Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2018/00062

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн тус төвийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “Тус аймгийн Б сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга н.А-тэй “Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл, мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай" гэрээ хийсэн. Уг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ыг хүртэл буюу 3 жилийн хугацаатай байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус гэрээгээр компани нь Б сумын Эрүүл мэндийн төвийн байрны халаалтад хэрэглэгддэг нүүрс, түлээ, дулааны материалыг нийлүүлэх, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн компани нь Б сумын Эрүүл мэндийн төвийн уурын зуухны барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, газрын хамт 3 жилийн хугацаатайгаар түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байна. Түрээслэгчийн талаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, түрээсэлсэн хөрөнгийг зохих ёсоор ашиглан, гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь нь сэргээн засварлах, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг зохих түвшинд ханган ажиллаж ирсэн. Гэтэл Б сумын эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж буй Г.Д нь манай компанид огт мэдэгдэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тус суманд үйл ажиллагаа явуулдаг “А” гэдэг компанитай гэрээ байгуулж тус компанийг хохироосон үйлдэл гаргаж байна. Энэхүү хууль бус асуудлыг Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д-т танилцуулахад тэрээр хүлээн авахгүй байна. Гэрээний “Тавдугаар зүйлийн 5.1. Гэрээний үйлчлэх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулав. 5.1.2. Гэрээний заасан хугацааны эцэст хоёр тал хамтран уг гэрээг дүгнэн, гэрээнд заасан ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн нөхцөлд гэрээгээ сунган ажиллуулна. 5.3. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглоно". гэж тус тус заасан. Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн манай компанитай байгуулсан гэрээг ямар ч шалтгаангүй цуцлан хувийн хэвшлийн өөр компанитай гэрээ хийсэн асуудалд гомдолтой байна. Тухайн гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба хэрвээ гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах үүрэгтэй. Тухайлбал Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.1.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна.

Иймд “Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болох талаар” шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Б сумын Эрүүл мэндийн төв урьд нь бага оврын уурын зуухаар дулаан эрчим хүчээр хангагдаж байсан үед “Х” ХХК-тай гэрээ байгуулж, Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын 1-р хавсралтын 2 дахь хэсэгт зааснаар халаалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 377 тоот тогтоолын 7 дахь заалтаар Орон нутгийн 2018 оны төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр тусгайлсан үүрэг өгч, уг тогтоолын 7.3 дахь заалтад: Орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, ... сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр төлбөр үүсгэхгүй, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх-ийг үүрэг болгосон. Урьд нь сумын төсөвт байгууллагууд тус тусдаа бага оврын зуухаар ажилладаг байсан бөгөөд одоо нэгдсэн халаалтад холбогдсон. Сумын Засаг даргаас сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн нэгдсэн халаалтад холбох талаар захирамж гарсан. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 337 дугаар тогтоолын 7.3-д заасныг үндэслэж Б сумын Засаг даргын Тамгын газар болон бүх төсөвт байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож уг үйл ажиллагааг тендер сонгон шалгаруулалтын үр дүнгээр “А” ХХК нь гүйцэтгэж байна. Иймд Б сумын Эрүүл мэндийн төв нь Төвлөрсөн халаалтад холбогдсон учраас Б сумын Эрүүл мэндийн төв болон “Х” ХХК-ны хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 01 тоот гэрээг цуцалсан болно. Гэхдээ зөвхөн ганцхан манай байгууллага биш бүх байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдсон. Нэхэмжлэгч тал гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилээр байгуулсан байхад хугацаанаас өмнө цуцалсан гэж маргажээ. Гэтэл Засгийн газрын 2017 оны 337-р тогтоолоор төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосон, Б сумын бүх төсөвт байгууллагууд нь төвлөрсөн халаалтад 2018 оны 01 дүгээр сараас эхэлж холбогдсон, нэхэмжлэгч Х ХХК-ны дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон байгаа тул хугацаанаас өмнө гэрээг цуцалсан юм. Бидний хугацаанаас өмнө гэрээ цуцалсан явдалд хууль зөрчөөгүй болно. Учир нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах боломжийг заасан ба Б сумын Эрүүл мэндийн төв нь нэгэнт төвлөрсөн халаалтад холбогдсон, эрчим хүч, дулаанаар хангах талаар дэвшилт технологи нэвтэрсэн тул гэрээг цуцалсан юм. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар ... гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах үндэслэл болсон юм. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 тоот гэрээний 5.1-д зааснаар гэрээний үйлчлэх хугацааг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 жилээр тогтоосон нь гэрээ байгуулах үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.5-д заасан: ... Талууд гэрээг жил бүр дүгнэж цаашид сунгах, цуцлах, эсэхийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж байгуулсан байна. Өөрөөр хэлбэл гэрээг нэг жилээр байгуулж, жил бүр дүгнэж, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Иймд Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын үндсэн дээр байгуулсан Зарим ажил, үйлчилгээ гүйцэтгэх 01 тоот гэрээ нь мөн тогтоолын 3.5-д заасныг зөрчиж байгуулсан тул Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар илт хууль бус эрхийн акт болно. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар цуцлах үндэслэлтэй юм. “Х” ХХК нь нэхэмжлэлд: Хоёр талын гэрээний 5.3-р заалтад гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй байсныг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д: Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрснөө тодорхойлно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө Захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Б сумын Эрүүл мэндийн төв болон “Х” ХХК-ны байгуулсан Зарим ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 5 дахь хэсгийн 5.1-р заалтад Төсвийн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална гэж заасан. Хууль тогтоомжийн эдгээр заалтаар захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байх хуулийн заалттай. Хуулийн дээрх заалтуудыг гэрээний 5.3 дахь заалт зөрчсөн тул энэ заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д заасан хууль зөрчсөн хэлцэл болно. Хоёр талын гэрээний 5.3-д заасан нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэж заасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар Захиргааны гэрээ илт хууль бус гэж үзэж байна. Зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б сумын Эрүүл мэндийн төв болон “Х” ХХК-ны хооронд байгуулсан 01 тоот гэрээний хавсралт-2-д захиалагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм. Б сумын Эрүүл мэндийн төв нь аж ахуйн эд хариуцагч, тогооч зэрэг орон тоотой ажиллаж байх тул “Х” ХХК-нд хоол, хүнс бэлтгүүлж, төсвөөс мөнгө гаргаж буй нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 тоот шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Аймгийн шуудан холбооны тасгаас гардан авч, уг шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж гомдол гаргах нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Б сумын эрүүл мэндийн төвтэй 2017 оны

01 дүгээр сарын 02-ны өдөр “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний салшгүй хэсэг болох хавсралтын гэрээний 1 дүгээрт: “Эрүүл мэндийн төвийн байрны халаалтад хэрэглэгдэг нүүрс, түлээ, дулааны материалыг санхүүжилтээр олгосон зардалд багтаан нийлүүлэх”-гэн гэрээний зорилтыг тодорхойлсон юм. Гэтэл Б сумын Эрүүл мэндийн төв нь 2018 оны 01 дүгээр сараас эхлэн төвлөрсөн нэгдсэн халаалтад шилжсэн тул “Х” ХХК-аас гэрээ ёсоор нүүрс, түлээ, дулааны бусад материал авах шаардлагагүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т зааснаар “Хүндэтгэн үзэх үндэслэлээр” гэрээнээс татгалзах бодит нөхцөл болж өгсөн байна.

2. Б сумын бүх төсөвт байгууллагууд нь 2018 оноос эхлэн “Төвлөрсөн нэгдсэн халаалтад” шилжиж “Тендер сангийн шалгаруулалтын үр дүн”-ээр шалгарсан “А” ХХК-тай гэрээ байгуулсан тул Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан галч нар ажлын байрны хамт шилжиж, “Х” ХХК-аар нүүрс, түлээ бэлтгэн нийлүүлэх шаардлагагүй болсон. Энэ нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болж байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн 130/ШШ2018/00216 тоот шийдвэрийг үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэдгийг зөвшөөрөхгүй байна. “Х” ХХК болон Б сумын Эрүүл мэндийн төвийн хооронд “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах үндэслэл болж байсан. Эрүүл мэндийн төвийн байрны халаалтыг “төвлөрсөн журмаар нэгдсэн халаалтад” холбосон тул “гэрээний зүйл” “А” ХХК-нд шилжиж “Х” ХХК-аас нүүрс, түлээ авах шаардлагагүй болсон. Б сумын Эрүүл мэндийн төвийн галч нар өөр байгууллагад шилжсэн. Энэ нь иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т заасан хүндэтгэн үзэн шалтгаан мөн.

Б          сумын Эрүүл мэндийн төв нь “нэгдсэн төвлөрсөн халаалтад” холбогдсон талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хууль ёсны шийдвэр гаргаагүй тул гомдол гаргаж байна.

Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “ Х ХХК-ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн тус төвийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” 04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1 дахь хэсгийг тус тус хууль зүйн үндэслэлтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Хариуцагч “Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан, гэрээг шууд цуцлах нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад компанийн захиргаанд урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг шууд цуцалсан буруутай үйл ажиллагаа хийсэн тухай анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 тоот шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

           

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний болон үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагатай холбоотой заалтыг талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай тус сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх 3 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд тус Эрүүл мэндийн төвийн байрны халаалтад хэрэглэдэг нүүрс, түлээ болон хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ажиллах, тус төвийн санхүүжилтээр олгосон зардалд багтааж ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

            Хариуцагч тал тус төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай урт хугацааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон үндэслэлээ Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолын 7.3-т төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосныг үндэслэн мөн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулах ёстой байтал 3 жилийн хугацаагаар байгуулсан, гэрээний 5.3-т гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд “Х” ХХК-ийн захирлын өмнөх эрхлэгчтэй байгуулсан гэрээ хүчингүй ба гэрээг тус төвийн эрхлэгчээр томилогдсон надтай шинээр байгуулах ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч “Х” ХХК-ийн захирал Ж.А болон Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.А нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээг чөлөөтэй байгуулж, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ ба талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж байгуулсан эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг нэхэмжлэгч “Х” ХХК нь ноцтой зөрчсөн эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай “тус сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай” гэрээг байгуулахдаа талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр байна, хүчин төгөлдөр биш гэх үндэслэл тогтоогдохгүй байна.    

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцож, мөн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” 04 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                        Д.КӨБЕШ