Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0309

 

 

 

 

 

   2022         04          21                                    128/ШШ2022/0309   

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ш******** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э*********

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б********

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А******* нарын хоорондын ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А********** гэрч Ц.Т************, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш******** ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “...Ш********** ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Гүн заг” нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-017772 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Анх Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг “Гүн заг” нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-01***** дугаартай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын Кадастрын хэлтэс /Хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 485 дугаар шийдвэрээр “У**************” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар олгож байжээ.

3. Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 190 дүгээр шийдвэрээр XV-017772 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ш********* ХХК нь “У***********” ХХК-иас шилжүүлж авсан байна.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг “Гүн заг” нэртэй газар байрлах ашигт малтмалын хайгуулын XV-********тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын XV-0*******тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

6. Ш******** ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э********* нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргаж улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/3174 тоот албан бичгээр гомдол, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч Ш******* ХХК 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2015 оноос хойш Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт байрлах “Гүн заг” нэртэй 21140,33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшин, холбогдох хууль тогтоомжид зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлэн ажиллаж ирсэн. Тусгай зөвшөөрлийг олгосноос хойш зүгээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хайгуулын ажлын жилийн тайлан хүргүүлэн батлуулах, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж, хайгуулын ажилд зарцуулагдах хайгуулын ажлын доод зардлаас дээш зардлуудыг гаргаж ажилласан. Тус талбайд 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажил, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тус тус төлж ирсэн. Гэвч манай компанийн эзэмшлийн XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 06-р сарын 29-ний өдөр байсан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт тус тус зааснаар ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан хугацаа 2020 оны 07-р сарын 29-ний өдөр байсан юм. Улмаар дээрх хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй шалтгаанаар Ш********** ХХКэзэмшлийн XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08-р сарын 03-ны өдрийн 269 тоот шийдвэрээр цуцалсан байна. XV-********р Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, түүний тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ, мөн хуулийн 56.7-д “Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон мэргэжлийн хяналтын байгууллагад тус тус мэдэгдэж өдөр тутмын сонинд нийтэлнэ" гэж заасан. Гэтэл Ашигт малтмал газрыг тосны газар нь XV-******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, түүнийг заасан мэдэгдлийг "ш********" ХХК-д зохих ёсоор ирүүлээгүй, мөн зохих байгууллагуудад мэдэгдээгүй. Энэ нь тусгай зөвшөөрөл цуцлагдах болсон үндэслэлтэй танилцах, шалтгаанаа тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх, хүндэтгэн үзэх шалтгаанаа танилцуулах зэргээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ" гэж заасан боломжийг алдагдуулсан байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04-р сарын 26-ны өдрийн 09 дүгээр тоот "Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 6 дугаар хэсэгт "Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан "мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно", уг тогтоолын 7.1-д "Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10, 22 дугаар зүйлийн 22.3, 26 дугаар зүйлийн 26.7, 28 дугаар зүйлийн 28.3. 49 дүгээр зүйлийн 49.11, 50 дугаар зүйлийн 50.6, 54 дүгээр зүйлийн 54.5, 55 дугаар зүйлийн 55 56 дугаар зүйлийн 56.7-д заасан нийтлэх ажиллагааг зөвхөн өдөр тутмын сониноор дамжуулан гүйцэтгэнэ" гэж заасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь уг захиргааны акт гаргахдаа захиргааны Ерөнхий хуулийн 3 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа", 13 дугаар зүйлийн "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч", 15 дугаар зүйлийн "Оролцогчийн эрх", 24 дүгээр зүйлийн “Нөхцөл байдлыг тогтоох", 25 дугаар зүйлийн "Нотлох баримтыг цуглуулах", 26 дугаар зүйлийн "Оролцогчийг сонсох", 27 дугаар зүйлийн "Сонсох ажиллагаа явуулах", 43 дугаар зүйлийн "Захиргааны актыг мэдэгдэх" ажиллагаанд Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 4.2.8-д "Хууль ёсны итгэлийг хамгаалах" тухай заасан Захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй орхигдуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эндээс үзвэл Ашигт малтмал, газрын тосны газар нь "Ш********" ХХК-д болон зохих байгууллагад мэдэгдэх үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй байна.      

Манай компанийн гүйцэтгэх захирал, компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч, хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Yan Xingxu нь 2019 оны 11 сараас хойш БНХАУ-д дэгдсэн, улмаар дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас манай хоёр улсын хил хаагдсантай холбогдуулан гүйцэтгэх удирдлага үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болж, компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгө оруулалт гэх зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр хүндрэл учирч, компанийн үйл ажиллагаанд давж гарах боломжгүй бодит нөхцөл байдлууд тулгарсан. Компанийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшихээс татгалзаж, Монгол улсын иргэн Д.Далайжаргал 2020 оны 03-р сард хувьцаа эзэмшигч болон өөрчлөгдсөн. Энэ хугацаанаас хойш хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан батлуулах, хайгуулын ажлын зардлын тооцоог гаргах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр төлөхөөс бусад үүргийг биелүүлэн ажиллаж ирсэн бөгөөд тухайн жилийн ээлжит жилийн төлбөр төлөх ажиллагааны талаар Ашигт малтмал, газрын тосны газраас Д.Д****** нэр дээр ямар нэгэн мэдэгдэл ирээгүй бөгөөд тусгай зөвшөөрөл цуцалсны дараа мэдэгдсэн байдаг. Тус тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр нь 30 гаруй сая төгрөг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Захиргааны Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг мөн хугацаагаар хойшлуулж өгнө үү, мөн төлбөр төлөхийг хойшлуулах хугацаанд ямар нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй болохыг танилцуулсан. Монгол талын хувьцаа эзэмшигч Д.Д****** тухайн үед 30 гаруй сая төгрөгийг өөрөөсөө гаргах боломж бас байгаагүй болно. Дэлхий нийтээр тархаж байгаа цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр БНХАУ-ын хөрөнгө оруулагч иргэдтэй холбогдох, мөн тэднээс санхүүжилт татах, Монгол улсад авчрах боломжгүй байсан бөгөөд энэ бүх шалтгаанаа танилцуулж Ашигт малтмал, газрын тосны газрын дарга хүсэлт гомдлоо гаргахад 2021 оны 07 дугаар сарын 26-ны 1/3174 тоот албан бичгээр манай компанийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өглөө. Иймд Ш******* ХХКэзэмшлийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын "Гүн заг" нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-********** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08-р сарын 03-ны өдрийн 269 тоот шийдвэрийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүндэтгэн үзэх шалтгааны хувьд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г-д тусгайлан заасан байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гол хувьцаа эзэмшигчид нь гадаад улсад байсан нь хавтаст хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын нотлох баримтаар бүрэн тодорхойлогдсон гэж үзэж байна. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 269 тоот шийдвэрээр Ш ХХКтусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т цуцлах үндэслэл тогтоогдсоноос ажлын 10 хоногт тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгнө гэж заасан байдаг. "Ш**********" ХХК-д анх тусгай зөвшөөрөл олгосон огнооны хувьд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар жил бүр урьдчилан төлөх хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-т заасан хугацаа буюу энэ хугацаа өнгөрвөл цуцлах хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр. Цуцлах үндэслэл нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тогтоогдсон байна. Хавтаст хэрэгт энэ хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн талаарх нотлох баримт байна. Үүнээс тооцоод ажлын 10 өдрөөр тооцоход 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр. Энэ хугацаа нь буруу тооцогдож явсан байна. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажлын 10 хоногт өгөх мэдэгдлийг өгөх эцсийн хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр юм. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл дээр бодит нөхцөл байдлыг тогтоох захиргааны үйл ажиллагаа хамаарах нөхцөл байдлыг зааж өгсөн байдаг. 2020 оны цар тахлын үеийн нөхцөл байдалтай байсанд талууд маргалддаггүй. Бодит нөхцөл байдлыг тогтоохын хүрээнд цар тахалтай холбоотой эрх бүхий албан тушаалтнаас ямар шийдвэр, тогтоол гарж байсан юм бэ, гадаадын хөрөнгө оруулагч нарт ямар саад бэрхшээл тулгарч байсан талаар бодит нөхцөл байдал тогтоох үүргээ төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт захиргааны ерөнхий байгууллага баримтлах тусгай зарчмыг хуульчилсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-т тус тус заасан зарчмуудыг баримталж чадаагүй байна. Цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хууль ёсны хаягаар нь хүргүүлж чадаагүй. Захиргааны ерөнхий хуульд 43 дугаар зүйлд зааснаар шаардлагатай тохиолдолд утас болон факс, и-мэйлээр хүргүүлэх ёстой. Шаардлагатай тохиолдол нь хэзээ үүссэн бэ гэвэл хороо өөрчлөгдсөнтэй холбоотой шуудангийн ажилтан хаягийг олж чадахгүй байгаатай холбоотойгоор үүсэж байгаа. Иймд захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдсэнээр баримтжуулах ёстой байсан.

 Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа, хуульд заасан боломжийг хуульчилж өгсөн. Сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчсөн аливаа шийдвэр гаргахаас өмнө "Ши*******г" ХХК-д сонсох ажиллагаа явуулах боломж гаргасан тохиолдолд бодит нөхцөл байдлын талаар мөнгө шилжүүлэх боломжгүй талаар тайлбарлах, энэ тухай нотлох баримт гаргаж өгөх, Ашигт малтмалын тухай хуульд заасан 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-т заасан дээд шатны байгууллагад уламжлах боломж байсан. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэнэ гэж үзэж байна вэ гэвэл 2015 онд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гарсан байдаг. Ш***** ХХКжил бүрийн төлөлтийн хэмжээ, төлбөр төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнд нэг жилд төлөх төлбөрийн хэмжээ 33 сая орчим төгрөг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгуулахын тулд Монгол улсад 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болдог. Тийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан компани ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх, төлөхгүй орхигдуулах боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг хамгаалах үүргээ биелүүлээд явна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э**********ын дэлгэрэнгүй гаргасан тайлбар дээрх хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш********* ХХКэзэмшлийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын "Гүн заг************" нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-**********дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгон шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг "Гүн заг" нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр "У************" ХХК-д олгожээ. Улмаар "Уэлт-Эксплорэйшн" ХХК-иас ашигт малтмалын хайгуулын XV ******** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 190 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг "Ши**********" ХХК-д шилжүүлснийг Кадастрын бүртгэлийн уул уурхайн кадастрын системд бүртгэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна. Тус компани уг тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасныг хүлээн авч хянан үзэж уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш******** ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-********* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй. Дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3145 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу "Ш*********" тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8/3488 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн.

 Ш************** ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт "...тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 269 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй болно. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм. Иймд Ш********** ХХКэзэмшлийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын "Гүн заг" нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тус компанийн бүх хувьцаа эзэмшигчид гадаад улсад байсан түүнчлэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах үед мэдэгдэх, сонсох ажиллагаа заавал хийх ёстой байтал хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал бий болсон талаарх мэдэгдлийг  "Ши********" ХХК-д зохих ёсоор ирүүлээгүй гэж, хариуцагчийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөөгүй, мөн хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөөгүй учраас цуцалсан, мөн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3145 тоот албан бичгээр тус компанийн хаягт хүргүүлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй гэж тайлбарлан тус тус маргаж байна.

2. Ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 4 дэх жилийн төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 5 дахь жилийн төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн талаарх тэмдэглэгээ хийгджээ.  

3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын XV-******** тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 6 дахь жилийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан байна.

4. Ш****** ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* 2021 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х********* гаргасан гомдол, хүсэлтдээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу захиргааны байгууллага хуульд заасан сонсох ажиллагааг журмын дагуу хийгээгүй” гэжээ. Түүнчлэн Ш*****ХХКхувьцаа эзэмшигчид нь 2019 оны 11 дүгээр сараас хойш Бүгд найрамдах Хятад ард улсад дэгдсэн “Ковид-19” цар тахлын улмаас Монгол улсад байгаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авсан тухай зохих байгууллагад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ гэж заасны дагуу өдрийн сонинд нийтлээгүйгээс төлбөрөө хожимдуулсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж төлбөрийг хүлээн авч бүртгэхийг хүсжээ.

5. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/3174 дугаар албан бичигт “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн 30 хоног хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасныг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын  XV-********* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль, эрх зүйн үндэслэлтэй болно. Иймд Ш******** ХХК гомдол хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэжээ.

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10/2676 тоот албан бичгээр “"Ши**********" ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг хувийн хэргийн хамт ирүүлсэн байх бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр О.Ц************ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*********гээс гаргасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн дагуу гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Д.Д********* 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байна. Энэ үйл баримт нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр асуусан Ц.Тгийн мэдүүлгээр мөн нотлогддог.

7. Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8/28 дугаартай Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор хороодын бүтцэд өөрчлөлт оруулсан байх бөгөөд тус тогтоолын хавсралтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо нь 24 дүгээр хороо болж хуваагдан Ш******** ХХК бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 388 дугаар байр 308 тоот хаяг нь өөрчлөгдөж Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд хамаарагдах болсон байна.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ”, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.3-т Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан байна.

9. Тус шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн хаягийн үзлэгээр Ашигт малтмал газрын тосны газрын мэдэгдэл хүргүүлсэн хаяг буюу Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам 388 дугаар байр 308 тоотод хаягийн үзлэг хийхэд тус байранд “Нанометал” ХХК буюу “Г**********” дэлгүүр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон.

10. Нэхэмжлэгчийн зүгээс хаяг өөрчлөгдсөнөө мэдээгүй нь хэрэгт авагдсан баримт, үзлэгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбарын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3145 дугаар албан бичгээр хүргүүлж, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн буцаалт, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8/3488 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн буцаалт гэж тэмдэглэснээр нотлогдож байна.

11. Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2-4в/5677, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2-4в/1870 дугаартай Ш ХХКхувьцаа эзэмшигч ********** нарын Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаанаас харахад хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх ёстой байсан хугацаанд Монгол улсад ирээгүй байна.

12. Монгол улс болон Бүгд найрамдах Хятад ард улсад Ковид-19 цар тахлын улмаас хоёр улсын хоорондын иргэд чөлөөтэй хилээр нэвтрэх боломжгүй болсон тухай Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дугаар 39, 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 64, 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 178, 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 226, 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 238, 239, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 01, 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 27 тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 01, 03 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 04, 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 07,  05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 11, 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 12, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 04 тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 03 албан даалгавраар нотлогдож байна.

13. Түүнчлэн Х****** хотын худалдааны газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтэд “...2020 оны 01 дүгээр сараас эхлэн олон улсын (covid19) шинэ титэм тахлын ноцтой тархалтын улмаас олон улсын биржүүд хаагдсан үүгээр баталгаажуулж байна. Дараах хүмүүс нь виз болон бусад холбогдох журмын дагуу өргөдөл гаргах боломжгүй байна. Эдгээр иргэд нь гадаадад явж, зохицуулах боломжгүй. Бүгд найрамдах Хятад ард улсын бүх иргэдийг гэртээ тусгаарласан, гадаад валютын төлбөр тооцоо болон бусад банкны үйлчилгээ гүйлгээ хийх боломжгүй” гэсэн баримтаар гадаадын хөрөнгө оруулагчид мөнгө шилжүүлэх боломжгүй байсан байна.

14. Ашигт малтмал газрын тосны газар мэдэгдэх ажиллагаагаа хуульд заасны дагуу зохих ёсоор хийсэн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан үүргээ биелүүлэхдээ Ш***** ХХК бүртгэлтэй Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам 388 дугаар байр 308 тоот хаяг руу илгээсэн байх боловч хаягийн өөрчлөлт хийгдсэнийг хэргийн оролцогчдын зүгээс мэдэх боломжгүй байсан байна. 

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар "Ш*********" ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газраас хаягийн өөрчлөлтийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 269 дугаар шийдвэрийг гарах үед мэдээгүй, Ш********ХХК гүйцэтгэх захирал Д.Д******** болон солигдсон, Ковид-19 нөхцөл байдлын улмаас компанийн хувьцаа эзэмшигчид Монгол улсад байгаагүй зэрэг шалтгааныг хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх эсэх нь түүний бүрэн эрх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

16. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1.5-т “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж тус тус зааснаар Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр “М*********” ХХК, “Ф**********” ХХК, "Ш*******" ХХК, “Өлгий толбо” гэх дөрвөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн "Ши Ри Дун Шинг" ХХК-д холбогдох хэсгээс бусад хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар  нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 269 дугаартай шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Ш********* ХХК “...Ш********* ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Г********” нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-017772 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” тухай шаардлагын “М*******” ХХК, “Ф**********” ХХК, “Ө*************” ХХК-д холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш************ ХХК гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА