Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00471

 

 

******* ХХК,******* ХХК,

Б.Мөнхтуул нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02115 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2143 дугаар магадлалтай,

 

******* ХХК,******* ХХК,******* нарын нэхэмжлэлтэй

Жужу ХХК,******* нарт холбогдох

 

******* ХХК,******* ХХК-иудын хариуцагч******* ХХК-аас 262,017,981 төгрөгийг гаргуулах,******* ХХК-ийн******* ХХК-аас 405,144,647 төгрөгийг гаргуулах,*******ын******* ХХК болон******* нараас 51,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Жужу ХХК-ийн******* ХХК-аас 461,886,414 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ******* ХХК,******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК,******* ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.   Нэхэмжлэгч ******* ХХК,******* ХХК-ууд нь хариуцагч******* ХХК-аас 262,017,981 төгрөгийг,******* ХХК нь 405,144,647 төгрөгийг,******* нь******* ХХК болон******* нараас 51,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар тус тус шаардаж, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн,

 

хариуцагч******* ХХК нь ...21,161,048 төгрөгийн өрийг*******д төлөхийг зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч******* ...өөрт холбогдох нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж тус тус маргаж, хариуцагч******* ХХК нэхэмжлэгч Монгол факторинг ХХК-аас 461,886,414 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02115 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* ХХК-иас 239,299,284 төгрөгийг гаргуулан 218,000,000 төгрөгийг******* ХХК-д, 21,299,284 төгрөгийг*******д тус тус олгож,******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн шаардлагыг,******* ХХК-ийн******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 44,017,981 төгрөгт холбогдох хэсэг болон*******ын гаргасан******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4,200,716 төгрөгт холбогдох хэсгийг*******гоос 25,500,000 төгрөг гаргуулах шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан******* ХХК-иас 381,753,817 төгрөгийг гаргуулан******* ХХК-д олгож,******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 80,132,597 төгрөгт холбогдох хэсгийг,******* ХХК-иас хохирол 405,144,647 төгрөг гаргуулах******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 4,139,704.36 төгрөгөөс 4,069,504.36 төгрөгийг,******* ХХК-иас төлсөн 4,337,265 төгрөгөөс 4,337,261 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,204 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг ******* ХХК-д, 4 төгрөгийг******* ХХК-д тус тус буцаан олгож,******* ХХК-иас 1,512,396.5 төгрөгийг гаргуулж 1,247,950 төгрөгийг******* ХХК-д, 264,446.5 төгрөгийг*******д тус тус олгож,******* ХХК-аас 2,066,719 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2143 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК,******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч нарын зарим шаардлага, хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулах, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байх ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон талууд гэрээг цуцалсан үйл баримтуудын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд захиалагч тал гэрээг цуцлах хүртэл бараа материал, ажилчдын цалин, ажлын хөлс зэргийг шилжүүлж байсан ба гэрээг цуцалснаар талууд биелэгдсэн үүрийг шаардах эрхгүй ба учирсан бодит хохирол шаардах эрхтэй болно.

Гэтэл хариуцагч тал ажлын хөлс гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд магадлалд дурдсан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлэх нь буруу юм.

Хариуцагч************** ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ба анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлд дурдсан үйл баримтуудыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэх/ тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар магадлалд тодорхой дүгнэсэн байгааг дурдаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч******* ХХК-ийн шаардаж буй 405,144,647 төгрөг нь******* ХКК-ийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ зөрчсөнтэй шууд холбоотой учирсан хохирол биш байна... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд талуудын хооронд 2017.05.08-ны өдөр №1А/2017 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ үйл баримтын талаар маргаангүй болно.

Дээрх гэрээгээр Нийслэлийн засаг даргын 2008.09.25-ны өдрийн 461 тоот захирамжтай газарт 2016.04.26-ны өдрийн №67/2016 тоот барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөөр үйлчилгээтэй орон сууц, 17.6х13.6 м хэмжээтэй, 53 айл, 9 давхар, зоорьтой, төмөр бетон карказан хийцтэй барилгыг барьж гүйцэтгэх ажлыг хариуцагч******* ХХК нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх нөхцөлөөр тохиролцсон байдаг. Иргэн Ганболд овогтой Оргил гэгч этгээд******* ХХК-аас зээл авч, авсан зээлээрээ Батлан хамгаалах их сургуулийн ажилчдын 53 айлын орон сууцны барилгыг санхүүжүүлж барих зорилготой байсан. Зээлдэгч Г.Оргилын хувьд зээлээ төлөхгүй 2015 онд зээл нь муудаж чанаргүй зээлийн ангилалд орсон байсан тул чанаргүй зээлийн багцын хөрвөх чадварыг сайжруулах үүднээс иргэн Г.Оргил, Д.Ганболд нарын зээлийн өрийг факторингийн үйлчилгээний дагуу барагдуулах шийдвэрийг зээлдүүлэгч******* ХХК-ийн ТУЗ-өөс гаргасан.

Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын их сургуулийн ажилчдын 53 айлын Орон сууцны барилгыг санхүүжүүлэн барьж ашиглалтанд оруулж борлуулалтаас эхний ээлжинд зээлийн өр төлбөртөө суутгаж авах зорилготой зээлийн өрийг факторингийн үйлчилгээний дагуу барагдуулах шийдвэрийг нэхэмжлэгч тал******* ХХК гаргасан. Уг шийдвэрийн дагуу*******аас*******д ...уг 53 айлын барилгыг барихад туслах боломж байгаа эсэх, барилгаа барихад санхүүжилт босгох хэрэгтэй болно, энэ асуудалд туслалцаад барих боломж байгаа эсэх талаар... санал гаргасан.

Хариуцагч*******гийн зүгээс гол асуудал арматур төмөр, тэрийг чи бүтээж чадвал бусад нь гайгүй байдаг гэсэн хариуг өгснөөр******* Улаанбаатар менежмент ХХК-тай гэрээ байгуулан арматур төмөр зээлээр худалдан авахаар болсон ба******* барилга барихыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах болсон. Нэхэмжлэгч******* ХХК-аас Улаанбаатар менежмент ХХК-аас арматур төмөр хүлээн авах эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч*******д олгосон ба энэ үеэс эхлэн******* ХХК нь барилгын гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн тул тодорхой ажил хийж үр дүнг хүлээлгэж өгөх үүргийн харилцаа үүссэн байхад шүүхээс ...зохигчдын хооронд болон бусад этгээдүүдтэй байгуулсан иргэний эрх зүйн өөр гэрээний харилцаа байсан гэж үзэхээр байгаа тул үүнийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн******* ХХК-ийн үүрэгт шууд хамаатуулан үзэх боломжгүй юм... гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болсон.

Ажил гүйцэтгэх гэрээг талууд цуцалсан тул******* ХХК /хувьцаа эзэмшигч байсан*******/ нь захиалагч талд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 болон 227, 228 дугаар зүйлд заасны дагуу захиалагч тал хохирол шаардах эрхтэй байхад тухайн төрлийн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх ба хариуцагч******* ХХК-аас хохиролд тооцон гаргуулахаар шаардсан 405,144,647 төгрөгийн шаардлагын талаар шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Монгол факторинг ББСБ ХХК нийт 865,559,437 төгрөгийг******* ХХК-д төлсөн гэх боловч 76,710,000 төгрөгөөс бусад хэсэг нь баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул шүүх 737,438,817 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрсөн дүн болох 226,490,000 төгрөгийг хасаж, үүнээс хариуцагчийн хасаж тооцсон арматурын үнэ 129,195,000 төгрөгийг мөн хасаж, үлдэх 381,753,817 төгрөгийг гаргуулан******* ХХК-д олгож... гэх дүгнэлт илт үндэслэл муутай буюу баримтанд тулгуурлаагүй хууль бус дүгнэлт болсон байх тул нэхэмжлэгч нарын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь хариуцагч******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...барилга баригдах газрын хөрш залгаа газар дээр байрлах гаражуудын эзэмшигч этгээдүүдтэй хэлцэл хийж газрыг чөлөөлүүлэхээс эхлээд 5 давхар хүртэл барилгын карказ цутгалтын ажил гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд бараа материал, ажиллах хүч, техник, машин, тээвэр гэх мэт зардалд 835,862,159 төгрөг зарцуулсан. Энэ нь ч тухайн барилгыг барихаас өмнө хийлгүүлсэн мэргэшсэн төсөвчний төсөв тооцоотой тохирч байгаа... гэж тайлбарладаг.

Хавтаст хэрэгт******* ХХК-аас нотлох баримтаар Ажил хүлээлцэх акт гэсэн нэг талын баримтыг гаргаж өгсөн бөгөөд 2017.09.12-ны өдрийн байдлаар ...барилгын зураг төслийн дагуу 9 давхар, 53 айлын барилгын 4 давхрын карказ, цутгалтын ажлыг дуустал хийснээр барилгын ажлыг хүлээлцсэн талаар, мөн ажил хүлээлцэх өдрийн байдлаар талбай дээр 55,454,160 төгрөгийн бараа материал үлдсэн... талаар акт үйлдэж улмаар захиалагч талын инженер Ё.Алтанцэцэгээр гарын үсэг зуруулсан баримтыг гаргаж өгсөн байдаг. /Захиалагч тал баталгаажуулаагүй/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020.02.05-ны өдөр гаргасан тайлбарт ...Жужу ХХК нь зөвхөн барилгын гүйцэтгэгч байгаагүй бөгөөд уг барилгын хөрөнгө оруулагч байсан буюу захиалагчтай нийлж барилгаа барьчихаад зардлаа нөхөж ашигтай ажиллана гэсэн тохиролцоотой барилга барих уг төсөлд өөрийн санхүүгийн боломжийг шавхахын зэрэгцээ урьдын харилцаа холбоогоо ашиглан бусдаас зээлээр бараа материал авах байдлаар барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байсан... гэх тайлбар зэргээр талуудын гол тохиролцоо нь 53 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулан улмаар борлуулалтын орлогоос гаргасан зардлаа хасаж, цэвэр ашгийг хуваан авахаар тохиролцсон байсан гэх бодит нөхцөл байдал байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байдаг.

4.3. Талууд 53 айлын орон сууцны барилгыг барих төслийг хамтран хэрэгжүүлэхдээ захиалагч тал ...Жужу ХХК-иин зээлийн үлдэгдэл төлбөр 206,000,000 төгрөгийг Хаан банкинд төлж барьцааг чөлөөлөх, чөлөөлсөн барьцаа хөрөнгийг Төрийн банкинд барьцаалан 1,000,000,000 төгрөгийн зээлийг авахаар, гүйцэтгэгч тал Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Нарны зам 41/1 хаягт байрлах Ү-2203010580, ГД000172201 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкнаас авсан зээлийн төлж барьцаанаас чөлөөлж Төрийн банкны барьцаанд тавих эрхийг ******* ХХК-д олгоно... гэж тохиролцож, авсан зээлээр барилгын ажлыг үргэлжлүүлэх байсан болох нь баримтаар нотлогддог.

Мөн хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд: ...захиалагч буюу******* ХХК нь барилгын ажилд зарцуулах мөнгөгүй байсан тул захирал******* нь өөрийн холбоо харилцааг ашиглан 2017.04.21-ний өдөр Улаанбаатар менежмент ХХК-тай Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж арматур зээлээр авч авсан арматурынхаа нэг хэсгийг барилгад ашиглах, нөгөө хэсгийг Эн Си Ди Групп ХХК-д худалдаж мөнгө босгохоор болсны дагуу******* ХХК нь Улаанбаатар менежмент ХХК-аас авсан арматурын 225 тонныг барилгад зарцуулсан... гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч талаас арматурын тооцооны талаарх дэлгэрэнгүй жагсаалт, зарцуулалтын баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд 53 айлын орон сууцанд ашиглагдах арматурын тоо хэмжээг ажлын зургаар нь авч үзвэл ...хавтан суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэл нийт 285.11 тонн арматур төмөр буюу 423,376,585 төгрөг... болохоор байсан.******* ХХК нь 53 айлын орон сууцны барилгын 4 давхар хүртэл итгэмжлэлийн дагуу Улаанбаатар менежмент ХХК-аас 2017.04.24-ний өдрөөс 2017.06.09-ний хооронд 353.37 тонн буюу 505,019,960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан байдаг. Үүнээс 2017.04.24-ний өдөр 159 тонн буюу 246,577,100 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг Эн Си Ди Групп ХХК-д өгсөн. Дараа нь нэмэлтээр дахин 50.91 тонн буюу 75,6000,000 төгрөгийн төмөр нэмж авсан байдаг.

Өөрөөр хэлбэл, нийт 404.28 тонн буюу 580,619,960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан боловч уг хүлээн авсан төмрөөс 239.28 тонн арматур төмрийг барилгад огт зарцуулаагүй бусдад худалдан борлуулж гэрээний үүргээ зөрчдөг байсан ба үүнийгээ хариуцагч******* өөрөө хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч******* ХХК нь 53 айлын барилгын 1-4 давхар хүртэл нийт 165.00 тонн буюу 245,025,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг барилгад зарцуулсан үйл баримтын талаар талууд мөн маргахгүй байгаа. Энэ нь суурийн давхраас 4 давхар хүртэл ашиглагдах арматурын тоо хэмжээ нь батлагдсан зургаар 157.15 тонн төмөр орно гэсэнтэй нийцэж байгаа болно.

4.4. Ажил гүйцэтгэгч******* ХХК нь барилгын ажлыг хийхгүй орхисноос хойш /2017.09.12/ нэхэмжлэгч******* ХХК нь 2017.09.18-ны өдрөөс эхлэн 53 айлын орон сууцны барилгын 5-9 дүгээр давхарт хэрэглэгдэх арматур төмрийг Улаанбаатар менежмент ХХК, Үүртээл ХХК, Эрчим Капитал ХХК-иудаас дахин худалдан авсан бөгөөд нийт 190,013,290 төгрөгийн арматур төмөр худалдан авч барилгадаа зарцуулсан байх ба энэ талаарх нотлох баримтууд /хх-94-100, 101-115 тал/ авагдсан. Энэ нөхцөл байдлаар******* ХХК-ийн Улаанбаатар менежмент ХХК-аас авсан арматур төмрийн 225 тонныг барилгад зарцуулсан гэх тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдэж байгаа тул шүүхээс хангагдсан дүнгээс арматур төмрийн үнэ хасагдах ёстой байтал хасахгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх ба харин давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн /1-р хх-89-р талд/ тооцоолол, түүнд хавсаргасан баримтуудаар******* ХХК-ийн нэмэлтээр дахин авсан 50.91 тонн арматур төмрийн үнэ болох 75,600,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр******* ХХК-д шилжүүлж төлсөн баримт авагдсан. Захиалагч******* ХХК-ийн хувьд гүйцэтгэгч талд дансаар /шилжүүлсэн зардлууд/ нийт 418,298,827 төгрөгийг арматур, хэв хашмал, зуурмаг, караны мөнгө, хоолны мөнгө, цахилгааны түр холболт, бурсны төлбөр, Тоонот асар ХХК-ийн ажлын хөлс, Адилбиш ажлын хөлс, Баянмөнхөд ажлын хөлс зэрэг гүйлгээний утгаар шилжүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч талд ажлын зардлуудыг захиалагч тал бүрэн төлж байсан ба энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

Хэргийн үйл баримтаар******* ХХК-д 110.56 тонн арматурын үнэд 231,241,650 төгрөгийг, 838 м.куб зуурмагийн үнэнд 118,850,000 төгрөгийг, хэв хашмалын үнэд 42,400,000 төгрөгийг, ажлын хөлсөнд 54,768,960 төгрөгийг, нийт 447,260,610 төгрөгийг захиалагч талаас ажил гүйцэтгэгч******* ХХК-д төлсөн болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүртэл захиалагч тал гүйцэтгэгч талд дээр дурдсан хоёр тооцооллын нийлбэр нь /418,298,827+447,260,610=865,559,437/ төгрөгийг******* ХХК-д төлсөн тооцоо гарч байгааг шүүх анхаарч үзээгүй ба гэрээг цуцлахад энэ мөнгийг******* ХХК хүлээн авсан байсан тул ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Учир нь хариуцагч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 50 гаруй сая төгрөгийн өр төлбөр байсан түүнийг нэхэмжлэгч*******аас авч үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас суллуулсан гэж өөрийн биеэр шүүхэд амаар тайлбар гаргасан ба энэ нь*******ын 51,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг хангалттай тодорхой нотолж байхад давж заалдах шатны шүүх илэрхий баримт дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулах нотлох баримт цуглуулах ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж үзэж хэргийн анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Анхан шатны шүүхэд хариуцагч******* ХХК нэхэмжлэгч*******ын 51,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 21,161,048 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн ба дээрх хариуцагч*******гийн тайлбараар*******ын нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ нотлогдож байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй дээрх магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгч*******ын 51,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн******* ХХК-д холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

6.1. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл бүрдээгүй байсан тухайд.

Давж заалдах шатны шүүх ИХШХШтХ-ийн 167.1.5-д Энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, 168.1.1-д Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан болно.

Улмаар магадлалд дурдсан буюу давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хэт нэг талыг баримталсан буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлох, өөрөө нотлох, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх, шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх боломжгүй зэрэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимтай нийцээгүй гэж үзэж байна.

Тухайлбал, магадлалын хянавал хэсэгт: Талуудын маргааны зүйл болж буй ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйл болон бараа материалын үнэ, нөгөө талын гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон хөлс зэрэг харилцан тооцогдох ёстой өр төлбөр байгаа эсэх нь тодорхой бус байна. Эдгээр нөхцөл байдал тодорхой бус хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно гэжээ.

Анхан шатны шүүх зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчдийг хангалттай мэтгэлцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийн талаар бүрэн дүүрэн ойлголттой болсны үндсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Жужу ХХК болон******* ХХК-иудын хооронд 2017.05.08-ны өдөр №1А/2017 дугаар Иргэний хуулийн 343.1-д заасан Барилга угсралтын ажпыг гүйцэтгэх стандарт гэрээ бичгээр байгуулагдсан. Уг гэрээний дагуу******* ХХК нь зоорийн давхрыг оролцуулан 5 давхар барилгын карказ цутгалтын ажил гүйцэтгэж,******* ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Захиалагч******* ХХК нь ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсантай маргадаггүй. Нэгэнт тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн тул ажлын хөлсөө нэхэмжлэх эрх гүйцэтгэгч******* ХХК-д байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд гаргасан зардлаа сөрөг нэхэмжлэл болгон нэхэмжилсэн.******* ХХК нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаа нотлох баримтаар гаргаж өгөхийн зэрэгцээ, 5 давхар карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах мэргэшсэн төсөвчний төсөв тооцоо, хийж гүйцэтгэсэн ажлын өртөг зардлын тооцоо буюу хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулах замаар өөрийн дотоод итгэлээр үнэлсэн гэж үзэж байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Монголфакторинг ББСБ нь******* ХХК-аас барилгын ажилд зарцуулсан зардлуудтай маргадаггүй,******* ХХК-аас гаргаж өгсөн зардлын баримтууд, бараа, ажил үйлчилгээ бусдаас авах тухай гэрээ, хөрөнгийн үнэлгээний тайлан, барилгын ажлын төсвийг үгүйсгэдэггүй.******* ХХК-ийн хувьд******* ХХК-аас гаргасан зардал, шилжүүлсэн мөнгө, бараа материалыг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийнхээ үнийн дүнгээс хасч тооцсон.

Түүнчлэн, Иргэний хэргийн шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх эрхгүй, урьдчилсан хэлэлцүүлэг хийх, хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй бол хуралдааныг хойшлуулах зохицуулалт байхгүй байтал хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Магадлалын хянавал хэсэгт: Улаанбаатар менежмент ХХК-аас******* ХХК-д хүлээлгэн өгсөн арматурын зарлагын падаан гэх баримтууд хэрэгт авагдсан ч хуулбар баримтуудын үнийн дүн гаргацтай сайн харагдахгүй, уншигдахгүй байгаагаас хэдэн төгрөгийг хариуцагч хүлээн авсан болохыг энэхүү баримтуудаар нарийвчлан тооцох боломжгүй ба шүүхээс уг баримтыг үнэлэх, нөхөн бүрдүүлэх боломжгүй болно гэснийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь, Нэгдүгээрт дээрх нотлох баримтуудыг үндэслэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн арматурын хохирол 405,144,647 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй. Дээрх нотлох баримтууд шүүхийн шийдвэрт хэрхэн ноцтойгоор нөлөөлөх нь магадлалаас тодорхойгүй.******* ХХК биш тус компанийн захирал байсан******* нь******* ХХК-аас олгосон итгэмжлэлийн дагуу Улаанбаатар менежмент ХХК-аас арматур хүлээн авсан эсэх талаар маргадаггүй. Нэхэмжлэгч******* ХХК нь 1-р хавтаст хэргийн 120-122-р талд байх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 01642 дугаар Улаанбаатар менежмент ХХК-ийн нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох иргэний хэргийн шийдвэрт үндэслэн 405,144,647 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд уг шийдвэрээс үзэхэд******* ХХК нь Улаанбаатар менежмент ХХК-аас 2017.04.21-ний өдрийн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 304.38 тн буюу 447,554,530 төгрөгийн арматур, 2017.06.09-ний өдрийн нэмэлт гэрээгээр 20.6 тн буюу 37,531,230 төгрөгийн арматур нэмж авч /х.х-ийн 173-р талд/ нийт 325 тн буюу 485,085,760 төгрөгийн арматур авсан болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх арматурын зарлагын падаан гаргац муутай гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Магадлалын хянавал хэсэгт: Мөн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой тухайн барилгад зарцуулагдсан болон хариуцагч компанийн хүлээн авсан гэх арматур төмрийн тооцоо тодорхой бус байхад харилцан тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй болно гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Харин анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан баримтуудад тулгуурлан******* ХХК-ийн арматурын хохиролд нэхэмжилсэн 405 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

Учир нь,******* ХХК нь 1-р хавтаст хэргийн 120-122-р талд байх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 01642 дугаар шийдвэрээр арматурын үнэ 264,700,233 төгрөг, алданги 140,444,414 төгрөг, нийт 405,144,647 төгрөгийг Улаанбаатар менежмент ХХК-д төлөх ёстой болсон тул уг хохирлыг******* ХХК төлөх ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх арматурын үнэ 264,700,233 төгрөг нь 178 тн арматурын үнэтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. (264,700,233:1,485,000)=178 тн /УБМ ХХК-аас нийлүүлсэн үнээр 1тн 1,485,000 төгрөг/

Гэтэл******* ХХК нь 2017 оны 3-р сард буюу******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаасаа өмнө Улаанбаатар менежмент ХХК-аас зээлээр арматур авч*******гийн Англи байшин ХХК-ийн нэрээр зээлээр авсан арматураа Эн Си Ди групп ХХК-д худалдаж мөнгө олох зорилготой байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог. Тухайлбал, 1-р хх-ийн 233-р талд баримтаар авагдсан******* ХХК-аас Эн Си Ди групп ХХК-д 735,900,000 төгрөгийн арматурыг Англи байшин ХХК нийлүүлнэ гэдэг Гүйцэтгэлийн баталгааг 2017.03.27-ны өдрийн 20 дугаар албан бичгээр гаргаж байснаар нотлогдоно.

Улмаар Улаанбаатар менежмент ХХК-аас******* ХХК нь нийт 325 тн арматур авч Англи байшин ХХК-иар дамжуулан 238 тонныг нь Эн Си Ди групп ХХК-д худалдсан хэрнээ******* ХХК-аас 178 тн арматурын үнэ 264,700,233 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Магадлалд******* ХХК нь Улаанбаатар менежмент ХХК-аас хэдий хэмжээний арматур хүлээн авсан нь тодорхойгүй гэжээ. Гэтэл 1-р хх-120-122-р талд байх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 01642 дугаар шийдвэр болон хавтаст хэрэгт авагдсан 2017.04.21-ний өдрийн Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Улаанбаатар менежмент ХХК нь 304.38 тн буюу 447,554,530 төгрөгийн арматур, 2017.06.09-ний өдрийн нэмэлт гэрээгээр 20.6 тн буюу 37,531,230 төгрөгийн арматур нэмж авч /хх-ийн 173-р талд/ нийт 325 тн буюу 485,085,760 төгрөгийн арматур авсны 264,700,233 төгрөг нь төлөгдөөгүй гэж нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлсэн компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр хэдий хэмжээний арматур авсныг тодорхойлох бүрэн боломжтой.

Англи байшин ХХК нь Эн Си Ди групп ХХК-д 246,577,100 төгрөгийн үнийн дүн бүхий 159,082 тн арматурыг нийлүүлсэн /1-р хх-66-р тал/-ээс хойш 78.56 тн буюу 121,768,000 төгрөгийн арматурыг нэмж нийлүүлсэн буюу нийт 368,345,100 төгрөгийн арматур нийлүүлсэн болох нь 1-р хх-ийн 234-р талд байх Эн Си Ди групп ХХК-ийн албан бичгээр нотлогдож байна. (368,345,100-246,577,100=121,768,000 төгрөг+1,550,000төгрөг 1 тн арматурын үнэ)=78.56 тн болж байна.

Өөрөөр хэлбэл, Англи байшин ХХК нь Улаанбаатар менежмент ХХК-аас хүлээн авсан арматураас 159.082тн+78.56тн=238тн буюу 368,345,100 төгрөгийн арматурыг Эн Си Ди групп ХХК-д******* ХХК-ийн зөвшөөрлөөр нийлүүлж, Англи байшин ХХК нь Эн Си Ди групп ХХК-аас авсан 184,172,550 төгрөгийн 146,624,200 төгрөгийг нь******* ХХК болон Улаанбаатар менежмент ХХК зэрэг байгууллагууд руу буцаан шилжүүлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. /1-р хх-241, 243, 245-250-р тал Англи байшин ХХК-ийн Капитал банкны дансны хуулга зэрэг/

Улаанбаатар менежмент ХХК-аас авсан 325 тн арматурын 238 тн-ыг нь Англи байшин болон******* ХХК-иуд Эн Си Ди групп ХХК-д дээр дурдсаны дагуу өгсөн тул цаана нь үлдсэн 87 тн арматурыг******* ХХК нь Монгол факторинг ХХК-ийн барилгад зарцуулсан. (325тн-238тн=87тн) 87 тн арматур нь нийлүүлэгч Улаанбаатар менежмент ХХК-ийн үнэ 1,485,000 төгрөгөөр тооцоход 87тн*1,485,000 =129,195,000 төгрөг болж байна. 87 тн буюу 129,195,000 төгрөг нь нэхэмжлэгчийн барилгад орсон тул барилгын захиалагч******* ХХК нь буцаан шаардах эрхгүй юм. Харин******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн дүндээ барилгад хэрэглэсэн арматурын нийт үнийг оруулан нэхэмжилсэн байсан тул дээрх 87 тн арматурын үнэ 129,195,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн дүн 817 сая төгрөгөөс хасаж тооцсон болно.

Анхан шатны шүүх дээрх баримтуудад тулгуурлан барилгад ашиглах ёстой байсан арматурыг барилгад ашиглаагүй буюу хохирол гэж нэхэмжилсэн 405 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүсэлтэд заасан нотлох баримтыг бүрэн ирүүлсэн эсэх нь тодорхойгүй гэжээ. Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхой хугацаа зааж уг хугацаанд хамаарах******* ХХК-ийн төлбөр төлөгчөөр оролцсонтой холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн баримтуудтай холбоотой гомдол, хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд огт гаргаагүй бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулахгүй хийхийг удаа дараа шүүхээс шаардаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдоно. Мөн нотлох баримтууд дутуу ирсэн гэх хангалттай үндэслэлгүй байхад зөвхөн таамаг дэвшүүлж, баримтууд бүрэн ирсэн нь тодорхойгүй гэх дүгнэлт хийсэн нь магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйг илэрхийлнэ.

Мөн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо баримталсан хуулийн зүйл, заалт нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх ИХШХШтХ-ийн 168.1.7 дахь заалтыг баримтлаагүй байгааг хяналтын шатны шүүх анхаарна уу.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6.2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрөх тухай.

******* ХХК,******* ХХК-иуд нь хариуцагч******* ХХК-ийн өмнөөс 218,000,000 төгрөгийн зээлийг Хаан банкинд төлж барагдуулсан гэж 218,000,000 төгрөг, түүний хүү 44,017,981 төгрөг, нийт 262,017.981 төгрөгийг******* ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 496.1 дэх хэсгийг үндэслэн 218,000,000 төгрөгийг******* ХХК-аас гаргуулж******* ХХК-д олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхээс******* ХХК нь бусдаар өр төлбөрөө төлүүлж, үүргээс чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ******* ХХК нь өр төлбөрөөс чөлөөлөгдсөн боловч ашиг олоогүй бөгөөд******* ХХК нь дээрх 218,000,000 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөний хариуд нэхэмжлэгч нарын Төрийн банкинд төлөх ёстой 1,000,000,000 төгрөгийн өрийг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцахаар болсон буюу нэхэмжлэгчийн шаардаж буй 218,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй байгааг, нөгөө талаас ******* ХХК үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй байгааг харгалзан үзээгүй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа дараах үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай талаас нь анхан шатны шүүх үнэлээгүй. Тухайлбал,*******, түүний дүү Б.Баярмаа нар нь******* ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2203010580 дугаарт бүртгэгдсэн Сарора зочид буудлын барилгыг Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлж, Төрийн банкнаас 1,000,000,000 төгрөгийн зээл авахын тулд 1 дэх хх-18-р талд байх хэлцлийг******* ХХК-тай байгуулж, улмаар******* ХХК-ийн Хаан банкнаас авсан байсан зээлийн үлдэгдэл 218,000,000 төгрөгийг 2017.07.28-ны өдөр******* ХХК-ийн зээлийг Монгол факгоринг ББСБ ХХК төлөв гэх утгатайгаар******* Хаан банкинд тушаасан байдаг. /хх-ийн 32-р тал/ Улмаар 2017.07.27-ны өдөр ******* ХХК нь******* ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкинд барьцаалан тус банкнаас 1 тэрбум төгрөгийн зээл авсан болно.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 1,095,147,756 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Дээрх үйл баримт, нөхцөл байдалд хууль зүйн хувьд дүгнэлт өгвөл: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 491.1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд бусдын өрийг төлж байгаа этгээд нь өр төлөх үүргээс чөлөөлөгдөж байгаа этгээдтэй харилцан тохиролцохгүйгээр түүний өрийг өөрөө мэдэж эсхүл андуурч төлсөн байх тохиолдлыг зохицуулж байна. Үйл баримтын хувьд нэхэмжлэгч нараас******* ХХК-ийн өрийг төлсөн явдал нь санамсаргүй хэрэг байгаагүй бөгөөд харин ч тодорхой болзол бүхий хэлцэл байсан нь хавтаст хэргийн 18-р талд байгаа хэлцлээр нотлогдоно. Анх 326,166,225 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр 262,017,981 төгрөг болгон багасгасан болно. /Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-11-р талд/

Иймд уг хэлцлээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй байгаа тохиолдолд 218,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл,******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкны барьцаанаас чөлөөлж өгөх эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 1 тэрбум төгрөгийг төлөх үүргийг ******* ХХК уг хэлцлээр хүлээсэн. Эндээс талуудын хооронд харилцан тооцогдох буюу хариу шаардлага байгаа гэж дүгнэж болохоор байна. Иргэний хуулийн 496.3.1-т шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй бөгөөд түүнийгээ суутган авсан бол зардал гаргасан буюу бусдын өрийг төлсөн этгээд шаардлага гаргаж болохгүй талаар заажээ.

Иймд дээр дурдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөөр ******* ХХК-ийн Төрийн банкны 1,000,000,000 төгрөгийн зээлийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн байгаа тул уг хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч нэхэмжлэгч 218,000,000 төгрөгөө буцаан шаардах эсхүл******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнэд 218,000,000 төгрөгийг суутгах эсэх нь шийдэгдэхээр байх тул нэхэмжлэгч нарт буцаан шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

6.3.******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 80,132,597 төгрөгийг хэрэгсэхгүй болгосны зарим хэсгийг буюу 55,454,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байгаа талаар.

Жужу ХХК нь 817,571,414 төгрөгийн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг шаардлагаас сөрөг нэхэмжлэлийн хариуцагч******* ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүд******* нараас******* ХХК руу болон барилгын туслан гүйцэтгэгч, бараа, материал нийлүүлэгч гэх мэт этгээд рүү шилжүүлсэн мөнгө 226,490,000 төгрөг, нийлүүлсэн арматурын үнэ 129,195,000 төгрөг, нийт 355,685,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнг хасч тооцож, үлдэх 461,886,414 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Анхан шатны шүүхээс 1-р хх-207-233-р талд байгаа барилгын мэргэшсэн төсөвчин Б.Норовсүрэнгийн боловсруулсан зоорийн давхар бүхий 4 давхар барилгын карказ цутгалтын ажлын төсөвт өртгийг баримтлан******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ буюу барилгын ажлын зардлыг 737,438,817 төгрөгөөр тооцсон.

Иргэний хуулийн 344.2, 345.1 дүгээр зүйлийг үндэслэн манай******* ХХК-ийн хувьд барилгын мэргэшсэн төсөвчний тусгай мэдлэгийн хүрээнд барилгын объем, барилгын материалын зах зээлийн үнэлгээ зэрэгт тулгуурлан гаргасан барилгын ажлын төсвийг шүүх үнэлсэнтэй маргахгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч******* ХХК нь барилгын талбайгаас хөөгдөж гарахдаа барилгын талбайд 55,454,160 төгрөгийн бараа материал үлдээсэн болох нь 2-р хх-15,16-р талд байх 2017.09.12-ны өдрийн Ажил хүлээлцсэн актаар нотлогдож байгаа. Иймд уг бараа материалын үнэд нэхэмжилсэн 55,454,160 төгрөгийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэх ёстой байсан.

Учир нь, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон төсөв нь******* ХХК-ийн бодитоор хийж, Захиалагч компанид биетээр хүлээлгэн өгсөн суурийн давхар бүхий 4 давхар /нийт 5 давхар/ барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах мөнгөний тооцоо тул Захиалагчид барилгын ажлын уг үр дүнгээс гадна биетээр хүлээлгэн өгсөн барилгын материалын үнийг гүйцэтгэгчээс гаргасан зардалд нэмж тооцон******* ХХК-д олгох үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр барилгын талбай дээр бараа материал үлдсэн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдал, бусад нотлох баримт, дээрх барилгын талбай дээр үлдээсэн бараа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад багтсан зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 218,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 55,454,160 төгрөгийг нэмж хангах буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 437,207,977 төгрөгийг хангаж шийдвэрлэх тухай өөрчлөлтийг тус тус анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

7. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Нэхэмжлэгч ******* ХХК,******* ХХК-ууд нь хариуцагч******* ХХК-аас 262,017,981 төгрөгийг гаргуулах,******* ХХК нь******* ХХК-аас 405,144,647 төгрөгийг гаргуулах,******* нь******* ХХК болон******* нараас 51,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч******* ХХК нь******* ХХК-аас 461,886,414 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

9. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

 

10. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ ... зохигчийн маргаж буй үйл баримт, маргааны зүйл болсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйл болон бараа материалын үнэ, нөгөө талын гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон хөлс зэрэг харилцан тооцогдох ёстой өр төлбөр байгаа эсэх нь тодорхой бус, ...үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн... байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй... гэж дүгнэжээ.

 

10.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Улаанбаатар менежмент ХХК-аас худалдан авсан арматур төмрийн үнэ болон алдангид 405,144,647 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ...хүлээн авсан арматур төмрийг бусдад худалдаж, мөнгийг барилгын санхүүжилтэд хэрэглэж, мөн нэхэмжлэгчийн барилгад ашигласан гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 405,144,647 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрээр Улаанбаатар менежмент ХХК-д төлөхөөр тогтоогдсон төлбөр гэж тайлбарлах боловч дээрх төлбөрийг******* ХХК хариуцах үндэслэлийг нотлох үүрэгтэй.

 

Түүнчлэн нотлох баримт болох зарлагын падаан дээрх үнийн дүн гаргацтай сайн харагдахгүй, уншигдахгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна зохигч дээрх баримтын талаар нэг бүрчлэн мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэж үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

 

Улмаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор холбогдох нотлох баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хангасан боловч шүүгчийн захирамж бүрэн биелэгдсэн эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусдын 51 сая төгрөгийн өрийг төлсөн талаарх нотлох баримт гаргуулахыг хүссэн атал 21 сая төгрөгт холбогдох баримт цугларсан байх бөгөөд хариуцагч нь 50 гаруй сая төгрөгийн өр төлбөр байсан гэж тайлбарлаж байхад үлдэх төлбөртэй холбоотой баримт бүрэн гүйцэд ирсэн эсэх, дээрх төлбөр дан ганц шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөгдсөн төлбөр эсэх талаар тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

11. Талууд арматур төмөр худалдаж авсан, бусдад худалдаж хамтран ажилласан болон гүйцэтгэсэн барилгын ажлын талаар харилцан тооцоо нийлээгүй, зохигчийн тайлбар, тооцоо зөрүүтэй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахих шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2143 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч ******* ХХК,******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас 2020.12.01-ний өдөр төлсөн 2,066,719 төгрөгийг, нэхэмжлэгч*******аас 2020.11.30-ны өдөр төлсөн 306,543 төгрөгийг, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгээс 2020.11.23-ны өдөр төлсөн 1,525,230 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД