэрийг дэвшүүлсэн нам нь бүрдүүлж өгөхөөр тов тодорхой заасан билээ. Өөрөөр хэлбэл, тухайн нам нь ямар нэгэн ял шийтгэлгүй, өр төлбөргүй, хуулийг дагаж мөрддөг үнэнч шударга, төрийн бодлогод үнэнч, шилдэг хүмүүсээ дэвшүүл гэсэн давхар утга санаа агуулсан гол заалт гэж ойлгогдоно. Сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлсний дараа өр, төлбөр, барьцаа, зээлээ барагдуулна гэсэн заалт байхгүй байгаа шүү дээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл,, барьцаа, батлан даалтын өргүй байна гэж заасан нь цаанаа гүн агуулгатай заалт билээ. Энэ заалт ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлд: 1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл билээ. М.*******ий хувьд одоо ч гэсэн хугацаа хэтэрсэн өр төлбөртэй байгаа нь аймгийн шүүхийн мэдээллийн санд байж л байна.

Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуусч, нэр дэвшигчээр бүртгүүлэх үйл ажиллагаа дууссанаас хойш 2 өдрийн дараа бидэнд хандаж байгаа нь хуулийг гууль болгох үйлдэл гэж үзээд 157 дугаар зүйлийн 157.2.5-д “Энэ хуульд заасан өр төлбөргүй болохыг мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар ирүүлээгүй учир бүртгэхээс татгалзсан юм. 157 дугаар зүйлийн 157.2-д “нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” /Энэ хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дууссан/ гэсэн заалтыг зөрчсөн. М.******* нь хугацаа хэтэрсэн өр төлбөртэй байгаа ба одоог хүртэл барагдуулаагүй гэсэн нотлох баримтыг эвлэрлийн гэрээ, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж нь нотлохгүй байна гэсэнд хэлэх үг олдохгүй, өөрөөсөө ч ичиж байна. Хуулийн байгууллага нь өөрсдөө гаргасан шийдвэрээ хоёрдогч хүний эрх ашгийн төлөө хөсөр хаяж байвал, холбогдох хуулийн заалтыг тухайн үед дагаж мөрдөөгүй байгаа нь иргэний эрх чөлөө, халдашгүй эрх нь хөндөгдөх учир хэрэгжүүлээгүй нь зөвөө зөв гэж төрийн түшээ нар маань хуулийг санаатай мушгин гуйвуулж байгаа иргэний толгойг нь илээд сууж байх бий гэхээсээ эмээж байна.

Хүн бүр Үндсэн хууль, Үндсэн хуулийн үзэл санааг агуулсан салбар хуулиудаа дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй билээ. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн байж эрхээ эдлэх бус уу.

Сумын Сонгуулийн хороо нь 154.3.1, 154.4, 157.2, 157.2.5, 157.2.7, 158.1.3 заалтуудыг зөрчсөн гэж үзээд дутуу, хуурамч баримт бүрдүүлж ирүүлсэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Т.*******, М.******* нарыг бүртгэхээс татгалзсаныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06 ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын М.*******, Т.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ардчилсан намын дарга Б.Бекболатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү. Эс бөгөөс Т.*******ын 2016 оны 03 сарын 30-ны өдрийн үйлдсэн өргөдлийн хуурамч эсэхийг дахин нягтлан шалгах шаардлагатай байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгааг анхаарна уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын Т.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан бөгөөд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд хамаарна. Тиймээс нэр дэвшигч Т.******* хуульд заасан дээрх шаардлагыг хангасны эцэст сонгуульд нэр дэвших ёстой.

Хэдийгээр Т.******* ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, үүнтэйгээ холбогдуулж гэрчээр С.Ерия, Х.Дармен нарыг асуулгасан боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтууд, тухайлбал, гэрч Х.Мерекегийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн, нөгөө талаас Т.*******ын чөлөөлөгдөх тухай хүсэлтээ 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн албан ёсоор гаргаж, аймгийн Засаг даргын Б/455 дугаар захирамжаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн баримтууд хэрэгт авагдсан тохиолдолд “Т.*******ыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай хүсэлтээ гаргасан нь тогтоогдсон” гэж дүгнэх бололцоогүй.

Үүнээс гадна 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэх өргөдөл нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын архивт бүртгэгдээгүй, мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх эрхгүй “аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргад өргөдлөө гаргасан” гэснийг анхаарах нь зүйтэй.

Эдгээрээс дүгнэн үзвэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигч Т.*******ын талаар гаргасан маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй бөгөөд тухайн хороог хууль зөрчсөн хэмээн буруутган Т.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан шаардлагыг хангасан гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах боломжгүй.

Анхан шатны шүүх энэ талаар “төрийн үйлчилгээний албан тушаалтан Т.******* сонгуульд нэр дэвшихэд хамаарах заалт биш, өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргасан” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ.

Хоёр. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

Нэр дэвшигч М.******* нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/57 дугаар захирамжаар сумын төвд Автозасварын газар ажиллуулах төслийн хүрээнд Сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөг зээлсэн, тухайн зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүйн улмаас Сагсай сумын Засаг даргаас М.*******д холбогдуулан 1.114.570  төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 273 дугаар захирамжаар 1.114.570 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, тухайн  шийдвэрийг М.******* сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх захирамж гарган, гүйцэтгэх хуудас бичигдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх шаардлагыг тавьсан бөгөөд мөн хуулийн 154.1 /Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана/, 157.2 /Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ/ дахь заалтуудаас үзвэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногийн хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө нэр дэвшигчдийн баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой байна.

Хуулийн дээрх заалтууд болон 155 дугаар зүйлд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Ардчилсан намаас М.*******ийг нэр дэвшүүлэхдээ “өр төлбөргүй болох тухай” нэр дэвшигчийн мэдүүлгийг нэр дэвшигч М.*******ээр гаргуулсан, тухайн мэдүүлэгт тэрээр “өр төлбөргүй” хэмээн худал мэдүүлсэн нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д зааснаар М.*******ийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй.

Харин нэр дэвшүүлэх хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш нэр дэвшигч М.******* дээрх өр төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулсан нь түүнийг нэр дэвшигчээр бүртгэх үндэслэл болохгүй.

Нөгөөтэйгүүр, хариуцагчийн нэр дэвшигч М.*******ийн өр төлбөртэй эсэх талаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргаас тодруулсан нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 /Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна/-д заасан бүрэн эрхийн хүрээнд байх тул хариуцагчийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ардчилсан намын “Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын иргэн М.*******, Т.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.*******, Т.******* нарыг Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 02 дугаар тогтоолын иргэн М.*******, Т.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.*******, Т.******* нарыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР