Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/02115

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,     

 

Нэхэмжлэгч: “А” ХХК

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Нэхэмжлэгч: С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “В” ХХК,

Хариуцагч: Д нарт холбогдох

 

-“В” ХХК-аас 262,017,981 төгрөгийг гаргуулах тухай “А” ХХК, “Б” ХХК нарын,

-“В” ХХК-аас 405,144,647 төгрөгийг гаргуулах тухай “Б” ХХК-ийн,

-“В” ХХК болон Ц.Д нараас 51,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай Б.Сын зэрэг үндсэн нэхэмжлэлтэй,

-“Б” ХХК-аас 461,886,414 төгрөг гаргуулах “В” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Сын итгэмжлэгдсэн Б.Тогоодулам, хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч Н.Батбаатар, нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Д.Ганболд нь өөрийн эзэмшлийн 980 м.кв талбай бүхий газарт буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Батлан хамгаалахын Их сургуулийн ажилчдын 53 айлын “Гэгээ-16 хотхон” орон сууцны барилга угсралтын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байсан ба тухайн үед түүний хүү болох Д.Энх-Оргил болон “Б” ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байсан.

Д.Энх-Оргил нь “Б” ХХК-аас “Эсэн арал”' ХХК-ийн нэр дээр 2012-оос эхлэн эргэлтийн хөрөнгийн зээлийг 2 удаа, өөрийн нэр дээр 1 удаа зээл авч зээлийн эргэн төлөлтийн зөрчилд орж байсан, бидний зүгээс түүнтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр өөрийнхөө аав болох Д.Ганболдын тус барилгад зээлийн санхүүжилтийг зарцуулсан гэдгийг мэдэж бидний хооронд зээлийн маргаантай асуудал үүссэн. Нэг ёсондоо чанаргүй активыг хөдөлгөсөн, өрийн менежмент хийсэн.

Д.Ганболдын хүү болох Д.Энх-Оргил нь тухайн үед “Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сд орон сууцны барилгын ажлыг хамтран барьж дуусган улсын комиссод хүлээлгэн өгөх, муу зээлийн харилцааг дуусгавар болгох талаар санал тавьж уг саналыг талууд харилцан хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч тал “Гэгээ-16 хотхон”-ны барилгын ажлын эхлүүлэх болсон.

Барилгын ажлыг эхлүүлэхэд бидэнд санхүүжилт шаардлагатай байсан тул өмнө нь таньдаг байсан хариуцагч “В” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ц.Дд “...барилгаа барихад санхүүжилт хэрэгтэй байна ажилд туслаад хамтран барилга барих боломж байгаа эсэх...” талаар тодруулахад Ц.Дгийн зүгээс “...болно, гол асуудал төмөр байдаг, тэрийг чи бүтээж чадвал бусад нь гайгүй байдаг...” гэсэн хариу өгснөөр бид хамтран ажиллах нөхцөл бүрдсэн. Ингэснээр хариуцагч “В” ХХК нь Батлан хамгаалахын их сургуулийн ажилчдын 53 айлын орон сууцны гүйцэтгэгчээр ажиллах болсон.

Улмаар дээрх тохиролцооны дагуу “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сын зүгээс “Улаанбаатар менежмент" ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 16/2017 дугаартай “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 304.38 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг итгэмжлэлээр “В” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.Дд олгосон байдаг.

Бид харилцан тохиролцсоны дагуу барилгын ажлыг эхлүүлсний даран Ц.Дгийн зүгээс “...Хаан банктай зээлийн харилцаа үүсгэсэн байсан бөгөөд нийт 218,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдэгдэж энэ зээлээ төлүүлэн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, 6 иргэнтэй шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийн асуудал үүсгэсэн байгаа, дүн нь нийт 51,000,000 төгрөг байгаа үүнийг төлүүлэх...” талаар санал гаргасан. Тухайн үед Ц.Дгийн зээл муудаж шүүхэд хандсан байсан бөгөөд манайд зээлтэй байсан учир түүнтэй уулзсан ба одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 4,854,880 төгрөг байх ба нийт 774 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Бидний зүгээс Ц.Дгийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны тусгай активын газрын 5998001003 тоот дансанд 218,000,000 төгрөгийг "В” ХХК-ийн өмнөөс төлж, тэдний бусдын өмнө хүлээсэн өр төлбөрийг барагдуулан зээлийг бүрэн хаасан.

Үүний дараа “В” ХХК нь манай банк бус санхүүгийн байгууллагатай дээрх авсан зээлийг нь хаасан дүнгээр “Зээлийн гэрээ” байгуулан зээл болон зээлийн хүүг бодох график гарган төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл 218,000,000 төгрөг болон түүнд ногдох 2017 оны 4 сараас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 44,017,981 төгрөг буюу нийт 262,017,981 төгрөгийг төлөхгүй биднийг чирэгдүүлсээр байна.

Дээрх Хаан банктай холбоотой зээлийг төлөх явцад мөн л “В” ХХК дээр 6 иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу маргаан үүсгэсэн байсан бөгөөд Ц.Д нь тухайн үед энэ асуудлыг шийдвэрлээд өг, би 7 хоногийн дотор мөнгийг буцаан төлнө, 51,000,000 орчим төгрөг хэрэгтэй байна гэсэн санал тавьсан.

“В” ХХК болон Ц.Д нар нь барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан гул түүнд итгэн “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Төрийн банкны 3400040112940 тоот данснаас 51,000,000 төгрөгийг бэлнээр авч Ц.Дд хүлээлгэн өгч бусдад төлөх ор төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Уг төлбөрийг төлөхдөө Б.С нь “Гялс төгрөг” ХЗХ-ноос зээл авч төлсөн байдаг.

Батлан хамгаалахын Их сургуулийн ажилчдын 53 айлын орон сууцны барилгыг нэхэмжлэгчийн зүгээс түргэн шуурхай барьж ашиглалтад оруулахын тулд Ц.Дгийн тавьсан саналын дагуу “Б” ХХК-ийн зүгээс “Улаанбаатар менежмент" ХХК-тай “Зээлээр төмөр худалдах, худалдан авах гэрээ”-г 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, мөн оны 6 дугаар сарын 09-ний өдөр НГ03/2017 гэрээг тус тус байгуулан нийт 330.4 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг тухайн үед барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “В” ХХК-ний хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.Дд олгосон байдаг.

Ц.Дгийн итгэмжлэлийн дагуу “В” ХХК нь “Улаанбаатар менежмент” ХХК-аас нийт 6 удаагийн падаанаар нийт 505,019,960 төгрөгийн барилгын арматур төмөр хүлээн авсан байх боловч уг төмрийг манай компанийн барьж байсан барилгад огт оруулалгүйгээр шууд “Эн Си Ди групп” ХХК-д худалдан борлуулан ашиг олж байсан бөгөөд одоогоор манай компанид “В” ХХК-ийн төлөх төмрийн үлдэгдэл төлбөр нь алдангийн хамт 405,144,647 төгрөг болсон байна. Уг төмрийн тооцоог “Улаанбаатар менежмент” ХХК-ийн зүгээс “Б” ХХК-аас нэхэмжилсэн иргэний хэрэг маргаан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн болно.

Иймд нэхэмжлэгч Б.Сийн зүгээс хариуцагч Ц.Д, “В” ХХК нараас 51,000,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК-ууд нь хариуцагч “В” ХХК-аас үндсэн зээлийн дүнд ногдох 218,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 262,017,981 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “В” ХХК-аас бараа материал буюу арматур төмрийн үнэ 405,144,647 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1А/2017 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ'' байгуулагдсан эсэх үйл баримтын талаар хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс маргахгүй болно.

Уг гэрээгээр Нийслэлийн засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 461 тоот захирамжтай газарт 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 67/2016 барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөөр үйлчилгээтэй орон сууц, 17.6х13.6 м хэмжээтэй, 53 айл, 9 давхар, зоорьтой, төмөр бетон каркасан хийцтэй барилгыг барьж гүйцэтгэх ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “В” ХХК нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь үнэн болно.

“В” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...барилга баригдах газрын хөрш залгаа газар дээр байрлах гаражуудын эзэмшигч этгээдүүдтэй хэлцэл хийж газрыг чөлөөлүүлэхээс эхлээд 5 давхар хүртэл барилгын каркас цутгалтын ажил гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд бараа материал, ажиллах хүч, техник, машин, тээвэр гэх мэт зардалд 817,571,414 төгрөг зарцуулсан. Энэ нь ч тухайн барилгыг барихаас өмнө хийлгүүлсэн мэргэшсэн төсөвчний төсөв тооцоо тохирч байгаа... ” гэж тайлбарлаж байгаа.

Хавтаст хэрэгт “В” ХХК-аас нотлох баримтаар гаргаж өгсөн “Ажил хүлээлцэх акт” гэсэн нэг талын баримтыг гаргаж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар “...барилгын зураг төслийн дагуу 9 давхар барилгын 4 давхрын каркас, цутгалтын ажлыг дуустал хийснээр барилгын ажлыг хүлээлцсэн талаар, мөн ажил хүлээлцэх өдрийн байдлаар талбай дээр 55,454,160 төгрөгийн бараа материал үлдсэн...” талаар акт үйлдэж захиалагч талын инженер Ё.Алтанцэцэгээр гарын үсэг зуруулсан баримтыг гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ баримтаар гүйцэтгэгч “‘В” ХХК нь 4 давхар хүртэл каркасын ажил хийсэн гэх үйл баримт мөн үлдсэн бараа материалыг хүлээлгэж өгсөн үйл баримтаар сөрөг нэхэмжлэлийн дээр дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна.

Талууд төслийг хэрэгжүүлэхдээ захиалагч тал “В” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 206,000,000 төгрөгийг Хаан банканд төлж барьцааг чөлөөлөх, чөлөөлсөн барьцаа хөрөнгийг Төрийн банканд барьцаалан 1,000,000,000 төгрөгийн зээлийг авахаар, гүйцэтгэгч тал Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 41/1 хаягт байрлах Ү-2203010580, ГД000172201 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкнаас авсан зээлийг төлж барьцаанаас чөлөөлж, Төрийн банкны барьцаанд тавих эрхийг “А” ХХК-нд олгоно... ” гэж тохиролцож, авсан зээлээр барилгын ажлыг үргэлжлүүлэх байсан болох нь баримтаар нотлогддог.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд: “...захиалагч буюу “Б” ХХК нь барилгын ажилд зарцуулах мөнгөгүй байсан тул захирал Б.С нь өөрийн холбоо харилцааг ашиглан 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр “Улаанбаатар менежмент” ХХК-тай бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж арматур зээлээр авч, авсан арматурынхаа нэг хэсгийг барилгад ашиглах, нөгөө хэсгийг “Эн Си Ди Групп” ХХК-д худалдаж мөнгө босгохоор болсны дагуу “В” ХХК нь “Улаанбаатар менежмент” ХХК-аас авсан арматурын 225 тонныг барилгад зарцуулсан....” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нараас арматурын тооцооны талаарх дэлгэрэнгүй жагсаалт, зарцуулалтын баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд 53 айлын орон сууцанд ашиглагдах арматурын тоо хэмжээг ажлын зургаар нь авч үзвэл “...хавтан суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэл нийт 285.11 тонн арматур төмөр буюу 423,376,585 төгрөг... ” болохоор байсан.

“В” ХХК нь 53 айлын орон сууцны барилгын 4 давхар хүртэл итгэмжлэлийн дагуу “Улаанбаатар менежмент” ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний хооронд 353.37 тонн буюу 505,019,960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан байдаг. Үүнээс 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 159 тонн буюу 246,577,100 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг “Эн Си Ди Групп”-д өгсөн. Дараа нь нэмэлтээр дахин 50.91 тонн буюу 75,600,000 төгрөгийн төмөр нэмж авсан. Өөрөөр хэлбэл, нийт 404.28 тонн буюу 580,619,960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан ч боловч үүнээс 239.28 тонн арматур төмрийг барилгад огт зарцуулаагүй бусдад худалдан борлуулсан байсан. Ийнхүү худалдан борлуулснаа хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа, хамгийн сүүлийн хуралдаан дээр хариуцагч “...Ц.Д “Эн Си Ди групп” ХХК-д бид харилцан тохиролцоод төмөр зарсан нь үнэн, зарсан төмрийн үнийг барилгад оруулсан...” гэж өөрөө тодорхой тайлбарласан учраас үүн дээр маргахгүй байх гэж ойлгож байна.

Нөгөө талаар “В” ХХК нь 1-4 давхар хүртэл нийт 165 тонн буюу 245,025,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг барилгад зарцуулсан үйл баримтын талаар талууд мөн маргахгүй байгаа. Суурийн давхраас 4 давхар хүртэл ашиглагдах арматурын тоо хэмжээ нь батлагдсан зургаар 157.15 тонн төмөр орно гэсэнтэй нийцэж байгаа болно.

Ажил гүйцэтгэгч “В” ХХК нь барилгын ажлыг хийхгүй 2017 оны 9 дүгээр сарын 12-нд орхин явснаас хойш нэхэмжлэгч “Б” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 53 айлын орон сууцны барилгын 5-9 дүгээр давхарт хэрэглэгдэх арматур төмрийг “Улаанбаатар менежмент” ХХК, “Үүртээл” ХХК, “Эрчим Капитал” ХХК-уудаас худалдан авсан бөгөөд нийт 190,013,290  төгрөгийн арматур төмөр дахин худалдан авч барилгадаа ашигласан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дээр дурдсан нөхцөл байдлуудаар “В” ХХК-ийн “Улаанбаатар менежмент” ХХК-аас авсан арматур төмрийн 225 тонныг барилгад зарцуулсан гэх тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан тооцоолол, түүнд хавсаргасан баримтуудаар захиалагч тал “В” ХХК-ийн нэмэлтээр дахин авсан 50.91 тонн арматур төмрийн үнэ болох 75,600,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр “В” ХХК-нд шилжүүлж төлсөн баримт хэрэгт авагдсан.

Захиалагч “Б” ХХК-ний хувьд гүйцэтгэгч талд дансаар /шилжүүлсэн зардлууд/ нийт 418,298,827 төгрөгийг арматур, хэв хашмал, зуурмаг, краны мөнгө, хоолны мөнгө, цахилгааны түр холболт, брусны төлбөр, “Тоонот асар” ХХК-ийн ажлын хөлс, Адилбиш ажлын хөлс, Баянмөнхөд ажлын хөлс зэрэг гүйлгээний утгаар шилжүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч талд ажлын зардлуудыг захиалагч тал бүрэн төлж байсан.

Мөн гүйцэтгэгч “В”ХХК-нд 110.56 тонн арматурын үнэд 231,241,650 төгрөгийг, 838 м.куб зуурмагийн үнэнд 118,850,000 төгрөгийг, хэв хашмалын үнэнд 42,400,000 төгрөгийг, ажлын хөлсөнд 54,768,960 төгрөгийг, нийт 447,260,610 төгрөгийг захиалагч талаас ажил гүйцэтгэгч талд төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд захиалагч тал гүйцэтгэгчид дээр дурдсан хоёр тооцооллын нийлбэр дүнгээр бүгд 865,559,437 төгрөгийг “В” ХХК-нд төлсөн тооцоо гарч байгаа бөгөөд “Б” ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт орсон байгаа тул дүгнэлт гарсны дараа холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гарган өгөх болно. “В” ХХК-ийн хувьд барилга барьж өгөх боломжтой талаар тохиролцож улмаар бусдад төлөх өр төлбөрүүдийг бүгдийг төлүүлсэн боловч ажлын ямар нэгэн үр дүн гаргалгүй ажлыг орхиж явсан нь анхнаасаа хууран мэхлэх зорилготой байсан болохыг харуулж байгаа юм.

Маргаан бүхий асуудал үүсэх болсон бодит нөхцөл байдал:

 

Иргэн Ганболд овогтой Оргил гэх этгээд “Б” ХХК-аас зээл авч, авсан зээлээрээ Батлан хамгаалах их сургуулийн ажилчдын орон сууцны барилгыг санхүүжүүлэх байсан. Улмаар 2015 онд Г.Оргилын зээл муудаж чанаргүй зээлийн ангилалд орсон байсан тул чанаргүй зээлийн багцын хөрвөх чадварыг сайжруулах үүднээс иргэн Г.Оргил, Д.Ганболд нарын зээлийн өрийг факторингийн үйлчилгээний дагуу барагдуулах шийдвэрийг “Б” ХХК-ийн ТУЗ-өөс гаргаж Батлан хамгаалахын их сургуулийн ажилчдын орон сууц барих барилгыг санхүүжүүлж, борлуулалтыг зээлийн өрөнд суутгаж авах зорилготой байсан.

Үүний дагуу Б.Саас Ц.Дд “...уг барилгыг барихад туслах боломж байгаа эсэх, барилгаа барихад санхүүжилт босгох хэрэгтэй болно, энэ асуудалд туслалцаад барих боломж байгаа эсэх...” саналыг тавьсан. Ц.Оногийн зүгээс гол асуудал арматур төмөр, тэрийг чи бүтээж чадвал бусад нь гайгүй байдаг гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу Б.С нь “Улаанбаатар менежмент” ХХК-тай гэрээ байгуулан төмөр зээлээр авах болсон. Үүний дагуу Ц.Д барилга барихыг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр “Б” ХХК-аас төмөр хүлээн авах эрхийг итгэмжлэлээр Ц.Дд олгосноор тэдний хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн.

Энэ үед Ц.Дгийн зүгээс Хаан банканд 109,000,000  төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлийг бүрэн төлж барьцаа хөрөнгийг Хаан банкнаас чөлөөлж, улмаар өөр банканд барьцаалж зээл авч барилга барих санал гаргасан. Тэгэхгүй бол Хаан банкны барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хураагдах болсныг хэлсэн. “В” ХХК-ийн Хаан банкнаас авсан зээлийг судлан үзэхэд нийт 218,000,000  төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан тул Б.Сын зүгээс “В” ХХК-ийн Хаан банкны зээлийг бүрэн төлөх замаар өрийг худалдан авсан.

Хэрэгт авагдсан болон энэхүү тайлбарт дурдагдсан “Хэлцэл”-д тохиролцсон дагуу “В” ХХК нь “Б” ХХК-тай 218,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан Хаан банктай байгуулсан хугацаагаар, мөн банктай байгуулсан зээлийн хүүний дагуу төлнө гэсэн боловч уг зээлийг огт төлөөгүй хохироосон.

Мөн барьцаа хөрөнгийг зээлийн үүрэгт ногдуулах явцад “В” ХХК дээр 6 хүнээс шүүхийн шийдвэрийн асуудал үүссэн байгаа, үүнийг бас төлөх саналыг Ц.Дгийн зүгээс Б.Сд тавьсан. Нэгэнт хамтран барилгын ажлыг эхлүүлэхээр болсон тул түүнд туслах үүднээс Б.С нь “Гялс төгрөг” ХЗХ-оос 51,000,000  төгрөгийг зээлэн авч Ц.Дд өгсөн. Ингэснээр Ц.Д нь бусдын өмнө “В” ХХК-ийн хүлээсэн өр төлбөрийг ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр бүрэн чөлөөлүүлж бусдын өмнө хүлээх ямар нэгэн өр төлбөргүй болсон. Тухайн үед “В” ХХК нь Ц.Д, М.Адилбиш нарын үүсгэн байгуулсан компани байсан бөгөөд сүүлд хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж Б.Цэцгээ гэх этгээд бүртгэлтэй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсон байсан.

Б.Цэцэгээ нь “В” ХХК-ийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул хуулийн этгээдийн хувьд бусдын өмнө хүлээх өр төлбөрийн асуудлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байгаа бөгөөд хохирлоо тухайн үед үүсгэн байгуулагч Ц.Д, М.Адилбиш нараас шаардах эрх нь нээлттэй гэж үзэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч “В” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“В” ХХК болон “А” ХХК-ийн барилгын ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд маргахгүй. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр барилгын шав тавьсан. Санхүүжилт байхгүй тул Б.Саас “Улаанбаатар менежмент” ХХК-аас арматур авч түүнийг худалдан борлуулж, олсон орлогоос барилгын ажлыг гүйцэтгэж болох юм байна гэсний дагуу “Улаанбаатар менежмент” ХХК-аас арматур авч худалдан борлуулсан.

Санхүүжилт ингээд ч хүрэхгүй байсан тул Төрийн банкнаас дахин зээл авахаар болсон. Гэтэл “В” ХХК-ийн барьцаа хөрөнгө нь Хаан банкны 218,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан байсан тул уг зээлийг төлөх шаардлага бий болсон.

Ингээд хэлцэл хийж, “В” ХХК-ийн Хаан банкны зээлийг чөлөөлж, Төрийн банктай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдрөө зээлийн барьцааны гэрээг байгуулж, “В” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалсан. Энэ гэрээний үүрэг зөрчигдсөн тул Төрийн банк “А” ХХК-ийн зээлийн төлбөрийг “В” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан.

Бид хүү тохироогүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Харин 218,000,000 төгрөгийг “В” ХХК-ийн барьцаа хөрөнгийг Төрийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд төлж болно. Уг зээлийг “В” ХХК авч ашиглаагүй.

“В” ХХК нь 3 иргэн, компанид нийт 21,161,048 төгрөгийн өртэй байсныг иргэн Б.Саас авч төлсөн нь үнэн. Иймд Б.Сын шаардлагаас 21,161,048 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө. Гэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3-т зааснаар Төрийн банкны барьцаанаас хөрөнгийг чөлөөлж өгөөгүй тохиолдолд бид татгалзах эрхтэй. Энд хамаарах нэхэмжлэлээс бусад хэсгийг зөвшөөрөхгүй.

“В” ХХК-аас арматурын үнийг хохиролд тооцон шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь “Б” ХХК-тай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1A/2017 дугаар “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ”-ний дагуу 5 давхар барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг захиалагч “Б” ХХК хүлээн авсан атлаа уг барилгад ашигласан арматурыг хохирол гэж нэхэмжилж байгаатай холбоотой юм.

Учир нь, “Б” ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь тус компанийн хүлээн авсан дуусаагүй барилгад буюу барилга угсралтын ажилд орсон байхад “Б” ХХК-аас “арматур төмрийн 405,144,647 төгрөгийн хохирол гаргуулах” хэмээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь “В” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Ийнхүү манай эрх, хууль ёсны ашиг зөрчиж байгаа нь илт байхад нэхэмжилж буй арматурыг чинь танай барилгад оруулсан учраас нэхэмжлэлийг хариуцахгүй гэх тайлбар гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь хангалтгүй байна.

Харин манай компани “Б” ХХК-ийн нийлүүлсэн арматурыг өөр хөдлөх эд хөрөнгөтэй нийлүүлэх холих замаар барилга угсралтын ажлын үр дүн барилга буюу салгаж үл болох барилгын бүрэлдэхүүн хэсэг болгон захиалагч “Б” ХХК-ийн эзэмшилд үлдээсэн. Иймд хууль зүйн хувьд “В” ХХК нь барилга угсралтын ажлын хөлсөө нэхэмжлэх нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд харилцан тооцогдох шаардлага болохоор байна. Өөрөөр хэлбэл, хэрэв “Б” ХХК-ийн арматур төмрийн 405,144,647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх тохиолдолд “В” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барилга угсралтын ажлын хөлсөнд “Б” ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь материалын зардлаар шингэсэн байгаа учраас харилцан тооцогдох шаардлага мөн гэж үзэж байна.

Иймд хариуцагч өөрийн татгалзлаа сөрөг нэхэмжлэл гаргах замаар нотолж нэхэмжлэлийг няцааж байгаа болно.

“В” ХХК болон “Б” ХХК-иуд нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1А/2017 дугаар “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ”-г бичгээр байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч “В” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да Хүрээ гудамжны 64 а,б тоот хаяг бүхий 0,1328 га газар дээр 17.6мх13.6м хэмжээтэй, зоорийн давхраас дээш 9 давхар 53 айлын төмөр бетон каркасан цутгамал хийцтэй орон сууцны барилгыг барьж, улсын комиссод хүлээлгэн өгөх, захиалагч “Б” ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 1,800,000,000 төгрөгийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэлийн үе шатаар гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээг ажил эхэлсний дараа нөхөж байгуулсан бөгөөд “В” ХХК нь барилгын ажлыг 2017 оны 4 дүгээр сард эхлүүлсэн байсан.

“В” ХХК нь барилга баригдах газрын хөрш залгаа газар дээр байрлах гаражуудын эзэмшигч этгээдүүдтэй хэлцэл хийж чөлөөлүүлэхээс эхлээд 5 давхар хүртэл барилгын каркас цутгалтын ажил гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд бараа материал, ажиллах хүч, техник, машин, тээвэр гэх мэт зардалд 817,571,414 төгрөг зарцуулсан. Энэ нь ч тухайн барилгыг барихаас өмнө хийлгүүлсэн мэргэшсэн төсөвчний төсөв тооцоотой тохирч байгаа.

Захиалагч буюу “Б” ХХК нь барилгын ажилд зарцуулах мөнгөгүй байсан тул захирал Б.С нь өөрийн холбоо харилцааг ашиглан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар менежмент” ХХК-тай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж арматур зээлээр авч, авсан арматурынхаа нэг хэсгийг барилгад ашиглах, нөгөө хэсгийг “Эн Си Ди Групп” ХХК-д худалдаж мөнгө босгохоор болсны дагуу “В” ХХК нь “Улаанбаатар менежмент” ХХК-аас авсан арматурын 225 тонныг барилгад зарцуулсан.

Түүнчлэн барилгын ажлыг цааш санхүүжүүлэх зорилгоор “В” ХХК-ийн 139.5 м.кв талбайтай Ү-2203010580 дугаартай “Сарора” зочид буудлын барилгыг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Максимускапитал ББСБ” ХХК-ийн нэрээр Төрийн банкны барьцаанд тавьж, 1 тэрбум төгрөгийн зээл авсан.

Гэвч Төрийн банкны зээл гарсны дараахан “Монгол факторинг” ХХК нь “В” ХХК-ийн ажилчдыг барилгын талбайгаас гаргаж Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцалсан болно.

Улмаар “А” ХХК нь Төрийн банкнаас авсан 1 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэрээр “В” ХХК нь өөрийн үл хөдлөх хөрөнгөөрөө нэхэмжлэгч “А” ХХК-ийн 1 тэрбум гаруй төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцах болоод байна.

Ерөнхийдөө “Монголфакторинг ББСБ” ХХК нь дээр дурдсан 53 айлын орон сууцны барилгыг “В” ХХК-ийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч барьчхаад тус компанийн гаргасан зардал, ажлын хөлс, ашгийг төлөлгүйгээр ажлын үр дүнг хүчээр эзэмшилдээ аваад зогсохгүй тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны өрөнд үлдээх замаар ашиг хонжоо олсон. Харин “В” ХХК нь туслан гүйцэтгэгч, бараа материал нийлүүлэгч, түрээслүүлэгч нараас ихэвчлэн зээлээр бараа материал авч барилгын ажлыг гүйцэтгэсэн учраас тэдгээр өр төлбөрийг хариуцаж хохироод байгаа юм.

“В” ХХК нь “Б” ХХК-ийн 53 айлын орон сууцны барилгын зоорийн давхраас 5 давхар хүртэлх карказ цутгалтыг хийхдээ дараах зардлыг гаргасан. Үүнд: Цалинд нийт 109,889,600 төгрөг, бараа материалын зардалд нийт 682,596,814 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 17,285,000 төгрөг, тээврийн зардалд нийт 7,800,000 төгрөг буюу бүгд 817,571,414 төгрөг болж байна. Үүнээс “Б” ХХК нь цалинд нийт 104,143,000 төгрөг, бараа материалын зардалд нийт 117,947,000 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 2,600,000 төгрөг, тээврийн зардалд нийт 1,800,000 төгрөг буюу нийт 226,490,000 төгрөг төлсөн, “Улаанбаатар менежмент” ХХК-аас 129,195,000 төгрөгийн 87 тонн арматур авсныг барилгад оруулсан тул манайхаас гарсан зардлаас бүгд 355,685,000 төгрөг хасагдаж, үлдэх 461,886,414 төгрөгийн зардал төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн буюу мөнгөн төлбөрийн дээрх хоёр үүрэг болох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага харилцан тооцогдох боломжтой байх тул сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа.

Иймд “Б” ХХК-аас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын зардал 817,571,414 төгрөгөөс төлөгдөөгүй хэсэг болох 461,886,414 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анх гаргасан шаардлагаа энэ хэмжээнд багасгаж байгаа гэв.

 

Хариуцагч Ц.Д болон түүний өмгөөлөгч Н.Батбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК болон “В” ХХК нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Санхүүжилт байхгүй тул Б.С нь Ц.Дг санхүүжилт олооч гэсэн. Анхны тохиролцоо нь Б.С болон Ц.Д нар барилгын ажлын санхүүжилтийг хамтран шийдэж, олсон ашгаа хуваах зорилготой байсан. Үүний дагуу санхүүжилт босгох зорилгоор Б.С нь “Б” ХХК-аараа “Улаанбаатар менежмент” ХХК-аас зээлээр арматур авч, уг арматурыг хүлээн авах эрхийг “В” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дд олгож, Ц.Д нь хүлээн авсан арматурыг өөрийн эзэмшлийн “Англи байшин” ХХК-аараа дамжуулан “Эн Си Ди групп” ХХК-д худалдан борлуулж, олсон мөнгөний тал хувийг “Англи байшин” ХХК-аараа дамжуулан “Б” ХХК-ийн өмнөөс “Улаанбаатар менежмент” ХХК-д төлсөн, заримыг “Б” ХХК-д өгсөн байдаг.

Түүнээс бүх арматурыг барилгын ажилд зарцуулна гэсэн тохироо байхгүй. Заримыг барилгад хэрэглэх, заримыг зарж мөнгө босгох л тохиролцоо байсан. Хамтарч ажил хийж ашиг олох зорилгоор анхнаасаа барилгын ажлыг эхлүүлсэн, энэ ажлын явцад санхүүжилт шийдвэрлэхийн тулд “В” ХХК-ийн хөрөнгийг барьцаалж зээл авахаар болж, уг хөрөнгийг өмнөх барьцаанаас чөлөөлөхийн тулд Хаан банк болон бусад төлбөртэй иргэдийн өр төлбөрийг нэхэмжлэгч тал төлсөн байдаг. Ц.Д ажил хийж ашиг олох гэсэн биш харин эсрэгээрээ баахан мөнгө гаргачхаад өнөөдөр мөнгө ч үгүй, барилга ч үгүй болж хохирчхоод байхад дээрээс нь мөнгө нэмж нэхээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Шударга ёсонд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Сын зүгээс иргэн Ц.Дгийн өмнөөс өр төлбөр төлсөн ямар ч үйл баримт байхгүй. Харин “В” ХХК-ийн өмнөөс 21,161,048 төгрөг төлсөн нь үнэн. Харин Ц.Дгийн өмнөөс нэг ч төгрөг төлөөгүй тул Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК, “Б” ХХК нар нь хариуцагч “В” ХХК-аас 262,017,981 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “В” ХХК-аас 405,144,647 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “В” ХХК болон Ц.Д нараас 51,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бол хариуцагч “В” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-аас 461,886,414 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

“А” ХХК, “Б” ХХК нар нь анх “В” ХХК-аас 326,166,225 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа 262,017,981 төгрөг гаргуулах гэж, “В” ХХК нь анх “Б” ХХК-аас 835,862,159 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 461,886,414 төгрөг гэж тус тус багасгасан тул шүүх энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “В” ХХК нь 21,161,048 төгрөгийн өрийг нэхэмжлэгч Б.С төлсөн нь үнэн зөвшөөрнө, “А” ХХК нь Хаан банканд 218,000,000 төгрөгийн зээлийг төлсөн нь үнэн, гэхдээ энэ төлбөрийг Төрийн банкны зээлийн барьцаанаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг чөлөөлсний дараа төлнө гэж тайлбарлаж, Б.Сын нэхэмжлэлийн шаардлагаас 21,161,048 төгрөг холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан бол хариуцагч Ц.Д өөрт холбогдох нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргасан.

 

“Б” ХХК нь “В” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ гарсан зардлуудыг төлсөн, одоо 72,000,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байхад илүү мөнгө нэхсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч, хариуцагч нарын дэмжсэн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

1. “Б” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1А/2017 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ нэртэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр “В” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да Хүрээ гудамжны 64а, 64б тоот хаягт байршилд 53 айлын үйлчилгээтэй 9 давхар, зоорьтой, төмөр бетон каркасан хийцтэй барилгыг угсарч барих ажлыг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж, улсын комиссод хүлээлгэн өгөх, “Б” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 08, 2017 оны 6 дугаар сарын 20, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус бүр 540,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 180,000,000 төгрөг буюу нийт 1,800,000,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /1хх-ийн 156-157, 204-206 хуу/

 

Энэ гэрээний дагуу “В” ХХК нь зоорийн болон 1-4 давхар барилгын каркас цутгалтын ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн боловч тодорхойгүй шалтгаанаар зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагджээ. /2хх-ийн 15-16 хуу/

 

Гэрээ цуцлагдах хүртэл “В” ХХК нь нийт 817,571,414 төгрөгийн зардлыг өөрөөс гарсан гэж тайлбарласан бол төсөвчин Б.Норовсүрэн 53 айлын орон сууцны барилгын 4 дүгээр давхар хүртэлх каркас цутгалтын ажлын төсвийг 737,438,817 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт эстимэйт” ХХК ажлын хөлс, материалын зардлыг 722,155,113 төгрөгөөр тус тус тогтоосон байна. /1хх-ийн 207-223, 3хх-ийн 234-250, 4хх-ийн 1-4 хуу/

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь барилгын ажилд зориулан бүгд 865,559,437 төгрөгийг “В” ХХК-д төлсөн гэж маргасан ба үүнээс 226,490,000 төгрөгт холбогдох хэсгийг “В” ХХК хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөгдөөгүй гэж тайлбарласан.

 

 2. “Б” ХХК нь “Хаан банк” ХХК-аас “В” ХХК-ийн авсан зээлийн үлдэгдэл 218,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлж, “В” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдов. /1хх-ийн 32, 154-155 хуу/

 

3. “А” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаагаар Төрийн банкнаас зээлсэн бөгөөд уг зээлийн барьцаанд “В” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010580 дугаарт бүртгэлтэй 1,395 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 148005/0069 дугаарт бүртгэлтэй, ГД-000300271 тоот гэрчилгээ бүхий 379 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон байна. /2хх-ийн 18-21 хуу/

 

Энэ зээлийг юунд зарцуулсан талаараа зохигчид тайлбарлаж чадаагүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 тоот шийдвэрээр “А” ХХК-аас 1,095,147,756 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгох, энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг “В” ХХК-ийн өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгөнүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс хангуулахаар шийдвэрлэжээ. /2хх-ийн 22-26 хуу/

 

4. Б.С нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “В” ХХК-ийн 148005/0069 дугаар бүхий 379 м.кв Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийг барагдуулах зорилгоор “Гялс төгрөг” ХЗХ-оос 51,000,000 төгрөгийг зээлж, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр С.Алтантуяагийн төлбөрт 6,483,236 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр О.Ариунболдын төлбөрт 3,786,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Элсис инженеринг” ХХК-ийн төлбөрт 11,030,048 төгрөг /нийт 21,299,284 төгрөг/-ийг тус тус “В” ХХК-ийн бусдад төлөх төлбөрт төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон. /1хх-ийн 29-31, 178-197 хуу/

 

5. “Б” ХХК нь “Улаанбаатар менежмент” ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 16/2017 тоот бараа материал зээлээр худалдах, худалдан авах, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах НГ-03/2017 тоот гэрээг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, уг гэрээний үндсэн дээр нийт 485,085,760 төгрөгийн арматур худалдан авч, үүнээс 220,385,527 төгрөгийн үнийг төлсөн, 264,700,233 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01642 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1964 дүгээр магадлалаар тус тус 140,444,414 төгрөгийн алдангийн хамт нийт 405,144,647 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна. /1хх-ийн 120-122, 158-164, 243-244, 2хх-ийн 121-127 хуу/

 

Энэ гэрээний дагуу бараа буюу арматур хүлээн авах эрхийг “Б” ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “В” ХХК-д олгосны дагуу “В” ХХК-ийн төлөөлөгч Ц.Д арматурыг хүлээн авч байсан үйл баримт шүүхийн дээрх шийдвэр болон хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна. /1хх-ийн 167-168/

 

Энэ хэрэгт авагдсан баримтуудаар “В” ХХК-д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Ц.Д 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 485,085,760 төгрөгийн үнэ бүхий 283,427 тонн арматур, 56 боодол Катанка зэргийг хүлээн авсан болох нь тогтоогджээ. /1хх-ийн 169-173/

 

Хүлээн авсан арматураас 368,345,100 төгрөгийн арматурыг “Англи байшин” ХХК-аар дамжуулан “Эн Си Ди групп” ХХК-д шилжүүлэн өгсөн, “Эн Си Ди Групп” ХХК-ийн төлсөн төлбөрөөс 100,000,000 төгрөгийг “Б” ХХК-ийн өмнөөс “Улаанбаатар менежмент” ХХК-д “Англи байшин” ХХК төлж байсан үйл баримт мөн тогтоогджээ. /1хх-ийн 176, 237-238, 246, 2хх-ийн 0-2 хуу/

 

6. “А” ХХК болон “В” ХХК нар нь бичгээр хэлцэл хийж, уг хэлцлээр “А” ХХК нь “В” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 206,000,000 төгрөгийг Хаан банканд төлж барьцааг чөлөөлөх, 1,000,000,000 төгрөгийн зээлийг Төрийн банкнаас авч, зээлийн барьцаанд “В” ХХК-ийн өмчлөлийн Ү-2203010580, ГД-000172201 үл хөдлөх хөрөнгийг тавьж, зээлийг хугацаанд нь төлж барьцааны зүйлийг чөлөөлж өмчлөгчид буцаан шилжүүлэх, зээлийг төлөөгүйгээс барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангасан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавих эрх олгосон “В” ХХК-д барьцааны зүйлийн үнэ 1,000,000,000 төгрөгийг төлөх, барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангасан, мөн барьцааны зүйлийн үнийг хугацаанд нь төлөөгүйгээс учирсан хохирлыг бүрэн хариуцах үүргийг, “В” ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдлийг төлж барьцаанаас чөлөөлж, Төрийн банкнаас 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалах эрхийг  “А” ХХК-д олгох, “А” ХХК-ийн чөлөөлсөн Хаан банканд төлсөн зээлийн төлбөр болох 206,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулах, зээл болон хүүг тохирсон графикт тогтоосноор төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /1хх-ийн 28 хуу/

 

Энэ хэлцлийн дагуу “В” ХХК болон “А” ХХК нар 206,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн шүүх үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг шаардлага тус бүрийг дүгнэвэл:

 

1. “В” ХХК-аас үндсэн зээл 218,000,000 төгрөг, зээлийн хүү 44,017,981 төгрөг буюу нийт 262,017,981 төгрөг гаргуулах тухай “А” ХХК, “Б” ХХК нарын шаардлагын тухайд:

 

“Б” ХХК нь “В” ХХК-ийн өмнөөс 218,000,000 төгрөгийн өрийг төлснөөр “В” ХХК нь Хаан банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдсөн үйл баримт нэгэнт тогтоогдсон.

 

Энэхүү төлбөрийг “В” ХХК нь “А” ХХК-тай зээлийн гэрээ байгуулах замаар хүү тооцон төлөх үүргийг хэлцлээр хүлээсэн ч ийнхүү гэрээ байгуулагдаагүй, “Б” ХХК-ийн төлсөн төлбөрийг шаардах эрхийг “А” ХХК-д шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй тул шүүх “А” ХХК-ийг шаардах эрхгүй, мөн “А” ХХК болон “В” ХХК нарын хооронд бичгээр хийгдсэн хэлцэл нь “Б” ХХК-аас зээлийн төлбөрт төлсөн 218,000,000 төгрөгийг шаардах эрхийг “А” ХХК-д олгохгүй гэж үзнэ.

 

Иймд “А” ХХК-ийг шаардах эрхгүй гэх дүгнэлтэд хүрлээ.

 

Харин “В” ХХК-ийн өрийг төлсөн болох нь тогтоогдсон тул “Б” ХХК нь шаардах эрхтэй.

 

Зохигчдын хооронд өр төлөх болсон шалтгаан нөхцөлийн талаар бичгээр байгуулсан гэрээ үгүй, талууд харилцан адилгүй тайлбар гаргасан тул шүүх “Б” ХХК-ийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж заасны дагуу 218,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Харин хүү шаардсан “Б” ХХК-ийн шаардлага үндэслэлгүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, шүүх гэрээний бус үүргийн хүрээнд 218,000,000 төгрөгийн шаардлагыг хангасан тул зээлийн хүү үндэслэлээр “В” ХХК-аас шаардсан 44,017,981 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. “Б” ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр өөрөөс материал гаргаж, барилгын ажлыг гүйцэтгэх үүргээ зөрчсөнөөс өөрт хохирол учирсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу “Улаанбаатар менежмент” ХХК-д төлөхөөр заасан хэмжээгээр хохирол тооцож, 405,144,647 төгрөгийг “В” ХХК-аас шаардсан шаардлагын тухайд:

 

“Б” ХХК болон “В” ХХК-ийн хооронд байгуулагдсан 1А/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1 дэх заалтаар “В” ХХК нь өөрийн материалаар орон сууцны барилга угсралтын ажлыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг.

 

Гэхдээ нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шаардаж буй 405,144,647 төгрөг нь “В” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ зөрчсөнтэй шууд холбоотой учирсан хохирол биш байна.

 

“Б” ХХК нь “Улаанбаатар менежмент” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу арматур хүлээн авах эрхийг “В” ХХК-д итгэмжлэлээр олгосон, энэ дагуу арматурыг хүлээн авч байсан үйл баримт тогтоогдсон боловч цаг хугацааны хувьд ажил гүйцэтгэх гэрээнээс өмнө байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан арматурыг хожим байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж байгаа барилгын ажилд ашиглагдах байсан гэж үзэхэд эргэлзээтэй, дараах нөхцөл байдал үүнд саад болж байна.

 

Тодруулбал, “В” ХХК нь барилгын ажилд зарцуулах зорилгоор “Улаанбаатар менежмент” ХХК-аас арматур хүлээн авсан гэж үзвэл хожим байгуулсан 1А/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээнд энэ тухай тусгах боломж талуудад байсан, гэтэл уг гэрээгээр “В” ХХК нь барилгын ажлыг өөрийн материалаар гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг бөгөөд энд заасан өөрийн материал гэх ойлголтод “Б” ХХК-аас олгосон эрхийн дагуу “Улаанбаатар менежмент” ХХК-аас “В” ХХК-ийн авсан арматурыг хамаатуулан үзэх үндэслэлгүй байна.

 

Үүний зэрэгцээ “В” ХХК-ийн хүлээн авсан арматурыг “Англи байшин” ХХК-аар дамжуулан “Эн Си Ди Групп” ХХК-д нийлүүлэх, нийлүүлсэн арматурын төлбөрийг “Англи байшин” ХХК-аар дамжуулан “Б” ХХК-ийн өмнөөс “Улаанбаатар менежмент” ХХК-д төлж байсан, “Англи байшин” ХХК-ийн “Эн Си Ди групп” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлд “Б” ХХК баталгаа хүртэл гаргаж байсан зэргээс үзвэл зохигчдын хооронд болон бусад этгээдүүдтэй байгуулсан иргэний эрх зүйн өөр гэрээний харилцаа байсан гэж үзэхээр байгаа тул үүнийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн “В” ХХК-ийн үүрэгт шууд хамаатуулан үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ “Б” ХХК болон “В” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэн гаргасан тул шүүх энэ хэмжээнд нь дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

 

Иймд “Б” ХХК-д учирсан гэх 405,144,647 төгрөгийн хохирол нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ “В” ХХК зөрчсөнөөс үүдэлтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь анхнаасаа “В” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах болсон үндэслэл буюу Б.С болон Ц.Д нарын хооронд амаар хийгдсэн хамтран ажиллах гэрээний тохиролцоо юу байсан, хамтран ажиллах гэрээгээр тэдгээрийн хүлээсэн үүрэг, хэн ямар үүргийг хэрхэн гүйцэтгэх байсныг зөрчсөн, үүний улмаас хэнд хэдий хэмжээний хохирол учирсан талаарх баримт нотолгоог гаргаж, энэ шаардлагад тусгагдсан хохирлын асуудлаа өөр нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

3. “В” ХХК болон Ц.Д нараас 51,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Сын шаардлагын тухайд:

 

“В” ХХК-ийн бусдад төлөх өр 21,299,284 төгрөгийг Б.С төлсөн,  ийнхүү төлснөөр “В” ХХК-аас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь тогтоогдсон, энэ төлбөрийг Б.Сд төлөхийг “В” ХХК хүлээн зөвшөөрсөн, Б.С нь үүнээс илүү төлбөр төлсөн байдлаа нотлоогүй тул шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар “В” ХХК-аас 21,299,284 төгрөгийг гаргуулан Б.Сд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин “В” ХХК-д холбогдох Б.Сын шаардлагаас 4,200,716 төгрөгт холбогдох хэсэг болон Ц.Дгоос 25,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Сын нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Б.С нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

4. “Б” ХХК-аас 461,886,414 төгрөг гаргуулах тухай “В” ХХК-ийн сөрөг шаардлагын тухайд:

 

“Б” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 1А/2017 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Манай тохиолдолд “Б” ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөөгүй, “В” ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэх гэрээ 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цуцлагдсан байдаг.

 

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд “В” ХХК-ийн гүйцэтгэсэн зоорийн болон 1-4 давхар барилгын каркас цутгалтын ажлын хэмжээ, чанар, хугацааны талаар “Б” ХХК маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар талууд харилцан адилгүй тайлбарладаг хэдий ч нэхэмжлэгч тал “...“В” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 72,000,000 орчим төгрөг төлөх өртэйгөөс бусдыг төлсөн” гэж тайлбарласнаас үзэхэд шүүх гэрээг ИХ-ийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж заасны дагуу захиалагчийн санаачилгаар цуцлагдсан гэх дүгнэлтэд хүрэв.

 

Захиалагч нь ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д зааснаар хүлээдэг бөгөөд учирсан хохирол гэх ойлголтод “В” ХХК-аас гарсан зардлыг ойлгодог.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК нь барилгын ажилд зориулан нийт 865,559,437 төгрөгийг “В” ХХК-д төлсөн гэж маргасан бол хариуцагч “В” ХХК нь нийт 817,571,414 төгрөгийн зардал гарснаас 226,490,000 төгрөг төлөгдсөн, үлдэх 591,081,414 төгрөгөөс арматурын үнэ 129,195,000 төгрөгийг хасах үндэслэлтэй гээд 461,886,414 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан.

 

“В” ХХК нь барилга угсралтын ажлын явцад цалинд нийт 109,889,600 төгрөг, бараа материалын зардалд нийт 682,596,814 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 17,285,000 төгрөг, тээврийн зардалд нийт 7,800,000 төгрөг буюу бүгд 817,571,414 төгрөгийн зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч сөрөг шаардлагын үндэслэлийг нотолж буй зардлын гэх баримтууд нь “В” ХХК-ийн ажлын явцад болон гэрээ цуцлагдсанаас хойш бусадтай байгуулсан гэрээ болон нэг талын үйлдсэн баримтууд байх тул шүүх эдгээрт үндэслэн 817,571,414 төгрөгийн зардал “В” ХХК-аас гарсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд “В” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зардлыг төсөвчин Б.Норовсүрэнгийн 2019 онд гаргасан төсөв /737,438,817 төгрөг/ болон Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт эстимэйт” ХХК-ийн /722,155,113 төгрөг/ 2020 онд гаргасан үнэлгээний аль нэгд үндэслэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гүйцэтгэсэн ажлын хэмжээг төсөвчин болон үнэлгээчин 2 өөр дүнгээр тодорхойлсон байх боловч цаг хугацааны хувьд болоод ажлын гүйцэтгэлийн хувь харилцан адилгүй үед хийгдсэн үнэлгээ гэдэг үндэслэлээр нэгийг нь нөгөөгөөр үгүйсгэх үндэслэлгүй, нэхэмжлэгч эдгээр үнэлгээний үнэн зөвд огт маргаагүй байдаг.

 

Шүүх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны дараа буюу тухайн онд багтаан хийгдсэн, мэргэжлийн төсөвчин Н.Норовсүрэнгийн гаргасан 737,438,817 төгрөгийн төсөвт өртөгт үндэслэн хариуцагч “В” ХХК-ийн гаргасан зардлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

“Б” ХХК нийт 865,559,437 төгрөгийг “В” ХХК-д төлсөн гэх боловч 76,710,000 төгрөгөөс бусад хэсэг нь баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул шүүх 737,438,817 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрсөн дүн болох 226,490,000 төгрөгийг хасаж, үүнээс хариуцагчийн хасаж тооцсон арматурын үнэ 129,195,000 төгрөгийг мөн хасаж, үлдэх 381,753,817 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулан “В” ХХК-д олгож, “В” ХХК-ийн багасгасан сөрөг шаардлагаас үлдэх 80,132,597 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүх “В” ХХК-аас 218,000,000 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д, “В” ХХК-аас 21,299,284 төгрөгийг гаргуулан Б.Сд, “Б” ХХК-аас 381,753,817 төгрөгийг гаргуулан “В” ХХК-д тус тус олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан “В” ХХК-аас 239,299,284 төгрөгийг гаргуулан 218,000,000 төгрөгийг “Б” ХХК-д, 21,299,284 төгрөгийг Б.Сд тус тус олгож, “В” ХХК-д холбогдох “А” ХХК-ийн шаардлагыг, “Б” ХХК-ийн “В” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 44,017,981 төгрөгт холбогдох хэсэг болон Б.Сын гаргасан “В” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4,200,716 төгрөгт холбогдох хэсгийг Ц.Дгоос 25,500,000 төгрөг гаргуулах шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д заасныг баримтлан “Б” ХХК-аас 381,753,817 төгрөгийг гаргуулан “В” ХХК-д олгож, “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 80,132,597 төгрөгт холбогдох хэсгийг, “В” ХХК-аас хохирол 405,144,647 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 4,139,704.36 төгрөгөөс 4,069,504.36 төгрөгийг, “В” ХХК-аас төлсөн 4,337,265 төгрөгөөс 4,337,261 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,204 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг “А” ХХК-д, 4 төгрөгийг “В” ХХК-д тус тус буцаан олгож, “В” ХХК-аас 1,512,396.5 төгрөгийг гаргуулж 1,247,950 төгрөгийг “Б” ХХК-д, 264,446.5 төгрөгийг Б.Сд тус тус олгож, “Б” ХХК-аас 2,066,719 төгрөгийг гаргуулж “В” ХХК-д олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ө.УЯНГА